Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

УБТЗ-ын “Гавьяат тээвэрчин”-ний тоо гурваар нэмэгдлээ

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Х.Сүрэнжав нарыг Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч З.Отгонтөрийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж энэ сарын 5-нд гардууллаа. Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг бүтээн байгуулах ажлыг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Монголын төмөр зам” компанийн хувь эзэмшлийн “Тавантолгой төмөр зам” компани гардан гүйцэтгэж байгаа, тун удахгүй дуусна. Овоолсон шороо хэмээн адлагдаж байсан энэ их ажил амжилттай үргэлжилж байна. Шинэ төмөр замын ажилд бие сэтгэлээ зориулсан, оролцсон, дэмжсэн бүх хүнд талархлаа. Монгол инженерүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол нь их бүтээн байгуулалтыг хийх чадвартайг бид өнөөдөр харж, бахдаж байна. Бид чадсан. Монгол залуус, инженерүүдээрээ бахархаж байна” гэв. УБТЗ-ын Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртсэнийхээ дараа “Манай нийгэмлэгийн олон жилийн түүхэн туршлага, мэргэшсэн инженерүүдийн өндөр мэдлэг, чадварлаг замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд бид жил зургаан сарын хугацаанд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км замыг амжилттай бүтээн байгууллаа. XX зуун Монголчуудын хувьд төмөр замын салбарын үндэс суурь бүрэлдэн бэхжсэн цаг үе байсан бол XXI зуунд өөрсдөө төмөр замаа барьж, ашиглаж, бүс нутгийн болон улс орныхоо эдийн засгийн тулгуур болсон тээврийн сүлжээг үүсгэхэд бодитой хувь нэмэр оруулж байна. Тиймээс нийт төмөр замчдаараа, эзэмшсэн мэргэжлээрээ энэ мөчид туйлын ихээр бахархаж байна. Та бүхэндээ баярлалаа” гэв. Мөн Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Х.Сүрэнжав “Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх энэ хүндтэй шагналыг хүртсэн минь УБТЗ ХНН-ийн, Улаанбаатар татах хэсгийн хамт олон болон мөр зэрэгцэн ажилласан бүх хүмүүсийн хичээл зүтгэл, хайр хүндлэлийн илэрхийлэл гэж ойлгож байна. Би анх 1986 онд Улаанбаатар татах хэсэгт засварчнаар ажил мэргэжлийн гараагаа эхлүүлснээс хойш зүтгүүрийн парк шинэчлэл, модернизаци, шинэ технологийг боловсруулах, хэвшүүлэх гээд зүтгүүртэй холбоотой бүх ажилд гар бие оролцож ирсэн. Цаашид улам илүү хичээж ажиллах өндөр үүрэг хариуцлага надад ирлээ” хэмээв. Түүнчлэн, өмнөх өдөр нь буюу энэ сарын 4-нд эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий төмөр замчдыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан юм. Үүнд: “Алтан гадас одон”-гоор Замын аж ахуйн албаны ерөнхий инженер Н.Лхагвадорж, Төлөвлөлт эдийн засгийн албаны Хөдөлмөр цалин хөлсний ахлах инженер-эдийн засагч С.Энхбаатар, Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн нарын 23 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ЗЗМС-ын Зүүнбаян үе угсрах баазын дарга М.Наранхатан, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйлчлэгч Д.Амаржаргал, ЗХХ-ийн орлогч дарга Б.Мөнгөнзул нарын 41 хүнийг шагналаа. Шагналыг энэ сарын 04-нд Удирдах газрын хурлын танхимд албан ёсоор гардуулсан юм. Шагнал гардуулах ёслолыг хэсэгчилсэн байдлаар халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Замын I орлогч дарга И.В.Милостных, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан, Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн Зүүнбаян-Тавантолгойн шинэ төмөр замын төслийн удирдагч Т.Отгонтөр, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нарын албаны хүмүүс оролцов. 
Энэ үеэр Замын I орлогч дарга И.В.Милостных “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд өрнөөгүй томоохон бүтээн байгуулалт бол яах аргагүй шинэ төмөр замын бүтээн байгуулалт байлаа. Ердөө жил, зургаан сарын хугацаанд 416 км төмөр замыг барина гэдэг яах аргагүй бахархалт үйл явдал юм. Ийм хэмжээний бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн нь хөдөлмөрч төмөр замчин та бүхний хичээл зүтгэлийн гавьяа юм. Тиймээс төрд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа төмөр замчдад болон энэ төсөлд оролцсон бүх хүнд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх