Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-15

Ш.Нямсүрэн: ХАБЭА-г хангуулахад төмөр замчин бүрийн идэвх, оролцоо чухал

-УБТЗ ХНН 2021 оныг “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н жил болгон зарласан. Тэгэхээр хоёул энэ сэдвээс яриагаа эхлэх үү?
-Юун түрүүнд “Ган зам” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Жил бүр УБТЗ-д тулгамдаж буй болон онцлог асуудлуудыг шийдвэрлэх сайжруулах зорилгоор зорилт дэвшүүлдэг уламжлалтай. Энэ нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгдөгтэй холбоотой. 2021оны зорилтыг замын удирдлагын төвшинд хэлэлцэж, “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-эрүүл ахуй” гэж тодорхойлсныг та бид мэдэж байгаа. Зорилтыг хэрэгжүүлэхээр тушаал, шийдвэр, төлөвлөгөөнүүд боловсруулагдаад хэрэгжиж байна. Тухайлбал, Замын даргын А-01 тушаалын хүрээнд замын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөний онцлог нь сүүлийн 20 жилийн хугацаанд шинэчлээгүй хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох, ХАБЭА байгуулгын дотоод стандартыг бий болгох зэрэг олон аргачлалыг авч үзэн энэ цаг үедээ нийцүүлэн шинэчлэх асуудал хийгдэж байна. Замын даргын А-24 тоот тушаалын хэрэгжилтэд мөн хөндөгдөнө. Ажилтны гүйцэтгэж байгаа ажилбар бүр тодорхой зөрчиж боломгүй дэс дараалал нормт хугацаатай байдаг. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, зарим ажлын байруудыг автоматжуулах, хөдөлмөр зарцуулалтыг багасгаж бүтээмжийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийгдэж байгаа хэдий ч ХАБЭА-н талаасаа сайжруулах ажлыг тогтмол хийх хэрэгтэй байна. Энэ бүхнийг жилийн зорилтын хүрээнд хөндөж сайжруулах ажлууд хийх юм. 
-УБТЗ-д ХАБЭА-г сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн хэр гарч байна вэ?
-Сайнаасаа мууг ярихаас илүүтэй муугаасаа сайн руу чиглэж яриагаа эхэлбэл зүйтэй болов уу. Төмөр замчид бид сүүлийн жилүүдэд ХАБЭА-н чиглэлээр тийм ч хангалттай ажиллаж чадсангүй. Бид энэ алдаагаа давтан гаргахгүйн тулд 2020 оны гуравдугаар улирлаас эхлэн олон ажил эхлүүлсэн. Ер нь, 2016 оноос эхлээд ХАБЭА-н чиглэлээр бид 16 тушаал шийдвэрийг гаргаж, мөрдүүлэн ажиллаж байна. 2020 онд ХАБЭА-н чиглэлээр “2020-2025 он хүртэл УБТЗ-ын ХАБЭА-н хөтөлбөр”-ийг боловсруулсан. Мөн дээрээс нь 2019 онд гаргасан алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж “2020 онд ослын тэглэх систем”-ийг дэд хөтөлбөр болгон гаргасан. Энэ систем дотроо долоон алтан дүрэмтэй. Тухайн алтан дүрмүүдийг бид алба, салбар нэгж, тасаг, цех бүрд мөрдлөгө болгохоор ажилласан. Аль ч салбар нэгжийн ажлын байранд долоон алтан дүрмийн зурагт хуудас байгааг та харсан байх. Мөн гурван шатны үзлэгийг сайжруулахаар тушаалын өөрчлөлтийг хийж долоо хоног бүр Замын ерөнхий инженерийн хуралд гүйцэтгэл хяналтаар албадын тайланг сонсож байна.Аливаа ажлыг эхлүүлэхэд мэдээллийг нийтэд түгээх, таниулах асуудал чухал байдаг. Тэр дундаас ХАБЭА-г хангуулахад төмөр замчин бүрийн идэвх оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н ажил бол зөвхөн байгууллагын дарга, ХАБЭА-н инженерийн ажил биш байгууллага хамт олны ажил юм.
-УБТЗ-д 2020 онд ХАБЭА-тай холбоотой гарсан осол зөрчлийн үндсэн шалтгааныг нь та чухам юу гэж харж байна вэ?
-2020 оны тухайд УБТЗ-ын хэмжээнд их бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замуудын төсөлтэй холбоотойгоор төмөр замын чиглэлийн, тэр тусмаа туслан гүйцэтгэгч олон компаниуд байгуулагдаж байна. Үүнээс улбаалан манай ур чадвартай залуу боловсон хүчин зах зээлд гарч эхэлсэн. Тэдэнд өндөр цалин хөлс, урамшууллын санал тавихаар хувь хүн амьдралын шаардлага нөхцөлөөр ажлын байраа сэлгэж байна. 
Жишээ нь, мэдлэг туршлага сайтай нэг замчны ажлын байр сулрахад орны хүнийг нь бэлтгхэд хамгийн доод хугацаа нь 6-12 сар шаардлагатай. Дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүн дадлагажиж, ажилдаа суралцах хугацаанд алдаа гаргаж, осолд өртөх тохиолдол их. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь 8-15 жил ажиллаж байгаа хүмүүс ажлын технологио дарааллын дагуу мөрддөггүй. Өөрөө дур мэдэн дүрмийн бус технологи бий болгодог зэрэг үйлдэл нь маш том эрсдэл дагуулдаг. Замын хэмжээнд одоогийн байдлаар 3150 гаруй технологи мөрдөгдөж байна. Ажилд орсон өдрөөсөө яс мөрдөөд хэвшчихвэл тухайн хүн ХАБЭА-тай холбоотой эрсдэлд өртөхгүй байх бүрэн боломжтой. Энэ нь ажилтныг учирч болохуйц эрсдэлээс хамгаалах юм шүү дээ. ХАБЭА-н осолд хэн нэгнийг буруутгахаас илүү бид оны эхэнд 15800 шинэ оны ажлаа эхэлсэн бол оны төгсгөлд 15800 ёстой. Төмөр замчин бүр өглөө ажил руугаа эрүүл саруул очиж, орой гэртээ эрүүл саруул харих ёстой. Тийм хэмжээний аюулгүй байдлыг нь хангахын тулд Замын захиргаа онцгой анхааран ажиллаж байна.
-Туршлагатай хүмүүсийн гаргасан орон зайд алдаа осол гараад байгааг та дурдлаа. Цаашид ийм сул орон зай олноор бий болгохгүйн тулд юу хийх шаардлагатай гэж та дүгнэх вэ?
-Төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын компаниуд олноор байгуулагдаж байгаатай холбоотойгоор мэргэжлийн төмөр замчны эрэлт хэрэгцээ хаана хаанаа нэмэгдэж байна. Нэн тэргүүнд суурь бүтэц дээр ажиллах мэргэжлийн замчдаас эхлээд инженерүүд шат шатандаа дутагдаж байна. Цаг үеийн энэ нөхцөлөөс улбаалан дээр дурдсанчлан хувь хүмүүс цалин, хөлс, урамшууллын систем аль өндрийг нь сонгож байгаа. Тиймээс бид бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөц, боловсон хүчний бодлогоо цаашид хэрхэн уялдуулж, тогтвортой ажлын байр бий болгох вэ гэдэг хамгаас чухал. Тэр тусмаа залуу ажилтнаа яаж тогтвор суурьшилтай байлгах вэ гэдэг бидний нэн тэргүүнд бодох ёстой асуудал. Энэ ч утгаараа цалингийн системд өөрчлөлт хийх нэвтрүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах гэхчлэнгээр шаардлагатай арга хэмжээнүүдийг Замын захиргаа бодлого төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа. 2020 онд манай Тээвэр зохион байгуулалтын алба,Замын аж ахуйн албаны хамт олон бүтээн байгуулалтад тээврийн үйл ажилагааг сайжруулах ажилд маш сайн оролцсон. Сүүлийн жилүүдэд хийгээгүй хэмжээгээр замын их засвар хийж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцлоо. Гэхдээ хүн хүч, техник тоног төхөөрөмжийн дээд хязгаар гэж бас бий. Тэр хязгаараас нь хэтрүүлбэл юу болох вэ. Бас хэт багасгавал яах вэ гэдэг ч бас бодох л асуудал байна.
-УБТЗ-д техникийн шинэчлэл явагдаж байгаа. Тухайлбал, СИРДП-Е системийн үр дүн хэрхэн гарч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Мэдээж цар тахлын хорио цээр ч энэ ажлын явц, хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх?
-Замын хэмжээнд СИРДП-Е систем нэвтэрч дууссан. Өнөөдөр ашиглалтын үйл ажиллагаа явж байна. 2020 онд нийтдээ 2900 галт тэргийг бид СИРДП-Е систем буюу гуравдугаар төвшинд нь аялуулсан. Үүнээс 400 гаруй тохиолдолд нь саатал үүссэн. Саатал юунаас үүсэж байна вэ гэхээр нэгдүгээрт, сүлжээ тасалдаж, доголдох. Хоёрдугаарт, хүний хүчин зүйлээс шалтгаалсан доголдлууд гарлаа. 2018 оноос хойш тухайн системтэй холбоотой сургалтыг Толгойт дахь Сургалтын төвд зохион байгуулж байна. Харин техникийн хувьд замын хойд хэсэглэлд буюу Толгойтоос Сүхбаатарын чиглэлд сүлжээний доголдол, тасалдал үүссэн тохиолдлууд бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын “Зити” компаниас дөрөвдүгээр сард мэргэжилтнүүд ирнэ. Тэд радио станц буюу “TETRA” системд гарч байгаа доголдол, мөн дээрээс нь галт тэрэгний аяллын үед сүлжээ тасалдаж байгаа дутагдлыг бүрэн арилгах хамтарсан ажлын төлөвлөгөөг гарган ажиллана. Тухайн төслийн идэвхтэй хэрэгжиж байгаа хэсэг нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хоногт 1-2 галт тэргийг тухайн хэсэгт мөрдүүлэн аялуулж байна. Өнгөрсөн жилийн тээврийн үзүүлэлтэд СИРДП-Е систем тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж ойлгож болно. 2021 онд 30.5 сая тонн ачаа тээнэ гэсэн зорилттой ажиллаж байгаа. Мөн дээрээс нь замын их засвар, өргөтгөл шинэчлэлтийг хийхэд СИРДП-Е систем чухал үүрэгтэй.
-Замын хэмжээнд СИРДП-Е системийн ашиглалт, эзэмшилт хэр байна вэ?
-Би хувьдаа тэгж харахгүй байна. Төмөр замчдаас Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч нар, мөн машинч нар маш сайн ажиллаж байгаа. Энэ системийг өнөөдрийн ашиглалтын хувьд бүрэн эзэмшиж байна. Би дээр дурдсанчлан хүмүүс байнга шинэчлэгдэж байдаг. Оронд нь ирсэн шинэ ажилтныг өмнөх ажилтны төвшинд сургаад явах ёстой.
-Ажлын байр бүрд боловсон хүчний нөөц урьдчилан бэлтгэх шаардлагатай гэдгийг та онцлоод байна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, Оросын төмөр замууд НХН-т нэг албан тушаалд шууд орлон ажиллах таван хүнийг бэлтгэдэг. Нэг албаны инженер өөр албан тушаалд томилогдоход суларсан орон тоонд нь шууд ороод ажиллах чадвартай таван инженер бэлэн байдаг гэсэн үг.
-Төмөр замчид 16 мянгуулаа гэж хэлэхэд олон боловч хүн бүрийн ажил амьдрал хоорондоо уялдаа холбоотой байдаг. Энэ ч утгаараа нийгмийн сүлжээнд гарсан санаатай, санаандгүй хар бараан зүйлийг их эмзгээр хүлээж авдаг. Цаг үеийн зарим мэдээ мэдээллүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би 2007 онд УБТЗ ХНН гэх их айлын босгоор алхсан. Өнгөрсөн хугацаанд монтёроос эхлээд байгууллагын дарга хүртэлх бүх шатанд нь тодорхой хугацаагаар ажилласан. Эдгээрээс томилолтын механикч бол миний хэзээ ч мартахааргүй төмөр замчин болох гараа байсан. 365 хоногийн 288 өдөрт нь томилолтоор явдаг. Ердөө 70 гаруй хоног л гэртээ байдаг байлаа. Яагаад үүнийг дурдаж байна вэ гэхээр төмөр замын олон мянган залуус яг л энэ замаар ажиллаж, амьдарч төмөр замчин болдог. Ажил хийж байгаа хүний хувьд алдаа дутагдал ч гаргана. Нэг л зүйлийг баттай хэлэхэд, ямар ч мундаг эрдэмтэн, доктор байлаа гээд тухайн ажлыг хийж үзээгүй бол ажилтан хүний жаргал зовлонг амсаагүй үнэн бодит, баттай зүйл ярьж чадахгүй. 
-2020 онд Замын хэмжээнд хэрэгжүүлсэн их барилга, их засвар хөрөнгө оруулалтын ажлыг дүгнэвэл?
-Төмөр замчид бид өнгөрсөн онд хэдий цар тахлын онцгой нөхцөлд ажилласан ч оны эхэнд төлөвлөсөн их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын ажлаа амжилттай гүйцэтгэлээ. Төлөвлөгөөний гүйцэтгэлийг бүхэлд нь 92 хувиас дээш үзүүлэлттэй хаасан гэдэг нь том үзүүлэлт. Үүнд Их барилга, их засвар хөрөнгө оруулалтын хэлтэс болон аж ахуйн нэгжүүд, албадын ерөнхий инженерүүдийн үүрэг оролцоо их байсан. Энэ онд төлөвлөсөн ажлаа 95 хувиас дээш гүйцэтгэлтэй байхаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд бүх албадын оролцоо чухал. Эцэст нь дүгнэж хэлэхэд, төмөр замын тээврийн үйл ажиллагаанд төмөр замчин бүрийн оролцоо чухал. Сайн тогооч нарын амт чанартай хоолгүйгээр замчид, зүтгүүрчдийн ажлын бүтээмжийг төсөөлөх аргагүй. Сайн үйлчлэгчийн ажил хөдөлмөргүйгээр цэвэр цэмцгэр, тохь тухтай ажлын байр бүрдэхгүй гэхчлэнгээр 16 мянган төмөр замчин бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Төмөр замын тээвэр төмөр замчин бүрийн оролцоотой тасралтгүй хэвийн явж хамтын хөдөлмөрийн үр дүн гэдгийг энд цохон тэмдэглэе.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх