Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

Зохион байгуулалт, сонор сэрэмж, хурд шаардсан их засварын цонхонд

2021 оны зургадугаар сарын 14. 05.30 цагт. Улсын нийслэл “нойрсож” буй цагаар зуны өглөөний наран уулсын цаанаас илч гэрлээ цацруулан мандав. Олны хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө амжиж, Таван шарын гарам дээр замчдын ажил хэдийнэ эхэлжээ. Өнөө жилийн замын их засварын нэг гол цэг нь Толгойт-Улаанбаатар-2 өртөө. Өнөөдөр энэ замын 396 дугаар км-ийн хоёрдугаар зуутаас 397 дугаар км-ийн долдугаар зуут хүртэлх 1.5 км замд их засвар хийхээр зэхэж буй нь энэ. Газар дээр нь явж очвол ухагч, түрэгч, тэгшлэгч гээд газар шорооны техникүүд эгнэн зогсож, хүрз, лаап, чигжигч гээд зам засварын багаж хэрэгслүүдээ эмх цэгцтэй зэрэгцүүлэн өржээ. Замчид ажил удирдагчдаасаа зааварчилгаа авч байгаа бололтой Зил-130 машины дэргэд хоорондын зайг баримтлан зогсоцгоох агаад, зарим нь харин их ажлын өмнөх бэлтгэлийг нягтална. Төдөлгүй замын үе өргөгч кран дуут дохиогоо хангинуулан замчид ч ажлаа эхэллээ. Энэ үед холоос чимээлсэн мөнөөх нүргээн улам чангарч, ёстой л манарсан шороо, тунарсан ажил оволзох нь тэр... Замын их засварын цонхны ажлын шалгуур нь цаг хугацаа. Дээр нь, замчдын ур чадвар, хариуцлага дагадаг. Хүн бүр цаг хугацаатай уралдан хийж буй ажилдаа дор бүрнээ махарна. Тэдний араас хүчирхэг техникүүд улам шамдуулах мэт дохиогоо хангинуулан урагшилна. Толгойт-Амгалан хоорондын их засварын тав дахь цонх 05.43 цагт ийнхүү эхэллээ. Улаанбаатар хотын баруун бүсийн төмөр зам, авто замын хамгийн өндөр ачаалалтай огтлолцол буюу 396 дугаар км-ийн гармыг дамнуулан хийх тул төмөр замчид цаг хугацаатай ийнхүү уралдав.

Бэлтгэл сайн бол гүйцэтгэл “ОНЦ”
Даваа гарагийн цонх маш шахуу графикаар, өндөр зохион байгуулалтад орж ажиллахгүй л бол авто замын гарам ачааллаа дийлэхгүйд хүрнэ. 396 дугаар км-ийн гармаар хоногтоо 86000 авто машин нэвтэрдэг учраас түгжрэл үүсгэхгүйгээр дээрх ажлыг зохион байгуулна гэдэг амаргүй. Иймд дөрвөн өдрийн өмнөөс энэ цонхны бэлтгэлийг холбогдох албад хангаж, шаардлагатай зохион байгуулалтуудыг хийсэн аж. Тухайлбал, их засварын өмнө буюу тавдугаар сарын 7, 21, 28-нд Замын II ангийн хамт олон холбогдох албадтай хамтран гармуудын засварыг шөнийн цагаар гүйцэтгэсэн байна. Ингэснээр их засварын үед засварын цуваа, аж ахуйн галт тэргүүдийг гарам эзлүүлэн авто машины түгжрэл үүсгэхгүй байх зохион байгуулалтыг хийх боломжийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь, их засварыг богино хугацаанд, чанартай, үр дүнтэй хийх явдал. Энэ талаар тус ангийн ерөнхий инженер Д.Баттулга:
-Өнөөдөр(14-нд) 396 дугаар км-ийн гарам дээр авто тээврийн түгжрэл үүсгэхгүйн тулд ажлын технологийг маш нарийн зурсан. Тухайлбал, үе хуулагч галт тэрэг гарамд тулж ирэнгүүт хамгийн сүүлийн пакет ачсан гурван “УСО” гармаа чөлөөлж зогсоно. Энэ үед гармын ойртох хэсгийн үеийг “УК” хуулж, өргөөд гармаар гарна. Тэгэхээр авто тээврийн хөдөлгөөнийг гарам дээр 10-15 минут л зогсооно гэсэн үг. Дараа нь үе тавих галт тэрэг орж ирнэ. Энэ галт тэргийг мөн л дээрх технологиор явуулна. Араас нь шороолох галт тэрэг орно. Шорооны вагон бүрэн цуваагаараа явдаг, голоороо хий цэнэглэдэг учраас хоорондын замд салгах боломжгүй. Тэгэхээр бид Улаанбаатар-2, Толгойт өртөөнөөс шорооны галт тэргээ хоёр хэсгээр нь угталцуулан гаргая. Ингээд гармын хоёр захын үзүүрээс чигжээснийхээ үеүдийг буулгаад явъя. Ингэвэл гарам дээр удаан саатахгүй гэсэн зохион байгуулалтыг хийсэн. Энэ өдрийн цонхонд манай ангиас гурван инженер, мастер, бригадын дарга, замчид гээд 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна хэмээн ярилаа. 

