Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-12

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллахдаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байна. Уг төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэнэ. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувьтай байна. Гол замыг угсрах ажил 233 км хийхээс 201 км-ийг угсарчээ. 

Төмөр зам ашиглалтад орсноор:
- Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тонн нүүрс экспортлоно. 
- Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна.
- Авто тээврийн осол, зөрчил буурна. 
- Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой. 
- Байнгын 2000 орчим ажлын байр бий болно. 
- Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ. 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын урт 416.2 км, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна. 
Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл гүйцэтгэж байна. “Стратегийн ач холбогдол бүхий дээрх хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Улс төржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэв. 

Сэтгэгдэл үлдээх