Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-11-30

Дамжин өнгөрөх ачаа 32.5 мянган тонноор өсчээ

Дэлхийн 65 улстай 4.4 тэмрбум хүнийг холбож, тэдний тээвэр худалдааны 40 хувийг дангаараа хангадаг Евроазийн төмөр замын сүлжээний таван коридорын нэг нь Монгол Улсын нутгаар дайран өнгөрдөг билээ. Энэ тээврийн зохион байгуулалт, найдвартай үйл ажиллагааг УБТЗ-ын 16000 төмөр замчин хангаж ажилладаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс 32.5 мянган тонн буюу 210 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. Товчхондоо цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж агаар болон авто замын тээвэрт зогсонги байдалд орж, экспорт импортын тээвэрт гацаа үүссэн энэ үед гадаад худалдааны ачаа барааг төмөр зам дангаараа хариуцаж байгаа гэсэн үг. 2021 он гарсаар УБТЗ ХНН-ийн хамт олон нийт 26.7 сая тонн ачаа тээвэрлээд байна. Дэлхий дахинд тээвэр ложистикийн хямралд орсон энэ үед далайд гарцгүй манай орны хувьд ийм хэмжээний ачаа тээврийг дангаараа гүйцэтгэх нь амаргүй даваа бөгөөд том амжилт гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тухайлбал, эм тариа, жимс, нарийн ногооны төрлийн тээвэр хил гааль дээр гацсан учраас өмнөд хөршөөс тухайн төрлийн ачааг яаралтай горимоор татах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлээд байгаа юм. Эхний ээлжинд Тяньжин боомтод гацаад байсан 5000 чингэлгийг төмөр замаар богино хугацаанд татаж, одоогоор тус боомтод 2660 чингэлэг үлдээд буйг ЗТХ-ийн яамнаас мэдээлсэн байна. Мөн УБТЗ Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа “Өмнө нь авто тээвэр болон бусад төрлийн тээврээр дамжиж байсан ачаа тээврүүд бүгд УБТЗ-ын нуруунд ирсэн. Тийм учраас Европ болон ОХУ-аас орж ирж байгаа зарим ачааг бид тусгай хөргүүртэй чингэлэг ашиглан тээвэрлэж байна. БНХАУ-аас ирж байгаа ачааг мөн Эрээн өртөөний хил гаалийн үйл ажиллагаатай холбоотойгоор тусгай зориулалтын вагон руу шилжүүлсэн” гэдгийг дурдав. 
Монгол Улс ОХУ-ын Наушки, Соловьевск боомт болон БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож, жилд 34 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Ойрын арван жилд 6000 орчим км төмөр замыг барьж, ашиглалтад оруулснаар Ази-Европыг холбосон төмөр замын гурван коридортой болж ОХУ-тай гурав, БНХАУ-тай таван боомтоор холбогдоно. Ингэснээр манай улсын төмөр замаар ачаа тээвэрлэх хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, тэр хэрээр өрсөлдөх чадвар дээшилнэ гэсэн бодлогыг төр засгийн хэмжээнд барьж буй юм.

Сэтгэгдэл үлдээх