Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-05

Замын их засвар амжилттай үргэлжилж байна

2021 онд төлөвлөсөн Замын их засвар Замын III ангийн хэсэглэлд амжилттай үргэлжилж байна. Замын III ангийн хамт олон албаныхаа түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хариуцсан хэсэгтээ нийт 42 км замд их засвар хийхээр шаргуу ажиллаж байгаа юм. Тодруулбал, Агуйт-Наран-Элгэн-Оорцог-Энгэр хоорондын 555 дугаар км-ээс 595 дугаар км-ийн 10 дугаар зуутыг хүртэлх замд их засварын ажлыг энэ онд гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ сарын 22-нд Наран-Элгэн зөрлөгийн гол замд их засвар хийснээр Замын III ангийн хэсэглэлд энэ онд төлөвлөсөн их засварын ажил бүрэн дуусах юм. Одоогоор дээрхээс бусад бүх ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ өдрүүдэд технологийн цонх, урсгал засварын ажлуудыг хийж байна. Замын III ангийн хэсэглэлд хийсэн их засварын хувьд  13.3 км замд Английн пандрол бэхэлгээ, Р65 зам төмөртэй, Улаанбаатар БҮК-ын үйлдвэрлэсэн бетон дэр тавьснаараа онцлогтой боллоо. Энэ талаар тус ангийн дарга Б.Ариунболд “Манай замд 1986 оноос хойш 35 жил их засвар ороогүй байсан. Улс орны хэмжээнд эдийн засгийн хямралтай, цар тахлын амаргүй цаг үеийг туулж ч дээрх засварын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, замын суурь бүтцийг сайжруулахад онцгой анхаарч буй Замын удирдлагад болон энэхүү ажлыг хамтран гүйцэтгэж байгаа МУГТ Д.Батбаатар даргатай Зам засварын машинт станцын хамт олонд халуун талархал илэрхийлье” гэв.

Сэтгэгдэл үлдээх