Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-29

Н.Отгонбаатар: Цар тахлаас шалтгаалан хүн хүчний хомсдол үүсэж байна

-Он гарснаас хойш цар тахлын улмаас ажлын 15 хоног “0” зогсолттой байсан хэдий ч манай хамт олон эхний хагас жилийн төлөвлөгөөт зорилтуудаа бүрэн биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал, он гарснаас хойш 77949 шоометр щебень үйлдвэрлэсэн. Одоогийн байдлаар дунд болон их засварт нийтдээ 48549 шоо метр щебень нийлүүлээд байна. Энэ онд Замын захиргаанаас 80 км замд их засвар хийхээр төлөвлөсөн учир манай үйлдвэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Замын даргын тушаалаар тавдугаар сарын 1-нээс ажлын зургаан өдөрт шилжсэн.
Манайх Олон-Овоо-2 ордыг ашиглаж эхэлснээс хойш үйлдвэрийн бүтээмж харьцангуй нэмэгдэж, тоног төхөөрөмжийн ашиглалт нэлээд сайжирсныг та бүхэн мэдэж байгаа. Замын даргын тушаалын дагуу үерийн чулууг бүрэн бэлтгэж нөөцөллөө. Техник, тоног төхөөрөмжөө Замын ангиудад ажиллуулж, Замын III ангийн гүүр хоолой, суваг шуудууны ажлыг хийж дуусгалаа. Дээрээс нь өртөө, зөрлөгийн өргөтгөл болон гол замын ул шорооны өргөтгөлд отход нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар, 65 мянган шоометр отходыг Замын ангиудад нийлүүлээд байна. Цар тахлаас шалтгаалан ажлын нөхцөл хүндхэн байгаа боловч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, мөн машин механизм, тоног төхөөрөмжийн их засварын ажлыг амжилттай гүйцэтгэж байна. 
-Цар тахлаас шалтгаалсан ямар хүндрэлүүд гарч байна вэ?
-Халдварын тоо сүүлийн үед эрс нэмэгдсэнтэй холбогдуулаад хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Коронавирусийн халдвараар дөрвөн ажилтан өвдсөн. Үүнтэй холбогдуулаад нэгдүгээр буюу дам хавьтагч 27 хүн тусгаарлагдсан. Үйлдвэр нийтдээ 98 ажилтантай. Үүний 30 орчим хувь нь тусгаарлагдсан гэсэн үг. Ийм нөхцөлд технологийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх, ажилчдын ажил амралтын дэглэмийг мөрдүүлэхэд хүндрэл гарч байгаа. Гэхдээ аль болохоор хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой шийдлээр цаг үеийн хүндрэлийг даван гарахыг зорьж байна. 
-Өвчлөлийг нэмэгдүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Ажлын байранд аюулгүйн зай барих, ажилтан бүрт хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглүүлэхэд онцгой анхаарч байна. Мөн үйлдвэрийн эмч Даланжаргалан сумын эмнэлэгтэй хамтран ажиллаж, тогтмол үзлэг хийж, заавар зөвлөмж өгч байна. Үйлдвэрийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг сумын эмнэлэгтэй хамтран хийдэг. Ээлжийн амралтаа авсан ажилчдын хувьд хот руу болон бусад аймаг сум руу зорчиж байгаа учраас ажилд ороход нь заавал түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулж байна. 
-Дорноговь аймгийн хэмжээнд “0” зогсолт зарласан. Энэ байдал Чулуун заводын үйл ажиллагаанд нөлөөлв үү?
-Аймгийн хэмжээнд зургадугаар сарын 14-22 хүртэл хугацаанд “0” зогсолт зарлахад үйлдвэр долоо хоног зогссон. Аймгийн болон Даланжаргалан сумын Онцгой комиссоос “0” зогсолтыг зургадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гарсан. Гэвч аймаг, сумын орон нутгийн захиргаа, Онцгой байдлын комисстой зөвшилцсөний үндсэн дээр Чулуун заводын үйл ажиллагааг зургадугаар сарын 23-наас явуулж эхэлсэн. Ингэхдээ ажилчдыг Олон-Овоо тосгоны иргэдтэй холилдуулахгүй байх бүх арга хэмжээг авч байна. Юун түрүүнд ажлын цагийн зохицуулалтыг хийлээ. Өглөөний ээлжийг 04.00-12.00, оройн ээлжийг 18.00-03.00 цагийн хооронд ажиллуулах, тосгон дотор ажилчдыг явганаар зорчих хөдөлгөөнийг бүрэн хааж, автобусаар зөөж эхэлсэн. Ингэхдээ 27 суудалтай автобусанд нэг удаа 10-аас илүү хүн тээвэрлэхгүй гэдэг зарчим барьж байна. Орон нутгийн захиргаатай нягт уялдаатай ажилладаг тул Чулуун заводын үйл ажиллагааг аль болохоор хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байна. Ажилчдын 96 хувь нь орон нутгийн иргэд учир сумаас манай үйл ажиллагааг ямагт дэмжиж ажилладаг. Бидний зүгээс ч цар тахлын үед сум орон нутагт халдвар хамгааллын дэглэм сахиулахад нь хүн хүч, техникийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Сумын хяналтын постонд өнөөдрийн байдлаар, давхардсан тоогоор 16 хүн ажилласан байна. Мөн хөл хорионы үед хулгайн замаар зорчих хөдөлгөөн гарч байгаа тул машин механизм гаргаж, суваг шуудуу татах, шороо асгаж зам хаах зэрэг ажилд нь туслалцаа үзүүлсэн. 
-Өвдсөн ажилтнуудын биеийн байдал ямар байна вэ?
-Хоёр ажилтан аймгийн эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад орсон. Одоо нэг ажилтан Амгалан дахь Монгол-Японы хамтарсан эмнэлэгт, нэг ажилтан Дорноговь аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сумын нэгдсэн эмнэлэгтэй нягт уялдаатай ажилладаг учраас манай ажилтнуудын эмчилгээ, асаргаанд онцгой анхаарал тавьж байгаад талархаж байна. Сумын эмнэлгээс нэг ажилтныг маань хот руу цаг алдалгүй зөөвөрлөн хүргэж эмнэлэгт хэвтүүлсэн. Дээрээс нь, УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штаб, Төв эмнэлгээс байнга утсаар холбогдож заавар зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Байгууллагын захиргаанаас өвчилсөн ажилтнуудаа сэтгэл зүйгээр дэмжих, ажилдаа санаа зовох зүйлгүйгээр эмчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна. Халдвар авсан ажилчид сэтгэл зүйн хямралд өртөх, эдийн засгийн хувьд хүндрэх байдал ажиглагдсан. Тиймээс коронавирусийн халдвар авсан болон нэгдүгээр хавьтагч болсон зарим ажилтанд өөрсдийнх нь хүсэлтээр ээлжийн амралтыг нь олгож байна.
-Танай ажилтнууд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан уу?
-Ажилчдын 98 хувь нь вакцины хоёр тундаа бүрэн хамрагдаад сар гаруй болж байна. Үлдсэн хоёр хувь буюу зургаан хүн “Sputnik-V” вакцин хүлээж байгаад эхний тунгаа хийлгэсэн. Орон нутагт эхний ээлжинд төрийн албан хаагчдыг дархлаажуулах үед манай үйлдвэр ажилтнуудаа хамруулж чадсан. Өвдсөн дөрвөн ажилтан маань вакцины хоёр дахь тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон байх үедээ халдвар авсан. Нэг л ажилтны хувьд үнэр, амт мэдрэхгүй байгаа. Бусад нь харьцангуй хөнгөн хэлбэрээр туссан.
-Сэлбэг материалын хангалт, төлөвлөгөөт их засвар, хөрөнгө оруулалт, техникийн бэлэн байдлын хувьд хүндрэл байна уу?
-Бусад чиглэлээр хүндрэл харьцангуй бага. Худалдан авалт, борлуулалтын албаныхан манай ажлын онцлогийг ойлгож, сэлбэг материалыг цаг алдалгүй ханган нийлүүлдэгт талархаж байгаагаа энэ дашрамд хэлье. Тус албаны олон ажилтан зайнаас ажил үүргээ гүйцэтгэх, мөн хөл хорионд орсон гэх багагүй хүндрэлтэй байгаа ч манай 2021 онд авах сэлбэг материалын хангалтыг хийж, машин механизмын их засварыг цаг тухайд нь хийх боломжийг бүрдүүлсэн. Замын захиргаанаас энэ онд Олон-Овоо-2 ордод шинэ бутлах шугам авах хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн. Худалдан авалтыг Худалдан авалт, борлуулалтын алба зохион байгуулж байна. Хэрэв шинэ бутлах шугам ашиглалтад орвол дөрвөн бутлах шугамаар үйл ажиллагаа явуулах юм. Харин үйлдвэрлэлд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Ачилтыг богино хугацаанд гүйцэтгэхэд авто ачигч шинээр авах шаардлагатай байгаа. Мөн уулын өрөмдлөгийн тоног төхөөрөмжүүд хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болсон. 
Өмнө нь, Олон-Овоо-1 ордоос уулын цулыг 1.5 км зайд зөөвөрлөдөг байсан бол Олон-Овоо-2 ордоос 5-6 км газар зөөвөрлөх болсон. Үүнтэй холбогдуулаад автомашины дутагдал гарч байна. Эдгээр асуудлыг шийдвэл үйлдвэрийн бүтээмж илүү нэмэгдэх боломжтой. Үйлдвэр өргөжин үйлдвэрлэл нэмэгдвэл Замын дотоод хэрэгцээг хангахаас гадна гадны зах зээл хангалттай гэж үзэж байгаа. 
Манайх бол Монгол Улсдаа нэгд орохуйц хайгуул судалгааны ажил, геологи, архилоги, палентологийн бүхий л судалгаа нь бүрэн хийгдсэн барилгын томоохон буталмал чулуун ордыг эзэмшдэг. Олон-Овоо-2 орд 19.2 сая тонн уулын чулуулгийн нөөцтэй. Нөөцийг нь Ашигт малтмалын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баталсан орд Монголд өөр байдаггүй. Тэгэхээр энэ ордоо бид эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн дүүрэн боломж байна гэж хардаг.

Сэтгэгдэл үлдээх