Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

Л.Болд: Тээвэрт олон төрлийн тусгай зориулалтын вагон, чингэлэг оролцож байна

-УБТЗ 2021 онд 30.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Энэ бол түүхэн дээд хэмжээ. Шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буй энэ үед төмөр замын хүчин чадал, ашиглалтын үзүүлэлтийг тодорхойлох чухал хэмжүүрийн нэг вагон эргэлтийн хугацаа, хоногийн ажлын парк хэд байна вэ гэдгээс ярилцлагаа эхлэе. Хөрш төмөр замууд цар тахалтай холбоотойгоор хилийнхээ хяналт шалгалтыг чангатгаснаас эдгээр үзүүлэлтүүд нэлээд унасан гэж харагдсан?
-УБТЗ-аар 2021 онд 30.5 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөө бол том зорилт. УБТЗ-ын хамт олон биелүүлж чадна гэж би харж байгаа. Сүүлийн үед жил бүр л түүхэн дээд амжилт гэж ярьж бичих болж үүнээс би татгалзмаар санагддаг. Урамших зоригжих талдаа зүгээр л дээ. Гэхдээ үүнээс илүү ачаа тээвэрлэх нөөц бий. Хилийн өртөөдийн галт тэрэг солилцооны ажил таазандаа тулчихаагүй, Замын-Үүд-Эрээний гарц 70, Наушки-Сүхбаатарын гарц 45-50 хувьтай ашиглагдаж байна. Хоногийн ажлын парк дунджаар 6500 гаруй вагон буюу өнгөрсөн онтой харьцуулахад 45 хувийн өсөлттэй яваа. Вагон эргэлтийн хугацааг өнгөрсөн жилийн хэмжээнд 3.1 хоногт барьж чадвал зорилтоо бүрэн хангалттай биелүүлж чадна. Эрээн өртөө галт тэрэг хүлээн авах, ачаа боловсруулах хүчин чадлаа дорвитой нэмэгдүүлэхгүйн дээр цар тахлын нөлөө ч ажилд муугаар нөлөөлж байна л даа.
-Ачаа, тээвэр эрчимтэй нэмэгдэж буйг дагаад суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн гээд төмөр замын үндсэн хөрөнгийн элэгдэл өндөр хэмжээнд хүрсэн. Үүнийг дагаад тээврийн аюулгүй байдалд учирч болох эрсдэл өсөж байгаа нь ойлгомжтой. Тээвэрт аюулгүй байдал чухал. Учирч болох эрсдлийг бууруулахад юунд анхаарч ажиллах шаардлагатай вэ? 
-Ачаа тээвэр экспорт, транзит гээд эрчимтэй нэмэгдэж байгаа нь маш сайн. Бидний орлого нэмэгдэж, амьдралд л сайнаар нөлөөлнө. Суурь бүтцийн зарим хэсэг, хөдлөх бүрэлдэхүүний тодорхой хувь хуучирч элэгдэж, эрсдэл нэмэгдэж байгаа нь үнэн. Мэргэжлийн албад болон аюулгүй байдлын хяналт шалгалтаар энэ бүгдийг тооцож, ажлаа сайжруулах, арчилгаа үйлчилгээндээ анхаарч байгаа нь дамжиггүй. Эрсдэлт хүчин зүйлийн нөлөөг тооцох УБТЗ-ын даргын 2020 оны А-624 тоот тушаалаар бүх алба үнэлгээ хийж, эрсдэл өндөртэй нөхцөл байдлыг тодорхойлоод ажиллаж байгаа шүү дээ. Манай албаны хувьд вагоны насжилт, хос дугуйн гүүшин гэх зэрэг эрсдлээ байгууллага, Техник үйлчилгээний газар, цех тасгийн түвшинд тодорхойлж, үзлэг шалгалтын давтамж анхаарлыг Тээврийн хяналтын албатай хамтарч хэрэгжүүлээд явж байна.
-УБТЗ-ын вагон паркийн 45-50 орчим хувь нь насжилт өндөртэй гэсэн тооцоо бий. Дээр нь, ашиглалтын хугацаа дууссан ч цөөнгүй. Энэ бүхнийг дагаад танай алба түүний харьяа аж ахуйн нэгжүүдэд ирэх ачаалал, ажлын хэмжээ жил тутам нэмэгддэг. Ачааллыг аль болох бууруулах, аж ахуйн нэгжүүдэд жигд ногдуулахад технологийн ямар зохион байгуулалтыг хийж, хэрэгжүүлж байна? 
-Монгол Улсын MNS 64:66-2016 стандартаар вагоны ашиглалтын хугацааг тэдгээрийн төрөл бүрээр тооцож дунджаар 30-35 жил гэж тодорхойлон үүнээс хэтэрсэн вагоныг жил бүр оношилгоо-засварт оруулж, ашиглалтын төлөвийг тогтоож ашиглах, тээврээс хасах эсэхийг шийддэг. Ажлын ачаалал, оношилгоо, засварын төрөл зүйл нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. УБТЗ-ын удирдлага 2015 оноос вагоны аж ахуйд анхаарал тавьж өнгөрсөн жилүүдэд Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод томоохон өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Бүх төрлийн хөдлөх бүрэлдэхүүнийхээ хос дугуйг дотооддоо угсарч засдаг боллоо. Энэ чиглэлийн засварын зардал 40 хувь буурсан. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үр дүнд депогийн үйлдвэрийн талбайн хэмжээ 4700 ам метрээр нэмэгдсэн. Мөн сэлгээний замын хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, 340 вагоны багтаамжтай боллоо. Механикжилтын түвшин 56 хувьд хүрсэн. Вагон депод чанарын менежментийн ISO 9001-16, ISO 45001-15 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж нутагшуулсан гээд олон зүйлийг хэлж болно. 
-Суурь бүтцийн 90 орчим хувийг эзэмшиж байгаагийн хувьд УБТЗ-ын тээврийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг зардалтай ажил. Энэ зардлыг хамгийн бага түвшинд байлгахын тулд техникийн үйлчилгээ, засварын үечлэлээс гадна үйлчлүүлэгч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч байгууллагуудтай хамтран ажиллах чухал. Чухам хэрхэн хамтран ажиллах нь үр дүнтэй гэж та хардаг вэ? 
-Төмөр замын багц журам, стандарт, нормыг төмөр замын бизнес эрхлэгч, тээвэрт оролцогч нарт танилцуулан сурталчилах, хамтран хэрэгжүүлэх, мэргэжлийн холбоодын зүгээс уулзалт хэлэлцүүлэг зохиох зэрэг дүрэмч, технологит ажиллагааг хэвшүүлэхэд анхаардаг. Энэ бол зардал хэмнэх томоохон боломж. Саяхан УБТЗ-ын Вагоны аж ахуй, “Вагоны мэргэжилтнүүдийн холбоо” ТББ хамтарч Вагончдын IV зөвлөгөөнийг ЗТХЯ мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа. Вагончдын өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэн дунд хугацааны зорилтоо тодорхойлсон. Вагоны аж ахуйн чиглэлээр 50 гаруй стандарт мөрдөгддөг. Заавал мөрддөг стандартуудаар төмөр замын бизнест оролцогч, вагон эзэмшигч нарт жилдээ 3-4 удаагийн сургалт тогтмол зохион байгуулдаг юм. Тээврийн характер вагоны өөрчлөлттэй холбоотой стандартын өөрчлөлтүүдийг ЗТХЯ-тай хамтарч саналаа боловсруулж, төрийн захиргааны холбогдох байгууллагад хандаж шинэчлэх ажлыг тогтмол хийж ирлээ. MNS 3084-13, MNS 6466-16 стандартыг шинэчлэх санал, вагоны их болон дунд засварын заавар зэрэг баримт бичгийн саналаа ч он гараад хүргүүлсэн.
-Өнөөдөр УБТЗ-тай вагон эзэмшигч гадны 10 гаруй компани гэрээтэй ажиллаж, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэж байна. Бид хөдлөх бүрэлдэхүүний дутагдалтай асуудлаа шийдэж байгаа ч эдгээр оператор компанийн хөдлөх бүрэлдэхүүнд хяналт тавьж, тээврийн аюулгүй байдлыг хангуулна гэдэг төвөгтэй. Энд танай алба хэрхэн ажиллаж байна вэ?
-Хилээр галт тэрэг вагон хүлээлцэх ажил ТЗХАБ-ын вагон эдэлгээний дүрэм, хилийн төмөр замын хэлэлцээр, түүний зөвлөгөөний протоколоор зохицуулагддаг. Төмөр замын салбарын хөгжил хөрш зэргэлдээ орнуудад ч эрчимтэй хөгжиж, шинэ төрлийн вагоныг олон үйлдвэр заводад үйлдвэрлэж, тээвэрт ашиглах болсон. ОХУ-д машин, тракторын үйлдвэрүүд шинээр вагон үйлдвэрлэл рүү хошууран орж байна. Иймээс үйлдвэрлэлийн үед алдаатай эд анги хийх тохиолдол гардаг. Үүний нэг жишээ хүнд даацын чингэлгийн вагоны чингэлэг тогтоогч, тоормозын хий дамжуулах трубан хоолойн алдаа. Энэ талаар бид Замын удирдлагад танилцуулж, “Оросын төмөр замууд” нээлттэй нийгэмлэгийн Вагоны захиргаанд захидал явуулж, танилцуулснаар энэ тухай үйлдвэрлэгч нарт хандсан, Наушки өртөөнд хилээр өгөх галт тэрэгний бэлтгэлийг сайжруулах талаар хариу захиа ирсэн. Дорнод Сибирийн төмөр зам, УБТЗ-ын I орлогч дарга нар болон Гадаад харилцааны албаны зохион байгуулалтаар улирал бүр уулзаж, хилийн өртөө, ТҮГ-ын ажлыг хэлэлцэж байгаа нь ажил сайжрахад ихээхэн сайн түлхэц болсон. Сар бүр хоёр төмөр замын Вагоны алба, депогийн түвшинд уулзалт хийж, галт тэрэг солилцооны ажлын талаар асуудлаа хэлэлцэн сайжруулдаг. 
-Тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхтэй зэрэгцээд гарцаагүй хийх ёстой зүйл бол ачааны вагон паркийг нэмэх гэдэгтэй та санал нийлэх байх. УБТЗ хөрөнгө, мөнгөний асуудлаас болоод тэр бүр вагоны аж ахуйд анхаарал хандуулж чадахгүй байгаа. Харин сүүлийн жилүүдэд хувийн хэвшил, иргэд аж ахуйн нэгжүүдээс вагон паркийг нэмэгдүүлэх санал, хүсэлт их ирэх болсон. Хөдлөх бүрэлдэхүүний өмчлөлийн талаар та ямар бодолтой явдаг вэ? 
-Ачааны вагоны паркийг шинэчлэн-нэмэгдүүлэх шаардлага бий. “УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т энэ асуудал тусаж, хэрэгжилтээ хүлээж байна. Төмөр замын цогц үйл ажиллагааны үр дүнд тээвэр хэмээх бүтээгдэхүүн бий болдог. Ач холбогдлоор нь ангилан хөрөнгө оруулалт, их засварын ажил хийгддэг. Түүнээс вагоны аж ахуйд анхаарал сулруулсандаа вагон худалдан авахгүй байгаа юм биш л дээ. Хувийн хэвшлийнхэн вагон оруулж ирж тээвэртээ ашиглаж байгаа нь УБТЗ-ын тээврийн ажилд их тус нэмэр болдог. Гэхдээ ачаандаа илүү нийцсэн вагон оруулж ирэхдээ анхаарах хэрэгтэй. Нүүрс, төмрийн хүдрийн тээвэрт хаалга, нээлхийгүй хагас вагон ашиглавал засварын зардалгүй, үр дүн сайтай байдаг. Манайхан олдсоныг нь оруулж ирж байгаа тул ачилт буулгалтын үед их гэмтэж, сул зогсолт, засварын зардал гараад байгаа юм. ЗТХЯ-нд энэ тухай саналаа өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлсэн. Ачааны вагоны хувьд өмчийн аль ч хэлбэрийн аж ахуйн нэгж өмчилж, эзэмшиж ашиглаж болно гэж үзэж байгаа. Харин вагоны төлөвлөгөөт оношилгоо засвар, галт тэрэгний техникийн үзлэг, үйлчилгээг суурь бүтэц эзэмшигч гүйцэтгэх нь зүйтэй гэсэн саналтай явдаг. 
-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлах товтой байгаа.Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тээврийн сүлжээг өргөжүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийн зохицуулалтыг сайжруулах гээд цаг үеийн тулгамдсан олон ажил энэ хуулиар зохицуулагдахаар хүлээгдэж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгаас та ямар хүлээлттэй байгаа вэ? 
-Би хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт тодорхой хугацаанд ажилласан. Таны асууж байгаа шийдлээ хүлээсэн дээрх асуудлуудын зохицуулалт хуулийн шинэчилсэн найруулгад орсон тул төмөр замын бизнес эрхлэгчид тээвэрт оролцогчид бүгд хүлээлттэй байгаа шүү. 
-Тээврийн хэмжээг дагаад зах зээл дээр хөдлөх бүрэлдэхүүний эрэлт өсөх нь зүйн хэрэг. Эрэлт өсөж байгаатай холбоотой УБТЗ вагон түрээсийн үнийг хэрхэн тогтвортой байхад анхаарч ажилладаг вэ. Таны хувьд вагон худалдан авах, түрээслэхийн алийг ашигтай гэж хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөх вэ? 
-Манайд тогтсон вагон түрээсийн үнэ ихэвчлэн гаднаас оруулж ирж буй вагоны түрээсийн үнэн дээр суурилж байгаа байх. Вагон түрээсийн үнэ тогтвортой байх нь төмөр замын тоо, чанарын үзүүлэлттэй шууд хамааралтай. Вагон эргэлт тогтвортой, хангалт хэвийн байвал түрээсийн үнэ ч гэсэн тогтвортой л байх болов уу. Мэдээж, тээвэрт оролцож байгаа хувь хэмжээ бизнесийн тогтвортой байдлаас нь хамаарна шүү дээ. Томоохон бизнес эрхлэгчид вагон худалдан авч ашиглах нь илүү үр дүнтэй үүнд ямар ч эргэлзээ байхгүй.
-Төмөр замаар үйлчлүүлдэг, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жишээнээс харахад ихэвчлэн ямар төрлийн вагон оруулж ирдэг вэ. Миний анзаарснаар уул уурхайн экспорт, дамжин өнгөрөх тээвэр хөгжиж буйтай холбоотойгоор ачааны хагас, тавцант вагонууд зонхилдог болов уу гэж бодох юм? 
-ОХУ-аас нурмаг ачаа ачихад зориулсан хагас вагон түрээсээр их оруулж ирдэг. Тээвэрлэлтийн шинж өөрчлөгдөж байгаатай холбоотой чингэлэг тээврийн вагоны хэрэгцээ илт өссөн. Сүүлийн үед нурмаг ачааг задгай чингэлгээр зөөх хандлага нэмэгдэж байна. Олон-Овоо өртөөнөөс Эрээн рүү өнгөрсөн онд задгай чингэлэгт нүүрс ачин хэд хэдэн удаа туршилтын галт тэрэг аялуулж байсан бол 2021 онд энэ тээвэр жигдрээд эхэллээ. Цаашдаа улам өргөжих хандлагатай байгаа шүү. 
-БНХАУ-Европын хооронд хийж буй худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбоотой олон төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх болжээ. Тэр дундаа УБТЗ-аар дамжин түргэн муудах хүнсний бараа бүтээгдэхүүн тээвэрлэх сонирхол байвч манай замын нөхцөл бололцоо бага байдгаас чиглэлээ өөрчлөх тохиолдол гардаг гэж дуулсан. Ер нь, ирээдүйд тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүн явах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх тал дээр таны бодол? 
-Хүнсний ачаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зориулсан олон төрлийн тусгай зориулалтын вагон байна л даа. Манай цемент үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд цементийн хоппер вагонууд олноор нь оруулж ирж, ашиглаад удлаа. Үр тарианы, хүнсний хөргүүрт вагон тээвэрт орж ирдэг. Манай зам ямар ч төрлийн тусгай зориулалтын вагоны тээврийг зохион байгуулах бүрэн боломжтой. Сүүлийн үед хөргүүрт чингэлгийн тээвэр ихээхэн хөгжиж байна. Хөргүүрт чингэлгийн цахилгаан хангамжийг манай замд ямар ч байдлаар бүрэн хангах бололцоотой. Харин тийм төрлийн ачааны урсгал, хандлага нь хэр байгааг судлах шаардлагатай байх аа. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх