Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-14

Зүтгүүрчдийн хүндэлдэг “Өндөр” өвөө

Уулзаж, үнэт сургаалыг нь сонсоод баймаар хүмүүс олон. Тухайлбал, Р.Раш. Б.Шаравжамц, Ю.Идэрчулуун, Х.Лхагвасүрэн, Н.Хуяг-Эрдэнэ, Д.Галхүү, Ц.Гантөмөр, Д.Лувсандамдин нарын ахмад төмөр замчид билээ. Яг л аавыг минь /Д.Дамбийбалжир/ санагдуулах мэт. Эдгээр эрхмийн нэг, үр хүүхдүүддээ “Өндөр өвөө” хэмээн хүндлүүлж, зүтгүүрчин олондоо өнөөг хүртэл хайрлагдаж яваа Дэндэвийн Лувсандамдин гуай өдгөө 90 настайгаа учран золгож, найрамдлын Дархан хотдоо энх тунх амьдарч байна. Тэрбээр, 1931 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүрхийн булаг гэдэг газар мэндэлжээ. 1949 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуульд шилжиж, 1951 онд наймдугаар ангиа дүүргээд УБТЗ-ын Сургууль комбинатын паравозын кочегарын анхны курст суралцан төгссөн байна. Тэр жилдээ Улаанбаатар татах хэсэгт паравозын кочегар, мөн оны есдүгээр сард туслах машинчийн шалгалтыг бие даан өгч, туслах машинчаар ажиллан, 1953 онд паравозын машинчийн анхны курс төгсөж машинч болжээ. Улмаар, 1957-1959 онд УБТЗ-ын техникумд Зүтгүүрийн аж ахуйн техникч, механикчийн ангийг дүүргэж, деподоо туслах машинч, машинч, 1960 оноос дизелийн цехийн мастераар ажиллаж байгаад 1961-1966 он хүртэл Сүхбаатар депогийн дарга, 1966 оноос шинээр байгуулагдсан Дархан солилцох тасгийн даргаар ажилласан байна. Д.Лувсандамдин гуай 1967-1986 он хүртэл ажилласны сүүлийн 15 жилд нь ахлах машинч байжээ. 
Залуу үеийнхнээ түүхийн жимээр аялуулах гэгээн аяныг санаачилж, тухайн цаг үеийг сэтгэлд буутал “Нойрноос сэрээсэн дуун” ном баринтагласанд зүтгүүрчин дүү нар нь талархаж явдаг юм. Тэрбээр, Монгол Улсын Ударник, Гавьяат тээвэрчин, анд найз Д.Гэсэржав агснаараа бахархаж “Төмөр замд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд, шилдэг дарга нарын сайхан чанар, удирдан зохион байгуулах арга барилгыг сорчлоод эзэмшсэн хүн гэвэл манай “Сод ухаантай, тод үгтэй” Гэсэр яах аргагүй мөн. Хүн бүрээс сайн сайхан чанарыг нь цуглуулан хуримтлуулж, түүнийгээ ажил болгож чаддаг учраас Гэсэр маань жинхэнэ удирдагч болсон юм. Түүний удирдах ажлын нууц нь төрөлхийн авьяастай нь холбоотой. Байгалиас заяасан тэр хишгийг өөрийн уйгагүй зүтгэл, овсгоо самбаагаар тэтгэж зорьсондоо хүрсэн. Ийм хүмүүс ховор тохиодог. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ-ын анхны Монгол дарга Р.Раш ч мөн мундаг мэдлэг чадвартай. Залуучууд энэ сайхан хүнээс суралцах зүйл их бий дээ” гэв. Түүнээс “Таны урт наслахын нууц юу вэ?” гэвэл “Уур бухимдлыг хойш тавьж, ухаарал зонхилсон зөв харьцаагаар зүтгүүрчид төдийгүй эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүнийг хүнээр нь хайрлаж, эргээд хүндлэл хайрыг хүртэж байсанд нууц орших байх аа” гэж даруухан хариулж билээ. Д.Лувсандамдин гуайн мэргэжлийг үр хүүхдүүдээс нь өвлөн ажилласаар байна. Энэ талаараа “Миний хань Ц.Даваа төмөр замын залгамж халаа болсон бяцхан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн “Тэргүүний төмөр замчин” хүн байлаа. Том хүү Л.Пүрвээ маань машинчаар ажиллаж байгаад бурхан болсон. Одоо хүү П.Мөнгөнтулга нь өвөөгийнхөө хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан Улаанбаатар татах хэсэгт машинчаар ажиллаж байна. Би чинь дөрөв, тав дахь үеэ үзэж байна шүү” хэмээн хүү Л.Ганбатынхаа дэргэд өөрийгөө даруухан хөөргөв. Мөн “Бидний үеийн төмөр замчид бие биедээ элгэмсүү, хүндэтгэлтэй ханддаг байлаа. Удирдах ажилтнуудын хувьд тулхтай, ажилчдынхаа өмнөөс үргэлж анхаарал хандуулж, зөрчигдөж байгаа асуудлыг засаж залруулахын төлөө хичээн зүтгэдэгсэн. Хамт олныхоо хүчээр бид Сүхбаатар депод “Зүтгүүрийн депо” хаяг хийн суурилуулж байлаа. Өнөө хүртэл “Цагаан хаалга” хэмээн нэрлэгдэж үлдсэн нь сэтгэлд өег сайхан байдаг юм. Сүхбаатар, Дархан депогийн дарга байхдаа Монгол, Оросын сор болсон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байснаараа цаг ямагт бахархаж явдаг даа. Зүтгүүрийн бригадуудаа амраах, ажиллах таатай нөхцлөөр хангахыг хичээнэ. Аж ахуйн ажлыг ажлын ачааллаас шалтгаалж сар сард нь төлөвлөж гүйцэтгэдэг байсан. Энэ нь, тухайн үед маш оновчтой зохион байгуулалт болж билээ. Дархан татах хэсгийн Д.Дамбийбалжир даргын 34 дүгээр тушаалд “Амраагүй бригад ГТХАБ-ыг хэрхэвч хангаж ажиллаж чадахгүй. Дохио нээгдэнэ гэдэгт бүү найд!” гэсэн заалтууд бий. Энэ тушаал гарснаар хаалттай дохио өнгөрөх тохиолдол өөрийг нь гавьяаныхаа амралтад суутал гараагүй дээ. Ийм мундаг удирдах ухаантай дарга төмөр замын түүхэнд өөрийнхөө нэрийг алтан үсгээр мөнхөлж үлдээсэн нь өнөө үеийн төмөр замчдын бахархал юм. Тэр хэмжээнд хүртэл залуу үеийнхэн маань зүтгээсэй гэж би хүсдэг. Дамбий дарга “Би чинь дөрөвдүгээр анги төгссөн хүн” гэхэд нь итгэж ядаж байсан. Үнэхээр гайхамшигтай, хүнлэг хүн байлаа. Өөрийн багш Д.Гэсэржав, Ц.Сандууз, Б.Шаравжамц нараараа бахархдаг, доод ажилчдаа хайрладаг, ажиллах урам зоригийг нь сэргээж чаддаг удирдагч. Хүссэн бүхэн татах хэсгийн дарга болдоггүйг Дамбий дарга олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ тод харуулж чадсан. Үр хүүхдүүд нь гэж хайрлам сайхан хүмүүс байдгийг би өөрөөр тань /Өгүүлэгч Д.Мөнхбат намайг хэлж байна/ төлөөлүүлж хардаг. Депогийн хоёр ойгоор очиход та нарын оролцож буй байдал үнэхээр сайхан байсан шүү. Өнөөг хүртэл Д.Гэсэржав, Д.Дамбийбалжир хоёр маань тэнгэрт дэвшсэн ч төмөр замчин олны дунд хайрлан хүндлэгдсээр байна. Удирдаж байсан байгууллагууд нь энэ домогт дарга нарын нэрэмжит боллоо. Мөнхийн хөшөө хүртэл бүтээн байгууллаа. Энэ бол маш том хайр хүндлэл, бахархал юм. Үүнийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсан маш их дэмжсэн. Дамбий даргын гаргасан дээрх 34 дүгээр тушаалыг 1990 онд Р.Раш Замын хэмжээнд нийт зүтгүүрийн бригадад мөрдүүлэхээр А-109 албан даалгавар болгосон нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Дамбий даргын гаргасан шийдвэр бүхэн хамт олонд нь тушаал болж хэрэгждэг, хэлсэн үг бүр нь сургаал болж хүрдэг удирдагч байсан даа. Р.Раш дарга 1996 онд Д.Гэсэржав, Д.Дамбийбалжир нарын ажлын арга туршлагыг залуу дарга нарт өвлүүлэн эзэмшүүлэх үүргийг “Ган зам” сонины эрхлэгч Ж.Нямдаш агсанд өгч байсан нь саяхан мэт. “Ган зам” сонин төмөр зам, төмөр замчдын түүхийг бодитоор хэвлэн нийтэлдэг, түүхийн шаргал хуудсыг тодруулан авч үлддэг дотны нөхөр нь шүү дээ. Өнөөг хүртэл энэ сонинтойгоо нөхөрлөж байна” хэмээн нэгэн үед ажиллаж байсан нөхдөөрөө бахархсан юм. Мөн “Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг хүний хувьд дарга, цэрэг гэж хүнийг ялгалгүй нэг түвшинд хайрлан халамжилж, хүний хэлэх үгийг сонсох чадвартай байвал хүмүүс өөрийн гаргасан алдаагаа ухамсарладаг. Хүнийг ухаартал зөв үг хэлэхийг эрхэмлэж ажилла” хэмээн залууст захив. “Өндөр” өвөөгийнд очих бүрт хөл хөөрцөг болж угтана. Буянтай аавын минь л буян хишиг биз ээ. “Уурын тэрэгнээс ухаалаг зүтгүүрт тэмүүлсэн он жилүүд” номыг минь гардаж аваад ихээхэн баярласан. 
Ууган төмөр замчны гавшгай хөдөлмөрийг төр засаг, төмөр замын байгууллагаас өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон, МҮЭ-ийн Төв зөвлөлийн шагнал, Социалист уралдаанд түрүүлэгч тэмдгээр хоёр удаа, Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, МХЗЭ-ийн “Жуух бичиг”, УБТЗ-ын “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт төмөр замчин” тэмдэг, V, VI, VII, VIII таван жилүүдийн гавшгайч, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, МАХН-ын “Ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр урамшуулан шагнажээ. Төрийн дээд шагнал олгох шалгуур өндөр, ховорт тооцогдож байсан тэр цагт асар богино хугацаанд энгэртээ төрийн одон гялалзуулан мэргэжил нэгт нөхдөө баярлуулж, байгууллагынхаа нэрийг сайн сайхнаар олонтаа дуудуулсан “Өндөр” өвөөг миний бие энэ цаг үеийн “Гавьяатан” гэж хүндэлдэг юм. 2018 онд миний бие Дархан депод ажиллаж байх үед депогийн жижүүр “Утсаар хүн ярья гэж байна” гэснийх нь дагуу ярьтал “Өндөр” өвөө харилцуурын цаанаас “Мөнхбат уу? Ирж халуун хоол ид” гэх нь тэр. 10 гаруй жилийн өмнө л аав, ээж минь ингэж дууддаг байсан нь сэтгэлд бууж, “Би Дарханд ч аавынх шигээ тэр их хайрыг эдлэх эрхтэй юм байна” хэмээн бодож, баярлаж билээ. Намайг Сүхбаатарт гэртээ буцах өдөр хүртэл бөөцийлсөн дөө. Яг л өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг “Өндөр” өвөөгөөр би бахархдаг юм. “Яасан их энхрийлэл, яасан их сэтгэл, ямар агуу хайр вэ?” гэж халаглаж хэлсэн аавынхаа үгийг танд хэлье. “Мөнхбатыг шийтгэх биш шагнамаар хүү” гэж сайхан үгээр намайг урамшуулсан удаатай. Эрхэм үйлстэн минь ээ, та минь зуу насалж, зургаадай таяг тулаарай!

Сэтгэгдэл үлдээх