Давхар хяналт дор үргэлжилсэн их хөдөлмөр
Тухайн өдрийн цонхыг Зам засварын машинт станц, Дохиолол холбооны II анги, ЭХУХ-ийн I анги зэрэг байгууллагын 200 гаруй хүний хамтарсан хүчээр гүйцэтгэв. Дээр нь ЦХОБА-ны алба хаагч гарам дээр явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Толгойт-Улаанбаатар хооронд хос замтай учраас хоёрдугаар замаараа галт тэрэгний хөдөлгөөн нээлттэй. Дээрээс нь ажлын фронт урт, ажилчдын тоо их. Хажуугаар нь явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хувь хүмүүсийн аюулгүй байдал, төмөр замчдын ХАБЭА-г хангах гээд хүн бүрт өндөр үүрэг хариуцлага ногдож буй нь илэрхий. Тийм ч учраас ажлын хоёр талын фронтод, голд нь гээд нийт зургаан дохиочин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж, өртөөдтэй станцаар байнга холбогдож хөдөлгөөнийг зохицуулж байлаа.
Зам болон албадын удирдлагаас ч холбогдох хүмүүс нь ажлын талбарт ирж, биечлэн хяналт тавьж, шаардлагатай зааварчилгааг өгч харагдсан. 

Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн:
-Энэ жил Толгойт-Амгалан өртөө хоорондын 17 км замд их засвар хийхээр төлөвлөж, зургадугаар сарын 3-нд замын их засварын анхны цонхыг авсан. Нийт 12 цонхонд төлөвлөгөөт их засварыг гүйцээнэ. 
Өнөөдөр тав дахь цонхонд засварын ажил үргэлжилж байна. Энэхүү их засварын хүрээнд Улаанбаатар хотын дундуур, авто зам төмөр замтай нэг түвшинд огтлолцсон олон гарам таарч байгаа. 
Түүнээс гадна Улаанбаатар-2, Амгалан өртөөний зам, Толгойт, Толгойт өртөөний нэг, хоёрдугаарт замд их засвар хийж байгаагаараа онцлогтой юм. Энэ ч утгаараа ажлын технологийн хувьд цаг, минут, секунд бүрийг нарийн тооцон ажиллаж байна. Нэг цонхны үргэлжлэх хугацаа дунджаар 12 цаг, хамгийн ихдээ 13 цаг. Өнөөдөр эхэлсэн ажлыг 12 цагийн хугацаанд багтааж дуусгана” гэв. 
Улаанбаатар-Амгалан хоорондын гол замд их засвар хийх зайлшгүй шаардлага тулгарсныг сүүлийн 10-аад жил холбогдох хүмүүс нь учирласан ч хөрөнгө мөнгө, нийслэлийн хөдөлгөөний эрчимжилт хоёроос шалтгаалан багагүй цаг алдсан билээ. Гэхдээ олон жил дуншсан асуудал энэ онд ийнхүү цогцоороо шийдэгдэж байна. Их засварынх нь хугацаа дуусаад хэдийнээ 14 жилийг үдсэн. Замын бүтэц нь бүхэлдээ Р50 зам төмөр, модон дэр, хадаасан бэхэлгээтэй байсныг энэхүү их засвараар төмөр бетон дэр, Р65 зам төмөртэйгээр сольж, сүүлийн үеийн хүчжүүлсэн замын техникийн байдалд шилжүүлж буй нь яах аргагүй том ололт дэвшил.
Тухайн өдрийн их засварт Замын аж ахуйн албанаас хяналт тавих, зөвлөгөө өгөх чиглэлээр дөрвөн ч инженер ажиллаж байлаа.

Н.Лхагвадорж: Цар тахлын нөхцөл гол хүндрэл болж байна
Замын аж ахуйн албаны ерөнхий инженер 
-2021 онд Замын хэмжээнд Толгойт-Амгалан, Оорцог-Энгэр-Мааньт, Замын-Үүд-2-Улсын хил гэсэн гурван хэсэгт их засвар хийхээр төлөвлөсөн. Одоо төвийн хэсэглэлийн их засвар амжилттай үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд төмөр зам дагуу цахилгаан, дулааны шугам, холбоо, шилэн кабель гээд олон инженерийн байгууламжтай байдаг учраас замын их засвар хийхэд нэлээд нарийн арга ажиллагаа, анхаарал болгоомж шаарддаг. Эхний цонхнуудад анхаарах зүйл багагүй гарч байсан. Бид тэр бүхэнд үнэлэлт дүгнэлт өгч ажилласнаар одоо илүү туршлагажиж, ажил жигдрэх шатандаа явж байна. Бидний ажилд гол хүндрэл дагуулж буй хүчин зүйлийн нэг нь цар тахал. Энэ эрсдэлтэй цаг үед Зам засварын машинт станцын ажилтнуудыг гэр нь Толгойт дахь үйлдвэрлэлийн бааздаа тусгаарлан ажиллуулж байна. Тэд гэр бүлээсээ халдвар авах эрсдэл өндөр гэж үзсэн учраас ийм зохион байгуулалт хийсэн. Түүнчлэн албаны удирдлагууд их засварын явцтай газар дээр нь ирж танилцах, судлах, холбогдох албадтайгаа нягт уялдаатай ажиллах чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ер нь, нийслэлийн инженерийн байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас холбогдох байгууллагууд руу нь “Кабель шугамаа тодотгож, аюулгүй байдалд шилжүүлж, цонхны бэлтгэл ажлыг хангана уу” гэсэн анхааруулгыг хүргэсэн. Эртнээс бэлтгэлийг сайн хангасан учраас их засварын ажил дундуур ямар нэгэн хүндрэл гарахгүй байна.

Хүн хүч дутмаг ч хүрэх цэгтээ очно
Төмөр замтай хамтран ажиллагч байгууллагуудаас гадна Дохиолол холбооны II анги ч их засварын үеэр ДХТ-ийн кабелиа гэмтээхгүй байх чиглэлээр онцгой анхааран ажиллаж буй юм. Тухайн өдөр ажлын талбарт үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн ерөнхий инженер Ө.Бат-Эрдэнэ “Шилэн кабелийг гараар ухаж гарган ДТХ-ийн байгууламжийг зам засварын техник ажиллахад саадгүй болгох ажлыг гүйцэтгэж байлаа. Тус ангиас 30 гаруй хүн цонхны ажил эхлэхээс 14 хоногийн өмнө ажилд гарсан ч 20-иод нь цар тахлын тусгаарлалтад, орж хүн хүч хомсдоход хүрчээ. Гэсэн ч ангид байгаа хүмүүсээс газар ухах боломжтой бүх хүнийг дайчлан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа аж. Тэд Амгалан-Толгойт хоорондын зам дагуу 14 мянган метр кабелийг гараар ухаж гаргаад ажлын дараа буцааж далдлах юм. “Хүн хүч дутуу, ачаалал өндөр, цаг хугацаа богино байгаа ч үндсэн ажил маань талдаа орчихлоо. Ямартаа ч хамтын хүчээр энэ ажлын цаана амжилттай гарна даа” хэмээн холбоочид сэтгэл өөдрөг өгүүлнэ билээ.
Замын II ангийн хариуцсан хэсэглэлд ийнхүү их засварын ажил цаг нартай уралдан, өндөр зохион байгуулалтын доор өрнөж байна. Тус ангийн хэмжээнд энэ жил гармын техникийн нөхцөлийг сайжруулах, замын их засвар, чигжээсний хүчжүүлсэн засвар гээд ажлын ачаалал өндөр байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнээс оны эхний таван сарын хугацаанд багагүйг амжуулжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлчээс энэ сарын 1-ний хооронд 15 км замд чигжээсний хүчжүүлсэн засвар хийж гүйцэтгэсэн байна. Мөн 2.5 км модон дэрний хүчжүүлсэн засварыг хийж, хүлээлгэн өгчээ. Мөн барилга байшингийн чиглэлээр л гэхэд зөрлөгүүдэд замчдын амьдардаг байрны их засварыг хийж байгаа гээд олон ажлыг дурдаж болох юм. 

Д.Батбаатар: Техник хэрэгслийн гэмтлийг өөрсдийн бололцоогоороо засаж байна
Их засварын өрнүүн ажлын дундуур Зам засварын машинт станцын дарга Д.Батбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Бид өмнө нь Толгойт өртөөний А, Б паркт их засвар хийсэн. Манай станц нийт 495 ажилтантай. Их засварын цонхны нэг ээлжинд 89 замчин, дээр нь механизаторууд нэмэгдээд 130-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ онд манай хамт олон нийт 80 км замд их засвар хийнэ. Толгойт-Амгалан хоорондын замд их засвар хийсний дараагаар Замын III ангийн хэсэглэлд 60-аад км замд их засвар хийнэ. Бид Замын их засварын зэрэгцээ өртөө зөрлөгүүдийн өргөтгөл, Зүүнбаянтолгой-Баянтолгой чиглэлийн бүтээн байгуулалтын ажил гээд өндөр ачаалалтай ажиллаж байна. Зүүнбаянд Үе угсрах бааз байгуулагдсаныг та бүхэн мэднэ. Тухайн баазын үндсэн ажил хараахан дуусаагүй. Одоогоор Тавантолгой өртөөний зам сумыг угсрах гол ажлыг мөн манай хамт олон гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаж, сумын металл хэсэг, сумын бетон дүнз зөөж, тээвэрлэх ажлыг хийж байна.
-Цар тахлын үед ажиллах хүч хангалттай байна уу?
-Их засварын ажилд л гэхэд 100 гаруй хүн нэмж авлаа. Мэдээж шинэ хүмүүс ажлын дадлага туршлагаар хангалттай бус учраас олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдтэйгээ багш шавийн гэрээ байгуулан дагалдуулах байдлаар ажиллуулж байна. Ажлын ачаалал эрс нэмэгдсэн энэ үед боловсон хүчний хүрэлцээ хангалттай бус байгаа. Шинээр ажилд орж байгаа замчдыг 180 цагийн сургалтад хамруулан онолын мэдлэг олгож, 14 хоног дагалдан замчнаар ажиллуулаад дараа нь техникийн шалгалтад оруулаад ажлын талбарт гаргаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр Толгойт дахь баазад 20-иод хүнийг тусгаарласан. Мөн 175 замчин, 18 вагоны үйлчлэгч, кейтерингийн тогооч нар тусгаарлалтад орж ажиллаж байгаа. Манай станцийн замчид баруун гарынхаа шуунд ногоон өнгийн ялгах тууз зүүсэн. Тэднийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь гаднаас ирсэн хүмүүс аль болох зайнаас харьцах зарчмыг баримталж байгаа. Мөн Төв эмнэлгийн эмч ажиллаж байгаа учраас сэжигтэй тохиолдол илэрвэл тэр даруйд нь түргэвчилсэн шинжилгээ авч, хариуг нь тэр даруйд гаргах зохион байгуулалтыг хийсэн.
-Техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хэр байна вэ?
-Парк шинэчлэлт одоогоор хийгдээгүй. Гэвч энэ жилийн тухайд л гэхэд манай техникүүд гурван жилийн хугацаанд гүйцэтгэх хэмжээний их засварыг хийгээд байна. 2020 онд мөн л ийм хэмжээний ачаалалтай ажилласан. Үүнтэй холбоотойгоор техникийн эвдрэл гэмтэл ч багагүй гарч байна. Мэргэжилтнүүд маань өөрсдийнхөө нөөц бололцооны дээд хэмжээнд тултал ажиллаж байгаа. Үе тавигч кранд л гэхэд цав, цууралт их үүсэж байна. Нэг цонх дуусгаад дараагийн цонхонд гагнаж, засварлаад л гаргадаг. 
-Нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэвэл?
-Замын их засварын чанараа улам сайжруулъя гэвэл эхний ээлжинд “динамик стабилизатор” нэн шаардлагатай байна. Хэрэв ийм техниктэй болчихвол замын тогтворжилт, нягтаршил илүү сайжирна. Мөн газар шорооны техникийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Жишээ нь, одоо ашиглаж байгаа автогрейдерт олон жилийн насжилттай болохоор эвдрэл гэмтэл их гардаг. Мөн экскаватор, бульдозер зэрэг техникүүд хомсдолтой байна. Бид их засварын ажилд хоёр ч экскаватор гаднаас түрээсэлсэн. Зам засварын өртөг зардлыг нэмэгдүүлж байгаа гол шалтгааны нэг энэ. Түрээсийн төлбөр нь өндөр учраас шинийг авчихвал хавьгүй үр дүнтэй. Салхитад л гэхэд саяхан орсон борооны улмаас үер болсон. Түрээсээр авсан экскаваторынхоо нэгийг тийш явуулахаас аргагүйд хүрлээ. Энэ мэт хүндрэл олон гарч байгаа ч шалтаг тоочоод суух хэцүү. Бодит байдлаа хэлэхгүй бол бүр ч хэцүү байна хэмээн ярилаа.
Замчид ирэх долдугаар сарын 8-нд Амгалан өртөөний 410 дугаар км-ийн тавдугаар зуутаас 412 дугаар км-ийн нэгдүгээр зуутад сүүлийн цонхыг авна. Мөн сарынхаа 9,10-нд технологийн цонх буюу нарийн засварыг нь хийснээр Толгойт-Амгалан хоорондын замын их засвар бүрэн дуусах юм. Мөн сарын 23-наас Замын III, IV ангийн хэсэглэлд төлөвлөсөн их засварын ажлаа эхлэх юм. 

Сэтгэгдэл үлдээх