Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-12

Н.Лхагвадорж: Толгойт-Амгалан хоорондын замын их засварын ажил сайн төлөвлөлт, салбар хоорондын нягт хамтын ажиллагаа, зөв зохион байгуулалт шаардана

-УБТЗ энэ жил тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор 80 км замд их завсар хийхээр төлөвлөсөн. Үүний 18 км-ийг Улаанбаатарт буюу Толгойт-Амгалан хоорондын замд хийнэ. Энэ хооронд өдөртөө 70-80 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг хэд хэдэн гарам бий. Эдгээр гармын зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж их засварын ажлаа гүйцэтгэх вэ? 
-УБТЗ сүүлийн жилүүдэд суурь бүтцийн засвар, шинэчлэлийн ажилд хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөж, санхүүжүүлж байгаа. 2020 онд гол замын их засварыг Сумангийн зоо-Замын-Үүд-2 хоорондын 68.3 км замд хийсэн бол 2021 онд 80 км замд их засварын ажил гүйцэтгэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ жилийн зам эрүүлжүүлэлтийн их засварыг Толгойт-Улаанбаатар-Амгалан, Мааньт-Оорцог Энгэр, Замын-Үүд-2-оос улсын хил хоорондын замд хийнэ. Сүүлийн дөрөв, таван жил төлөвлөсөн ч янз бүрийн нөхцөл, шалтгааны улмаас хийж амжихгүй байсан Толгойт–Амгалан хоорондын замын их засварын ажил нь галт тэрэгний болон автомашины хөдөлгөөний нягтрал ихтэй, төмөр замтай огтлолцсон олон төрлийн инженерийн байгууламжтай тул биднээс ажлын сайн төлөвлөлт, салбар хоорондын нягт хамтын ажиллагаа, зохион байгуулалт шаардсан төвөгшилт ихтэй ажил. Энэ хэсэглэлийн замын их засварын ажлын хүрээнд 396 дугаар км буюу Таван шарын гарам, 404 км-ийн буюу Зүтгүүрийн депо, 405 км буюу Нарны зам-Гандийн гудамжийг холбосон авто зам, 407 км буюу Дүнжингаравын уулзварын авто гармуудын хөдөлгөөнийг хааж, зам засварын ажил гүйцэтгэнэ. Мэдээж, төмөр замын суурь бүтэцтэй огтлолцсон инженерийн байгууламжид үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид оны өмнөөс Нийслэлийн захирагчийн ажлын алба, Авто замын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан. Гарам дээр засвар үйлчилгээ хийх үед автомашины хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах, авто машины хөдөлгөөний тойрох маршрут зэргийг тохиролцох цахим хурал, уулзалтыг зохион байгууллаа. Эхний гармын засварын ажлыг 396 дугаар км буюу Таван шарын гарам дээр энэ сарын 6-7-нд шилжих шөнө хийж гүйцэтгэсэн.
-Галт тэрэгний хөдөлгөөний эрчим нэмэгдэж буй энэ нөхцөлд бид суурь бүтцийн үйлчилгээнд аль болох хамгийн бага хугацаанд их засварын ажлыг гүйцэтгэх нь чухал. Тэр тусмаа нийслэлд. Ямар технологийн шийдлүүдийг ашиглахаар төлөвлөж байна вэ?
-Толгойт–Амгалан хоорондын замын их засварын ажлыг гүйцэтгэхэд нийслэлийн авто замын хөдөлгөөн мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг аль болохоор хамгийн бага хугацаанд саатуулахаар зохион байгуулж байна. Иймээс авто замын гарам болон гарам орчмын замын их засварын ажлыг авто машины хөдөлгөөний нягтрал бага байх үе буюу шөнийн цагаар хийж гүйцэтгэнэ.
-Хот дотор их засвар хийхтэй холбоотойгоор нийслэлд орж ирэх ачаа урсгал жигд биш болох, ачаа хүргэх хугацаа нэмэгдэх, нэг дор их хэмжээгээр ачаа буух гэх мэтээр гарах хүндрэлүүд бий. Тиймээс УБТЗ-тай хамтран ажилладаг албан байгууллагууд, салбар зам эзэмшигчид юунд анхаарах хэрэгтэй вэ? 
-УБТЗ-ын зам засварын төлөвлөгөөт ажлууд зургадугаар сараас эхлэх гэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-аар үйлчлүүлэгч хамтран ажилладаг байгууллагууддаа хандаж тээвэрлэлтийн хугацаа бага зэрэг нэмэгдэх, ердийн үеийн тээвэрлэлтээс илүү цаг хугацаа шаардагдах тул төлөвлөлт зохион байгуулалтдаа анхаарч ажиллахыг хүсье. Энэ тухай мэдэгдлийг ч олон нийтийн сүлжээгээр нийтэд хүргэж байгаа. Мөн дагнасан хэрэглээний төмөр замын суурь бүтэц эзэмшигчид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үргүй зардлыг бууруулах зорилгоор замынхаа техникийн байдалд онцгой анхаарч хүчжүүлэлт, сайжруулалтыг төлөвлөлттэйгээр хийж явах нь аливаа эрсдлээс сэргийлэх давуу талтай гэдгийг зөвлөмөөр байна.
-Мэдээж, зам бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах суурь үндсэн хэсэг шүү дээ. Нэвтрүүлэх чадвар, галт тэрэгний хурд, тээвэрлэлтийн өртөг гээд энэ бүхэнд шууд нөлөөлдөг. Яах вэ, хот дотор хийж байгаагийн хувьд ахин дахин гар хүрээд байхгүйн тулд өндөр чанартай зам тавихаар төлөвлөж байгаа байх. Чухам ямар техникийн үзүүлэлттэй зам тавих вэ. Энэ талаар тодруулаач?
-Толгойт-Амгалан хоорондын зам бол хамгийн сүүлд 1989 онд их засвар хийгдсэн Р50 зам төмөртэй, хадаасан бэхэлгээтэй. Балластын бохирдол өндөртэй, хайрган балласттай. Ашиглалтын хувьд хуучирсан зам. Бид ийм замыг Р65 зам төмөртэй, АРС бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй, буталмал чулуун чигжээстэй, суурь бүтцийн хувьд өнөөгийн тээврийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зам болгох болно.
-Та бид хоёр нэгэнт нийслэл дундуур дайран өнгөрсөн төмөр замын талаар ярьж байгаагийн хувьд нэг зүйлийг асуулгүй өнгөрч чадахгүй нь. Энэ бол “Богдхан” төмөр замын төсөл. Засгийн газрын түвшинд нийслэл хот дундуур дайрсан төмөр замыг Богд уулын урдуур тойруулах тухай асуудал ярьж байгаа. Төсөл ойрын хугацаанд хэрэгжихээр бол магадгүй УБТЗ хөрөнгө, мөнгө гаргаад үүнийг хийх хэрэг байна уу л гэж. Та хувь хүнийхээ хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ? 
-“Богдхан” төмөр зам хэрэгтэй төсөл үү гэвэл хэрэгтэй. Энэ төслийн тухай бид олон жил ярьсан. Чигийн хувьд олон хувилбар боловсруулагдсан байдаг. Миний бодлоор иймэрхүү бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр бид төсөл боловсруулдаг олон улсын мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, суурь болон олон талын судалгааг нарийвчлан хийлгэх хэрэгтэй. Үүний үндсэн дээр төлөвлөлт хийх нь зөв. Өнөөдөр Монгол инженерүүд бид өөрсдөө зураг төслөө хийгээд өөрсдөө барьж чадаж байна гэж ярьдаг. Үнэхээр ч бид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Нефть боловсруулах үйлдвэрийн салбар зам, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэлээ. Гэхдээ эдгээр төслүүдийн эдийн засгийн үр ашгийг зөв тооцож бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийг цогцоор харж чадаж байна уу гэдэгт би эргэлздэг. Одоо хэрэгжиж буй төслүүдээс харахад төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд бидний туршлага дутаад байна уу даа гэж бодогдсоныг нуугаад яах вэ. Тэгэхээр миний бодлоор бол улс орны хөгжил, эдийн засгийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ болон зураг төслийг нь маш ул суурьтай цаг хугацаа зарцуулан боловсруулж, орчин үеийн шийдэл, технологиудыг нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй юм уу гэж үздэг. “Богдхан” төслийн тухайд санхүүжилтийг УБТЗ гаргаад ийм бүтээн байгуулалт хийх боломжгүй тул Засгийн газрын төсөл, хөтөлбөрөөр хийж гүйцэтгэх нь зөв юм болов уу гэж хардаг шүү. 
-Материалын хангалт тулгамдсан асуудал. Замын албаны харьяа аж ахуйн нэгжүүд материалын хангалтгүйгээс шалтгаалаад төлөвлөсөн ажил нь хойшлох, цаг хугацаа алдах, зарим тохиолдолд амжихгүй ч хэмжээнд хүрдэг шүү дээ. 80 км замд их засвар хийнэ гэдэг амаргүй ажил. Материал хангалт ч тэр. Юу гэж асуух гээд байна вэ гэхээр, их засварын ажилд шаардлагатай материалууд болох зам төмөр, бэхэлгээ гээд урьдчилж бэлтгэх, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдсэн үү?
-2021 оны зам эрүүлжүүлэлтийн их засварын ажлын бэлтгэлийг хангах зорилгоор 2020 оны намар Замын захиргаанаас гадаад зах зээлээс худалдаж авдаг замын дээд бүтцийн материалуудын хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Улмаар татан авалтыг хийснээр бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж ойлгоход болно. Зам засварын машинт станцын Үе угсрах баазад үе угсрах ажил, Төмөр бетон дэрний үйлдвэрт төмөр бетон дэр үйлдвэрлэл, Чулуун заводын буталмал чулуун чигжээс үйлдвэрлэх ажил гээд бүгд төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байна.
-Ганц гол замтай манай төмөр замын хувьд ачаа тээврээ нэмэгдүүлэх боломж нь замын аж ахуйг хүчжүүлэх. Тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед 2021 онд замын аж ахуйд 80 км их засвараас гадна ямар чухал хөрөнгө оруулалтууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ? 
-Энэ жилийн манай албаны төлөвлөгөөнд тусгагдсан томоохон онцлог ажлуудаас дурдвал, УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн эхний үе шатанд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Ерөө-Орхон хоорондын замын 72 дугаар км-ийн Шарын гол дээр байрлах төмөр гүүрийг шинэчлэх ажил багтсан. Учир нь, хөдлөх бүрэлдэхүүний нэг голоос замд ирэх даацыг нэмэгдүүлэх зорилгоор төмөр бетон гүүр шинээр барина. Чулуун заводын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шинээр бутлах шугам хөрөнгө оруулалтаар авч суурилуулахаар болсон. Төмөр бетон дэрний үйлдвэрийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр CZ маягийн бетон дэрний 30 ширхэг хэв худалдан авч үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гээд УБТЗ-ын тээвэрлэлт, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажил төлөвлөснийг хэлэх хэрэгтэй байх. Мөн Монгол инженерүүд маань 2019 онд анх удаа зорчигчийн вагоныг зам төмөр тосолгооны төхөөрөмжөөр тоноглож, компьютерийн удирдлагатай Монгол програм хангамжтайгаар ашиглалтад оруулж байсан бол энэ онд дахин нэг вагоныг төхөөрөмжлөх их барилгын ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байна. Нэмээд хэлэхэд, замчдыг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг хангах төслийн хүрээнд 2020 онд 10 ширхэг фургон авто машин авсан бол 2021 онд 18 ширхэг фургон авто машин худалдан авч ашиглахаар боллоо.
-Танай алба бүх засварын ажлаа нэгдсэн төлөвлөгөөгөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нэгдсэн төлөвлөгөөндөө бусад албад болон Замын ангиуд, ЗЗМС-ын саналыг авч технологио уялдуулахаар болсон. Энэ ажил ямар шатанд яваа вэ. Магадгүй огт төлөвлөгдөөгүй ажлууд, шинэ төмөр замын бүтээн байгуулалтаас шалтгаалаад ч юм уу нэгдсэн төлөвлөгөө  санасан хэмжээгээр батлагдахгүй байх эрсдэл бий юу? 
-Замын аж ахуйн алба шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил, салбар нэгж бүрийн сарын турш хийгдэх ажлын календарьчилсан төлөвлөгөөнүүдийг хянаж, аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нарийн зохион байгуулан ажилладаг. Ер нь, манай алба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2021 онд хийж гүйцэтгэх шинэ төмөр замын бүтээн байгуулалт, их барилга, их засвар, өртөө зөрлөгийн өргөтгөлийн барилгын ажлын календарьчилсан графикийг гаргаж хэд хэдэн удаа холбогдох Замын орлогч дарга, албадын удирдлагад танилцуулж, зохих шийдвэрүүдийг гаргуулан авсан. 
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын замын дээд бүтцийн барилга угсралтын ажлыг манай алба УБТЗ-ын Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хамт зохион байгуулж байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан графикийн дагуу амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү зохион байгуулалтын арга хэмжээнүүд маань аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье! 

Сэтгэгдэл үлдээх