Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-22

Өвлийн бэлтгэл

Өвлийн хувцасны хангалт эхэлжээ
Зорчигчийн вагон депо: Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 22 ажил төлөвлөснөөс өнөөгийн байдлаар 18 ажил 100 хувь, дөрвөн ажил 20-82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайлбал, шахмал түлшний саравч барих болон депогийн хэрэгцээний шахмал түлш татан авах ажил тус бүр 40, ажилчдын өвлийн хувцасны хангалт 20 хувьтай байгаа аж. Мөн зорчигчийн вагоны паркийг өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэг засвар 50 хувьдаа оржээ. Есдүгээр сарын 30-наас өмнө өвлийн тээвэрт бэлтгэж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус депогийн өвлийн бэлтгэл ажил нийтдээ 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна хэмээн мэдээллээ. 

Ачааны 3762 вагоныг өвлийн тээвэрт бэлтгэнэ
Вагон ашиглалтын депо: Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 43 ажил хийхээр төлөвлөснөөс 30 ажил 100 хувь, есөн ажил  50-80, дөрвөн ажил 10-50 хувийн биелэлттэй, нийт дүнгээр төлөвлөгөөний биелэлт 85.6 хувьтай байна. Мөн Замын хэмжээнд тээвэрлэлтэд оролцож байгаа хувийн хэвшлийн болон УБТЗ-ын бүх төрлийн ачааны вагонуудыг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх үзлэг засварын ажлыг Замын даргын А-761 тоот тушаалын дагуу энэ сарын 15-наас эхэлжээ. УБТЗ-ын эзэмшлийн 1998, хувийн хэвшлийн 1764, нийт 3762 вагоныг арваннэгдүгээр сарын эхэн гэхэд өвлийн тээвэрт бэлтгэж дуусах төлөвлөгөөтэй аж. Одоогийн байдлаар, ачааны вагоны паркийг өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг, засвар 10 хувьтай байна.  

Төлөвлөсөн ажил 75 хувьтай үргэлжилж байна
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо: Замын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 14, Вагоны аж ахуйн албаны төлөвлөгөөнд ес, депогийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөөр 19 ажлын биелэлтийг хангуулан ажиллаж байна. Одоогоор нийт төлөвлөгөөний биелэлт 70 хувьтай байна. Томоохон ажлуудаас дурдвал, DZL-4/1.25 төрлийн уурын хоёр зуух шинээр худалдан авч суурилуулах, ТГМ-23В илчит тэрэгний сэлбэг худалдан авах ажил үнийн сонгон шалгаруулалтын шатанд явна. Мөн өвлийн улиралд засварын цехийн дулаан хангамж, салхивч агааржуулалтын системийг сайжруулах зорилгоор автомат цонх суурилуулах, агааржуулалтын системийг өөрчлөн тоноглох зэрэг их барилгын ажил хийж байгаа аж. Мөн байгууллагын хэмжээнд анхны өвөлжигчдийн сургалтад 12 ажилтан хамруулжээ. Түүнчлэн, машин механизм, тоног төхөөрөмжийн үйлчилгээг хийлгэх, вагоны сэлбэг материалыг татан авах, өрөө тасалгааны хаалга, цонх, дээврийн засвар, урсгал засварын ажлууд 75 хувьтай үргэлжилж байна.

Замын урд чиглэлд ирэх сарын 1-нд галлагаа эхэлнэ
БАҮ-ний III анги: Наран-Элгэн-Замын-Үүд хоорондох УБТЗ-ын нийт аж ахуйн нэгж, байгууллагын 21 уурын зуухаар ус дулаанаар хангах, барилга байгууламжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Энэ жилийн төсөв төлөвлөгөөний дагуу өөрийн болон бусдын их засварын нийт 55 ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Өнөөгийн байдлаар, тус ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил 90 гаруй хувийн биелэлттэй байна. Мөн өөрийн болон бусдын аж ахуйн 13 дээврийн засварыг хийснээс хамгийн сүүлчийнх буюу Замын-Үүд эргэх депогийн дээврийн 2000 ам.метр талбайн засварыг гүйцэтгэж байгаа аж. Тус ангийн дарга Б.Батцэнгэл “Өртөө, зөрлөгүүдийн сантехникийн шугамын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, зарим сэлбэг материалыг Худалдан авалт, борлуулалтын албанаас авахаар, мөн гэрээгээр хийлгэх гэхчилэн зарим ажил хүлээгдэж байна.  Энэ жилийн ажил цар тахалтай холбоотой орой эхэлсэн ч санасныг бодвол хурдтай явж байгаа. Чойрын хэсэглэл буюу Наран-Элгэн-Шивээговь хоорондын таван өртөө, зөрлөгийн байршилд Эрчим хүчний сайдын шийдвэрийн дагуу энэ сарын 15-наас галлагааг эхлүүлсэн. Ангийн хариуцдаг хойд хэсэглэлдээ нүүрсээ татаж авсан бол урд хэсгийн захиалгыг  өгсөн. Замын урд чиглэлд ирэх сарын 1-нээс галлагааг эхлүүлнэ” гэв. 

Сэтгэгдэл үлдээх