Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-30

Замын их засвар амжилттай өндөрлөлөө

ЗЗМС-ынхан замын их засварын сүүлийн цонхыг арваннэгдүгээр сарын 26-ны Баасан гарагт Улс тунхагласны баярын өдөр эхлэснээр энэ жилийн төлөвлөгөөт 80 км замын их засвар үндсэндээ өндөрлөлөө. Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 3.3 км гол замд 1991 оноос хойш 30 жил их засвар хийгээгүй байжээ.
ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцаг “Манай хамт олон Замын-Үүд өртөөнөөс урд хил хүртэлх 3.3 км замын их засварыг нийт дөрвөн цонхонд буюу арваннэгдүгээр сарын 16-26-ны хооронд хийж дууслаа. Энэ хэсгийн гол зам нь 10 мянганы хэвгийтэй байсныг 14 мянган шоометр газар шорооны ажил хийж, замын даланг 2 метр 23 сантиметрээр өндөрлөж, зургаан мянганы хэвгийтэй болгож засварласнаараа онцлогтой байлаа. Мөн дээрх гол замын их засварыг хийхийн зэрэгцээ шинэ зөрлөгийн 1270 погон метрийн урттай гуравдугаар замыг барьж, галт тэрэгний хөдөлгөөнд нээлээ. Их засварт манай ангийн 125 ажилтан, мөн шинэ зөрлөгийн зургаан суман шилжүүлгийг угсарч байрлуулах ажилд Замын IV ангийн 50 орчим замчин оролцлоо. Уг хэсгийн их засвар болон шинэ зөрлөгийн замыг арванхоёрдугаар сард албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ингэснээр, манай хамт олон 2021 оны төлөвлөгөөт 80 км замын их засвараа бүрэн дуусаж байна” хэмээн ярилаа. Энэ жилийн их засварын “отгон” цонх Монгол-Хятадын хилийн зааг дээр өрнөснөөрөө онцлогтой болсон байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 26-ны 09:00 цагт хилийн 0 цэг дээрх төмөр замын уулзварын зургаан боолтын гурвыг нь Монголын төмөр замчид хилийн цэргийн хяналт дор тайлж, халдвар хамгааллын дэгийн дагуу ухарч холдсоны дараа Хятадын талаас ирж, үлдсэн гурван боолтыг тайлснаар замын их засварын ажил эхэлжээ.
Замчид богино хугацаанд замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж 17:05 цагт галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн байна. Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Энэ жил нийтдээ 80 км замд их засварын ажил хийснээр УБТЗ-ын гол замын 78 хувь нь бетон дэртэй хүнд даацын зам төмөр бүхий олон улсын жишигт нийцсэн зам болон шинэчлэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх