Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-19

Б.Баярмагнай: Бид цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэр гэсэн хоёр том хүчин зүйлд зохицож ажилладаг

-Барилгын улирал эхэлж байна. Манай орны хувьд жилийн дөрвөн улиралтай болохоор их барилга, бүтээн байгуулалтын хугацаа харьцангуй бага. Төсөв, төлөвлөгөө, материал, техникгүйгээс бүтээн байгуулалтын ажил хойшилдог, он дамждаг асуудал бий. Эсвэл бүр оны сүүлийн хагаст шилжүүлж ажил бөөгнөрүүлдэг, түүнийгээ дагаад санхүүгийн хувьд дарамт үүсгэж, ачаалал нэмдэг. Уг нь, тээвэртэй холбоотой их барилга, суурь бүтцийн засвар, үйлчилгээнд аль болох хамгийн бага хугацаа зарцуулах нь чухал шүү дээ. Даанч, тэгж чадахгүй юм. Юунаас болоод байдаг юм бэ? 
-Манай орны цаг агаарын хувьд долоон сар нь хүйтний үе, үлдсэн таван сарын хугацаанд л ажил хийх боломжтой. Ер нь, бүтээн байгуулалт, барилгын ажил хүйтний үед хүний эрүүл мэнд, ажиллах нөхцөл хүндрэх, бетон зуурмаг хасах хэмээс дээш хүйтрэх үед хөлдөж, бүрэн хатахгүй байх, кабельтай холбоотой ажил -5-10 хэмд хөлдөж хугарч гэмтэх, чанаргүй болох, газар хөлдөх гээд хүндрэлүүд гардаг. Тиймээс энэ таван сарыг л хэр үр дүнтэй ашиглаж, богино хугацаанд олон ажлыг амжуулах вэ гэдэг нь маш сайн төлөвлөлт, зохион байгуулалт, бэлтгэл, тасралтгүй шуурхай ажиллагаа шаардана. Төмөр замчид бидний хувьд тээвэрлэлтийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, хуучирсан барилга байгууламж, техникээ сэргээн засах, шинэчлэх, өргөтгөх гээд урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тухайн жилдээ зайлшгүй хийх ёстой засвар, барилгын ажлыг тасралтгүй хийж явах шаардлага тулгардаг. Гэвч нийт үндсэн хөрөнгийн 50-70 хувь нь хуучирсан, засах, шинэчлэх шаардлагатай. Гол нь тариф, тээврийн орлого, ашгаас хамаарч, зарцуулах хөрөнгө оруулалтаа хуваарилдаг юм. Энэ тооцооллыг Төлөвлөлт, эдийн засгийн албанаас маш нарийн эдийн засаг, санхүүгийн харилцан хамаарал бүхий үзүүлэлтийг тооцож урьдчилан гаргаж өгдөг. Харамсалтай нь, бидний хийх ёстой, нэгжүүдээсээ нэхсэн бүх ажилд хуваарилах хөрөнгө хүрдэггүй. Тэгээд эрэмбэлээд зайлшгүй чухал гэсэндээ хүртээх байдлаар хүргэдэг юм. Тэгэхээр цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэр гэсэн хоёр том хүчин зүйлд л зохицуулж ажилладаг гэсэн үг. Аливаа тогтолцооны үндэс нь сайн зохицуулалт бүхий дүрэм, журам шүү дээ. 2016 онд Барилгын тухай хууль гараад, 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон. Мөн дагалдах дүрмүүд ч гарсан. Манай хувьд бүх их барилга, их засварын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, оролцогчдын үйл ажиллагааг зааглаж, уялдааг тодорхойлж өгсөн цогц журмыг 2019 онд А-279 тушаалаар батлан мөрдөж эхэлсэн. Ингэснээр долдугаар сарын 5-наас эхлэн дараа оныхоо төлөвлөгөөнд оруулах саналыг авч, наймдугаар сард томоохон хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон ирсэн саналуудаас Замын удирдлагын түвшинд хэлэлцэж, урьдчилан тооцсон эх үүсвэрээсээ хуваарилдаг. Улмаар есдүгээр сарын 15-ны дотор Замын хэмжээнд комисс гарч ажил, хөрөнгө оруулалтын захиалга нэг бүртэй газар дээр нь очин үзэж, акт тогтоодог. Актын дагуу зохиогчид арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зураг төсөл, төсвийг хийнэ. Төсөв гарсны дараа урьдчилан тооцсон дүнгүүдийг төсвийн дүнгээр тохируулга хийж, шаардлагатай бол дахин эрэмбэлэн ялгаж, Замын төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 25-ны дотор батлуулан нэгжүүддээ тараадаг болсон. Өмнө нь, ихэвчлэн арванхоёр, нэг, хоёрдугаар сард буюу хүйтэн, өдрийн богинод гэмтлийн акт тогтоодог байсан нь үзлэг, бичиг баримт чанаргүй болох, зураг төсөв гуравдугаар сараас эхэлж, есдүгээр сар хүртэл үргэлжилж оройтох, гүйцэтгэлтэйгээ зураг төсвийг нь хамт хийх, материал нийлүүлэлт удаашрах, график, төлөвлөгөө, санхүүжилт, эдийн засгийн үзүүлэлт алдагдаж, ажлаа хойш бөөгнөрүүлж хийдэг байв. Харин 2019 оны сүүлийн хагас, 2020 оны эхэнд журмаа бүх шатанд таниулах ажлыг зохион байгуулж, 2020 оны долдугаар сараас үндсэндээ нийтээрээ хэрэгжүүлж эхэллээ. Журмаар ном ч гаргаж тараасан. Өнөөдрийн байдлаар их засварын ажлын төсвүүд бүгд дуусаж, их барилгын зураг төсвүүд 90 орчим хувьтай, ажлуудаа бас хийгээд явж байна. Хамгийн гол зүйл болох зураг төсөв бэлэн болсноор ажлын график гаргах, материалыг графиктайгаа уялдуулж захиалах, нийлүүлэх, техникээ бэлтгэх, хүн хүчээ тооцоолох, ашиглалтын ажлаа уялдуулах гээд олон ач холбогдолтой. Манай барилгын алба, ангиуд ч бэлтгэлээ сайн базаасны үр дүнд ажил шуурхай явах боллоо. Замын хэмжээнд материал хангалт оройтож байгаагаас эхлээгүй нэлээд ажил бий. Гэхдээ тендер эрт зарласнаар өмнөх жилээс харьцангуй сайн явна. Уг нь, бага хэмжээний ажлуудын материалыг нэгтгэн нийлүүлж зарлахгүйгээр дотооддоо зохих журмын хүрээнд төсөвт ажил нэг бүрээрээ худалдан авалтыг тусад нь шийдээд явбал их хэрэгтэй байгаа юм. 
-Таны хэлдэг зөв. Зураг төсөв эрт бэлэн болох нь материал захиалга, нийлүүлэлт, хүн хүч, техникийн бэлтгэл, гүйцэтгэлийн хуваарийг цаг хугацааны дагуу хийх боломж олгоно. Гэвч манай Зураг төслийн төвийн хүчин чадал хүрэлцдэг юм болов уу? 
-Энэ оны ажлын зураг, төсвийг 2020 оны аравдугаар сараас хийж эхэлсэн. Зураг төслийн төвийн архитекторч, зургийн инженер, төсөвчдийн ажлын биелэлт сайн байгаа гэдгийг хэлэх нь зөв. Угтаа, журмаараа есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 10-ны дотор бүрэн дуусгах ёстой. Хуанлийн 85 хоногт дунджаар 400 орчим ажлын зураг, төсөв хийнэ гэдэг мэдээж хүнд. Журамд салбар нэгжээр, гэрээгээр түр хүн авч зураг төсөв хийлгэх боломж орсон. Үүний дагуу бид зохиогчтойгоо яриад Замын ерөнхий инженерийн орлогчтой зөвшилцөн гэрээгээр төсөвчид авч ажиллуулсан. Мөн техникийн нөхцөл, газрын зөвшөөрөл, хөрсний геологи, зургийн даалгавар гээд холбогдох чиглэл хариуцсан нэгжүүд эдгээр техникийн баримт бичгийг цаг алдалгүй гаргаж, Зураг төслийн төвд өгөх нь зургийг хурдан хийх үндэс болдог. Салбар нэгжүүд дээрх машин механизм, тоног төхөөрөмж гээд өөрийн аж ахуйгаар хийдэг ажлуудын төсвийг өөрсдөөр нь бас хийлгэдэг л дээ. Иймэрхүү байдлаар зохион байгуулбал амжих боломжтой. Энэ жилийн хувьд газар хөдлөлт, салхи шуурга, цасны ус, цар тахал, өсөн нэмэгдэж буй тээврийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт ажлууд их гарч ирсэн. Эдгээрийн зураг, төсвийг мөн хийж байна. Цар тахлын онцгой нөхцөлөөс хамаарч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш зайнаас ажиллах болсон нь ажилд нөлөөллөө. 
-Миний анзаарснаар Замын удирдлага, алба, салбар нэгжүүдийн уялдаа холбоо сайн байх нь чухал шиг санагддаг. Төсөв, төлөвлөгөө гээд дээрээсээ арай гэж нэг шийд гардаг. Тэр нь алба хоорондын ажлын уялдаа холбоо муугаас, аж ахуйн нэгжийн зохион байгуулалтаас болоод оройтдог, ажил хойшилдог зовлон байна уу даа гэж. Та энэ талаар ямар дүгнэлттэй явдаг вэ? 
-Таны зөв. Энэ маш чухал асуудал. Журмыг манай хэлтсээс улсын хууль, дүрэм, нийгэмлэгийн онцлог, практик байдал гээд олон талаас нь судлан боловсруулж, олон алба, хэлтсүүдээс бүрдсэн ажлын хэсгээр хэлэлцүүлэн саналыг тусгаж, баталсан. Сайн ч журам болсон. Цаг хугацааны явцад нэмэлт өөрчлөлт ороод улам сайжраад явах байх. Журамд бүх нэгжүүдийн оролцоог маш тодорхой нарийн зааж өгсөн. Тухайлбал, алба, салбар нэгжүүд захиалгаа үндэслэлтэй өгөх, чанартай гүйцэтгэх, хүлээлгэж өгөх, Төлөвлөлт, эдийн засгийн алба төлөвлөлт, гүйцэтгэлийн явцад гарсан өөрчлөлт болон зайлшгүй нөхцөлд шинээр нэмэгдсэн ажлуудад төлөвлөгөөг шийдэх шаардлагатай. Худалдан авалт, борлуулалтын алба материалыг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлэх, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар заасан. Хууль зүйн алба холбогдох журмыг хууль болон бодит хэрэгцээ шаардлагад зохицуулж, шинэчлэх, гэрээний явцыг шуурхай болгох, Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэс ерөнхий захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлж, ажлын төлөвлөлтөд оролцож, захиалагч, гүйцэтгэгч, бусад оролцогч нарын ажлыг уялдуулан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавьж, хүлээж авах, тайлагнах ажлыг гүйцэтгэнэ. Үүнийг нь Замын удирдлагууд хэлэлцэж, шийдвэр гаргаж байх гээд бүгдийг шат дараатай, дамжлагатай байхаар нарийн тусгаж өгсөн. Нэг цэгцрэх ёстой асуудал бол төлөвлөгөөний өөрчлөлт маш их хийлгэдэг, төлөвлөлтийн сахилга бат суларсан байдал. Мэдээж, аж ахуй маань хуучирсан, бүгдийг нь засаж, сайжруулах шаардлага тулгарсан. Гэхдээ төлөвлөгөө батлагдсан л бол өөрчлөхгүй, хэрэгжүүлээд дуусгах ёстой. Улс, аймаг орон нутгийн төсвийг бид мэднэ. Их хурал болон Иргэдийн хурлаар батлагдаад жилдээ нэг удаа л тодотгол хийдэг. 2000-аад он хүртэл төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж авна гэдэг амаргүй даваа байсан тул аль болох сайн төлөвлөхийг салбар нэгжүүд хичээдэг байлаа. Гэхдээ тэр үеэс хойш тээврийн хэмжээ нэмэгдсэн, барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн хэтэрхий хуучирч муудсан, орлого сайн ч тарифын алдагдлаас ашиг буурч, хангалттай хэмжээнд хөрөнгө хуваарилж чаддаггүй зэргээс нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг л даа. 
