Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-27

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон УБТЗ ХНН хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, хэмжил зүйн чиглэлээр хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд лаборатори байгуулах, үйл ажиллагааны стандартын түвшинг дээшлүүлэх, стандартчилал, хэмжил зүйн чиглэлээр боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, мэргэшүүлэх зэрэг тодорхой ажлуудыг төлөвлөн хамтран ажиллах юм. Уг арга хэмжээнд СХЗГ-ын дарга Б.Билгүүн, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцоо, баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Стандартын мэдээлэл лавлагаа сургалтын төвийн дарга Ч.Хатанбаатар, Тамгын газрын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нар байлцсан бол УБТЗ ХНН-ээс Замын I орлогч дарга И.В.Милостных, Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн, Судалгаа шинжилгээ технологийн төвийн дарга А.Мөнх-Алдар нар оролцлоо. Энэ үеэр талууд хамтын ажиллагаа үр дүнтэй байж, олон шийдлийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. УБТЗ нь үйл ажиллагаандаа менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, хэмжилзүйн бие даасан нэгж байгуулах ажлыг онол арга зүйн өндөр түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд УБТЗ-д менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх, төмөр замын үйл ажиллагаатай холбоотой олон улс, бүс нутгийн стандартуудыг нутагшуулах, байгууллагын стандартыг боловсруулж батлуулах зэрэг ажилд Стандарт, хэмжилзүйн газар онол арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Мөн УБТЗ-д хэмжилзүйн шалгалт тохируулгын итгэмжлэгдсэн лаборатори байгуулах, тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон байна. 

Сэтгэгдэл үлдээх