Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-05

Говийн холбоочид зарим зөрлөгийн ажлыг бригадын аргаар гүйцэтгэдэг болгоно

Энэ удаагийнхаа цахим сурвалжлагыг Дохиолол холбооны III ангийн Улаан-Уул өртөөн дэх Шугамын дөрөвдүгээр хэсгээс бэлтгэлээ. Тус хэсгийн хувьд гол замын 950-1040 дүгээр км хүртэлх агаарын шугам, шилэн кабелийн трасс, мөн Долоодын хөндий, Улаан-Уул, Номт, Цагаан хад, Сумангийн зоо зэрэг өртөө, зөрлөгийг хариуцан ажилладаг юм. Энэхүү нийт 90 км замд хэсгийн болон шугамын инженер, монтёр, жолооч тус бүр нэг, зургаан механикч гээд арван хүний бүрэлдэхүүнтэйгээр дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламж, радио холбоо, дамжуулах системийн байгууламж, интернэт, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Тус хэсэг энэ оны найдвартай ажлын төлөвлөгөөнийхөө 80 орчим хувийг гүйцэтгэжээ. Харин ангийн хэмжээнд гэвэл гол замын 554-1115 дугаар км хүртэл хариуцан ажилладаг. Мөн Бор-Өндөрийн 60 дугаар км, Зүүнбаянгийн 47 дугаар км хүртэлх нийт 32 өртөө, зөрлөг, холбооны таван байшин бүхий дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны байгууламж, агаарын шугам, шилэн кабелийг хариуцан арчилгаа, үйлчилгээг хийж буйгаа ангийн дарга С.Түмэнбаяр танилцууллаа. Тэрбээр, “Энэ жилийн хувьд хамгийн их ажилтай байсан нь манай Шугамын дөрөвдүгээр хэсэг” гэсэн юм. Дохиолол холбооны III ангийнхан 2020 оны их барилгын ажлын төлөвлөгөөнд 554 дүгээр км-ээс Чойр хүртэлх хоёрдогч шилэн кабелийг суурилуулах ажлын хүрээнд 554-606 дүгээр км хүртэлх шилэн кабелийн оруулалтуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү ажлыг ковид-19 цар тахлын хязгаарлалтын нөхцөл байдлаас хамааран тус ондоо багтаан дуусгах боломжгүй болж энэ онд үргэлжлүүлэн 606 дугаар км-ээс Чойр хүртэлх хоёрдогч шилэн кабелийг хийж, ашиглалтад оруулжээ. Энэ хүрээнд өртөө хоорондын хориглол болон технологийн дамжуулах байгууламжуудын шилэн кабелийн тойруу холбоог хийж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, холбоо дохиоллын найдвартай ажиллагааг дээшлүүлсэн байна. Ангийн хэмжээнд ИТА-нууд залуужиж байгаа гэнэ. Туршлагатай, ахмадууд нь тэтгэвэртээ гарч, зарим нь шинэ төмөр замууд руу шилжсэн сурагтай. Шугамын дөрөвдүгээр хэсгийнхэн гэхэд л ихэнх нь залуус болсон тул ангийн зүгээс залуучуудаа сургах талд төлөвлөгөөт сургалтуудыг цаг тухай бүрт нь хийж буй бөгөөд энэ жилийн тухайд анхны өвөлжигчдийн сургалтыг зохион байгуулахад дөрөвдүгээр хэсгээс нэг монтёр хамрагдсан байна. 

С.Түмэнбаяр: Өнөөгийн байдлаар ангийн хэмжээнд 17 хүний орон тоо дутуу
Дохиолол холбооны III ангийн дарга:
-Их барилгын төлөвлөгөөний дагуу Сумангийн зоо зөрлөгийн парк нэмэх, Нартын хошуу зөрлөгийн зам уртасгах, өнгөрсөн жил эхэлсэн хоёрдогч шилэн кабель суулгах ажлыг үргэлжлүүлж, мөн Замын-Үүдэд өмнөх жилээс үлдсэн камержуулалтын ажлыг гүйцээх гээд багагүй ажил хийж байна. Цар тахлын үед аймаг, сумд зарим үед хөл хорио тогтоосноор ажил их саатсан. Үүнээс болж тендерээр авдаг материал, сэлбэгийн хангалт оройтох, гацах, үнэ нь өссөн зэргээс ажил оройтсон. Одоо ч Сумангийн зоо зөрлөгийн камерын шилэн кабель ирээгүй байна. Тиймээс кабелийн шуудууд СЦБ кабелиа хийчихсэн, шилэн кабелиа хүлээгээд онгорхой байгаа. Булчихвал дахиад ухаж суулгах болно шүү дээ. Гэхдээ Чойроос хойд талдаа 16 дугаар зөрлөг хүртэлх хоёрдогч шилэн кабель суурилуулах ажлыг дуусгаад Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэст газар дээр нь үзүүлсэн, одоо гүйцэтгэлийг нь тооцуулахаар болж байна. Мөн өмнөх жилүүдэд хийсэн Улаан-Уулаас Айраг хоорондох хоёрдогч шилэн кабелийг нөөц байдалд шилжүүлж авах ажлыг зохион байгуулсан. 
-Засгийн газраас төрийн байгууллагуудын шууд худалдан авалтын босго үнэнд өөрчлөлт оруулсан шүү дээ. Үүний хүрээнд УБТЗ бас дээрх тушаалд өөрчлөлт оруулж, шууд худалдан авалт аж ахуйн нэгжүүд таван сая байсан нь 10 сая хүртэл төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Энэ нь, та бүхний ажилд нэлээд ахиц гаргаж байна уу?
-Яах вэ, харьцангуй сайжирсан. Гэхдээ л тендер зарлагдсан томоохон ажил хойшилж, бараа материал хилийн цаана зогсож, шаардлагатай материал сэлбэг зах зээлээс олддоггүй хэвээр. Энэ бол цар тахалтай үеийн түр зуурын асуудал ч тогтмол ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдал хангадаг төмөр замчдын хувьд үнэхээр хүндрэл болж байна. Тиймээс эдгээр асуудлыг дараа дараагийнхаа ажилд тооцож, ирэх жилийн ажлын тендерийг энэ оны сүүлчээс зарлаж, материалыг нь эртхэн авдаг болмоор байна. Тендер өөрөө их хугацаа авдаг шүү дээ. Материал аваад 30 хонодог, нэг нь шүүхдвэл дахиад л сунжирдаг. Энэ эрсдлүүдийг тооцох хэрэгтэй. Өнгөрсөн жил идэр ес эхэлсэн байхад бид Замын-Үүд өртөөний 9, 10 дугаар замыг дохиолол төвлөрүүлэлтэд холбож байсан гээд бод. Ийм нөхцөлд хийсэн их барилгын ажил чанаргүй болох магадлал өндөр. Одоогоор ямар нэгэн асуудал гараагүй ч ямар сайн байх билээ.
-Боловсон хүчний хүрэлцээ танай ангид хэр байна вэ?
-Өнөөгийн байдлаар ангийн хэмжээнд 17 хүний орон тоо дутуу. Одоогоор хоёр хүн гарах өргөдлөө өгсөн. Ийм олон хүн дутуу байхад цар тахлаас үүдэж хүн хүчний хомсдолд ч их орж байна. Зарим нь өвчилж, зарим нь ойрын хавьтал гээд тусгаарлагддаг. Өвчин илэрвэл нэг хэсэг тухайн голомтыг нь илрүүлээд хумьдаг байсан бол одоо тэгэх аргагүй болсон. Мөн гэрийн тусгаарлалт гэдэг зүйл ажилд маш их саад болж байна. Гэр бүлийн хэн нэгэн нь өвдөхөд цуг тусгаарласнаар бүгд өвддөг. Учир нь, гэр бүлээрээ ажилладаг төмөр замчин олон шүү дээ. Депогийн ажилтан өвдсөн бол манайд ажилладаг гэр бүлийн хүн нь дагаад тусгаарлагдах жишээний. Энэ асуудал төмөр замын ямар ч байгууллагад гарч байгаа байх.
-Орон тоо 17 хүнээр дутуу байгаа шалтгаан нь юу вэ?
-Орон нутгаас төмөр замын сургууль ирж элсэлт авахгүй байна. Уг нь, говьд төрж, өссөн хүн л говьдоо тогтвор суурьшилтай ажилладаг. Тэтгэвэрт гарсан, чөлөөлөгдсөн хүний оронд хүн авч болохгүй гэсэн Замын даргын цахилгаан мэдээ гарсан. Нөгөө талаар Тавантолгой-Зүүнбаянгийн гэхчилэн шинэ төмөр замууд их барьж байна. Тэд өндөр цалин амлаад аль дадлага, туршлагатайг нь авчихдаг. Шинэ бүтээн байгуулалтад мэдээж туршлагатай хүмүүс хэрэгтэй байгаа. Тэгээд бид ард нь шинэ хүмүүс сургах ажилтай үлдэж байна. Их, дээд сургууль төгссөн ч дор хаяж хоёр жил механикчаар ажиллаж байж ажлын дөртэй болж, технологи, зурмагаа хийж, их барилга их засварын ажилд оролцож, ХАБ-ыг хангах хэмжээнд хүрдэг. Тэгээд монтёр, механикч, ахлах механикч, инженер гээд шат дарааллан ажиллуулаад сургаж авсан хүнээ бид алдаад байна. Энэ жил Полтехникийн коллежоос ес, ТЗДС-иас хоёр төгсөгч ажилд авсан ч орон тоо нөхөгдөхгүй байна. Бид ашиглалтын үйл ажиллагаа, их барилга, их засварын ажлаа яаж хангалттай хийх вэ. Мөн ковидоос болоод тусгаарлагдаж байгааг би дээр хэллээ. Манай ангид хамгийн хүндрэлтэй асуудал нь хүний нөөц болсон. Тиймээс цаашид зарим зөрлөгийн ажлыг төвөөсөө бригадын аргаар гүйцэтгэдэг болгоно. Тухайлбал, эхний ээлжинд 33 дугаар зөрлөгт бригадын аргаар очиж үйлчилдэг болсон. Механикчийг нь ийнхүү Сайншандад амьдруулж нийгмийн асуудлыг нь бага ч болов шийдвэрлэсэн гэж бодож байна. Мөн Агьсүмбэтийг ч бид тийм болгохоор бэлтгэлийг нь хангаж байгаа. 

Сумангийн зоо зөрлөгийг хүлээн авч явуулах дөрвөн замтай болгосон
Хэсгийн инженер Г.Батдэлгэр:
-Би 2011 оноос хойш ажиллаж байна. Чойрын 21 дүгээр зөрлөгийн механикчаас ажлаа эхэлж, Замын-Үүд хэсэглэлийн Авгын гол зөрлөг болон Замын-Үүд-1-д дамжиж ажиллаад энд 2020 оны хоёрдугаар сард томилогдсон. Манай хэсгийн энэ жилийн хамгийн гол ажил нь Сумангийн зоо зөрлөгийг хоёр парктай болгох өргөтгөлийн ажлыг наймдугаар сарын эхэнд эхэлж, есдүгээр сарын 3-нд хүлээлгэн өглөө. Энэ өртөө хүлээн авах явуулах хоёр замтай байсныг дөрвөн замтай болгон сунгаад А, Б паркад хуваасан. Өргөтгөлийн ажлын хүрээнд цахилгаан шилжүүлэгч долоон сум болон галт тэрэгний найм, замналын дөрөв, сэлгээний гурав, нийт 15 дохио холбон хүлээлгэж өгсөн. Мөн А, Б паркад чанга яригч, хяналтын камерийн 11 шон суурилуулсан. Өнөөгийн байдлаар, 22 чанга яригчийг холбож ажиллагаанд оруулсан бол материалаас шалтгаалан хяналтын есөн камер холбох ажил хүлээгдэж байна. Өвлийн бэлтгэл ажлын хувьд төлөвлөгөөний дагуу гүйцэтгээд одоо дуусах шатандаа явж байгаа.

Замын даргын үзлэгт бэлтгэж байна
Шугамын инженер Б.Идэрбат:
-Миний хувьд энэ ангид зургаа дахь жилдээ ажиллаж байна. 2015 онд Сайншанд хэсэгт монтёроор ажилд орсноос хойш Замын-Үүд-2, Өлзийт зөрлөг, Улаан-Уулаар дамжин ажиллаад 2018 оноос энэ ажлаа хийж байна. Шугамын инженерийн хувьд хэсгийнхээ ХАБЭА болон хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, шилэн болон агаарын шугамын засвар гэхчилэн хариуцдаг. Өнгөрсөн жил манай хэсгийн хэмжээнд гэвэл Улаан-Уулаас Долоодын хөндий хүртэл хоёрдогч шилэн кабель татсан. Энэ оны байдлаар бид хоёрогч шилэн кабелийнхаа холболтын ажлуудыг хийгээд дуусаж байна. Ангийн захиргаанаас ирэх жилд Улаан-Уулаас Замын-Үүд хүртэлх хоёрдогч шилэн кабель суурилуулах ажлыг төлөвлөсөн юм билээ. Энэ ажлыг гүйцэтгэчихвэл манай хэсгийн хэмжээнд хоёрдогч шилэн кабель тавих ажил дуусна. Оны төлөвлөгөөт ажлуудаас ХАБЭА болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм мөрдөх чиглэлээрх ажлуудыг цаг хугацаанд нь хийсэн. Хүлээгдэж буй ажил байхгүй. Дөрөвдүгээр улирлын ажлыг төлөвлөсөн, батлагдаад ирэхээр нь төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Мөн бид Замын даргын үзлэгт бэлтгэж байна.

Ийнхүү Сумангийн зоо зөрлөгт парк нэмж сунгах өргөтгөлөөр ДТХ буюу холбооны гадна болон доторх холбоожуулалтын тоног төхөөрөмж, байгууламжуудын угсралтын ажлыг бүрэн хийж, ажиллагаанд оруулснаар механикчтай ангийн хэмжээний зөрлөгүүдээс камержуулсан хамгийн анхных нь болж байгаа аж. Өнөөгийн байдлаар, зам паркад хяналтын камер суулгах ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Тус ангийнхны хэлснээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж зарим нь хөл хорионд орох, зорчигчийн галт тэрэг явахгүй байх зэргээс шалтгаалан техникийн бичиг баримт, тоног төхөөрөмжүүдийг дамжуулахад хүндрэлтэй байгаа гэнэ. Тээшийн галт тэрэг долоо хоногт хоёр удаа явж байгаа ч техникийн болон санхүү, ХАБ-тай холбоотой бичиг баримтууд хоцорч очдог. Тиймээс зарим үед автомашинаар зөөвөрлөх болжээ. 

Сэтгэгдэл үлдээх