Дараагийн нэг асуудал бол зохион байгуулалт, ажлын хөөцөлдлөгөө. Алба, салбар нэгжүүдийн удирдлага, захиргаа, инженер, техникийн ажилтнууд солигддог, шинэ залуу үе гарч ирж байгаатай холбоотой туршлага дутах, нэг бичиг өгчихөөд орхих, дээрээс бүгдийг шийдэж өгөх байх гээд найдах, дэвшил гаргах нь гол биш асуудалд орчихгүй байвал болоо гэсэн хандлагатай нэг хэсэг байна. Дээр нь, ажлын эв дүй арга эвийг олох гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гуравдугаарт, алба, салбар нэгжүүд үүссэн асуудлаа ойлгомжтойгоор дээд удирдлагуудад танилцуулж, дэмжүүлэх тал дээр дутмаг байна уу даа. Эсвэл улирлын юм уу, Замын даргын үзлэг хүлээдэг. Тэгээд тооцоо судалгаа, үндэслэлээ тодорхой гаргахгүйгээр албан бичиг, амаар ярих хэмжээнд асуудлаа танилцуулна. Зарим дарга нар нь төлөвлөгөө авах үедээ анхаараад гүйцэтгэл, хэрэгжилт тал дээр ерөнхий инженер, бусад хүмүүстээ даатгаад жилийн эцэст асуудал хэлэлцэх үед биелээгүйг мэдэх жишээ гарч л байсан. Энэ асуултын төгсгөлд хэлэхэд их, бага хэмжээтэй ямар ч ажил байсан төмөр замчдын нийтлэг эрх ашиг, хүн бүрд хамааралтай тул бүх түвшинд анхаарч, дэмжиж ажиллах хэрэгтэй. Нэгжүүд маань буруу ч, зөв ч, алдсан ч аль болох дэмжиж, тусалж, зөвлөж байж нэг ч гэсэн ажил урагшилж байвал зүгээр байгаа юм. Манай хэлтэс ерөнхий захиалагчийн хувьд захиалагч, гүйцэтгэгч нэгжүүдийнхээ үүссэн асуудлыг нэгтгэж, тухай бүр холбогдох алба, Замын удирдлагуудад уламжилж аль болох шийдвэрлүүлэх чиглэлээр ажилладаг. 
-Худалдан авалтын тогтолцооны асуудлаас болж, материал худалдан авалт оройтох нь ажил хоцордог, он дамждаг гол шалтгаан байсан. Энэ байдал хойшид засагдах уу?
-Тогтолцоо гэж тодорхойлсон нь маш зөв. Тогтолцоо гэдэг бол суурь баримт бичгээс хамаардаг. Манай байгууллагын соёл, үйл ажиллагааны онцлог бас нөлөөлнө. Энэ тогтолцоо нь хууль тогтоомж, худалдан авалт хариуцсан бүтцийн нэгж, салбар нэгж, итгэмжлэл бүхий албан тушаалтан, санхүүжилт, гэрээ, захиалагч, зах зээл дээрх олдоц, үнэ гээд бүгдээс нь бүрдэнэ. Тэгэхээр энэ тогтолцоо нь эдгээрийн аль нэг дээр доголдоход гацна. Яг л олон араа шүдтэй редуктор гэхээр. Суурь нь мөрдөх баримт бичгээс эхэлнэ. Тиймээс журмыг хууль тогтоомжид нийцүүлж, дотоод үйл ажиллагааны онцлог, шаардлагаа уялдуулсан байх ёстой. Саяхан тавдугаар сарын 5-нд Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан худалдан авалтын босго үнийг шинэчилсэн. Маш чухал ач холбогдолтой шийдвэр. Энэ тогтоолоор барааг 50 сая төгрөгөөс дээш нээлттэй тендер зарладаг байсныг 70 сая төгрөг, ажлын хувьд 80 сая төгрөг байсныг 100 сая төгрөг, шууд худалдан авалт 10 сая төгрөг байсныг 20 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Манайд салбар нэгжүүд дээр санхүүгийн тодорхой эрхтэй, Замын даргын итгэмжлэлтэй байхад л таван сая төгрөгийн эрхтэй, ажил удаашруулсан, хардалт ихтэй, Замын захиргаан дээр хэт төвлөрсөн байдалтай байгаа шүү дээ. Энэ таван сая төгрөг 2011 онд зардал хэмнэх хөтөлбөрийн хүрээнд гарч ирсэн тоо байсан нь 2013 онд 10 сая гэсэн төрийн зохицуулалт гарсан ч ингэж 10 жил хэрэгжиж ирсэн. Одоо шинэ тогтоолтой уялдуулж, салбар нэгжүүд 10 сая төгрөг дотор, Худалдан авалт, борлуулалтын алба 10-20 сая төгрөг дотор шууд худалдан авалт хийдэг болгож өөрчлөх нь зүйтэй. Мөн тогтоолд төсөвт өртөг гэж байгаа нь нэг төсөвтэй ажилд гэсэн ойлголт тул аль болох хэд хэдэн ажлыг нэтгэж худалдан авалт хийхгүй байх боломжтой. Тэгэхгүй өөрсдөө нэгтгэж захиалаад, нэгдсэн захиалгын дүн нь томроод тендер болоод хугацаа шаардах, хүчингүй болох зэргээр явчихдаг. Барилгын материал, сэлбэг зэрэг нийтлэг байдаг материалууд лангуун дээрээсээ л хангалттай орлого олдог, өр, нийгмийн даатгал, балансын үзүүлэлт гээд шалтгаануудаар дунджаас доош компаниуд тендерт ихэвчлэн ордоггүй. Үүнээс болж нэг, тав хоногт хийчихээр ажил материал хүлээж уддаг. Худалдан авалтад нөлөөлж буй бас нэг журам бол гэрээний журам. Гэрээ байгуулах журамд өмнө нь мөнгөн дүн заадаггүй, ямар төрлийн гэрээг яаж байгуулах талаар зохицуулж ирсэн. Сүүлд нэг сая төгрөгөөс доош гэрээ хийхгүй, түүнээс дээш гэрээ заавал хийх зохицуулалт нь хэрэгжихэд бүх шатанд туйлын хүндрэлтэй болсон. Төмөр замын нэр хүндэд ч хохиролтой болж, манайханд бараа өгөхөөс зугтдаг, худалдааны байгууллагууд гэрээний харилцаа, бичиг баримт бүрдүүлэхээс татгалздаг болсныг байгууллагууд байнга гомдол санал тавьдаг. Тиймээс энэ журмаас мөнгөн дүнтэй хэсгийг хасаж, худалдан авалтын журам руугаа таван саяас дээш гэрээ хийх, таван саяас доош гэрээ хийхгүй байж болох талаар заалт оруулах саналыг нэгжүүд гаргасан. Бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсөж байгааг бид харж л байна шүү дээ. Бас нэг хүндрэл нь 2020 оны I улиралд тухайн үеийн цар тахлын нөхцөлтэй холбоотойгоор салбар нэгжүүдэд сард зарцуулах мөнгөн хөрөнгийн хязгаар тогтоосон тушаал. Энэ нь, их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын ажилд сөргөөр нөлөөлж эхэллээ. Учир нь, сард зарцуулах мөнгөний эрх нь дуусангуут ажлыг дараа сар хүртлээ түр зогсоох, бусад нэгжүүдийн захиалгат ажлыг гүйцэтгэх боломжгүй болж, үүний улмаас мэргэжлийн бус захиалагч байгууллагаараа материалаа авч бэлтгэх шаардлага тавих, үүнээсээ болж үл ойлголцол гарах хандлага гардаг болсныг нуугаад яах вэ. Тиймээс одоо энэ тушаалыг холбогдох алба нь эргэж харах шаардлага гараад байна. Үндсэндээ, энэ олон журам, шийдвэрүүдийг уялдуулах, цөөлөх, тодорхой болгох нь зүйтэй болов уу. Гэхдээ Худалдан авалт, борлуулалтын албанаас Хууль зүйн албатай хамтраад Замын нэгдүгээр орлогч даргаас хуульд нийцүүлж, журмыг өөрчлөх гэсэн үүргийн дагуу төсөл боловсруулж байгаа гэж ойлгосон. Манайх болон бусад нэгжүүд 124 дүгээр тогтоол гарахаас өмнө саналаа өгсөн. Өнгөрсөн жил албадын удирдлагууд санал, хүсэлт гаргасны дагуу Замын даргын зүгээс мөн л ийм үүрэг өгч байв. Бүрэн шийдэгдээгүй байгаагаас асуудлууд нь гараад байгаа учир дахин хөндөгдөөд байна л даа. Ер нь, доороос буюу хэрэгжүүлэгч, оролцогчдоос саналыг нь авч байж, байгууллага, үйл ажиллагааны онцлогтоо уялдуулж аливаа шийдвэрийг гаргах нь зүйтэй. Аливаа журам, шийдвэрийг нэгд хууль тогтоомжоос дордуулахгүйгээр нийцүүлэх, хоёрдугаарт, хуульд нарийвчлан заагаагүй, зохицуулагдаагүй харилцааг өөртөө тохируулж гаргах гэсэн хоёр зарчмаар хийдэг байх гэж ойлгодог. 
-Танай хэлтэс ерөнхий захиалагчийн хувьд УБТЗ-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцож байдаг. Эдгээр ажлынхаа талаар манай уншигчдад танилцуулаач?
-“Богдхан” төмөр замын төслийн судалгаа, тооцооны ажлын хэсэгт орж ажиллаж байна. Замын ерөнхий инженерийн орлогч ахлаад, Судалгаа, шинжилгээ, технологийн алба зохион байгуулаад ажилладаг. Төслийн явцын талаар тухай бүр яам, Засгийн газарт танилцуулна. Төсөлтэй холбоотойгоор ер нь, үндсэн үйлдвэрлэлийн байгууллагуудын хэсгийг шилжүүлэх, барилга байгууламжууд барих, тээвэр зохион байгуулалтын цогц арга хэмжээ хийгдэнэ. Үр өгөөжийн хувьд нийгэмлэгт ч тэр, улс, нийслэлд ч тэр маш хэрэгтэй төсөл. Дарханд “Хүүхдийн төмөр зам”-ын сургалтын полигоныг байгуулахаар шийдвэрлэж, газрын асуудлыг шийдээд зураг төсөл нь дуусаж ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваад зам, барилга, холбооны ажлууд эхэлсэн. Долдугаар сард дуусгахаар эрчимтэй ажиллаж байгаа. Мөн урт хугацааны хөтөлбөрт буй гол замын зургаан зөрлөг өргөтгөх, 183 дугаар км-т алсын удирдлагатай нэг шинэ зөрлөг барьж байгуулах маш том хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Одоогоор газар шорооны ажил явагдаж, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил явагдаж байна. Улаанбаатар хотод 73 дугаар сургуулийн урд талын “Сурагчийн-12”-ын хуучин барилгыг дахин төлөвлөж, шинээр орон сууцны барилга барих төслийн баримт бичгийг Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргын удирдлагад манай хэлтэс боловсруулж, дуусгаад Замын нэгдүгээр орлогч даргаар батлуулсан. Одоо Ерөнхий хорооны хурлаар оруулж хэлэлцүүлэхээр Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэстэйгээ хамтран ажиллаж байна. Энэ төсөл дэмжигдвэл одоогийн амьдарч байгаа 27 айл орчин үеийн тохь тухтай, орчин нөхцөл хангасан байранд амьдрах, байргүй залуучуудаа нэмж хамруулна, Цаашид хоосон газар, хуучин барилга дээрээ дахин шинэ барилга барих жишиг эхлэх байх. Дархан-Улаанбаатарын авто замыг өргөтгөх төслийн хүрээнд 2020 онд эхэлсэн хоёр гармын ажлыг дуусгаж, мөнгөө авах, энэ оны ажилд нь гэрээ хийх, ажлыг эхлүүлэх гээд томоохон ажлууд бий дээ. 
-Нийгэмлэгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын үр ашиг, өгөөжийг тооцож, хөрөнгийг шийдвэрлэдэг болсон. Магадгүй, цар тахлын үед хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр өгөөж багатайг нь хойшлуулах, бүр хасах нөхцөл байдал бий болж байгаа байх. Өнөө жил ямар хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх, ямрыг нь хойшлуулах шаардлага байна вэ? 
-Замын дарга болон хувь нийлүүлэгчийн талаас хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож байх бодлого, чиглэл барьж, энэ жил Замын нэгдүгээр орлогч даргын өгсөн үүргийн дагуу Замын ерөнхий инженерийн орлогч ахалсан ажлын хэсэг гарч, 2020 онд Судалгаа, шинжилгээ, технологийн төвийн Эдийн засгийн хэлтсээс боловсруулан батлуулсан үр ашгийг тооцох зөвлөмж, аргачлалыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын захиалга, төслүүдийг хэлэлцэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг тавдугаар сарын 5-ны өдрийн А-450 тоот тушаалаар баталсан. Тэгэхээр энэ жилээс уг журмын дагуу цаашид хэрэгжүүлэх төслүүдийн захиалгыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэдэг болно. Ер нь, манайд нэг дутагдалтай явж ирсэн асуудал бол энэ л дээ. Гаргасан хөрөнгөө үр ашигтай, үр дүнгээ өгч байгааг тооцож, эргэж хардаггүй. Одоо бол эхнээс нь урьдчилан тодорхойлж, хэлэлцэн баталж, үр дүнг санхүүгийн үзүүлэлт болон бодит байдалд харж, дүгнэж явдаг боллоо. Энэ жилд төлөвлөсөн ажлуудыг гуравдугаар сард Замын нэгдүгээр орлогч дарга авч хэлэлцээд ихэнхийх нь зураг төсөв бэлэн болсон, материал захиалга, тендер хийгдсэн, ажил эхэлсэн гэдгээр хэвээр үлдээсэн. Харин материал нь олдохгүйгээс хийх боломжгүй зарим нэг цөөхөн ажлыг хассан. Томоохон ажлуудаас замын их засварын график, материал хангалт, техник гээд бэлтгэл ажлыг Замын аж ахуйн алба бүрэн хангасан. Салхитын 40 айлын орон сууцны барилгын тендерийг өнгөрсөн жил хоёр, энэ жил мөн хоёр дахь удаагаа зарлаж байна. Сайншандад барих 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг зураг төсөлтэй нь тендерийг зарлуулсан. Сайншанд татах хэсгийн захиалгаар гурван давхар барилга барихаар зураг төслийг дуусгуулаад, эскпертэд өгсөн. Удахгүй тендер нь зарлагдах байх. 2022 онд дуусгах ёстой. Дохиолол холбооны албаны захиалгатай хоёр дахь шилэн кабелийг суурилуулах том ажил жил бүр үе шаттай хийгдэж байгааг үргэлжлүүлнэ. Энэ жил хийх хэсгийн зураг төслийг хийгээд дуусаж байна. 2020 онд дуусаагүй он дамжсан Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн II замын өндөрлөсөн тавцанд саравч барих, Баянбуурал амралтад зорчигчийн тавцан өргөтгөн тохижуулах, Дарханы вокзалын засвар, Баян зөрлөгийн 4, 5 дугаар замыг нэмж барих, дутуу есөн гэрэлтүүлэг, Аршаант өртөөний гэрэлтүүлгийг бүрэн хийх, Чулуут зөрлөгийн болон дээрх зөрлөгүүдийн дохиолол холбооны ажлууд, Замын-Үүд өртөөний нарийн царигт гэрэлтүүлэг хийх ажлуудыг үндсэндээ дуусгаад хүлээж авч эхлээд байгаа. Харин Замын-Үүд 1, 2 өртөөний камержуулалтын ажлыг эхлүүлэхээр төсвийг нь батлуулсан. Материалаа захиалчихсан. Цаашид дуусгахаар төлөвлөсөн ажлуудыг онд багтаах хатуу зарчмыг барьж ажиллах үүргийг Замын удирдлагаас өгсөн. Харин Улаанбаатар хотод “Ган зам” цэцэрлэгийг өргөтгөж, 200 хүүхдийн цэцэрлэг шинээр барих он дамжсан ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Зураг төсөл, зөвшөөрөл бүгд гарсан.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье! 

Сэтгэгдэл үлдээх