Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-21

Толгойтод өргөтгөлийн бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа

Толгойт өртөөний Т.Үржин даргатай хамт олон 2021 оны ачаа тээврийн үзүүлэлтүүдээ одоогийн байдлаар төлөвлөснөөс 26.1 хувиар давуулан биелүүлж явна. Харин хэсэглэлийнхээ хэмжээнд 35.3 тэрбум гаруй төгрөгийн тээврийн орлого бүрдүүлж, Замын санд төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 3.8 тэрбум гаруй төгрөгөөр өссөн дүн юм. Тус өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга З.Доржсүрэн хамт олныхоо ажил үйлсийг ийн танилцуулсан юм.
Энэ бүхний ард цар тахлаас үүдсэн хөл хорио, халдвар хамгааллын чанд дэглэм, тусгаарлалтын горим, ажилтнуудын өвчлөл гээд олон амаргүй даваа нугачааг туулсан урт өдрүүд бий. 
Оны эхнээс хатуу хөл хорионы дэглэмд нийцүүлж, зорчигчийн вагоныг тусгаарлах байр болгон хөдөлгөөнчдийг гурван ээлжээр тусгаалан, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж, хэрэндээ хичээн ажилласан ч өртөөний нийт ажилтны 75 хувь нь ковид-19-ийн халдвараар өвчилсөн судалгаа гарчээ. Ялангуяа, халдварын тархалт өндөр байсан зургаа, долдугаар сар бол хүн хүчний хувьд хөдөлмөр зохион байгуулалтыг нарийн хийж, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бүх боломж нөөцөө шавхсан өдрүүд байсан ч хамгийн гол ажлаа нэг ч өдөр цалгардуулсангүй нь сайшаалтай хэрэг шүү. Тухайлбал, энэ 2021 онд Толгойт өртөөний А паркад вагон хуримтлалын гурван зам барьжээ. Ингэснээр, өртөөний зам сумын нийт урт 2688 метр буюу 192 вагоны багтаамжаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус өртөөний паркийн багтаамж 1108 вагон болжээ.
Үүнээс гадна Толгойт хэсэглэлийн Ногоонтолгой, Шатан зөрлөгийг өргөтгөх ажлыг хийжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр зөрлөг нь тус бүртээ А, Б парктай болж, нэвтрүүлэх чадвар сайжирсан болж байна. Тодруулбал, Ногоонтолгой зөрлөгт 1514 м, 1502 м-ийн урттай хоёр зам, Шатан зөрлөгт 4300 м урттай нэг зам барьжээ. Эдээр бүтээн байгуулалтын дүнд хэсэглэлийн нэвтрүүлэх чадвар нь чамгүй нэмэгдэх юм байна. Энэхүү өртгөтгөлийн хүрээнд дээрх хоёр зөрлөгийг микропроцессорын төвлөрүүлэлттэй болгон техник технологийн хувьд шат ахиулж буй гэнэ. Энгийнээр тайлбарлавал дээрх хоёр зөрлөгийн хувьд өртөөний жижүүрийн “пульт” орчин үеийн компьютерийн удирдлагын системд “халаагаа” өгнө гэсэн үг юм.
Энэ ондоо Ногоонтолгой зөрлөгийн өргөтгөлийн ажил дуусах бол Шатан зөрлөгийн ажил ирэх оны эхээр дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 
Толгойт өртөөний хувьд ийнхүү шинэчлэгдэн өргөжиж буй хоёр зөрлөгийн 12 ажилтныг хоёр ээлжээр Толгойт өртөөний сургалтын полигонд сургалтад хамруулж, Алтганы гол зөрлөгт туршлага судлуулах ажлыг зохион байгуулжээ. Ийнхүү хүн хүчээ сургаж дадлагажуулах бэлтгэлээ үе шаттай базааж байна. 
Энэ өртөөний хувьд бусад өртөөг бодоход чингэлэг тээвэр болон нефьтийн бүтээгдэхүүн ихэвчлэн буудаг онцлогтой. Тэр ч утгаараа энэ оны нефть импорт тасалдаж, улс даяараа шатахуун түгээгүүрийн гадна дугаарласан өдрүүдэд энэ төрлийн ачааны буулгалт хэсэгхэн хугацаанд буурчээ. Гэвч төр засгаас нефть импортыг яаралтай зохион байгуулж, шатахуун нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэхэд төмөр замчид тэргүүн эгнээнд ажилласан. Яг тэр өдрүүдэд тус өртөөний хамт олон нефтийн ачааг хүлээн авч богино хугацаанд импортлогч компаниудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулав.
Ажлын ачаалал багасаж, халдварын дэгдэлт буурах энэ завсраар коронавирусийн халдвараар өвчилсөн ажилтнуудыг халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж эхэлжээ. 11 дүгээр сараас хойш “Энхсаран” сувилалд 31 ажилтан тус бүр долоо хоногийн хугацаатай сувилуулаад байгаа аж. 
Аливаа юм хоёр талтай гэдэг. Цар тахал нүүрлэсэн энэ хоёр жилийн хугацаанд ямар нэгэн эерэг зүйл байв уу? гэхэд орлогч дарга З.Доржсүрэн “Нөөц боломж гэдэг шавхагдашгүй юм гэдгийг хамт олон маань бодитоор харууллаа гэж бодож байна. Нөгөө талаар, цаг хугацаа, орон зайд баригдалгүй орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан зайнаас ажил үүргээ гүйцэтгэх боломжийг ч дор бүрдээ эзэмшлээ” гэв.
Харин тус өртөөнийхний хувьд сургалтын бүх үйл ажиллагааг цахимд шилжүүлжээ. Сургалт хариуцсан инженер Б.Ням-Очир “Цахим сургалт явуулахад эхэн үедээ бэрхшээлтэй зүйлүүд тохиолдож байсан ч одоо ажилчид бүрэн хамрагдаж, цаг хугацаа, орон зайд хамаарахгүй суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлж байна. Цахим сургалтын үр дүн ч ахьж байгаа нь шалгалтын дундаж дүнгээс харагдаж байна. Тухайлбал, цахим сургалтын сүүлийн гурван шалгалтад үзүүлсэн дүн 80.3, 85.6, 86.3 хувь болж өссөн” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх