Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-12

Төв засварын үйлдвэрт ирээдүй их бий

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан ч Төв засварын үйлдвэрийнхэн оны эхний улирлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн билээ. Тухайлбал, Замын аж ахуйн албанд 72 нэр төрлийн, Зүтгүүрийн аж ахуйн албанд 43, гадны байгууллагуудад 28, төмөр замын бусад албадад 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлжээ. Үүнээс олон тоогоор үйлдвэрлэдэг подклеммник буюу замын хавчуурга төмөр гэхэд 212 мянга, вагон болон илчит тэрэгний нийт 8516 колодка, үрэлтийн 1797 шаантаг, Замын ангиудад багаж хэрэгслүүд, татах хэсгүүдэд тэргэнцрийн сэлбэг материалуудыг үйлдвэрлэсэн байна. Мөн өнөөгийн байдлаар 17 хопер вагон өндөрлөж, 20 хос дугуйн гол сэргээн засварласан нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх жилүүдээс олон хувиар нэмэгдсэнийг илтгэх биз ээ. Тус үйлдвэр өнгөрсөн онд хөрөнгө оруулалтаар 250 тоннын хүчин чадалтай нударгат пресс, 100 тонн хүч бүхий призмийн нугалагч суурь машин, индукцийн халаагч төхөөрөмжийг авч суурилуулсан байна. 250 тоннын нударгат пресс дээр зүтгүүрийн богино дэлтэй ширмэн шахавчны ган аравчийг штампаар хэвлэдэг болсны үр дүнд өдөрт 50-аас дээш ширхгийг үйлдвэрлэж чаддаггүй байсан бол одоо 200-аас дээш үйлдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр уг эд ангийг үйлдвэрлэх хөдөлмөрийн бүтээмж гэхэд л тав дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн, призмийн нугалагч дээр нугалгаа хийдэг болсноор бүтээгдэхүүний өнгө үзэмж, чанар сайжирч, үйлдвэрлэлийн хурд нэмэгдэж байгааг тус үйлдвэрийн ерөнхий инженер Ц.Чинзориг хэлсэн юм. Тэрбээр, “Ажилчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор инженер техникийн ажилчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан дадлага, онол хослуулан сургалт явуулж, зэрэг ахиулах шалгалтыг цаасаар авдаг байсныг өөрчилж, үйлдвэрлэлийн дадлагатай хослуулан авдаг болсон. УБТЗ-ын харьяа аж ахуйн нэгжүүд, харилцагч байгууллага, хувь хүмүүст шаардлагатай сэлбэг материалыг чанартай үйлдвэрлэж, цаг хугацаанд нь нийлүүлэхийн төлөө бид цар тахлын энэ хүнд хэцүү цагт бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. 2020 онд Зорчигч тээвэр, Замын аж ахуй, Вагоны аж ахуй, Зүтгүүрийн аж ахуйн албадад нийт 535 нэр төрлийн 286644 ширхэг бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж нийлүүлсэн” хэмээн танилцуулав. Тус үйлдвэр өнгөрсөн оны үйлдвэрлэлтийн төлөвлөгөөгөө 112, борлуулалтыг 114 хувиар биелүүлжээ. 2019 онтой харьцуулахад үйлдвэрлэлт 23, борлуулалт нь 28 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Д.Ариунбаатар: Өөрсдөө л үйлдвэрлэгч байхгүй бол улс орон хэцүүднэ
Энэ онд тус үйлдвэрт 800 тонн хүчин чадал бүхий гидро пресс, 25 мм хүртэлх зузаантай ган материал зүсэх хүчин чадалтай лазерийн зүсэгч, ган хайлуулах хагас тоннын цахилгаан индукцин зуух зэрэг тоног төхөөрөмжийг авч өгч, бүтээмжийг нэмэгдүүлэхээр Замын удирдлага шийдвэрлэн, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Энэ талаар үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар “800 тоннын хүчин чадалтай гидро пресс авснаар манайх 5 мм-ээс доош листнүүдэд хүчжүүлэлтийн ямар нэгэн хэлбэр дүрс гаргаж болно. Ийм болчихвол бид Монголд өөр газар байхгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Ган хайлуулах цахилгаан индукцин зуух, гидро пресс, лазер зүсэгч гурвын тендер зарлагдаж, лазер зүсэгчээс бусдынх нь гэрээг хийгээд худалдаж авах л үлдээд байгаа. Уг нь, лазер зүсэгчийг авчихвал төмөр зам гадаадаас захиалгаар авдаг янз бүрийн хэлбэр дүрстэй бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө хийх боломжтой болно. Бид ийм лазер зүсэгчтэй болохын тулд хүмүүсээ сургаад, компьютерээр зургуудыг нь гаргаж чаддаг болсон. Тиймээс маш гоё зурагнууд гаргаад түүнийгээ 25 хүртэлх мм листэнд шууд цэвэрхэн зүсэлтээр хийнэ. Өмнө нь, хөрөнгө оруулалтаар манай авсан тоног төхөөрөмжүүд бүгд энэ удаагийнхтай уялдаа холбоотой байсан. Эдгээр нь олон тоног төхөөрөмжийг хэмнэж, шинэчлэл хийж байгаа юм. Тухайлбал, лазер зүсэгч авчихвал бид олон төрлийн багаж хэмнэнэ шүү дээ. Ер нь, жилд гаднаас худалдан авдаг сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьсан. Замын захиргаа ч ийм бодлогоор манай үйлдвэрийг сайн дэмжиж, бид ч төмөр замчдынхаа өмнө хүлээсэн үүргээ давуулан биелүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Цаашид 18, 30-ын листүүд хуйлдаг тоног төхөөрөмж, гагнуурын хэдэн сайн аппарат, фрейзерийн машинуудтай болсон байхад жилд гадагш нь захиалдаг ажлаас манайх 20 орчим тэрбум төгрөгийн ажлыг л хөнгөлттэй үнээр хийгээд байхад болж байгаа юм. Цар тахал ч “Өөрсдөө л үйлдвэрлэгч байхгүй бол улс орон хэцүүднэ” гэдгийг Монголчуудад ойлгууллаа” гэсэн юм. Түүний хэлснээр лазер зүсэгч нь маш чухал төдийгүй төмөр замд олон тэрбум төгрөг хэмнэх төхөөрөмж ажээ. Тиймээс Замын захиргаа үүнийг нь анхаарч, худалдан авч өгөх биз ээ. Энэ мэтчилэн Д.Ариунбаатар дарга үе шаттайгаар технологио ч хөгжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг ч хийж байгаа юм байна.
Өнгөрсөн онд технологийн шинэчлэл дээр нэлээд дэвшил гаргаж, ширмэн шахавч цутгахад ашигладаг хашлаганы чиглүүлэгчийн технологийг өөрчлөн шинэчилсэн гэнэ. Үүний үр дүнд Хайлах цехийн бүтээгдэхүүний гологдлын хэмжээ урд онтой харьцуулахад 2.4 дахин буурч, жил бүр гардаг байсан 60 гаруй сая төгрөгийн үргүй зардлыг хэмнэжээ. Технологийн шинэчлэл хийснээр бүтээгдэхүүний гадна талыг цэвэрлэхэд ашигладаг байсан точил чулууны хэрэглээ өмнөх онуудтай харьцуулахад 30 хувиар буюу 7.5 сая төгрөгөөр багассан байна. Мөн богино дэлтэй ширмэн шахавчны аравч үйлдвэрлэх эсгүүрийн технологийг шинэчилснээр нэг бүтэн ган листнээс 100 ширхэг гардаг байсан эд ангийг 123-ыг гаргаж, мөнгөн дүнгээр жил бүр 14 орчим сая төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрджээ. 

Халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байна
Энэ онд Замын хэмжээнд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд цар тахалтай холбоотойгоор төмөр замын хэмжээнд вакцинжуулалт, хавьтлын шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт зэргийг цаг тухайд нь хийж, үйлдвэрийн хэмжээнд цар тахалтай холбоотойгоор ХАБЭА-н чиглэлээр олон ажил хийсэн байна. Тухайлбал, харуулын байрны нэвтрэх хэсэгт халуун шалгагч, гар ариутгагч байршуулан ажилчдын биеийн халууныг өдөр бүр шалгаж, ажлын байранд нэвтрүүлж байгаа аж. Мөн өдөр бүр нэг удаагийн амны хаалт, бээлий өгч, биеийн эрүүл мэнд, дархлааг нь дэмжих зорилгоор С, Д аминдэмээр хангаж, амин дэмээр баялаг жимсний шүүс өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа гэнэ. Энэ мэтчилэн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, ажлын байруудын халдваргүйжүүлэх зэрэг олон ажлыг хийсэн байна. Энэ талаар, Д.Ариунбаатар дарга “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хамтад нь уялдуулахгүй бол ажиллах хүчний дутагдалд орох төдийгүй үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс ажлын байранд эрүүл ахуйг чандлан мөрдөж, ажилчдын өдөр тутмын амьдралд хэвшил болгох хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн, цар тахалтай холбоотойгоор үйлдвэрт нийт ажилчдын 30 хүртэл хувийг ажиллуулж, зайнаас ажиллах боломжтойг нь ажиллах нөхцөл боломжоор хангасан байна. Харин хөдөлгөөний аюулгүй байдлыг тасалдуулахгүй байх, яаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй ажиллах шаардлагатай ажилчдыг хөдөлмөрийн зөв зохион байгуулалт хийн ажиллуулж байгаа аж. 
Мөн улсын хэмжээний итгэмжлэгдсэн лабораторитой болох зорилтот ажлын хүрээнд Чанарын стандартын дүрэм, холбогдох 21 журам, гарын авлага зэргийг боловсруулж Стандарчлал хэмжил зүйн газарт хүргүүлжээ. Үүнийх нь дагуу тус газраас баг гарч байгууллагын лаборатори дээр ажиллах байсан ч цар тахлын улмаас хойшилсон байна. Гэвч итгэмлэл авах ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд ISO9001, ISO45001 стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн улсын бүх эмнэлгийг эмчилгээний зориулалтын хий буюу хүчилтөрөгчөөр хангадаг байсан үйлдвэрээ сэргээн хөгжүүлчихвэл төмөр замдаа төдийгүй улсын хэмжээнд эрэлттэй байх тул сэргээх бэлтгэл ажлыг нь ч хийж байгаа ажээ. 

Сэтгэгдэл үлдээх