Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-15

А.Ахатхаан: Замчдаа магтвал “Ган зам” сонины талбай хүрэх үү?

-Таны хүүхэд наснаас хоёулаа яриагаа эхэлье гэж бодлоо. Хүүхэд нас тань Баян-Өлгийн ноён сарьдаг уулсын дунд л өнгөрсөн байх даа?
-Тиймээ, Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Алтай таван богдын нутгийн хүн дээ ах нь. Аав Авидхаан, ээж Алуан хоёрынхоо ууган хүү болж мэндэлсэн. Таван дүү дагуулсан. Ганц охин дүү маань Казахстанд амьдардаг, бусад нь нутагтаа мал маллаж байгаа. Аав, ээж хоёр маань бурхны оронд явсан. Бага нас маань бусдын л хүүхдийн адил малын хөлийн тоосон дунд өсөж, сурагч болж, сургуулиа төгсөж “Эр өсөж, эсгий сунасан” он жилүүд юм даа. 1983 онд наймдугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ТМС-д трактор, комбайны ангид элсэн, хоёр жил сурч төгссөн. Тэгээд энэ мэргэжлээрээ ажиллалгүй Шаамартаа Замын I ангийн II хэсэгт замчнаар орсон л доо. Жинхэнэ мэргэжлээрээ огт ажиллаагүй. Дадлагын хугацаандаа л трактор, комбайн барьж үзсэн. Сурч байхдаа замчдын ажлыг харахад сайхан санагддаг байж. Нутгаасаа ТМС-д олон хүүхэд хамт ирсэн ч би л ганцаараа төмөр замчин болсон шүү. Замчнаар II хэсэгтээ хоёр жил ажиллаад XIII хэсэг рүү шилжсэн. Ингээд, 1987 оны сүүлчээс XI хэсгийн нэгдүгээр тасагт бригадын даргаар очиж есөн жил ажилласан. Тэгээд л 1998 оноос мастер болсон доо. Анх ажилд орж байхад Замын I ангийн даргаар Б.Дагва гэж хүн байлаа. Дараа нь, А.Рашатхан, Д.Зунры, Л.Жаргалсайхан нарын удирдлагад ажиллаж байлаа. Энэ мундаг хүмүүсийн заавар, зөвлөгөөгөөр ажиллаж, замчид дундаа замын мэргэжлийг эзэмшиж авсан даа. 2000 онд Замын VI ангид мастераар ирэхэд ангийн даргаар С.Галсандорж ажиллаж байсан. Уг нь, нэг дүү маань цэргээс халагдаад 1992 онд Замын I ангид замчин болсон ч жил ажиллаад амралтаараа нутаг яваад эргэж ирээгүй.
-Танай нутгийн Рашатхан гэж нэртэй сайн дарга байсан гэдэг юм билээ?
-Тиймээ, Замын I ангийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан хүн. Замын VI ангийн анхны дарга нь шүү дээ. Ер нь, их зарчимч, өндөр шаардлагатай, ширүүхэн хүн л дээ. Ажиллаж байгаад, 1990-ээд онд Казахстан руу гэр бүлээрээ явсан. Намайг “Хамт явах уу?” гэж л байсан. Тухайн үедээ “Би бодож байгаад болъё. Явахаар бол араас чинь очъё” гээд үлдсэн юм. Тэндээ очоод Казахстаны төмөр замд том албан тушаал хашиж байгаад тэтгэвэртээ гарсан гэж дуулдсан шүү. Хашир, туршлагатай, мэргэжилдээ эзэн болсон хүн аргагүй л дээ. Нэг хэсэг байнга холбоотой байсан ч сүүлийн хэдэн жил холбоо тасарсан. 
-Хэрэв та явсан бол адилхан л төмөр замд нь орох байсан болов уу?
-Магадгүй, тэгэх л байх. Гэхдээ явмааргүй санагдсан л даа. Нэг хэсэг казахууд их гарцгаасан. Сүүлийн арваад жил харин нааш, цааш явахаа больчих шиг боллоо. Охин дүү маань гэхэд л 1996 онд явсан. 2003 онд нэг ирснээс хойш олон жил уулзалгүй явсаар 2018 онд ирсэн. 
-Таны гэр бүлийн хүн бас төмөр замчин уу?
