Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-27

Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгууллаа

Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг албан ёсоор байгууллаа. Энэ сарын 19-нд Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд болсон хурлаар тус зөвлөлийг 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах шийдвэрийг гаргасан юм. Уг хуралд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлага болон иргэний нисэх, төмөр зам, автозам, Автотээврийн үндэсний төвийн төлөөллөөс гадна далайн тээврийн мэргэжилтэн залуусын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Залуучуудын Хөгжлийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Залуучуудын Хөгжлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцож, Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг бүртгэн “Батламж” олголоо. Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүнээр УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженерийн орлогч, УБТЗ ХНН-ийн Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ш.Нямсүрэнг сонгов. Мөн бусад чиглэлийн оролцоог тэгш байлгах зорилгоор тус зөвлөлийн дэд тэргүүнүүдээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч Э.Бадамсүрэн, Иргэний нисэхийн салбарыг төлөөлж Sky Jet Aviation компанийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг, автозамын салбарыг төлөөлж Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын эдийн засагч Ө.Баасансүрэн, автотээврийн үндэсний төвийг төлөөлж Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Тэмүүжин нар 100 хувийн саналаар сонгогдлоо. Зам тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаар ажиллана гэдгээ энэ үеэр онцоллоо. Дашрамд дурдахад, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болсон төдийгүй залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулж, залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бий болгосон байна. Энэхүү үндэсний хэмжээний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна. Мөн 2021 онд Залуучуудын байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиосон түүхэн жил болж буйгаараа онцлогтой юм.

Сэтгэгдэл үлдээх