Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-19

Говийн замчид их ажлынхаа эхэнд

Замын III ангийн замчид 2020 онд зам эрүүлжүүлэлтийн их засварын төлөвлөгөөгөөр хоёр км замд өргөлтийн засварын ажил хийж, урсгал засварын төлөвлөгөөт ажлуудыг 109.8 хувийн биелэлтэйгээр гүйцэтгэжээ. Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд ангийн хэмжээнд дөрвөн чиглэлээр нийт 35 заалттай нэгдсэн төлөвлөгөө гарган 100 хувь биелүүлж ажилласан байна. Тэд мөн онд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож, Монголын Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулснаараа хамгийн ихээр бахархаж буй юм. Энэ тухай тус ангийн дарга Б.Ариунболд “Богино хугацаанд олон зуун километр замыг жилийн дөрвөн улиралд дамнуулан хийж бүтээж байгаа залуучуудыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг” хэмээн ярьсан юм. 
Их говийн замчид энэ онд тэд зам эрүүлжүүлэлтийн их засварын хүрээнд Чойр, Шивээ-Овоо, Айраг өртөөдөд 7.9 км Р43 замыг Р50 зам төмрөөр хүчжүүлэн солих, Агуйт зөрлөгөөс Оорцог-Энгэр зөрлөг хүртэл Р50 зам төмөртэй модон дэртэй 42 километр замд их засвар хийх, ул шороо өргөтгөх, суман шилжүүлгийн дүнзний их засвар, торон хашааны их засвар, өртөөний замуудад төмөр бетон дэр солих зэрэг олон ажил төлөвлөжээ. Эдгээр төлөвлөсөн ажлаа эхнээс нь шат дараатайгаар гүйцэтгэж байна. Тухайлбал, Замын аж ахуйн албанаас тус ангийн хэмжээнд хэсгийн хүчээр болон томсгосон бригадаар хийх ажлуудыг урьдчилан төлөвлөж өдөр тутамд хяналт тавьж удирдлагаар ханган ажиллаж байгаа аж. Мөн төлөвлөгөөний дагуу зам засварын ажлуудыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн жилийн борооны улиралд замд нэлээд шавар салгалт үүссэн. Энэ жил борооны улирлаас өмнө замын X хэсгийн 802 дугаар км-ээс уулзварын балластыг эрүүлжүүлэх ажлыг эхэлжээ. Үүнээс гадна 2021 оны хаврын паспортжуулалтын үзлэг ангийн хэмжээнд хийж дуусаад тайлангаа нэгтгэж байна. Үүнээс замд шаардлагатай бүхий л мэдээллүүдийг гаргаж цаашид ажил төлөвлөлтдөө тусган ажилладаг учиртай. Мөн ангийн хэмжээнд мод боловсруулах үйлдвэр болон ОХУ-аас ирсэн дэр модоор дэрийн бөөгнөрлийг арилгах ажил хийж байгаа, элэгдэл нормд дөхсөн тохойн гадна талын зам төмрийг замын 7, 13 дугаар хэсгийн 719,720,721,738 дугаар км-т сольжээ. Дээр дурдсан Р-43 зам төмрийг ивүүрийн хамт Р50 зам төмрөөр сольж хүчжүүлэх ажлыг зохион байгуулан төлөвлөсөн ажлынхаа дийлэнхийг амжуулсан байна. Замын III ангийн замчид өмнөх оны ажлаа ийнхүү амжилттай нугалсан ч байгаль цаг уурын давагдашгүй хоромхон зуур бүтэн жилийн ажлыг “урсгачих” нь энүүхэнд. Жишээ нь, өнгөрсөн 2020 оны зургадугаар сард болсон үерийн улмаас зам угаагдаж, сэргээн засах ажилд нийт 244 техник хэрэгсэл, 416 хүн хүч ажиллаж, 541.6 сая төгрөгийн зардал гарчээ. Мөн наймдугаар сард болсон үерийн улмаас зам угаагдсан ажилд нийт 76 техник хэрэгсэл, 306 хүн хүч ажиллаж, 574 сая төгрөгийн тус тус зардал гарсан аж. 
Энэ тухай тус ангийн инженер техникийн ажилтан, замчид “Байгалийн өмнө ямар ч зүйл өчүүхэн гэдгийг бид сүүлийн жилүүдэд болсон үйл явдлуудаас харж байна. Гэнэт учирсан бэрхшээлийн үед бид Замын удирдлага, Замын аж ахуйн алба болон бусад Замын ангиудын тусламж дэмжлэг, нэгдмэл зохион байгуулалтад шуурхай орж чадсанаар маш богино хугацаанд замаа сэргээн засварлаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээж чадсан” хэмээн бахархал дүүрэн хүүрнэцгээсэн юм.

Б.Ариунболд:Суурь бүтцийн найдваргүй байдал бидний санааг зовоож байна
Төмөр замын тээвэр ганц салбар, байгууллагын хэмжээнд бус улс орны эдийн засгийн хүрээнд яригддаг. Тийм ч учраас төмөр замчин бүр өндөр үүрэг хариуцлагыг үүрч, хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг зарчимтай. Гэвч хүний хамааралгүйгээр учирч буй хүндрэл, бэрхшээл замын арчилгаа, үйлчилгээн дээр ч гардаг. Үүнийг хэрхэн шийдэх, гарц гаргалгаа нь чухам юу байж болохыг тус ангийн дарга Б.Ариунболдоос тодруулсан юм.
-Төмөр замд хийх их засвар хоорондын хугацаа 18 жил байдаг. Гэвч тэрхүү норм нь 15-16 жилээр хэтэрчихсэн. Ийм нөхцөлд бид өөрсдөөсөө гарч болох бүхий л нөөц бололцоогоо дайчлан засвар, арчилгаа үйлчилгээг нь хийж байна. Ачаа эрчимжилт нэмэгдэхийн хэрээр замд үйлчилж буй нөлөөлөл нь улам нэмэгддэг. Ялангуяа, Р50 зам төмөртэй модон дэртэй замд хүнд жинтэй галт тэрэг аялах нь багагүй хүндрэлийг дагуулдаг. Сүүлийн үед туршилтаар 7500 тонн жинтэй галт тэрэг аялаад эхэлсэн. Энэ нь, цаашдаа үргэлжлээд явбал замын суурь бүтцийнхээ хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. Замын дээд цогцоос гадна доод цогц, тэр дундаа хиймэл төхөөрөмж, гүүр хоолойнуудын насжилтын хугацаа дуусаж байгаа нь бидний санааг асар их зовоодог юм. Замд учирч буй эрсдэлийг бууруулахын тулд гүүр хоолой хиймэл төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыг үе шат, системтэйгээр хийх шаардлагатай. Замын аж ахуйн албанаас уулзваргүй замын сургалтад Замын ангийн ерөнхий инженерүүд болон замын инженерүүдийг ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд хамруулсан. Үүний дагуу Замын VI ангид зөвлөгөөн зохион байгуулсан. Багагүй туршлага хуримтлуулсан гэж ойлгож байгаа. Ер нь, цаашид уулзваргүй зам тавих нь олон талын давуу талтай. УБТЗ-ын хэмжээнд уулзваргүй зам тавих бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Шинэ бүтээн байгуулалтын ажилд уулзваргүй замтай тавьж байгаа шүү дээ. Тийм болохоор бидэнд туршлага бий гэсэн үг юм.
-Байгаль цаг уурын өөрчлөлтөөс гадна замын суурь бүтцийн хүчин чадал ихээхэн хүндрэлтэй байгаа. Ирэх зуны үер усыг хохирол багатай даван туулах үүднээс ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Зуны хур борооны идэвхжилтийн улиралд бэлтгэл ажил болох үерийн нөөцийн материал бүрдүүлэх, хоорондын замд анхаарал болгоомжтой зогсоход бэлэн явах км-үүдийн жагсаалтыг шинээр гаргаж Замын даргын 264 тушаалд хавсралт болгон батлуулж өртөө зөрлөгүүдэд хүргүүлсэн. Урьдчилан сэргийлэх зорилгоор Айраг Бор-Өндөр хоорондын замд ул шороо өргөтгөх ажлыг дөрөвдүгээр сард хийлээ. Хоорондын замд байрладаг түр цэгүүдийг холбооны хэсэгтэй хамтран шалгаж акт үйлдсэн. Үерийн нөөцөд байх ёстой чулуу, хайрга, дэр мод зэрэг шаардлагатай нуруун дээр болон газар дээр байвал зохих материалыг тушаалд заасан тоо хэмжээгээр нь нөөцөлсөн. Хаврын паспортын үзлэгээр илэрсэн зөрчлүүдээр хойшлуулшгүй ажлын төлөвлөгөө гарган ажилласан. Биелэлт 100 хувьтай байна. Зуны урсгал болон их засварын ажлуудыг шат дараатай төлөвлөн ажиллаж байна. Энэ жил ус урсгах, ус зайлуулах суваг шуудуун дээр судалгаа гарган тодорхой ажил хийхээр төлөвлөад, ажиллаж байна.
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалт болон УБТЗ-д хэрэгжиж байгаа техник, технологийн шинэчлэлийн үр өгөөж танай замчдад хэрхэн хүрч байна вэ?
-Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсрах ажил 2020 оноос эхэлсэн. Энэ ажилд манай ангиас хоёр автомашин, ажил удирдагч замчид нийлсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг очиж ажиллалаа. Тухайн төмөр замын дээд бүтцийн хувьд Англи улсад үйлдвэрлэсэн пандрол бэхэлгээтэй угсарч байгаа. Энэ бэхэлгээ манай гол замын дээд бүтцэд нэвтэрсэн нөхцөлд Зүүнбаян-Таван толгой чиглэлийн замын бүтээн байгуулалтад оролцсон ажилтнууд маань дадлага туршлага олж авч байна. Мөн УБТЗ-ын хэмжээнд жил бүр ШБАЗ-ын шилдэг бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэж байна.
-Говийн бүсэд Замын ангийн даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон ч зүйлийг олж харж, анзаарсан байх?
-Би 2016 оны тавдугаар сарын 2-нд Замын III ангийн даргаар анх томилогдсон. Одоо таван жил болчихож. Говь нутаг надад ээлтэй юм болов уу гэж боддог. Урд нь Сайншанд дахь Замын IV ангид гурван жил болоод Замын II анги руу шилжиж байлаа. Анги бүр өөрийн гэсэн онцлогтой. Газар зүйн байршил, уур амьсгалын нөлөөллөөр нь аваад үзэхэд говийн бүсийн төмөр замчид маань их дөлгөөхөн, тайван хүмүүс шиг санагддаг. Тийм болохоор аль болох зөөлөн, уян хатан хүлээцтэй, сонсох хэрэгтэй. Ажил хийсэн хүн алдаж болно. Харин алдаагаа засах боломжийг олгох, цалинг аль болох хасахгүй байх. Бүр аргагүй үед л цалин хасах зэрэг зарчмыг баримтлахыг хичээдэг. Говийн нөхцөл үнэндээ хүнд л дээ. Хамгийн их хөндөгддөг асуудал нь хүний нөөцийн тогтвор суурьшил. Ажилтнууд ихэвчлэн сургууль соёл хөгжсөн төв суурин газар руу тэмүүлээд байдаг. Энэ асуудалтай өдөр болгон л тулах хэрэг гарна. Өөрийнхөө шийдэх хэмжээнд гэр бүлээр нь ажиллуулах, сэтгэл зүйг нь тогтвортой байлгах, сургуулийн насны олон хүүхэдтэй замчдыг төв суурин руу шилжүүлэх, шинээр ажилд орсон залуучуудыг дэмжих зэргээр ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахыг хичээж байна. Хамгийн гол нь, ажлыг замчид хийнэ. Үүний тулд замчдаа хайрлах хэрэгтэй. Урмын үгээр урамшуулна. Үүнийг л байнга бодож явдаг юм... хэмээн ярилаа.
Мөн тэрээр ангийн захиргаанаас байгууллагын хэмжээнд замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг эрмэлздэгээ өгүүлэв. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Замын аж ахуйн албаны хэмжээнд ажлын байрны соёл 5С хөтөлбөр хэрэгжүүлж амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрөөдөг. Тийм болохоор ажлын байр тав тухтай, цэвэрхэн, эмх цэгцтэй байх зөв дадлыг хэвшүүлж байгаа юм. Үүнтэй холбоотой олон ажлыг хэрэгжүүлж, аж ахуйн хэмжээнд ном болгон хэвлүүлсэн тул үр дүн нь удахгүй гарна гэдгийг онцолно билээ. Нийгмийн асуудал дундаас хамгийн чухал нь боловсон хүчний тогтвор суурьшил учраас говийн нэмэгдлийг улам сайжруулах, томилогдсон шинэ боловсон хүчнээ байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтан нар хүлээж авахаас эхлээд амьдрал ахуй, сургаж дадлагажуулахад анхаарах, амьдрах эхэн үеийн мөнгөн урамшуулал, дэмжлэг олгох зэрэг арга хэмжээг Замын захиргаа бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатай байгааг учирлана билээ. Ялангуяа, алслагдсан зөрлөгүүдэд сургууль, цэцэрлэгээс эхлээд нийгмийн асуудлын хүрээнд төв суурингийн төмөр замчдаас дутмаг зүйл олон байдаг учраас тэдний асуудлыг тэргүүн эгнээнд тавихыг ахмад үе үлгэр жишээ хэрэгжүүлж байсан. Тиймээс хуучин цагийн зарим шалгарсан арга барилыг сэргээхэд олон талын ач холбогдолтой төдийгүй үр дүн ч сайн гарна гэж бодож явдгаа хэллээ. 
Энд нэг зүйлийг нэмж дурдахад цар тахлын хорио цээрийн дэглэмээс үүдэлтэй төмөр замын салбарт төдийгүй улс орны хэмжээнд үйлчилгээ эрхэлж буй байгууллагын үйл ажиллагаанд багагүй хүндрэлүүд гарч байгаа юм. Замын III ангийн хувьд энэхүү аюулт өвчнөөс ажилтнуудаа урьдчилан сэргийлэх чиглэлээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, нэн тэргүүнд ажилтнуудынхаа дархлааг дэмжих, витаминжуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх гээд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Түүнчлэн, энэ сарын 13-ны байдлаар ангийн хэмжээнд бүх ажилтнаа буюу 347 ажилтныг вакцинжуулалтад хамруулсан байна. УБТЗ ХНН нь цар тахлын үед нэгдсэн системтэй бодлого авч хэрэгжүүлж байгаа тул УОК-ын шийдвэрүүдийг дагаж мөрдөхөд тодорхой хүндрэлүүд гарч байгааг тэд дурдана билээ. Учир нь, тус анги нь газар зүйн байршлын хувьд Төв, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт буюу дөрвөн өөр аймгийн бүсэд байршилтай тул аймаг бүрийн ОБГ-ын шийдвэрүүдтэй уялдуулан хөдөлмөр зохион байгуулалтыг хийж, галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах шаардлага гардаг аж. 
Их говийн эзэд болсон Замын III ангийн бүтээлч хамт олны ажил үйлсийг цахимаар ийнхүү сурвалжилсан билээ. Сэтгүүлч миний хувьд эдүгээ цагийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, их бүтээн байгуулалтад оролцож, басхүү цаг үеийн бэрхшээл болоод байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй зориг мохохгүй нүүр тулж, сэтгэлийн хат, мэдлэгийн цараагаараа хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа тэдэнтэй сайхан цагт ажлынх нь талбарт уулзана гэсэн хүлээлттэй сурвалжлагаа өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх