Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-15

Цар тахлын нөхцөл барилгын салбарт хүндрэл үүсгэжээ

Намрын сэрүү унахтай зэрэгцэн өвөлжилтийн бэлтгэл ялангуяа барилгынхны ажлын тухай яриа дээр, дооргүй өрнөдөг. Энэ удаа Барилгын засвар, ашиглалт үйлчилгээний ангийн ажил үйлсийг цахимаар сурвалжиллаа. Тус ангийн ерөнхий инженер Н.Нямсайхан “Манай анги үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, орон сууц ашиглалт үйлчилгээ буюу технологийн болон албан тушаалын орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Мөн дулаан үйлдвэрлэх, түгээх, дамжуулан борлуулах, халуун, хүйтэн усаар хангах, бохир ус болон ахуйн хог хаягдлыг татан зайлуулах нь манайхны үүрэг. Үүн дээр туслах үйлдвэрлэлтэйгээрээ төмөр замын бусад барилгын ангиас ялгаатай. Төмөр бетон эдэлхүүн, вакум цонхны цех.
Үүний зэрэгцээ Замын төлөвлөгөөнд орсон их барилга, их засварын ажлыг гүйцэтгэж байна” хэмээсэн юм.
Цар тахлын нөхцөл байдал улс орны хэмжээнд ялангуяа барилгын салбарт ч сүүдрээ тусгасан. Энэ тэдний ажилд ч багагүй бэрхшээл учруулж буйг учирлав. Ялангуяа, энэ оны эхнээс хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио, зах зээл дээрх бараа материалын хомсдол, үнийн өсөлт гол бэрхшээл болж байгаа гэнэ. Гэвч төлөвлөгөөт ажил бол ажил шүү дээ. Үүссэн нөхцөлийг эерэгээр урвуулах, боломж бүхнийг ашиглаж, цаг үеийн шаардлагаар гарч ирсэн их барилга, их засварын ажлуудаа амжуулан гүйцэтгэсэн  нь сайшаалтай. 
Тухайлбал, сурагчдын болон ТЗДС-ийн оюутны дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар засварлах, Төв эмнэлэгт шинээр нээгдсэн Молекуль биологийн шинэ лабораторийн байрны их засварыг богино хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад өгсөн бол Төв эмнэлэгт ковидын эмчилгээний тасаг нээхэд засвар хийж, хугацаанд нь хүлээлгэн өгсөн зэрэг яаралтай ажлуудыг амжилттай хийжээ.
Ер нь, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгдөөгүй ажил их орж ирсэн аж. Ерөнхий инженерийн танилцуулснаар оны эхэнд тус анги их засварын 40 ажил хийх төлөвлөгөө хүлээн авсан. Одоогоор 78 болж өсжээ. Өөрөөр хэлбэл, бараг төлөвлөснөөс хоёр дахин ажил гүйцэтгэх шаардлага гарчээ.
Мөн их барилгын төлөвлөгөөгөөр дөрвөн ажил хийх байсан бол одоогийн байдлаар нийт 1.3 тэрбум төгрөгийн 20 ажил болж нэмэгдсэн байх жишээтэй. 
Ийнхүү төлөвлөөгүй ажил орж ирэхэд хүн хүчний төлөвлөлт, материалын захиалга, нийлүүлэлт, татан авалт зэрэг хүндрэл гарч ирдэг байна. Харин төлөвлөгөөт ажлын хувьд материалын захиалгыг эрт өгснөөр тендер цаг хугацаандаа зарлагдаж, нийлүүлэлт ч хүлээгдэхгүй байх боломжтой гэж ерөнхий инженер бүсгүй ярьж байна.
Ихэнх материал түүхий эдийг Худалдан авалт, борлуулалтын албаар дамжуулан тендерээр сонгон шалгаруулсан нийлүүлэгчдээс авдаг ч энэ жилийн тухайд тендер амжилтгүй болох, тендер оролцсон нийлүүлэгчид цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаандаа нийлүүлэлтээ хийж чадахгүй байх, үнийн өсөлт, зах зээл дээрх материалын хомсдол гээд олон бэрхшээл бий болжээ. Энэ бүгд  эцсийн дүндээ барилгачдын ажлыг араас нь татаж байгаа аж.
Бетон эдэлхүүний цехийн хувьд гармын хавтан, зорчигчийн тавцангийн хавтан гээд хөдөлгөөний байгууллагад ашиглаж байгаа бүх зүйлийг үйлдвэрлэж байна. Оны нийт захиалгынхаа 50 хувийг үйлдвэрлээд дууссан гэж танилцууллаа. Мөн л энэ цехэд материалын нийлүүлэлттэй холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зогсоод байна. Ялангуяа, зах зээл дээр таваас долдугаар сард төмөр эдлэлийн нийлүүлэлтэд хомсдол үүссэн нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдах шалтгаан болжээ.
Вакум цонхны цехийн хувьд дөрөвдүгээр сараас хойш үйл ажиллагаа нь зогссон хэвээр. Зах зээл дээр вакум цонхны материал бүрэн дууссан тул зогсохоос аргагүйд хүрчээ. Өнгөрсөн сараас зах зээл дээр энэ төрлийн материалын нийлүүлэлт сэргэж байгаа тул тун удахгүй нээх бодолтой байгаа гэлээ.
Цаг үе хэдий хүндхэн байгаа ч тэд сайхан цаг ирэх нь дамжиггүй. Тус ангийнхан Бетон эдэлхүүний цехийнхээ бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Замын хөрөнгө оруулалтаар зиг заг хавтан үйлдвэрлэх машин авахаар тендер зарлажээ. Мөн өндөр хүчдлийн шон үйлдвэрлэх зорилгоор судалгааны ажил ч эрхлүүлсэн сурагтай. 
Дээрх олон хүндрэлийг даван туулж ажил үйлчилгээгээ явуулах л учиртай. Явуулахын тулд энэ салбарынхан шат шатандаа бэрхшээл саадыг даван туулж байгаа юм. Энэ тал дээр Барилга орон сууцны алба, Замын захиргааны дэмжлэгтэйгээр бараа материалаар хангах, ажил явуулах бүх л боломжийг шат шатандаа анхаарч ажиллаж байгаа болохоор барилгачид юутай ч хийсэн ажилтай, хэлэх үгтэй л байна. Тус ангийн хувьд их засварын гүйцэтгэл 57, их барилгын гүйцэтгэл 35 хувьтай байгаа аж. 
Энэ их ажлыг барилгачдын хүчээр нугалдаг. Гэвч улсын хэмжээний барилгын салбарын хүний нөөцийн хомсдол эднийхийг тойрсонгүй. Н.Нямсайхан инженер “Монгол Улсын барилгын салбар ажиллах хүчний хомсдолд орсон. Манай байгууллагад ч ийм хүндрэл бий. Бид ажиллах хүчний  хомсдолыг багасгах зорилгоор нийгэм хангамжийн чиглэлийн уурын зуухны машинч нарыг хосолсон мэргэжлээр сургаж, зуны их засварт ажиллуулдаг. Гэхдээ ковидын нөхцөл байдал шууд нөлөөлж байна.
Жишээ нь, хөл хорионы улмаас 3-4 дүгээр сард манай ажил зогссон. Хөл хорионы дэглэм буурч ажил эхэлсэн ч халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах, ажилчдын хоорондын зайг барьж ажиллуулах зэрэг хүндхэн шалгууруудтай тулж л байна. Гэтэл барилгын ажил бригадын зохион байгуулалттай.Гэсэн ч нөхцөл байдалд тохируулан их барилга, их засварын ажилд хүн хүчийг хуваарилан ажиллуулах журам боловсруулан батлуулж, ажлаа тасалдуулахгүй үргэлжлүүлж байна” гэв.
Ангийн захиргаа аж ахуйн хувьд Замын захиргаанаас өгсөн чиглэлийн дагуу 30 хувь нь ажлын байранд 70 хувь нь зайнаас буюу цахимаар ажиллаж байгаад саяхнаас шинэ шийдвэрээр 50 хувиар ажиллаж эхэлжээ. 
Их барилга, их засварын ажлын тухайд нэг объект дээр хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүн хүчээ тараан хуваарилж, олон объектын ажлыг зэрэг гүйцэтгэх зарчмаар ажиллаж байгаа аж.
Үүнээс гадна нэг ажилтан халдвар авсан нь батлагдахад ойрын хавьтлын хэд хэдэн хүн тодорхой хугацаанд тусгаарлагдахаас арга үгүйд хүрдэг. Оны эхнээс нийт 77 ажилтан өвчилж, одоогийн байдлаар 70 ажилтан эдгэрсэн бол долоон хүн эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байна. 
Ангийн захиргаанаас сар болгон нийт ажилтнууддаа дархлаажуулж, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг тогтмол олгож, эрүүл мэнд, халдвар хамгааллын сургалт зөвлөгөөг онлайн хэлбэрээр тогтмол өгөх зэргээр ажиллаж байгаа юм байна. Нэг үеэ бодоход ажилчид энэ талын мэдлэг мэдээлэлтэй болж, хувийн халдвар хамгааллаа баримтлан ажиллаж хэвшсэн гэж дүгнэж буйгаа ерөнхий инженер нь дурдсан билээ.
Хүйтний ам өдөр өдрөөр наашилж буй үед тус ангийнхан ч 10 бүлэг 76 зүйлтэй төлөвлөгөө гарган өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Одоогийн байдлаар, ажлын явц 74 хувийн биелэлттэй яваа гэв. Юутай ч Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийнхны хувьд намрын огтор шар нартай уралдан гүйцэтгэх ажил ихтэй байгаа бололтой. Багагүй бэрхшээлийг даван туулж төмөр замчдыг ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж буй төмөр замчин барилгачдын ажил үйлсийг ерөнхий тоймлон хүргэсэн бэсрэгхэн сурвалжлагаа “Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн” гэдэг үгээр өндөрлөмөөр санагдлаа.

Сэтгэгдэл үлдээх