Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-22

“Амида”-тайгаа хөөрөлдсөн минь

М.Наранболд
“Нэр нэгтийн чих нэг” гэдэг дээ. Хааяа ижил нэр дуулдахад нэг л дотнохон “Ямар хүн байгаа бол” гэх сониуч бодол төрдөг юм. Дохиолол холбооны II ангийн моторын механикч Б.Наранболд гэгч залуу 2020 онд салбарынхаа зуу, зуун мэргэжил нэгтнүүдээ манлайлан “Замын мэргэжлийн аварга”-аар шалгарсан нь уулзаж, ярилцах сонирхлыг ихэд татах болсон билээ. Утсаар нь залгаад “Сайн байна уу? сэтгүүлч Наранболд байна” гэвэл, “Тиймээ, би Наранболд мөн байна” гэв. Бид хоёрын анхны яриа ийнхүү хөгжилтэй эхлэв. Тэрбээр, ярилцахад цөөн үгээр товч, тодорхой хариулчихдаг, дуу цөөнтэй хүн юм. Гурав дахь үеийн төмөр замчин бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Д.Батсүмбэ, н.Цэцэгээ нарын хүү болон мэндэлсэн байна. Өвөө Д.Доржготов нь Халх голын дайнд оролцож, дараа нь Увс аймгаас төмөр замд анхны ажилчдын нэг болж илгээлтээр ирээд Замын II ангид замчин, бригадын даргаар олон жил ажилласан гэдэг. Эмээ н.Эрдэнэ нь ч мөн тор засагчаар ажиллахдаа зөвхөн шулуун татдаг байсан өргөст торыг хөндлөн буюу дөрвөлжин нүх гарган холбох санаачилга гаргаснаар “Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр шагнуулсан гэнэ. Аав Д.Батсүмбийг нь Дохиолол холбооны II, III ангид насаараа ажилласан холбоочин гэдгийг төмөр замчид андахгүй биз ээ. Б.Наранболд “Дөнгөж хоёрдугаар ангийн сурагч байхад ээж маань бурхан болсон. Тэгээд аавыгаа байнга даган ажил дээр нь очдог болсон доо. Ингэж л холбоочин хүний ажлын амт, жаргал, зовлонг харж, мэдэрч өссөн. Айлын ганц хүү болохоор өөр хаачих ч билээ. Аав хоногоор явбал дагуулаад л явна. Заримдаа айлд үлдээнэ. Сүүлд аав маань хүнтэй сууж, хоёр охин дүү төрсөн. Би 1997 онд нийслэлийн 51 дүгээр сургуульд аравдугаар анги төгсөөд шууд Дохиолол холбооны II ангид монтёроор ажилд орсон. Албаны дарга Ч.Гартаам бид хоёр дунд сургуулийн нэг ангийн, бүр нэг ширээний хоёр шүү дээ. Би 2014 онд Төмөр замын дээд сургуульд эчнээгээр суралцаж техникч болсон. Ажил маань ч сонирхолтой болж, багш нараараа практик дээр заалгаж сураад эхэлсэн чинь заавал дээд мэргэжил шаардлагагүй юм шиг санагдсан. Багш маань Ц.Төмөрчөдөр гэж хүн бий. Өнгөрсөн жил 244610-ын диспетчерээс гавьяаныхаа амралтад гарсан. Багш шавийн гэрээ байгуулсан тул өдөржин л дагуулаад ажлаа заана. Аав маань ч орой тараад ирэхээр ажил асууж, мэдэхгүй зүйл байвал зааж өгдөг байлаа. Аав эцэг, эхээс олуулаа. Бүгд л төмөр замд ажилладаг. Өртөө, холбоо, зам... гээд. Хаашаа л харна төмөр зам, төмөр замтай холбоотой ажил хэрэг, хэнтэй л уулзана бүгд төмөр замчид байдаг сан. Ах дүүсийн хүүхдүүд ч олонх нь одоо төмөр замд ажиллаж байгаа” хэмээн хуучлав. 
Түүний талаар ангийнх нь дарга Ц.Цэнгэлжаргал “Набо /Б.Наранболд/ надаас өмнө ажилд орсон. Манай ангийн 70-80 хувь нь одоо залуус. Тэдэнд үргэлж үлгэр дуурайлал болдог, түшигтэй, ажилдаа чадварлаг, хариуцлагатай хүн дээ. Аав нь манай ангийн тэргүүний ажилтан байлаа. Одоо ч залуустаа туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгдөг сайхан ахмад бий. Манай Набо зарим зүйлийг шинэчилж, хэмжилтийн зөөврийн жижиг багажууд санаачлан хийсэн. Тухайлбал, хувьсах гүйдлийн хөдөлгүүр шалгах стенд хийсэн. Гармын моторыг заавал авчирч шалгадаг байсан бол одоо үүнийг нь хаана ч барьж очоод шалгаж болно. Мөн реле блок шалгадаг зөөврийн стенд хийж байна гэхчлэн тоочоод байвал санаачилсан ажил цөөнгүй” хэмээн танилцуулав. Холбоочид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай ажлыг гүйцэтгэдгээрээ бахархдаг. Өөрөөр хэлбэл, замчид замаа сайн арчилж, зүтгүүрчид галт тэргээ жолоодож, жижүүрүүд галт тэрэгнийхээ хөдөлгөөнийг удирддаг бол холбоочид тухайн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг дохиолол холбоо талаас нь бүрэн хангаж ажилладаг. Энэ талаар, Б.Наранболд “Жижүүр дохио нээсэн л бол галт тэрэг явдаг шүү дээ. Галт тэрэг шулуун замд орсон байхад магадгүй хажуугаас нь хэн нэгэн хүн буруу товчлуур дарах гэвэл дарагдахгүй байх зохицуулалтыг бид хийж, хүрэх газарт нь саадгүй хүргэх үүргийг хүлээдэг. Энэ бол хариуцлагатай ажил шүү” хэмээнэ. Тэрбээр, ихэвчлэн Толгойтын хэсэгт монтёр, жолооч, томилолтын механикч гэхчилэн шат дамжлагаар ажиллаж байгаад 2017 оноос ангидаа моторын механикчаар ажиллах болжээ. “Би ангийн хэмжээний зам сумын мотор, гармуудын сөхөгддөг хаалтын мотор, өртөө зөрлөгүүдийн цахилгаан үүсгүүрийн нөөц моторууд, мөн авто машинуудын саадгүй ажиллагааг хариуцдаг. Үүний дээр гэрлэн дохионы ламп, хөргөлтийн системүүдийн ажиллагааг хариуцаж байна. Эвдэрснийг нь өөрийнхөө чадах хэмжээгээрээ л засварлана. Тэгээд зам сумын моторт гурав, хувьсахын моторуудад таван жилийн баталгаа өгдөг. Нэг үеэ бодвол моторуудыг овоо шинэчилж байгаа” хэмээн ажлаа танилцуулав. Дөнгөж дөчин насны босгыг давж буй ч даргынх нь хэлснээр хамт олон дотроо ахмад тал руугаа ордог аж. Үе үехэн үүдээр шагайх залуус “Набо ах, завгүй байна уу” гэцгээх. Түүний хувьд ч залуусаа хүндэлж, харилцан бие биеэсээ суралцан ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. “Манай залуучууд хамтарч ажиллаж чаддаг. Мэдэхгүй зүйл гарвал инженер залуус руугаа сүлжээгээр явуулаад асуухад хэлээд л өгдөг. Цөөнгүй жил ажилласан юм болохоор би ч бас туршлагаасаа хуваалцана. Надад хамаагүй ажилд туслахыг хүссэн ч би үгүй гэдэггүй. Нэг баг болж, нэг зорилготой л ажиллаж байгаа юм чинь. Залуустайгаа хамтраад ажиллах сайхан байдаг юм. Ер нь, аливаа ажлын ард хамтын хүчээр л гарна шүү дээ. Амжилт гаргасан ч ард нь хамт олны хөлс хүч байдаг. Ганцаараа хийдэг ажил гэж төмөр замд нэг ч үгүй байх. Сүүлийн үед багаж тоног төхөөрөмж шинэчлэгдэж, залуус ч өндөр мэдлэг боловсролтой болж байна” гэсэн юм. Б.Наранболд сурсан мэдснээ зааж өгсөн гарын хэдэн шавьтай гэнэ. Анхны шавь нь Солонгос явсан бол удаах нь тус ангид Техникийн бичиг баримтын инженерээр ажиллаж буй Ө.Онон, гурав дахь нь Толгойт хэсэглэлийн шугамын инженер Х.Анхбаяр.
Тэрбээр, ярилцах зуурт байгууллага, хамт олондоо талархсан үгийг ахин дахин хэлэх юм билээ. “Манайх хоёр хүүхэдтэй болсон. Одоо том нь долоо, бага нь зургадугаар ангид сурдаг. Эхнэр маань хувиараа ажил эрхэлдэг. Амьдрал сайхан байгаа нь төмөр замын л буян юм даа. Цар тахлын энэ хэцүү цагт ажилчдаа цалинтай байлгаж, сул зогсолтод орсон байгууллага нь тодорхой хувиар цалинжуулж байна. Ийм сайхан байгууллагын нэг эд эс болсондоо баярлаж, бахархаж явдаг. Ер нь, миний хоёр дахь гэр гэсэн үг. Ажлаа сайн хийж байж л цалингаа авч, гэр бүл, үр хүүхдээ сайхан амьдруулна шүү дээ” гэх. Ийнхүү амида маань хамт олондоо үнэлэгдэж, “Замын мэргэжлийн аварга” хэмээн алдар нэрээ Замын хэмжээнд дуурсгаж буй ч эгэл даруухнаар ажиллаж, амьдарч явна.

Сэтгэгдэл үлдээх