Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

Мартах учиргүй хүн

Наушки-Улаанбаатарын төмөр замын зам барилгын ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлэх, Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг байгуулах БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурах, нийгэмлэгийн удирдах дээд байгууллага Ерөнхий хороог зохион байгуулах зэрэг нарийн төвөгтэй олон үйл явдлын төвд нь явж, идэвхтэй оролцсон хүн бол тухайн үеийн Тээврийн яамны сайд асан Сангарагчаагийн Ядамсүрэн юм. Тэрээр, улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон тээврийн салбар, тэр тусмаа төмөр замын тээврийг хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр нийгмийн зүтгэлтэн билээ.
С.Ядамсүрэн 1911 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт төржээ. Бага наснаасаа гэрийн багшаар бичиг үсэг заалган, боловсролын захад хүрсэн авхаалжтай сэргэлэн хүү 1929 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийг төгсөж, ажил, амьдралын дөрөөнд баттай гишгэсэн гэдэг. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн цэргийн хороонд номын багшаар томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Төдөлгүй аймгийнхаа Монгол тээхэд жолооч болж, улмаар байцаагчаар дэвшин ажиллаж байгаад цэргийн албанд шилжин, Дорнод аймгийн Тамсагбулаг дахь V морьт дивизэд жолооч, штабын эх зохиогчоор ажиллаж байв. С.Ядамсүрэн багаасаа техникт сонирхолтой байсан нь хорооны номын багшийн ажлаа жолоочоор сольсон явдал харуулна. Энэ удаа ч мөн түүний дээрх сонирхол амьдралынх нь замыг өөрчлөв. 
Улмаар, Улаанбаатарт ирж Нисэхийн сургуульд суралцан төгсөж, Нисэх отрядад бага нисгэгч /туслах нисгэгчийг ингэж нэрлэдэг байсан бололтой/, Граажийн дарга, Радио нэвтрүүлгийн төвийн даргаар дараалан ажиллажээ. Түүний авхаалжтай сэргэлэн зан, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, эхэлснээ дуусгадаг зохион байгуулагч чадвар дээд удирдлагын анхааралд орж, 1940 оноос МХЗЭ-ийн Төв Хорооны Хэлтсийн даргаар дэвшүүлсэн бол нэн удалгүй Мал тариалангийн яаманд газрын даргаар томилов.
 Ийнхүү түүний нам, төрийн зүтгэлтэн болох зам тавигджээ. С.Ядамсүрэн 1945 онд 34-хөн насандаа Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, дараа нь Хөвсгөл аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллав. 1947 оноос Наушки-Улаанбаатарын төмөр зам барих их бүтээн байгуулалт эхэлжээ. Уг ажлыг Тээврийн яамны Дамдины Намсрай гардан удирдаж байв. Тэрээр 1907 онд одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутагт төрж, нам, эвлэлийн анхан болон дунд шатны байгууллагуудад хариуцлагатай алба хашин, 1940 онд Москва хотноо КУТВ /Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль/ төгссөний дараа Тээврийн яамны сайдаар томилогдсон байв. Төмөр замын бүтээн байгуулалтыг удирдахад техникийн болон тээврийн чиглэлийн мэдлэг, дадлага туршлагатай хүн хэрэгтэй байлаа. Тиймээс жолооч, нисгэгчийн мэргэжил эзэмшин цөөнгүй жил ажилласан туршлагатай Хөвсгөл аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Ядамсүрэнг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ийнхүү тэрээр, хожим ”Зууны бүтээн байгуулалт” хэмээн нэрлэгдсэн Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг барих ажлыг Засгийн газрын нэрийн өмнөөс удирдах үүрэг хүлээжээ. Тээврийн яамны үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй тухайн үед мөн л эхлэл төдий байсан авто тээврийн сүлжээг өргөтгөх, авто замын шинэ трассууд бий болгох, авто шуудан харилцаа, усан замын тээврийг хөгжүүлэх, нисэх хүчнийг иргэний нисэхийн харилцаанд татан оролцуулах гээд олон чухал асуудлыг холбогдох яамдтай хамтран ажиллах шаардлага тулгарчээ. Эдгээр онц чухал зорилтын төвд Монгол Улсын хувьд цоо шинэ салбар болох Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг богино хугацаанд төлөвшүүлэх ажил орсон байна. Наушки-Улаанбаатарын төмөр замыг барьж байсан 505 дугаар барилгыг Удирдах газрынхны шаргуу хөдөлмөрийн үр дүнд бүтээн байгуулалтын ажил 1949 оны дунд үе гэхэд төгсгөлийн шатандаа дөхөж очоод байв.
Ийнхүү 1949 оны зургадугаар сарын 06-ны өдөр Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын, Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээр байгуулагдаж, нийгэмлэгийн дүрмийг батлан, мөн оны есдүгээр сарын 19-нд Ерөнхий Хувь нийлүүлэгчдийн болон Нийгэмлэгийн Ерөнхий хорооны анхдугаар хурлууд болж, Ерөнхий хорооны даргаар БНМАУ-ын Тээврийн яамны сайд С.Ядамсүрэнг сонгож баталсан байдаг. Ийнхүү тэрээр, хоёр улсын Засгийн газрын нэрийн өмнөөс улс оны хөгжлийн ирээдүйд жинтэй хувь нэмэр оруулах учиртай төмөр замын салбарыг удирдан ажилласан юм. Ерөнхий хорооны нэн тэргүүний зорилт нь Наушки-Улаанбаатарын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг нээх, төмөр замын гол шугамыг байнгын ашиглалтад оруулж, Хувь нийлүүлсэн нийгэмлэг хүлээн авах, УБТЗ-ыг ажиллах хүчнээр нэн яаралтай хангаж, шинээр элссэн ажилчдыг төмөр замчны мэргэжилд сургах байжээ. Улс орны хэмжээний эдгээр зорилт БНМАУ-ын Тээврийн яамны сайд, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга С.Ядамсүрэнгийн удирдлага дор амжилттай хэрэгжсэн билээ. 
Төмөр замыг байнгын ашиглалтад авч, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэн өгөх хоёр талын хамтарсан комиссын Монголын талыг ахлан, хэдхэн жилийн дараа Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авахад ч мөн энэ үүрэгтэйгээр оролцжээ. Чухам ийм учраас тэрээр УБТЗ-ын түүхэнд онцгой оролцоотой нэгэн байв. С.Ядамсүрэн салбарын сайдаар 10 жил, Ерөнхий хорооны даргаар есөн жил орчмын хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эргэлтийн шинжтэй олон үйл явдлын эхлэл тавигдаж байв. 1950-иад оны эхэнд нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших аян, үйлдвэржих үйл явц өрнөж эхэлсэн юм. Энэ бүхэнд манлайлагчийн байр сууринаас идэвхтэй оролцоход мэдлэг боловсрол чухал байсан тул 1958-1960 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд сурч, төгсөөд Баянхонгор аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогджээ. Чухам тэр үед ЗХУ-д Н.С.Хрущевийн шинэчлэлийн салхи сэвэлзэж, Сталинч дэглэмийн үеийн хэлмэгдүүлэлтийг хүчтэй шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтэх үед гарсан алдаа завхралын хор уршигийг арилгах компант ажил ид өрнөж байв. 
Манайд ч мөн адил Х.Чойбалсанг шүүмжлэн хэлмэгдүүлэлтийн үед гарсан алдаа завхралыг арилгах үйл явц өрнөсөн. 1957 оноос Төмөр замын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хуучин чекист Б.Болд урьд өмнө Дотоод яаманд ажиллаж байхдаа гаргасан хэлмэгдүүлэлттэй холбоотой гэх алдаа дутагдлын улмаас 1962 онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, дөнгөж байгуулагдсан Суудлын вагон депогийн даргаар томилогдов. Оронд нь С.Ядамсүрэн УБТЗ-ын Н амын хорооны нэгдүгээр даргаар ирлээ. Тэрээр, 1962-1963 онд дэндүү богино хугацаанд энэ албыг хашихдаа жинхэнэ мэргэжлийн хүн шиг ажилласан байдаг. Юуны түрүүнд төмөр замчдын санаачилгаар өрнөсөн “Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн”-ий эрч далайцыг нэмэгдүүлэн, улс орон даяар түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн болгох талаар олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Зангилааны намын хороодыг орон тооны нарийн бичгийн даргаар удирдуулах ажлыг санаачлан зохион байгуулж, Намын хорооны ээлжит бүгд хурлаар төмөр замчдын ажлын хариуцлага сахилга батыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцүүлэн, тээврийн хэмжээ буурсантай холбоотойгоор орон тоо, төсөв зардлыг бууруулах дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Ийнхүү ажил хэрэг эрч хүчтэй өрнөж байлаа.
Гэтэл МАХН-ын Төв хороонд нэгэн гомдол очжээ. Төмөр замын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Ядамсүрэн ёс суртахууны ноцтой доголдол гаргасан тухай. Хүмүүсийн хоорондын харилцаанд илрэх байдаг л нэг асуудал. Гэвч удирдах ажилтан, намын гишүүдийн үлгэр дуурайлал, манлайлалд онцгой ач холбогдол өгдөг тэр цаг үед асуудал өндрөө аван, тэрээр төмөр замаас явж, Автоимпорт нэгдэл, дараа нь Засгийн газрын Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газрын даргаар тус тус үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Монголын төр, засаг түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор хоёр удаа, мөн “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Төмөр замчид бидэнд Улаанбаатар төмөр замыг үүсгэн байгуулж, бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмэр мартагдах учиргүй билээ.

Сэтгэгдэл үлдээх