Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-29

Нарийн царигаар хүлээж авсан галт тэрэгний тоо 65.2 хувиар өсөв

-Замын-Үүд өртөөний ачаа тээврийн, галт тэрэг солилцооны төлөвлөгөөний биелэлт хэр байна вэ?
-Оны эхнээс ачаа тээврийн ажлын хувьд ачилт буулгалт, сул зогсолт зэрэг үзүүлэлтүүд 100-110 хувийн биелэлттэй явна. Оны эхнээс галт тэрэг солилцооны хоногийн дундаж 14.11 хос галт тэрэг байна. Хилийн хэлэлцээрээр хоногт 14 хос галт тэрэг солилцоно гэж тохирсон байдаг. Гэхдээ Замын захиргаанаас галт тэрэг солилцоог 15 хос галт тэрэгт хүргэх шаардлагыг Эрээн өртөөнд тавьж байгаа. Аль болохоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаагийн үр дүнд одоогийн байдлаар 20 галт тэргийг төлөвлөснөөс илүү солилцсон байна. 
-Одоогоор Тяньжин боомтоос чингэлгийн хэдэн галт тэрэг хүлээн аваад байна вэ?
-Зургадугаар сарын 9-нөөс Тяньжин боомтоос ирж байгаа чингэлгийн галт тэрэгний судалгааг гаргаад явж байгаа. Зургадугаар сарын 27-ны 17.00 цагийн байдлаар 35 галт тэрэг буюу 1901 чингэлэг ачааг нарийн царигаар хүлээж авсан. Ер нь, өнгөрсөн онтой харьцуулахад нарийн царигаар орж ирж байгаа ачааны хэмжээ нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үед нарийн царигаар 646 галт тэрэг хүлээж авч байсан бол энэ жил 1067 галт тэрэг хүлээж аваад байна. Энэ нь, 421 галт тэргээр буюу 65.2 хувиар өссөн дүн юм. Нарийн царигаар орж ирж байгаа галт тэргийг хоногийн дунджаар үзэхэд оны эхнээс өссөн дүнгээр 5.99 галт тэрэг байна. Одоогоор хоногт нарийн царигаар долоон галт тэрэг авч байгаа.
-Цар тахлын нөхцөлд тээврийн үйл ажиллагааг хангахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?
-Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан боломжтой ажилтнуудыг зайнаас ажиллуулж байна. Мөн хилээр гарч ажилладаг зүтгүүрийн бригадууд, хоёр эмч, Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн харуул зэрэг нийт 53 ажилтан “Жинчин” зочид буудалд тусгаарлагдан ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх