Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-05

Улаанбаатар татах хэсэг МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”-ыг хүртэв

МЗХ-ны 100, Улаанбаатар татах хэсгийн 65 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар татах хэсгийг МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагналаа. Энэ сарын 1-нд Улаанбаатар татах хэсэгт болсон шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Ц.Буджав, Эрүүл мэндийн газрын захирал Д.Батмөнх нарын удирдлагууд, Улаанбаатар татах хэсгийн захиргаа, Ахмадууд, Залуусын төлөөлөл халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оролцлоо. Ийнхүү Төрийн дээд “Алтан гадас” одон, МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”-ыг сүлдэндээ заллаа.
Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Өнөөгийн залуус биднийг түүчээлж, хөгжил дэвшлийг бүтээхийн төлөө, залуу нас, мэдлэг чадвараа харамгүй зориулсан ахмад төмөр замчдадаа Ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний яруу алдарт 100 жилийн мэндийг хүргэе. МЗХ анх 1921 оны наймдугаар сарын 25-нд Д.Сүхбаатар жанжны санаачилгаар “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, анхны даргаар нь маршал Х.Чойбалсан ажиллаж байсан түүхтэй. 
Энэ эвлэл дараа нь “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл” хэмээн нэрээ сольж, 1991 оны нэгдүгээр сарын 18 хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ хугацаандаа өнөөгийн Монгол Улсын шинэ цагийн түүхийг бүтээж, “Соёлын довтолгоо”, “Атрын I, II” аян зэргийг өрнүүлж, томоохон хот суурин болон уул уурхайн бүтээн байгуулалтыг хийсэн юм. Үүнд өнөөгийн ахмад буурлууд маань манлайлан оролцож ирсэн гавьяатай. Энэ агуу түүхийн салшгүй нэг хэсэг нь яах аргагүй зүтгүүрчид байсан. Үүний гол нотолгоо бол тухайн үедээ Монголын хувьсгалт залуучуудын “Тэргүүний ажилтан залуу” тэмдгийг хүртэж байсан юм. Энэ бахдам түүхтэй залуучуудын холбооны үйл хэргийг өнөөгийн зүтгүүрчин залуус үргэлжлүүлэн залж “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнуулах хэмжээнд авчирсан нь үнэхээр бахархууштай үйл явдал юм. МЗХ нь Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 150 хэсэг гээд нийт 1200 гаруй салбар нэгжтэй. Тэр бүхэндээ салбар зөвлөлтэй. Тэдгээр зөвлөл дундаас зүй ёсоор дээгүүрт эрэмбэлэгддэг нь Улаанбаатар татах хэсгийн залуучуудын зөвлөл юм. Энэ зөвлөл 2015 онд МЗХ-ны “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарч байснаас эхлээд олон амжилтыг тунхагласан үлгэр жишээ хамт олон. Тиймээс зүтгүүрчин залуусынхаа цаашдын ажилд улам илүү амжилтыг хүсэн ерөөе” гэв. Мөн энэ үеэр Залуучуудын байгууллагын үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг “МЗХ-ны 100 жилийн ойн дурсгалын медаль”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Б.Батсүх: Зүтгүүрчид “Хүүхдийн төлөө” фондыг санаачилсан
Энэхүү ёслолд хүндэт зочноор уригдсан Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга асан, ахмад төмөр замчин Б.Батсүх “1971 онд Улаанбаатар татах хэсэг “Алтан гадас” одонгоор шагнуулсныхаа дараа буюу наймдугаар сард тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ, МХЗЭ-ийн байгууллагын хамтарсан шийдвэр гарч, зүтгүүрчид бидний санаачилгаар Монгол Улсын хэмжээнд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулж байлаа. Энэ мэт 32 санаачилгыг анх дэвшүүлсэн түүчээлэгч хамт олны төлөөлөл, залгамж халаа болсон залуус энд байна. Энэ бол бидний бахархал. Тухайн үед зүтгүүрчин залуус “Эрэг шургатай техникийг эмээлт морь шигээ эзэмшье” хөдөлгөөн өрнүүлж байсан. Тэгвэл тэд “DASH”, “2 Загал” илчит тэргийг өөрсдөө бүтээж чадсан. Цаашид илүү олон зүйлийг бүтээнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ярилаа. 

Болзолт уралдааны шилдгүүдийг шалгаруулав
Үүний дараагаар Улаанбаатар татах хэсгийн 65 жилийн ойд зориулан тус депогийн захиргаа, ҮЭ-ийн хорооноос хамтран зохион байгуулсан “Аюулгүй ажиллагаа аз жаргалын баталгаа” сэдэвт болзолт уралдааны шилдгүүдийн шагналыг гардуулан өглөө. Тус тэмцээнд “Шилдэг хамт олон”-оор тэргүүн байрт Техник үзлэгийн цех, дэд байрт Нэгдсэн аж ахуйн цех, гутгаар байрт Ашиглалтын цех, тусгай байрт Автомат цехийн хамт олон тус тус шалгарчээ. Мөн “Шилдэг ажил удирдагч”-аар Техник үзлэгийн цехийн ахлах хүлээн авагч Г.Мөнгөнхуяг тодорч, “Шилдэг ажилтан”-аар Лабораторийн ахлах инженер В.Саранчимэг, Техник үзлэгийн цехийн засварчин У.Энхбат, Баттерей цехийн засварчин Б.Төрболд нар шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагнал хүртлээ.

Залуучуудын зөвлөл шинэ удирдлагаа сонгов
Төгсгөлд нь, зүтгүүрчин залуус Улаанбаатар татах хэсгийн Залуучуудын зөвлөлийн шинэ удирдлагын багийг сонгосноор энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Энэ удаагийн Залуучуудын зөвлөлийн тэргүүнээр Бага засварын цехийн мастер Ж.Нацагдорж, гүйцэтгэх дэд тэргүүнээр чанар хариуцсан орлогч дарга Д.Гэрэлсүрэн, дэд тэргүүнээр бригадын дарга Д.Мөнх-Очир болон машинч Г.Лхагвасүрэн нар, нарийн бичгийн даргаар инженер Х.Алтанзул, санхүүчээр нягтлан Б.Түвшинжаргал, хяналтын зөвлөлийн гишүүдээр их эмч Д.Марал-Эрдэнэ, инженер Х.Галбадрах, хүлээн авагч Ж.Тогтохбаяр нар тус тус сонгогдлоо.

Сэтгэгдэл үлдээх