Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-29

Зүүн хязгаарын “харуул” төмөр зам “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-той боллоо

Улаанбаатар хотын бүгчим агаараас өглөө эртлэн гарсан тул хээр талын сэрүүн салхи, цэнгэг агаарыг ёстой л нэг эрх дураараа цээж дүүрэн “балгаж”, хааяахан суурин газруудын захад таарах шалгалтын цэгүүдэд тайлангаа тавьж явсаар Дорнод аймгийн төвд ирлээ. Манай бүрэлдэхүүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш, жолооч А.Анхбаяр бид гурав юм. Ийнхүү аян замд эртлэн гарсны учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлж, УБТЗ-ын Баянтүмэн тасагт “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-г гардуулах ёслолд оролцохоор ийнхүү зорьсон юм. Түүхийн хуудас сөхвөл, 1930-аад оны дунд үеэс Японы эзлэн түрэмгийлэгчид манай улсын зүүн хязгаар Халх голын орчимд дайнд өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ нь, 1930-аад оны сүүлчээр улам хүчээ авсан тул БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1936 оны гуравдугаар сарын 12-ны “Харилцан туслалцах гэрээ”-ний дагуу Зөвлөлтийн цэргийн 57 дугаар тусгай корпусын цэрэг манай улсын Дорнод бүс нутагт хүрэлцэн ирж байрлав. Мөнхүү Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, Цэргийн явдлын яамны сайд Г.Дэмид нар Молотов, Воршилов, Лутвинов нарт хандан 1937 оны дөрөвдүгээр сарын 9-нд захидал илгээж, Соловьевск-Баянтүмэн хооронд төмөр зам тавих асуудлыг анх хөндсөн байна. Лутвиновоос дөрөвдүгээр сарын 19-нд ирсэн хариу захидалд БНМАУ-ын зүүн хязгаарын нутгаас ЗСБНХУ руу харилцах замыг боловсронгуй болгох нь БНМАУ-ыг батлан хамгаалахад онцгой ач холбогдолтойг харгалзан үзэж, 1937 оны дотор төмөр замыг байгуулах, түүнийг хэрэглэхэд шаардлагатай техник хэрэгслийг бэлэн болгохоо илэрхийлжээ. Улмаар, төмөр зам барихтай холбоотой бүхий л ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх, Монгол ажилчдыг сургаж бэлтгэхээ дурдаж, энэхүү асуудлаар хоёр улсын Засгийн газар хоорондын тусгай гэрээ байгуулсан нь бий. Ийнхүү 1937 ондоо төмөр замын зураг төслийг хийсэн ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж, Төв хорооны нарийн бичгийн дарга И.Сталины гарын үсэгтэй “Хэчнээн техник, тоног төхөөрөмж, хэдэн ажилтан явуулах, ажлаа хэрхэн эхлүүлж, дуусгах тухай” тогтоол 1939 оны долдугаар сарын 14-нд гарснаар Р-38 маягийн зам төмөртэй, 1524 мм-ийн царигтай тавьж, 1939 оны арваннэгдүгээр сарын 7 буюу Октябрийн хувьсгалын 22 жилийн ойн баяраар нээлтийг нь хийсэн түүхтэй. 
Халх голын дайн 1939 оны хавар улам бүр хүчээ аван түүхэнд “зарлаагүй дайн” хэмээн нэрлэгдтэлээ өргөжсөн ч Баянтүмэний төмөр замыг барьж буй нөлөө нь Японы талд хүчтэй цохилт болсон тухай түүхчид үзсэн байдаг. Тиймээс 82 жилийн түүхтэй Баянтүмэний төмөр замыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан нь нүдээ олсон шийдвэр юм. 

Төрийн эрхэм одонг хурмаст хураар мялаав
Баянтүмэний төмөр замд одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга Я.Санжмятав, Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч П.Мөнхтөр, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх тэргүүтэй албаны хүмүүс болон Баянтүмэн тасгийн төмөр замчид оролцлоо. Ёслолын үйл ажиллагааг Баянтүмэн тасгийн дарга П.Түвшинжаргал нээж хэлсэн үгэндээ төмөр замын түүхэн гавьяаг нь дурдаж, “Баянтүмэний төмөр зам Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын үндэс суурь болсон анхны ууган төмөр замуудын нэг бөгөөд хожмоо /1956 он/ УБТЗ ХНН-ийн хамт олны бүрэлдэхүүнд багтан төмөр замын тээврийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Баянтүмэн тасгийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, УБТЗ-ын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа. Мөн зүүн гурван аймгийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, шатахуун, бусад тээврийн аюулгүй байдлыг бүрэн хангаж тээвэрлэхэд манай хамт олны хүчин зүтгэл их билээ. Цаашдаа бүс нутагтаа уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт улам нэмэгдэж, зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барьж, УБТЗ-ын гол замтай холбогдсон тохиолдолд Баянтүмэн тасгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр улам бүр өсөх сайхан ирээдүй харагддаг. Түүхэн дайны үед хувь нэмрээ оруулан, Чойбалсан хотын хөгжил цэцэглэлтэд томоохон байр суурь эзэлсэн Баянтүмэн тасаг төр засагтаа үнэлүүлж байгаа нь өнөөдрийг хүртэл энэ төмөр замыг бидэнд цогцлоон бүтээж өгсөн үе үеийн ахмад төмөр замчдын нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг энд онцлон тэмдэглэе. Энэ шагналыг авахад жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэл гаргасан хүн бол Хөдөлмөрийн баатар Р.Раш дарга маань юм. 2019 оны хавар “Гурван үеийн уулзалт”-аар Баянтүмэнд зочлохдоо аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзаж, шагнуулахаар ярилцаж байсан билээ. Тиймээс энэ төмөр замын төлөө ажилласан үе үеийн төмөр замчдад, энэ шагналыг бүтээхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан хүн бүхэнд талархаж байна” гэв. Төрийн өндөр шагнал, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-г Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш Баянтүмэн тасгийн хүндэт туганд зүүж, баяр хүргэлээ. Тэрбээр, “Энэ хүндтэй шагналыг хүртэхэд миний эрхэм дүү, Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дэд дарга Я.Санжмятав Ерөнхийлөгчийн зөвлөх байсан тул их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс Я.Санжмятавтаа нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Тэртээх 1939 онд жанжин Г.Жуковын тушаал шийдвэр, удирдлагаар энэ төмөр замыг дөрвөн сарын хугацаанд барьсан гэдэг домог мэт яриа олны дунд өнөөг хүртэл хөвөрч байдаг юм. “Халхын голоос Берлин хүртэлх зам” гэдэг Г.Жуков болон Халх голын тухай, Берлиний ханыг нэвтэлж, Дэлхийн II дайныг үндсэнд нь байхгүй болгож буй кино тод санагдаж байна. Ер нь, Баянтүмэний төмөр замыг байгуулсан нь харийн дайсны өнгөлздөг, хойшдын төлөвлөгөөг нь өөрчлөхөд сэтгэл зүйн том нөлөө үзүүлснийг бид түүх шастираас мэднэ. Зөвхөн улс орны зүүн бүс нутагт өрнөсөн энэхүү дайнд нөлөөлсөн төдийгүй энх цагийн их бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулсан. Өнөө үед ч Чойбалсан хотыг төмөр замаар ОХУ-тай холбож, хамтын олон үйл ажиллагааг өрнүүлэх, эдийн засгийн холбоог бэхжүүлэх гол гүүр нь болж байна. Миний бие 1986 онд санагдана, тус тасаг нь тэр үеийн дөрвөн том байгууллагын буюу Намын төв хороо, Сайд нарын зөвлөл, Эвлэлийн төв хороо, Үйлдвэрчний эвлэлийн дээд шагналаар шагнуулахад нь Намын төв хороонд ажиллаж байхдаа ирж гардуулж байлаа...” хэмээн дурсав. Энэ мөчид цэлмэг байсан тунгалаг тэнгэрт сэмжин үүлс хуралдаж, хэдхэн хоромд аадар бороо орсон юм. Эх орныхоо тусгаар тогтнол, нийгэм эдийн засагт асар их хувь нэмрээ оруулсан төмөр замыг үнэлж ахуйд Дорнодын тэнгэр хүртэл баярлан хураар мялааж байх шиг... Цугласан олон бэлгэшээж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга Я.Санжмятав гуай “Тэнгэр баяр хүргэж байна” гэсэн билээ. Тэрбээр, тэртээ 35 жилийн өмнө буюу 1986 онд ХААДС-ийн залуухан багш байхдаа оюутнуудтай Баянтүмэн тасгийн Чингисийн далан өртөөнд ирж зуны гурван сард модон дэр солилцож байжээ. Энэ ажлын амжилтаараа тухайн үеийн Ардчилсан Герман улсад аялах эрхийн бичгээр шагнуулж байснаа дурсан ярьж, “Баянтүмэнчүүд маань төрийн өндөр шагналыг Хөдөлмөрийн баатраас гардаж авсан юм чинь цаашид баатар зам болно гэдэгт нь эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Х.Болорчулуун: Ээж маань Баянтүмэн тасгийн эмнэлэгт сувилагч байлаа
УИХ-ын гишүүн, ХХААБХ-ны дарга:
-Баянтүмэний төмөр замыг 1939 онд цэрэг стратегийн зориулалтаар буюу дайны ар талыг хангах найдвартай хүч болгохоор барьж, улмаар Чойбалсангаас урагш Матад хүртэл нарийн төмөр зам богино хугацаанд тавьсан. Энэ төмөр зам бол дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Тийм ч учраас “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулах бүрэн эрхтэй. Харин ч оройтож шагнал нь ирлээ гэж бодож байна. Миний хувьд Баянтүмэн тасгийн байрладаг “Хонхор” буюу наймдугаар багт өссөн хүүхэд шүү дээ. Ээж маань Баянтүмэн тасгийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг байлаа. 1990-ээд оны дундуур ачаа эргэлт нь багасч, энэ төмөр зам цаашид хэрэгтэй эсэхийг ярилцаж байсан үе бий. Харин өнөөдөр бол өөр. Энэ цагийн зүүн бүсийн их бүтээн байгуулалтад Баянтүмэн тасаг маань оролцон шатахуун, улаан буудай, барилгын материал импортоор авах, байгалийн баялаг, ашигт малтмал экспортод гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Цаашид Сайншандаас Баянтүмэн рүү татах төмөр замын ажил үндсэндээ эхэлсэн. Ингэснээр улс орны эдийн засагт улам их үр өгөөжтэй төмөр зам болно.