-Тиймээ. Би 1986 онд эхнэртэйгээ танилцаад гэр бүл болсон. Хань маань А.Сэлэнгэ гэж хүн бий. Насаараа л замчнаар ажиллаад 2017 онд тэтгэвэрт гарсан. Хадам аав, ээж хоёр Баян-Өлгийгөөс 1950-аад онд төмөр замд ирж ажилласан юм билээ. Намайг ажилд орохоос өмнө замчин, бригадын дарга байгаад тэтгэвэрт гарцгаасан. Манай эхнэр Сэлэнгэ аймагт төрсөн. Бид хоёр хоёулаа 1985 онд төмөр замд орсон. Би эхлээд хадам ах А.Нагайбаттай танил болж, гэрт нь очиж, ойр дотно явж байгаад л охин дүүг нь авчихсан /инээв/. Манайх том охин А.Саулегүль, хүү А.Айдоос, А.Жандоос, охин А.Алтангүль гээд дөрвөн хүүхэдтэй. Том охин Дархан өртөөний Товарын конторт, нөхөр К.Загдал нь төмөр замд жолооч. Манай удаах хүү Улаанбаатар татах хэсэгт машинч, дараагийн хүү Замын VI ангид тэргэнцрийн оператороор ажиллаж байна. А.Жандоосын эхнэр Цэрэнчимэд II хэсэгт замчин. Том хүүгийн эхнэр улсын цэцэрлэгт багш. Бага охин маань МУИС-д багш мэргэжлээр сурч байгаа. Гурван томын хүүхдүүд гэж дөрвөн ач, дөрвөн зээ бий. Эхнэр маань 2019 оноос Дархан худалдааны төвийн Бэлэндалай дахь “Ган зам” дэлгүүрийн худалдагчаар ажилд орсон. Их сургуулиуд хичээллэх боломжгүй учир бага охин гэртээ ирчихсэн амар л байна.
-38 жилийн тэртээ нутгаасаа ганцаараа ирж байсан хүү өнөөдөр өнөр өтгөн гэр бүлтэй болжээ. Сайхан байна. Харин ажил дээр өдий зэрэгтэй мастер болоход нөлөөлсөн олон мундаг багш бий биз?
-Байлгүй яах вэ, зарим нь ч бурхны оронд одож дээ. Сүүлд Замын I ангийн орлогч дарга болсон Б.Доржсүрэнг Түнхэлд мастер байхад нь бригадын дарга болж байлаа. Тэр хүнээс нэлээд юм сурсан. Дараа нь, 1998 онд Замын ангийн дарга Л.Жаргалсайханы гараас мастер болсон. Надад ажил заасан хүмүүсээ ах нь багш гэж хүндэлж явдаг даа.
-Таны тухай Замын аж ахуйн албаны бүх л ангийн хэмжээнд замчид мэддэгг. “Замын зургаагийн Ахатхаан мастер” гэж ярилцахыг олон сонсож байлаа?
-Олон жил ажилласны гавьяа байх л даа. Түүнээс би хүний хийдгийг хийж, өмнөх ажлаа алдаа эндэлгүй хийх гэж хичээдэг жирийн л нэг замчин хүн шүү дээ. Ах нь цаг ямагт эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, залуусыг зөв чиглүүлж, өөрийн сурсан мэдснээ бүрэн өгч, өвлүүлж үлдээхийг эрмэлздэг. Манай ахмад замчид ч тийм байсан. Тэдний гаргасан жимээр л би явж байгаа хүн. Миний дараа үеийн замчид ч тийм л байх болно. Зөв алхаж л байвал амьдрал тэгш явна шүү дээ. Бэлэндалайн төмөр замчдад орон байрны асуудал хүндрэлтэй байсан ч Замын захиргаанаас орчин үеийн тохилог, 24 айлын орон сууц барьж өглөө. Бидний амьдарч байгаа шиг ийм тохилог орон сууц хойд хэсэгт өөр байхгүй л болов уу. Одоо бидэнд ар гэртээ санаа зоволтгүй ажлаа л сайн хийх үлдсэн. 
-Ахатхаан мастерийн шавь, олон сайн инженер бий гэж сонссон юм байна?
-Замын VI ангид мастер болсноос хойш Төмөр замын дээд сургууль төгсөж ирсэн 30 гаруй залууд өөрийн сурсан мэдсэнээ багш шавийн гэрээ байгуулан, зааж өгсөн. Их сургууль төгсөх, зам дээр ажиллах хоёр их ялгаатай шүү дээ. Онол үзсэн залуусыг ажлын талбарт сургах үүргийг олон жил хүлээж явна. Миний шавь нар бригадын даргаас авахуулан ангийн орлогч дарга, ерөнхий инженер хүртэл дэвшин ажиллаж байна. Одоо Замын бараг бүх ангид миний шавь нар бий. Замын VI ангийн орлогч даргаар ажиллаж байгаад МТЗ-д ажиллаж байгаа Д.Мөнхбаяр, одоо ангийн ерөнхий инженерээр ажиллаж буй А.Туулсайхан, замын инженер Б.Өнөболд, V хэсгийн мастер Г.Бат-Эрдэнэ, VI хэсгийн мастер Н.Ганжигүүр гээд нэрлэвэл олон доо. Хамгийн сүүлд гэхэд ТЗДС төгссөн М.Баттулга, Э.Цэрэнтогтох гэж хоёр хүү одоо манай хэсэгт бригадын даргаар ажиллаж байна. Шавь нартаа “Их сургуулийг нь төгссөн юм чинь та нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн бол. Ажлыг чин сэтгэлээсээ хийж бай” гэж л их зөвлөдөг. Шавь нар амжилттай явааг хараад маш их баярладаг. 
-Замын мастер бүр замаа арчлах, засах өөрийн гэсэн арга барил, онцлогтой байх шиг санагддаг. Танд ямар арга барил байдаг вэ?
-Өглөөний нарнаар сайн сайхныг бодож гэрээсээ гарахаас эхэлнэ шүү. Замын ажил мм, секундээр хэмжигддэг шүү дээ. Тухайн өдрийн ажлаа хэрхэн үр бүтээлтэй гүйцэтгэхийг нарийн төлөвлөж, бригадын дарга, замчдадаа зааварчилгаа сайн өгч, ажлыг зөв хуваарилах нь чухал. Хэсгийн замынхаа нөхцөлийг ягштал мэдэхээс гадна замчдынхаа ар гэрийн талаар бас мэддэг байх хэрэгтэй. Өглөө ажилдаа орж ирэхэд нь л ажиглаж, хэнд ямар асуудал байгааг ер нь гадарлана шүү. Ар гэртээ санаа зовж, сэтгэл нь тайван бус байгаа хүнэс бүтээл гарах амаргүй. Ялангуяа, замчдын ажил хамт олны хүчээр бүтдэг. Тиймээс хамт олны эв нэгдлийг бүрдүүлж, хамтач, нэгнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л бий болгох нь мастерын гол баримтлах зарчмуудын нэг. Манайх 18 замчинтай. Бүгдийнх нь гэр бүлийн судалгаа надад бий. Сургууль, цэцэрлэгт хэдэн хүүхэд явдаг, тулгамдсан ямар асуудал байгааг бүгдийг нь би мэднээ. Сургууль, цэцэрлэг 15 км-ийн зайтай сумын төвд бий. Тиймээс замчдынхаа хүүхдүүдийг хүргэж өгч, авах үе ч олон гарна. Ер нь, ажил удирдагч хүн замчдынхаа нийгмийн асуудалд маш их анхаарч байх ёстой. 
-Танай хэсгийн замын нөхцөл хамгийн хэцүү нь, өвөлдөө овойлт их, зундаа үйлчилгээ, засвар ихтэй гэгддэг шүү дээ?
-Тиймээ, намаг ихтэй учир өвлийн цагт өнгөний болон гүний овойлт хамгийн их гардаг хүнд хэсэг. Нийт гол замын 22 км, өртөөний гурван зам, дөрвөн суман шилжүүлэгтэй. Өртөөний замын бүгдэд нь гүний овойлт үүсдэг юм. Мөн манай хэсэг 15 тахиртайн хоёр нь бага радиустай. Сүүлийн таван жилд бид замын баллыг төлөвлөгөөнөөс 3-5 нэгжээр тогтмол бууруулж, гурав, дөрөвдүгээр зэргийн гэмтэл аль болох гаргахгүйн төлөө ажиллаж байна. Ангиас зарласан уралдаанд манай хэсэг байнга 1-3 дугаар байрт шалгардаг. 2020 онд манайх “Хөдөлмөрийн аварга хамт олон” боллоо. Өмнө нь, 2008, 2012 онд Замын хэмжээний уралдаанд шагналт байрт шалгарсан гээд хэсгийн замчдаа магтаад байвал та бүхний зай талбайг дүүргэчих байх даа /инээв/. 
-Хэсгийнхээ замын намгийг багасгах, овойлт гаргахгүй байх талд ямар арга хэмжээ авч ажиллаж байна даа?
-Өнгөний овойлт 11 дүгээр, гүнийх нэгдүгээр сараас эхэлж гардаг. Газрын гүний овойлт хоёрдугаар сарын сүүлчээр дуусдаг юм. Энэ үед ажлыг маш сайн төлөвлөж, овойлт үүсдэг газруудыг ойр ойрхон эргэж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байх хэрэгтэй. Сүүлийн тав, зургаан жилийн турш овойлт үүсдэг газрыг зуны цагт эрүүлжүүлэх ажлыг тогтмол хийж байна. Дэрийг нь ухаж суулгах, бохир щебенийг гаргаж, эрүүл шинэ щебень хийж байгаа. Өмнө нь, овойлт үүсснээс модон ивүүр олноор тавьж, дахин хадалт их хийдэг байсан. Ингэхээр дэр модны аж ахуй мууддаг. Харин эрүүлжүүлэх ажлын үр дүнд энэ асуудал багассан. Ер нь, бид дэр модны аж ахуйн насыг уртасгах талд нэлээд анхаарч байна. 
-Танай хариуцдаг хэсгийн хэдэн хувь нь төмөр бетон дэртэй вэ?
-Арван хувьд нь буюу 2000 орчим л бетон дэр тавьсан. Дэр модны аж ахуй нэлээд муудсан ч хангалт тааруу байна. Гэхдээ 15 мм-ээс дээш овойлт гардаг газарт бетон дэр тавьж болдоггүй. Манай энд 50-60 мм хүртэл овойно шүү. 
-Замын VI ангид туршлагатай, чадвартай олон мастер бий. Тухайлбал, Эрдэнэтийн Б.Даваадорж мастер гэхэд л үзлэг бүрээр замын байдал нь үргэлж сайн гарах жишээтэй. Та нар шиг мундаг мастеруудаас залуу мастерууд суралцана биз?
-Манай анги Замын мэргэжлийн аварга гурван мастертай. Би 2013 онд болж байлаа. Нэг нь чиний хэлдэг VIII хэсгийн мастер Б.Даваадорж, нөгөө нь VII хэсгийн мастер Б.Лхагвадорж. Бид гурав ангидаа хамгийн ахмад мастерууд нь болж байна. Бусад нь залуус, бид гурвын гараас гарсан шавь нар гэхэд болно. Залуучуудыг зөв сургах нь бидний үүрэг шүү дээ. “Таны шавь сайн ажиллаж байна” гэж бусдаас сонсох их сайхан. “Танай хүү сайн явна” гэж магтахтай адил сэтгэл дүүрээд, баяр төрөөд явчихна шүү дээ. 
-Замчид ажлынхаа хүндийг хамтын хүчээр даван туулдаг. Залуустай хамт ажиллах сайхан биз?
-Тэгэлгүй яах вэ. Залуусаас дутахгүй л алхана шүү дээ. Ах нь, олон жил төмөр замдаа үнэнч ажилласных бүхий л шагналыг хүртсэн. Үүндээ их баяртай явдаг. Замын ажил маш хүнд. Зуны халуун, өвлийн хүйтэн, хаврын шуурганд хамтын хүчээр л бид ажлаа нугалдаг юм. Өдөрт шаардлага гарвал 10 хүртэл км газарт алхана. Эрэгтэй замчин 20 кг-аас дээш жинтэй багажийг зөөнө. Эмэгтэй замчид ч 16 орчим кг өргөнө гээд бод доо. 
-Эмэгтэй хүнд 16 кг гэдэг маш хүнд байна шүү?
-Харин тиймээ. Гэхдээ бүгд сурчихсан байдаг юм. Ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байхад ямар ч хүнд бэрхийг давдаг л юм даа.
-Тийм дээ. Та нутаг руугаа хэр явж байна вэ. Хүүхдүүдээ дагуулж явдаг уу?
-Нэг жил өнжөөд л явцгаадаг. Хүүхдүүдээ ч газар үзүүлж, ах дүүстэйгээ уулзуулж, уугуул нутагтайгаа танилцаг гээд дагуулж явдаг. Ирэх зун амралтаараа явна. Гэхдээ энэ нутагт 40 шахам жил ажиллаж амьдарсан болохоор эндээ их дасаж дээ. Тэтгэвэрт гарахад дөрвөн жил үлдлээ. Тэгээд Сэлэнгэ аймгийн энэ нутагтаа л амьдарна гэж бодож байгаа. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх