Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-14

Хүүхдийн төмөр зам мөдхөн үүдээ нээх нь

БАҮ-ний нэгдүгээр ангийн барилгачид Дарханы Хүүхдийн төмөр замын өртөө, депогийн барилгыг барьж буй билээ. Энэ сарын 11-ний байдлаар, депогийн барилгын ажил 100 хувь дууссан бол өртөөний барилгын ажил 97 хувьтай байгааг БАҮ-ний нэгдүгээр ангийн барилгын инженер Ч.Дэлгэрмаа мэдээллээ. Тэрбээр, “Бид Дарханд тавдугаар сарын 1-нд ирж, долоо хоног тусгаарлагдаад тавдугаар сарын 8-наас ажлаа эхэлсэн. Дээрх хугацаанд манай ангиас дунджаар 80 гаруй, оргил ачааллын үедээ 100 гаруй барилгачин ажилласан. Одоогийн байдлаар, 60 гаруй хүн ажиллаж байна.
Тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15 хүртэл барилгачид маань “Улиасхан” цэцэрлэгт байрласан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 15-наас вагонд байрлаж байна. Энэ дашрамд, “Улиасхан” цэцэрлэгт байрлах хугацаанд барилгачдыг ая тухтай байлгах бүх нөхцлийг хангаж, амт чанартай хоол цайгаар үйлчилж, цэвэрлэгээ үйлчилгээг хийж байсан тус цэцэрлэгийн тогооч, багш ажилчдад талархснаа илэрхийлье.
-Цар тахлын нөхцөл ажилд саадтай байв уу?
-Тусгаарлалтыг сайн хийж, халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж ажилласны хүчинд есдүгээр сар хүртэл манай ажилчдаас коронавирусийн халдвар авсан тохиолдол гараагүй. Барилгачид долоо хоног тутам түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч байсан. Харин есдүгээр сараас уг төсөлд галын дохиолол, агааржуулалтын систем зэргийг хийх тусгай зөвшөөрөлтэй туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид орж ирснээс зарим ажилчид халдвар авч тусгаарлагдсан тохиолдол гарсан. Гэхдээ одоо халдвар авсан ажилчид эдгэрч ажилдаа орсон. Ажилд гарсан хүндрэл харьцангуй бага байлаа. Манай Барилгачид Хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, ашиглалтад хүлээлгэж өгөх гэж буйдаа маш баяртай байгаа” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх