Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-15

Төв вокзалын цэцэрлэгийн талаарх миний бодол

Р.Раш
Вокзалын арын цэцэрлэг ногоон байгууламж нь зөвхөн төмөр замын төдийгүй нийслэл хотын нэлээн дээр үеийнхэд тооцогдох зорчин явагсад болоод ард иргэд чөлөөтэй амарч зугаалж байх зориулалттай цэцэрлэгжүүлсэн газар юм. Анх 1949 онд анхны галт тэрэг орж ирсний дараа БНМАУ-ын тэр үеийн Улсын Бага Хурлын зарлиг гарч вокзалын ойролцоо гадаад орнуудын жишгээр вокзалын дэргэд том цэцэрлэг байгуулж түүнийг Сталины нэрэмжит болгосон гэдэг юм. Тийм учраас энэ ногоон байгууламжийг үлгэр жишээчээр байгуулах, арчилж тордож байх тусгай анги байгуулан, ажилласан шүү дээ. Сансарын хорооллын орчин, Консулын дэнж, Засгийн газрын ордны хойд, урд талын, Хүүхдийн парк, манай вокзалын арын саад зэрэг нь яг үнэндээ Улаанбаатар хотын ногоон шигтгээ болж ирсэн түүхтэй. Нийслэл хот маань сайхан барилгажиж байна. Тэгэлгүй яахав. Гэхдээ дээхэн үеийнхээ түүх барилга байгууламжуудаа улам тордож, цэцэрлэгжүүлж хүмүүс амарч суух, зугаалах газар хэвээр нь байлгах нь хотын өнгө үзэмжийг улам дээшлүүлнэ. Д.Сүхбаатар Жанжины ажиллаж байсан жижиг байшин гээд түүхийн барилгуудыг үгүй хийсэн нь харамсалтай. Ийм юмыг байлгах эсэх асуудлыг Барилгын яам нь мэддэг юм уу, хот нь мэддэг юм уу би сайн ойлгохгүй явдаг. Гэтэл хот маань 380 жилийнхээ ойг саяхан тэмдэглэсэн. Үүгээр би өнөөгийн бүтээн байгуулалтыг үгүйсгэж байгаа хэрэг огт биш шүү. Өчигдөр вокзалын арын цэцэрлэг доторх мод болоод байгууламжуудыг ховх татаж, элс овоолж байгаа тухай мэдээллийг авч миний бие дүүргийн дарга Ө.Сумъяабаатарт хэлэхэд надаас түрүүлж мэдээд түүнийг зогсоохоор цагдаагийн хүч оруулсан тухайгаа хэллээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай мөн ярихад сайн мэдэж байна билээ. Цөм надтай санал нэг байлаа. Гэхдээ хотын зарим нэг сэтэртэнгүүдээс энд машины зогсоол хийх нэрийн дор тэдний нөлөөлөл байна гэх сэжиг төрлөө. Ер нь, орон сууцны шинэ барилга байгууламжийг барихдаа манайхан “Ганцхан газар”-т нь хэтэрхий шунаж бусдыг нь дараа гэж орхидгийн гай энэ болж байх шиг санагдана. Өчигдөр “Монголын Саран ээж” нийгэмлэгийн тэргүүн, Төрийн шагналт Н.Сувд тэргүүтэй төлөөлөл Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазартай уулзахад Туул голынхоо бургасыг сэргээж хямгадах тухай ярьж байсан. Миний бие 1970-аад онд тэр үеийн Зөвлөлтийн Ленинград хотод сурч байхдаа энэ хотын Пулково гэдэг Европдоо эхний хоёрт ордог нисэх буудлыг өргөтгөх план төлөвлөгөөг үзэж танилцах завшаан олдож байв. Бүр, Ленинград хотын төвд байх Ордны талбай “Дворцовая площадь”-аас эхэлж зураг төсөл эхэлсэн байдаг. Санаанд багтахгүй гайхмаар юм билээ. 1990, 2000-аад оны Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Төмөр замын вокзалын орчин тод харагддаггүй. Миний сүүлийн ярьсныг одоо хийж байгаатайгаа харьцуулж эргэж хараасай. Даруу бусаар хэлэхэд, том аж ахуй удирдаж явсан ахмад инженерийн хувьд үүнийг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх