Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-27

Замын мастер хүн замаа ч, замчнаа ч мэддэг

“Тэртээ алсаас ойртсоор... Тэгснээ дэргэдүүр нүжигнэн өнгөрч, алсран алсарсаар уусан шингэх галт тэрэгний чимээ... Энэ л чимээ сэтгэлд хамгийн сонсголонтой дуулддаг” гэж хэдэн жилийн өмнө уулзахад ярьж байсан хүн Пүрвээгийн Галиндэв мастер билээ. 
Хуучны танил мастер өнгөрсөн жил гавьяаны амралтдаа гарсан гэнэ. Цаг наргүй замчны албанаас холдож, сэтгэл амар сууна уу? гэж түншихэд минь хашир мастер учиргүй инээж, “Эхэн үедээ ч “хийцгүйрээд” дасаж өгөхгүй л байлаа. Аажим аажмаар өөрийгөө ажиллаж байх үеийн дадал хэвшлээсээ холдуулж л байна. Харин галт тэрэгний дуу чимээ бол зүрх сэтгэлээс холддоггүй юм байна. Өөрийн эрхгүй л галт тэрэгний чимээг чих тавин чагнаж суух юм” хэмээсэн. Яваад өнгөрөх галт тэрэгний чимээ тэр замын байдлыг, юу хийх ёстойг нь хэлээд өгдөг. Товчдоо бол, зам замчнаас юу шаардаж байгаагаа галт тэрэгний дугуйн чимээгээр дамжуулдаг гэж ярьж байдаг билээ. Одоо ч гэсэн П.Галиндэв мастер галт тэргээ чих тавин, чимээлж л яваа аж. 37 жил гэдэг богино хугацаа биш ээ, аргагүй. Тэрбээр, “1976 онд Увс аймгийн Баруунтуруун сумаас Төмөр замын техникумын хуваарь өвөртлөн ирэхдээ төмөр зам гэх төсөөллөөс өөр бодолгүй нэг тийм цагаахан, гэнэхэн ч гэлээ догь бодолтой хүү ирж байж. 
-Хамгийн гол нь, би сургууль төгсөөд нутагтаа үлдвэл малчин болно. Их сайндаа тракторчин. Ямар ч байсан хотод очиж сургуульд орж, мэргэжилтэй болох ёстой л гэж бодсон хэрэг шүү дээ. Тэгээд л надад таарсан хуваарь нь Төмөр замын техникумынх байсан нь азтай хэрэг шүү” гээд инээв. Техникумд сурч байхдаа 1978 онд цэргийн албанд татагдаж, Ховд аймгийн Булган сумын Хилийн цэргийн V отрядад гурван жил хил манасан тухайгаа “Гурван жил хил манана гэдэг чинь эр хүнд амьдралын том сургууль юм. Цэргийн алба хаасан хүн барагтайд барьц алдахааргүй хат суудаг. Бидний үед цэргийн албыг эрчүүд бүгд хаадаг байлаа. Их дээд сургуулийн оюутнуудыг л цэргийн албанаас чөлөөлөх тохиолдол байна уу гэхээс техникумынхан бол бүгд л цэрэгт татагдана. Тэр жил манай ангиас зургаан оюутан цэргийн албанд мордсон. Яагаад би цэргийн албыг онцлоод байна гэхээр сургууль төгсөөд ажлын талбар дээр гарахад цэргийн алба хаасан хүн илт ялгардаг. Ажилд түүртэхгүй. Бие бялдрын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч бүрэн бэлтгэгдчихсэн ирдэг. Төмөр зам өөрөө хагас цэрэгжилттэй байгууллага шүү дээ. Цэргийн алба, төмөр зам хоёр тэр талаараа их нийцэмжтэй гэж боддог. Харин одоо залуус маань цэргийн албанаас барагтай бол “мултарчихаад” байх болж. Мэргэжил мэдлэгтэй сайхан залуус ирээд тууштайхан ажиллахгүй, ажлаасаа гараад явчихна. Жаахан харам санагдах юм. Ер нь, төмөр замчин хүнд тууштай чанар, ажилдаа өгөх сэтгэл чухал шүү дээ. Сургуульд төгсөөд диплом өвөртлөөд мэргэжлээ эзэмшчихгүй ээ. Биднийг сургууль төгсөөд ирэхэд мэргэжлийн хүн ховор. Ахмад үеийнхэн маань Орос мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж эсвэл мэргэжлийн курс төгсөж, ажлын талбайд бэлтгэгдсэн “дипломгүй мэргэжилтэн” байлаа. Тэд л биднийг ажилд сургаж дадлагажуулсан хүмүүс шүү дээ. Ажилд нухлагдаж, хөлсөө гаргаж, хөдөлмөрийнхөө амтыг сэтгэлээрээ мэдэрч байж мэргэжлийнхээ жинхэнэ эзэн нь болдог. Тийм болохоор залуусыг энэ мэргэжлийг зорьж сонгосон бол сэтгэлээсээ зүтгэж, тууштай тогтвортой ажиллаасай гэж боддог. Ажил хийе, суръя, мэдье гэсэн хүн андашгүй. Мэдэхгүйгээ хүнээс асуухдаа нэрлэхэхгүй. Надаас зарим залуу мастерууд юм асуувал би чадах, мэдэхийнхээ хэрээр хэлж өгөхийг хичээдэг. Хэд хэдэн сайхан залуу байна. Тууштай, уйгагүй зан их эрхэм чанар юм шүү. Энэ төмөр замд 37 жил ажиллахдаа эхний гурван жил замчин, бригадын дарга, 20 жил нь ахлах мастер, бусад хугацаанд нь мастераар ажиллаж дээ. Мастер гэдэг нэг цомхон хамт олныг авч явна гэж хүн хардаг байх. Хүнээ, замаа аль алиныг нь адилхан мэддэг л байхыг шаарддаг ажил. Өөр дээрээ ирсэн залуусыг сайхан сургаад, дадлагажуулаад, ажилдаа жигдрээд байж байтал ажлаас гараад явчихад сэтгэл гонсгор үлдэнэ. Ер нь, мэргэшсэн ажилтан гэдэг хаана ч хамгийн үнэ цэнэтэй шүү дээ. Гуч гаруй жил мастер хийхдээ би нэг л зүйлийг ойлгосон. Хүн бүрийг өөртөө тааруулна гэж байдаггүй юм. Замын хэсгийн 20 замчин 20 өөр ааш араншин, үзэл бодолтой. Хүн бүрт тохирох арга ухааныг олох хэрэгтэй дээ. Заримд нь зэмлэл, заримд нь урмын үг таарна. Нөгөө талд нь, хүн ямарч үед хүнээс үг сонсох, үг дааж сурах хэрэгтэй. Ийм зан чанар хүний амьдралд их хэрэг болдог юм даа. Нөгөө талд нь, замын мастер бол замаасаа хөндийрч болдоггүй. Зам гэдэг хүүхэд шиг арчилгаа анхаарал шаарддаг. Үргэлж л замаа шалгаж, эргэж тойрч байх хэрэгтэй. Зам хэмжигч вагон явчихлаа гээд санаа амраад сууж огт болдоггүй. Сүүлийн жилүүдэд урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг их явах боллоо. Тэр хэрээр замчдын ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Дээр нь, би сүүлийн таван жилд гүүр хоолойн мастераар ажиллалаа. Замын хиймэл төхөөрөмжид онцгой анхаарах хэрэгтэй шүү гэж залуустаа захимаар байгаа юм” гэлээ. 
Тэрбээр, “Замын нэгдүгээр ангид насаараа ажилласан. Зам дагасан 37 жилд тэднийх Ерөө, Эрхэт, Зүүнхараа, Дархан гээд дөрвөн удаа нүүжээ. Харин Сүхбаатарт томилогдохдоо гэрээ нүүлгэлгүй өөрөө нүүдэллэж ажилласан. Энэ он жилүүдэд ажил амьдрал минь тэгш дүүрэн сайхан явж ирлээ. Хань Ц.Янжинтөгс маань намайг дагаж насаараа л замчин, гармын жижүүрээр ажиллаад гавьяандаа гарсан. Дөрвөн хүүхэд маань өөр өөрийн хүсэл сонирхлоор ажил мэргэжлээ сонгоцгоосон. Хүүхдүүдээ нас биед хүрэхэд нь “Төмөр замчин болоорой” гэж ятгаагүй. Ер нь, хүний хүсэл сонирхол нэгэн насны амьдралын залуур нь болдог гэдэг үүднээс сонголтыг нь өөрсдөд нь үлдээсэн. Дөрвөн хүүхэд маань гэр бүлтэй болоход манайд дахин дөрвөн өөр мэргэжлийн хүн орж ирсэн дээ. Манайд салбар салбарын мэргэжилтнүүд байна даа. 
Сүүлийн хоёр жилд айхтар халдварт өвчнөөс болоод сургууль, цэцэрлэг завсарлаж, бид хоёр ач зээ нартаа л сайн өвөө, эмээ болж сууна даа” хэмээлээ.
Ийнхүү ахмад мастертай цөөн хором утсаар хөөрөлдөхөд түүний үг бүрээс амьдралын ухаан “үнэртэж”, замчин хүний сэтгэл “ханхийлээ”. 

Сэтгэгдэл үлдээх