Төрийн одон медаль, төмөр замчдын энгэрт ч гялалзав
Баянтүмэн тасаг төр засагтаа үнэлүүлсэн энэ сайхан өдөр тус тасгийн зарим төмөр замчдыг төрийн одон, медалиар шагнасныг гардууллаа. 
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Баянтүмэн тасгийн Ахмадын хорооны дарга Г.Пагма, “Алтан гадас” одонгоор Баянтүмэн тасгийн дарга П.Түвшинжаргал, ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхтүвшин, ахмад төмөр замчин Л.Энхболд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Замын V ангийн дарга Д.Балдандорж, Зүтгүүрийн депогийн зааварлагч машинч Э.Эрхэмбаяр, ахмад төмөр замчин Ц.Төмөрхуяг нар хүртлээ .Мөн Зам тээврийн сайдын тушаалаар “Хүндэт төмөр замчин” тэмдгээр ахмад төмөр замчин С.Энхтөгс, Д.Баясгалан нарын энгэрийг мялаасан юм.

Г.Пагма: Би энэ төмөр замтай холбогдоод 50 жил болж байна
Ахмадын хорооны дарга:
-Үнэхээр сайхан өдөр болж байна. Би Баянтүмэн тасагт 36 жил, Ахмадын хорооны даргаар нь 14 жил, нийтдээ энэ төмөр замтай холбогдоод 50 орчим жил болж байна. Төр улс болон төмөр замынхаа байгууллагад үнэлэгдэж, түмэн олондоо хүндлэгдсэн ийм их өндөр шагнал хүртсэндээ туйлын баяртай байна. Хань минь бас төмөр замд 37 жил ажилласан хүн бий. Бид хоёр 50 гаруй жил амьдарч зургаан хүүхэд төрүүлсэн. 
Арав гаруй ач, зээтэй болсон. Намайг энэ сайхан шагналыг хүртэхэд ар гэр болон төмөр замчдын минь тус дэм маш их бий. 

Ц.Төмөрхуяг: Баянтүмэний төмөр зам улам өргөжинө гэж итгэдэг
Ахмад төмөр замчин:
-Миний хувьд 1970 онд Төмөр замын Техникумыг вагоны мэргэжлээр төгсөөд Баянтүмэн тасагт ирж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Ажилласан жилийнхээ 35 жилд нь Соловьевскийн оросуудтай хамтарч ажилласан. Баянтүмэний төмөр зам маань түүхэн үйлсээ үнэлүүлж, төрийн өндөр шагнал авсан өдөр намайг бас шагнаж урамшуулсанд баяртай байна. Манай төмөр замын тээвэрлэлт 1980-аад онд их оргил үе нь байлаа. Тэр үед хоногт дунджаар 300 вагоны парктай байдаг. Гэхдээ өнөөдөр яах вэ зүүн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүн, шатахууныг манайх тээвэрлэж байна. Цаашид Баянтүмэний төмөр зам улам өргөжинө гэдэгт итгэж явдаг даа.

Зуны дэлгэр цагийн нар зулсан энэ өдөр Баянтүмэний төмөр зам, төмөр замчид төрийн хайр хишиг хүртэж, түмэн олны талархал, ерөөлийн үгэнд бялхаж өнжив. Төрийн өндөр шагналын хийморь, сүр жавхаан дор баатарлаг түүхийн үргэлжлэл төмөр замчдын дунд өнжин хөөрөлдсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш тэргүүтэй бид Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоогоо сэтгэл дүүрэн заллаа. 

Сэтгэгдэл үлдээх