Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

Болзошгүй үер, усны аюулаас сэрэмжил!

Хур тунадас: Энэ оны зургадугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. I ба II арав хоногийн дунд үе, III арав хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. 
Салхи: Дуу цахилгаантай борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

7-9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв 
Агаарын дундаж температур долдугаар сард нутгийн зүүн өмнөд хагаст, наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хагаст олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа тул дээрх бүс нутгуудад гандуу, хуурай байж, олон хоногоор хэт халуун үргэлжлэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Харин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар Олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим тунадас орох төлөвтэй байгаа ба дулааны улиралд харьцангуй богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх магадлалтай байна.
Иймд: Иргэн, хуулийн этгээд, УБТЗ-ын ажилтан, албан хаагч та үйл ажиллагаандаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж дараах ЗӨВЛӨМЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГ- ийг мөрдөж ажиллана уу!!!
-Бороотойд гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж,
-Цаг агаар / үер, усны аюул /-ын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
-Үерийн аюултай бүс нутгаас нүүх,
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх,
-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
-Гол усны ойролцоо амарч, зугаалахгүй байх, голын эрэг дагуу аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
-Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх,
-Бороотой орсоны дараа төмөр зам дагуу эргүүл жижүүр явуулж төмөр замын ул шороо урсах, зам угаагдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
-Илчит тэрэгний машинч нар бороотой үед төмөр зам усанд автсан, угаагдсан байгаа эсэхийг сайн нягталж, цаг агаарын мэдээг холбогдох албаны диспетчерүүдээс тодруулж хөдлөх бүрэлдэхүүнийг аяллын замд гаргах,
-Ажилчид төмөр замын ул шороо эвдэрсэн, угаагдсан тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, холбогдох албаны диспетчерт шуурхай мэдээлэл дамжуулж ажиллах,
-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх