Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-02

Д.Мөнхбаатар: Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамжтай болно

-Орон нутгийн сонгуульд Баянголд дүүрэгт ПТК-ийн захирал байсан Б.Ганчулуун, ЭХУХ-ийн нэгдүгээр ангийн дарга Ө.Ууганжаргал бид гурав нэр дэвшиж сонгогдсон шүү дээ. Бид гурав сонгогдсоныхоо дараа УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай уулзахад Замын нэгдүгээр орлогч даргаар олон жил ажилласан Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамжтай болох хүсэлтийг хамгийн түрүүнд тавьсан. Энэ хүсэлт өмнө нь төмөр замчдаас хоёр, гурван удаа дүүрэгт ирсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золгосон юм билээ. Дүүргийн ИТХ-аар хэлэлцэх асуудал батлагдсан байсан хэдий ч миний бие энэ асуудлыг нэмж тусгуулсан. Ингээд Баянголд дүүргийн I-II хорооны харьяа 980 метр гудамжийг Н.Цэрэнноров агсны нэрэмжит болгох тухай ИТХ-ын тогтоолыг гаргаж, Нийслэлийн мэдээллийн санд оруулах хүсэлт хүргүүлсэн. Мөн дээрх тогтоолоо Н.Цэрэнноров агсны ар гэрийнхэн болон УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд тэргүүтэй албаны хүмүүст Иргэдийн хурлын “Хүндэтгэлийн танхим”-даа албан ёсоор гардуулж өглөө. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан өдөр буюу зургадугаар сарын 6-нд гудамжиндаа албан ёсоор хаягийг нь байршуулахаар төлөвлөөд байна.
-Н.Цэрэнноров агсан бол Замын нэгдүгээр орлогч даргын албыг нэр төртэй гүйцэтгэсэн хүн.Товчхон хэлбэл, манай төмөр замчдын эрхэм хүн...?
-Нийслэлийн гудамжны нэршлийг хүссэн хүн бүрт олгодоггүй шүү дээ. Түүхэнд тод мөртэй, тодорхой алдар гавьяатай хүнийг алдаршуулна. Н.Цэрэнноров агсны хувьд төмөр замын салбарт засварчнаас ажлын гараагаа эхэлж, Замын нэгдүгээр орлогч дарга хүртэл дэвшиж ажилласан хүн. Ингэхдээ УБТЗ-ын анхны Монгол даргаар томилогдсоноосоо хойш тасралтгүй 23 жил ажилласан чадварлаг удирдагч. Энэ хугацаанд Орос-Монгол-Хятад гурван улсын найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Өнөөдөр түүний босгосон суурин дээр ажиллаж амьдарч байгаа төмөр замчид Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байна. Нөгөөтэйгүүр Н.Цэрэнноров агсан амьдралынхаа бүхий л хугацааг төмөр замчдын төлөө зориулсан. Тэгэхээр ялангуяа төмөр замчдын хувьд энэ хүний түүхэн гавьяаг огтхон ч мартах учиргүй. Баянгол дүүргийн зүгээс ч энэ ариун үйл хэргийг дэмжиж ажиллах ёстой. Тийм болохоор би Иргэдийн хурлын тэргүүлэгчийн хувьд санал дэвшүүлэн тавьж, Тэргүүлэгчид 100 хувийн саналаар дэмжсэн.
-Баянгол дүүрэгт төмөр замчид ажиллаж, амьдардаг. Энэ ч утгаараа өөрсдийн төлөөллөөр сонгосон Тэргүүлэгчдээс их зүйлийг хүлээж байгаа байх. Таны хувьд өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав. Цаашид дүүргийн хэмжээнд төмөр замчдад хамааралтай юуг шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
-Миний бие Баянгол дүүргийн II хорооноос Дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсоны хувьд багагүй ажил хийхээр зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн саад буюу Барс худалдааны төвийн арын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар УБТЗ-ын удирдлагатай хэд хэдэн удаа уулзаж, санал солилцсон. Дүүргийн зүгээс зөвхөн ногоон байгууламжид нь зориулан 180 сая төгрөгийн төсөв тусгасан. Одоо тендер сонгон шалгаруулалтынхаа шатанд ажиллаж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг сайхан болгочихвол дүүргийн иргэд, төмөр замчид бүгд л чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломж бүрдэнэ шүү дээ. Мөн Удирдах газрын баруун талын хэсгийг авто машины зогсоол болгож, иж бүрэн тохижилт хийнэ. 

Сэтгэгдэл үлдээх