Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-15

Д.Тамир: Оюуны асар том үйлдвэрлэл хийдэг хамт олноороо бахархдаг

-Тээврийг оновчтой зохион байгуулахад танай албаны боловсруулдаг статистик мэдээллүүд чухал үүрэгтэй. Эхний улирлын тээврийн тоон үзүүлэлтүүдийг харахад төлөвлөгөөнөөс давж биеллээ. Өнөөдрийн байдлаар тээврийн тоон үзүүлэлтүүд бидэнд юу хэлж байна вэ? Төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэхийн тулд цаашид юунд анхаарах хэрэгтэй байна вэ? 
-УБТЗ оны эхний таван сард нийт 13 сая 383 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 104.2 хувь биелүүллээ. Өөрөөр хэлбэл, 539.9 мянган тонн ачаа илүү тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 111.4 хувь, 1366.9 мянган тонн ачаагаар илүү. Энд импорт 1375.5, экспорт 4934.5, орон нутгийн ачаа 5278.3, дамжин өнгөрөх ачаа 1795.0 мянган тонн тээвэрлэжээ. Оны эхний таван сараар тээвэрлэлтийн хэмжээнд импорт 10.28, экспорт 36.87, орон нутгийн ачаа 39.44, дамжин өнгөрөх ачаа 13.41 хувийг эзэлсэн. Нийт ачилтад 165718 вагон 10212.8 мянган тонн ачаа хүлээн авч хэрэглэгчдэд хүргэлээ. Ачилт төлөвлөгөөнөөс 446 мянган тонн ачаа буюу 104.6 хувийн биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 109.6 хувь буюу 895.5 мянган тонноор илүү ачаа илгээж. Ачилтыг 19 нэр төрлөөр гаргаж байгаа бөгөөд голлох ачаанд нүүрс 40.93, уул уурхайн ачаа 40.21 хувийг эзэлдэг. Тоо бидэнд юу хэлж байна вэ гэхээр, хоногийн вагон эргэлт 3.8 хоног болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хоногоор удааширсан. Энэ нь, цар тахлаас үүдэж хөрш замууд ачаа хүлээн авах нь багассанаар вагоны сул зогсолт ихсэж, эргэлт удааширсантай холбоотой. Уг асуудалд ГХЯ болон УОК анхаарлаа хандуулаад эхэлсэн нь сайн хэрэг.
-“Цахим шилжилт-2025” хөтөлбөрийн явцын талаар манай уншигчдад танилцуулаач. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “УБТЗ 2025 он гэхэд тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, ажилтнуудын ажлын бүтээмж өснө” хэмээн танилцуулж байсныг тань санаж байна л даа?
-Замын даргын 2020 оны тавдугаар сарын 29-ний А-402 тоот тушаалаар баталсан УБТЗ-ын “ЦАХИМ ШИЛЖИЛТ-2025” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг бид нийт төмөр замчдадаа танай сониноор болон албан ёсны вэб сайтаар дамжуулан хүргэсэн. Уг хөтөлбөрийг чиг баримжаа болгон төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлэх ажлыг бид шат дараатай хийж, гүйцэтгэж байна. Тухайлбал, 2020 онд Зорчигч тээврийн үйлчилгээний системийг хөгжүүлж, үйлчлүүлэгч нарын хэрэгцээнд ойртуулах чиглэлээр дараах ажлыг гүйцэтгэсэн. Үүнд зорчигчдод галт тэрэгний тасалбарыг авахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 19001949 лавлагааны системд хандахаас эхлэн галт тэрэгний мэдээллийг хурдан хугацаанд олж авах боломжтой болгов.Үүний тулд мэдээллийн хайлтын вэб загварын програм хангамжийг зохион 19001949 лавлагааны системийн операторуудын ажлын байранд ашиглалтад оруулсан юм. Дээр нь, лавлагаанд ачаа тээврийн мэдээлэл, байгууллагын тухай, өртөө, зөрлөгийн талаар, хаягдаж гээгдсэн зүйлсийн талаар, үүрэн телефоны гэх мэт 16 төрлийн мэдээллийн лавлагааг өгөхөөр сайжруулсан байдаг. Мөн CallPro үйлчилгээг ашиглан дансанд төлбөрөө байршуулсан зорчигчийн худалдан авсан тасалбарыг мессежээр хүргэх үйлчилгээ бий болгож, хоёрдугаар сараас нэвтрүүлсэн нь одоогийн байдлаар 56000 гаруй тасалбар худалдаалсан байна. Хэрвээ та анзаарсан бол киоск машинд зориулсан програм хангамж боловсруулж, ХХБ-тай хамтран Зорчигч тээврийн төвд IP POS карт уншигч төхөөрөмжийн гүйлгээг нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн шүү дээ.
-Тийм ээ, бид анзаарсан. Харин и-баримтын систем нэвтэрснээс хойш УБТЗ-аар зорчигчийн галт тэргээр үйлчлүүлэгчид татварын буцаан олголт, сугалаатай холбоотой гомдол, санал их гаргах болсон. Энэ асуудлыг танай албаны оролцоотой шийдвэрлэсэн гэж дуулсан. Яг ямар зохицуулалт хийсэн юм бэ? 
-Тэгэлгүй яах вэ. Бид галт тэрэгний тасалбарт байгууллагын и-баримт үүсгэх хэсгийг боловсруулж, Татварын ерөнхий газрын сервертэй холбогдон регистрийн дугаараар сугалааны баримт үүсгэдэг болгосон. Ингэснээр тасалбар худалдаалалтад суурин касс, мессеж тасалбар, интернэт тасалбаруудад и-баримтын сугалааны тасалбар үүсгэх маягаар зохицуулалт хийсэн. Нэмээд галт тэргэнд тасалбар шалгах аппликейшн боловсруулж, “Urovo” маркийн зөөврийн төхөөрөмжид суурилуулан хэрэглэгчдэд хүлээлгэн өглөө. 
-Ажлын байрны автоматжуулалтыг бүрэн нэвтрүүлбэл УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал одоогийнхоосоо нэмэгдэх боломжтой гэж ярих хүмүүс бий. Магадгүй, цар тахлын нөлөөгөөр зарим механик, гар ажиллагаатай цахимжуулж болох ажлын байрууд анзаарагдаж байх юм уу?
-Бид энэ талаар өмнө ярилцаж байсан. Гэхдээ тэр үед өгсөн мэдээллүүд дээр нэмээд би танд зарим нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. УБТЗ АТМС програм хангамжид Хятадын төмөр замаас хүлээн авсан мэдээллийг татан ашиглаж, транзит нөхөн илгээлтийн падааныг шивж оруулдаг модуль нээлээ. Натурка програм хангамжийн мэдээллийн санг Оракл 18 руу шилжүүлж, өртөөний ирэлт, явуулалт, зам тус бүрийн эзэлгээг байрлаж буй хөдлөх бүрэлдэхүүний уртаар харуулдаг болсон. АТМС системийн ГНГ кодыг натурка ачааны кодтой холбож автоматаар ачилтын мэдээллийг бүртгэдэг болсон шүү. Галт тэрэгний үзлэгийг өртөөний жижүүр, ХАП, ТҮГ гэх гурван төрлийн хэрэглэгч цахимаар хөтөлдөг болголоо. Үүнийг дагаад вагон үзэгч нарын ВУ-14 дэвтэр болон ВУ-23, ВУ-26, ВУ-36, ЕМА маягтуудыг цахим хэлбэрт шилжүүлэв. Ачилтад тэнцсэн вагоны үзлэгийн дэвтэр болох ГУ-98А цахим дэвтэрийг хийсэн. Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчдын гараар хөтөлдөг байсан гонзгой тайланг халж, Натурка програмаас таван кругээр автоматаар гарган цахим хэлбэрээр ашигладаг боллоо. Орон нутгийн тээвэрлэлтийг цаасгүй технологиор үйлдэж, бүрдүүлэлтийг цахим гарын үсгээр баталгаажуулан илгээж байна. Мөн ОХУ-ын чиглэлд илгээж буй хоосон вагонуудыг бичиг баримтгүйгээр тээвэрлэж, хоёр талын цахим гарын үсгийн баталгаажуулалттай мэдээллийг тогтмол дамжуулдаг. Одоогоор УБТЗ-ын 38 байгууллагын 321 хэрэглэгчийн цахим гарын үсгийг гэрчилгээжүүлж, и-токен төхөөрөмжөөр хангасан. Энэ нь, Засгийн газраас хэрэгжүүлж буй E-Mongolia порталтай интеграци хийн холбогдох шат дараалласан ажлуудын нэг юм. 2020 онд Ачаа тээврийн цахим системийн гэрээний орлого 725.7 сая төгрөг, цаасгүй тээвэрлэлтийн үр дүнд гарсан цаасны хэмнэлт 90 сая төгрөгт хүрсэн гэдгийг хэлье. Дээрх ажлын үр дүнд Ачаа тээврийн цахим системийн хэрэглэгч нарт мэдээлэл ил тод, ашиглахад тохиромжтой болж, хөдлөх бүрэлдэхүүний мэдээлэл сайжирч, галт тэрэгний үзлэг засварын бүртгэл цахимжсан.
-Замын захиргаанаас төмөр замчин хүн төрийн үйлчилгээ түүн дотроос төмөр замын үйлчилгээг саадгүй эрх тэгш авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа шүү дээ. Энэ талд ямар ажлууд хийж эхлүүлсэн бэ? 
-Бид Авто тээврийн үндэсний төвтэй хамтран хосолсон тасалбар худалдаалах чиглэлээр судалгаа хийж, хоёр талын серверүүдийн холболтуудыг туршсан. Зорчигч үйлчилгээний төв дээр туршилтын цонх нээгээд байгаа. Ачаа тээврийн үйлчилгээний хувьд цахим системийг хөгжүүлж, мэдээллийг үйлчлүүлэгчдэд нээлттэй болгон тунгалагшуулсан. ЗТХ-ийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу “Үйлчлүүлэгчдэд зориулсан орон нутгийн болон экспортын ачилтын вагон захиалгын хангалтын шилэн цонх” програм хангамжийг ашиглалтад орууллаа. Үйлчлүүлэгчид маань https://order.ubtz.mn цахим хаягаар АТҮЦС-ийн нэвтрэх эрхээр системд холбогдон, ачилтын өртөө, ачилтын төлөвийг сонгосноор ачилтын захиалга ирүүлсэн бүх хүсэлтийг огноогоор нь дараалуулан байрлуулсан хүснэгт хэлбэрээр харж, өөрийн захиалгыг ямар дараалалд орсон, ямар хугацаанд ачигдах тухай баримжаа авч ажлаа төлөвлөх боломжтой болж байгаа юм. Энэ тохиолдолд ачилтын захиалгын мэдээллийг үйлчлүүлэгч байгууллага, иргэдэд илүү нээлттэй тунгалаг байдлаар харуулах, ачилтын захиалга хэрхэн хангагдаж байгаа талаар УБТЗ-ын удирдлага, зохих шатны хяналтын албан тушаалтнууд харж, хяналт тавих боломж бүрдсэн гэхэд болно. Таны асуугаад буй төмөр замчин хүн төрийн үйлчилгээ, түүн дотроос төмөр замын үйлчилгээг саадгүй эрх тэгш авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагийн л нэг хэлбэр шүү дээ. Эдгээр ажлын үр дүнд 2020 онд худалдаалсан нийт 1949765 тасалбарын 350646-г буюу 18-20 хувийг онлайнаар худалдаалсан бөгөөд тасалбарын загварыг шинэчилж нэвтрүүлсний эдийн засгийн үр дүн нь нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан.
-Цар тахлын нөлөөгөөр төмөр замчид багагүй хугацаанд цахим сургалт, онлайн хурал, зөвлөгөөн зохион байгууллаа. Нэг талаараа энэ байдал хэвшил болж байх шиг харагдаж байна. Энэ тал дээр танай алба ямар дүгнэлттэй ажилладаг вэ. Жишээлбэл, зарим ажлын байрыг автоматжуулах, цахим сургалтыг илүү чанартай болгоход танай албанаас шалтгаалах ямар санал, санаачлагууд байж болох вэ? 
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Замын шуурхай зөвлөгөөн, гамшгаас хамгаалах штабын онлайн хурал, зөвлөгөөнүүдийг ZOOM, MICROSOFT TEAM зэрэг олон програм хангамж ашиглан амжилттай зохион байгуулсан. Хэрэглэгчдийг ч сургаж жигдрүүлсэн. Мэдээж, эхний хэрэглэгчээс гарч байсан бүх асуудлыг манай инженерүүд зохицуулж, жижиг гэлгүй энэ бүх бэрхшээлийг нэр төртэй давлаа. Манай албаны хувьд УБТЗ-ын мэдээллийн аюулгүй байдлын түр журам боловсруулан мөрдөж, автоматжуулсан системийн ажлын байрны хэрэглэгчид тусгаарлалтад орсон ч ажил үүргээ орон зайнаас үл хамааран технологийн сүлжээнд нэвтрэн ажиллах хандалтыг зохицуулж ажиллав. Та бүхэн анзаарсан бол ковидын үед маш олон ажилтан гэрээсээ яг ажил дээрээ байгаа мэт програм ашиглан ажил, үйлчилгээгээ саадгүй явуулж байсан. Үүний ард манай хамт олон ажиллаж байгаа юм. Би залуусаараа бахархдаг. Учир нь, оюуны асар том үйлдвэрлэлийг хийж гүйцэтгэчихээд чимээгүйхэн инээгээд алхдагт нь. COVID-19 цар тахалтай холбоотойгоор УБТЗ-ын хэмжээнд хийж буй халдваргүйжүүлэлтийн мэдээг аж ахуйн нэгжүүд өдөр бүр програмд шивж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба нэгтгэн Замын захиргаанд хүргүүлдэг. Уг вэб хуудсыг нийт 142 хэрэглэгч өдөр тутам ашиглаж байна. Үүнийг бас л хэрэглэгчийн гар ажиллагааг хурдавчилахад зориулж хоёр өдөрт л манай залуус хийж гүйцэтгэсэн.
-Өнөөдрийн нөхцөл байдал биднийг хүссэн, хүсээгүй цахим шилжилтээ түргэтгэхийг шаардах боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд ч гэсэн шилжилтийн хугацааг илүү шахах болж. УБТЗ-тай хамтран ажилладаг Төрийн байгууллагууд энд хэрхэн нэгдэж байна вэ. Учир нь, төрийн албаны хүнд сурталтай, уялдаа холбоо муу гэсэн шүүмжлэлүүд явдаг. Хувийн хэвшлийнхэн бол маш сайн оролцоотой ажилладаг учраас Төрийн гэж тодотгож асуусан юм шүү? 
-ЗГХЭГ-аас хэрэгжүүлж буй “Төрийн энтерпрайз архитектур” дэд төслийн хүрээнд бид “E-MONGOLIA” хөтөлбөрт галт тэрэгний тасалбар худалдаалалтын үйлчилгээг нэгтгэлээ. Цаашид төмөр замын олон үйлчилгээг системийн интеграци хийн холбох болно. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх цогц хөтөлбөрүүд хэрэгжих тул төрийн байгууллагууд өмнөхөөс идэвхтэй оролцох болов уу. Бид Гаалийн Ерөнхий Газрын мэдээллийн технологийнхонтой харилцан мэдээ солилцох чиглэлд маш нягт ажиллаж байгаа. Мөн Татварын Ерөнхий газартай ч системээ интеграци хийсэн.
-УБТЗ-ын мэдээлэл, технологийн байдал хуучирсан. Үүнийгээ дагаад аюулгүй байдлын асуудал яригддаг. Хөрөнгө мөнгөний асуудлыг 2021 ондоо багтаад шийдвэрлүүлнэ гэж байсан. Энэ ажил хэр ахицтай явна вэ. Бас л том мөнгөн дүнтэй ажил шүү дээ?
-Бид Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөр, Зам, тээврийн хөгжлийн яамны “Цахим яам” хөтөлбөрүүдийн хүрээнд Төмөр замын тээврийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт арга техникийг нэвтрүүлэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг тавин ажилладаг. Үүний дагуу мэдээллийн технологийн эрсдлийг өнөөгийн байгаа түвшинд тодорхойлуулан ажиллахаар Замын даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны А-584 тушаалын дагуу “УБТЗ-ын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ”-г 2020 онд төрийн тусгай байгууллагаар хийлгэж, тус үнэлгээний зөвлөмжийн дагуу эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2020-2022 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх зорилт тавин 2021 оны эхний хагас жилд серверийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийн эхний ээлжийн шинэчлэлийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Мөн энэ онд серверийн өгөгдөл хадгалах төхөөрөмжүүдийн шинэчлэлт болон аюулгүй байдлын програм хангамж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан уг ажлыг бүрэн гүйцэтгэхээр ажиллаж байна. Серверийн шинэчлэлийн эхний шатны ажил болох “Dell Blade Chassis Power Edge MX7000” төхөөрөмжийн иж бүрдлийг суурилуулснаар АТҮЦС-ийн үндсэн өгөгдлийн сангийн орчинг шинэчлэв. “Oracle Database 11g” байсныг шинээр авч “Oracle Database 19C” үйлдлийн системийг “Oracle Linux 8” болгон шинэчлэсэн. Ингэснээр програм хангамжийн бүтээгдэхүүнүүдэд “Оracle parallel” технологи ашиглан “Select query” хийх үйлдлийн хурд 4-8 дахин хурдаслаа. Серверүүд рүү хандах сүлжээнүүдийг ангилан Online сүлжээ, Удирдах газрын сүлжээ, аж ахуйн нэгжүүдийн сүлжээ, VPN сүлжээ болгон тусгаарлан холболтуудыг хийж, серверүүдийн сүлжээг хоёр тусдаа хаяглалт тохируулан холбогддог байсныг нэг болгон холбож тохируулсан. Шинээр худалдан авсан “Eset End Point Security”-ын “Central Manage” системийг шинээр сервер үүсгэн суулгаж, тохируулсан зэрэг нь Монголдоо УБТЗ-ыг анхдагч байгууллага болгож байгаа юм. Мөн Хятадтай мэдээ солилцооны систем дээр Хятадын талаас E1 урсгалын төхөөрөмжөө шинэчлэн “redundancy” шугам нэмж шалгасан. Нөөц E1 шугам туршиж үзсэн тест амжилттай болсноор хоёр E1 шугамтай болох нөхцөл бүрдлээ. 
-Өдөр тутам тээврийн үзүүлэлтүүдийг харж байгаагийн хувьд оны эцсийн ачаа тээврийн хэмжээг таамаглах боломж бий юу. Мэдээж, прогнозчлох тал дээр шинжлэх ухааны олон арга байдаг байх? 
-Таамаглах аргууд бий. Олон хүчин зүйлийн нэгдүгээр болон хоёрдугаар эрэмбийн анализ дээр экспертийн үнэлгээг нэмж, нийлмэл аргаар таамаглах нь хамгийн бага хазайлттай таамаглал байх болно. Миний баталсан энэ аргаар бол ачаа тээврийн хэмжээ энэ жилд 30.025 сая байх болов уу. Зарим хүчин зүйлүүдийн тогтворжилт он дуустал бага хазайлттай нөхцөлд шүү дээ. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье! 

Сэтгэгдэл үлдээх