Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-15

“Ган үзэг-2021” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүллээ

Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийн УБТЗ дахь салбараас “Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг-2021” яруу найргийн наадмыг өнөө жил УБТЗ-ын Залуучуудын зөвлөлийн ойн нэрэмжит болгон үзэгчгүйгээр энэ сарын 11-нд Төмөр замын дээд сургуулийн “Урлаг танхим”-д зохион байгууллаа. Наадмыг улс даяар нээлттэй зарласан бөгөөд 60 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 24 яруу найрагч шалгарч, “Төмөр зам”, “Залуу нас”, “Чөлөөт” сэдвийн хүрээнд энэ онд бичсэн гурван шүлгээ уншсан юм. Яруу найргийн наадмыг Залуучуудын зөвлөлийн зөвлөх Б.Бадрах нээж, ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Саруулдалай, шүүгчээр Утга зохиол судлаач, доктор Ш.Баттөр, МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч Д.Баатаржав нар ажиллалаа. Сүүлийн жилүүдэд “Ган үзэг” наадмын тэргүүн байрын эзэнд төмөр замчны мэргэжлийн алхыг дурсгал болгон хадгалуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Өнөө жилийн шагналын алхыг Зорчигчийн вагон депогоос гардуулсан юм.

С.Ууганбаяр МЗЭ-ийн шагналт “Тэргүүн байр”

             Өвгөн замчны өчил
Дөрөөн дээр өндийж өргөсөн хийморь
Дуун дээр дөрөөлж ассан омог 
Зам дагаж бадарсан халуухан цус
Зүүдээ тарааж орхисон Малхын тал 
Тавин намрын будан сунайж тогтсон сэтгэл дундуур
Тавин өртөө туулж ирсэн илчит тэрэг 
Тавин хаврын салхи урссан харцан дэргэд
Таван түмэн бодлоо асгаж орхисон Борхойн тал 
Нүд алдам талын энгэр цээж эмжсэн энэ замаар
Нүгэл хүртэл цуцаж хоцорсон дуу асгана
Намайг элээж орхих буурал шувууд
Намтраа зузаалж баринтагласан Малхын тал
Өвгөн чоно жим дагасан уудмын уудам
Өнчин ботго дуулж гунганасан хязгаар
Өчигдрийн баяр жаргалаа цацаж орхиод 
Өнөөдөр ч цуглуулж амжаагүй Борхойн тал
Хоёр их гүрний хөл толгойг холбосон түүчээ 
Хорин түмэн хэлтнийг тээсэн ган зам 
Дэлхийн зүрхнээс лугшиж урссан хүн урсгал
Дэлгээд орхисон хайраа авч зүрхлээгүй Малхын тал
Арван долоотой хүүгийн 
Ангир цагаан сэтгэлийг Борхойн тал мэднэ
Амьдрал үзсэн далан тавтай өвгөний 
Амсхийж суусан төрхийг Малхын тал мэднэ
Монголын тал мэднэ.

                           *     *     *

     Залуу нас минь явах болоогүй
Үймээнт он жилүүд намайг элээн урсавч
Сэтгэл минь галтайгаа
Үй олон нөхдийн дунд ганцаардан суувч
Итгэл минь янзаараа
Залуу нас минь явах болоогүй ээ
Надад дургүй хүн олон байх тусам 
Би гэрэлтэж яваагаа улам мэдэрнэ
Намайг үзэн ядахын хэрээр 
Би шатаж яваагаа улам мэдэрнэ 
Залуу нас минь явах болоогүй ээ
Шаналант цагийн дөрөөн дээр өндийж 
Шүлэг шигээ амьдарсан он цагийг хөтлөөд давхина 
Идэр цагийн зоон дээр тухалж 
Ирэх өдрүүдтэй хууч дэлгэж сууна
Ихэмсэг саран өнгийх цээжний алсад 
Ижилгүй их мөрөн цалгилж буй 
Их мөрөн цээжний аглагт үерлэхэд
Ижийгээс минь өөр садан үгүй санагдана
Залуу нас минь явах болоогүй ээ
Онох нь алдахаасаа амтгүй санагдах 
Олох нь гээхээсээ амархан бодогдох
Орчлонгийн гэрэл сүүдэртэй амьдралд 
Онох алдахын дунд дүүрэн жаргаж явна
Залуу нас минь явах болоогүй ээ
Адал дүүрэн амьдралын алдааг ч хайрлана
Амраг гэгээн харцанд алдаатайгаа сууна
Ахин заяахгүй залуу насных болохоор
Алдаа бүхнээ энэрч хайрлана 
Залуу нас минь явах болоогүй ээ.


Н.Минжинсайхан МЗЭ-ийн шагналт “Дэд байр”

           Өртөөн дээр бичсэн шүлэг
Орчлонгийн бүхий л гудам
Гэрэлтэй байгаасай гэж чи минь хүсдэг
Одоо байгаа гэрлийн шонгууд харин
Эвдрэлгүй байгаасай гэж би хүсдэг
Өглөө бүхний тэнгэр
Тунгалаг байгаасай гэж чи минь хүсдэг
Өртөө холын энэ газарт
Үе үехэн бороо дусагнаж байгаасай гэж би хүсдэг
Цээл уудам буурал талыг чи минь
Цэцэг бүрхэж байгаасай гэж хүсдэг
Чинийхээ ижил би тал нутгаа хайрлахдаа
Цэцэг шиг чамайгаа эндээс битгий яваасай гэж хүсдэг
Хөмүүлийн толгой хөгшрөөд ирэхээр
Хөөрхий чи минь “Хавар хурдан болоосой” гэж хүсдэг
Зээг алсын энэ л талдаа харин би
“Зээрийн сүрэг мэнд л орвол болоо доо” гэж хүсдэг
Буйд алсын энэ газраа чи минь
Бусдын хөлд дарагдаж байгаасай гэж хааяа хүсдэг
Хүний мөрөөсөл болсон энэ өртөөгөө харин би
Хүн чанарын сүүлчийн суурин байгаасай гэж нууцхан хүсдэг
                                         2021.09.06

                                           *     *     *

                      МӨРӨӨДЛИЙН ШҮЛЭГ
Сайхан чамайгаа амарч байхыг харах шиг
Сайхан мөч орчлонд үгүй юм аа
Салхивчаар шинэ өглөөний салхи алгуурхан урсаж
Санаа сэтгэлийг минь тааж ядах шиг гэзэг үсийг чинь гилнэ
Тэртээх зуны яг л ийм үүрээр
Тэнгэр ялимгүй бүүдгэр, борооны эхэн ганц нэг дусагнаад
Өтгөн манан хот сууриныг алгуурхан нөмөрч ахуйд
Үлгэрийн юм шиг нэг л тунгалаг өглөө болж билээ
Амарч буй чинийхээ дүрийг ширтэн суухдаа
Амгалан энэ өглөө шиг эгэлхэн амьдралыг би мөрөөдөж амжсан юм
Хүсэл минь төдхөнөө биелэх шиг, он цаг гэрэлтэн тодорч
Хөөрхөн хоёр үр энгэр өөд минь ассан юм
Гадаа одоо зөөлхөн бороотой, аясхан салхитай
Газрын элэг амарч, уулс зүүдээ манасан зурагтай
Элэг цагаан болжмор мөдхөн жиргэх аястай
Эхний дуунаар өвс цэцэг сэрж, зүүдээ сэгсрэх чимээтэй
амгалан өглөө айлсаж байна
Сайхан чинийхээ амарч байхыг хайрлан харж суухдаа
Маргаашийн амьдралаа ч бас эгэл даруухан байхыг мөрөөдөж байна
Хэн хэнээ хайрлах энэ л нандин сэтгэл харин
Хэмжиж эс болох эгэл бус байхыг мөрөөдөж байна
                            2021.06.11


М.Амархүү МЗЭ-ийн шагналт “Гутгаар байр”

                        Аялал
Бөмбөрцгийн зураг дээрх ган замыг 
Бүгдээрээ тойрч зогсоод бид ажиглаж байна 
Газрын зураг дээрх төмөр замыг 
Гараараа заацгаан ийш, тийш аялж байна 
Өргөн өргөн гол мөрөн дайралдахад 
Өндөгний үзүүрээр чийг татаад 
Том том уул нурууд тааралдаад 
Торж байна, бас тойрч байна
Африкийн орнуудаар аялж байгаа юм болов уу 
Аагим халуунд хуруу минь халж байна. 
Анааш, хирснүүд нь үргээ юм болов уу 
Алтан шаргал тоос зам дагуу дэгдэж байна
Сибирийн төмөр замыг туулж байгаа юм болов уу
Сэрүү татан, алга минь бээрч байна
Цаасан дээгүүрх хунгарлсан цас ярагдаж 
Цантсан үсгүүд нь хумсны толионд эрээлжилж байна
Нүсэр нүсэр хотуудаар дайрч байгаа юм болов уу 
Нүд гялбатал хурц гэрлүүд анивчаад байна 
Нүцгэн нүцгэн цөлүүд ойр ч байгаа юм болов уу
Нүүр хорстол хуурай салхи сэвшээд байна 
Далайн хөвөө ойртоо юм болов уу
Давс нь ууршаад амтагдаж байна 
Борооны чийгтэй хот тосгодын нэрс 
Болор адил тунгалагшин гялалзаж байна
Монголын тал нутагт ирээ юм болов уу
Морины хөх хомоол үнэртэж байна 
Говь шанхаар нь дайраа юм болов уу
Гогод, мангирын үнэр сэнгэнээд байна 
Адуу үүрсэх, булаг хоржигонох нь 
Аргамжааны газраас галт тэрэг нь дуулдаж байна
Дэлхийн төмөр замаар тойрч аялах нь 
Дэндүү урт аялал юмсанж... 
Галт тэргийг дуурайн зааж явсаар 
Гарын хуруу цуцах нь бүр хэцүү юмсанж...
Хуруугаа амрааж эх нутагтаа хэд хоноё
Хуримын бөгжөө тайлж нууц амрагтайгаа болзъё оо..


Л.Торой МЗЭ-ийн шагналт Тусгай байр

                        Эмгэн бүжиг
“Залуу нас хурдан өнгөрдөг ч үүрд үлддэг”
“Ээрүүл” алдартай явсан
Бүжгийн хатан хаан
Ээрүүл барин үүрэглэж
Бөгцийн суух болжээ
Он жилүүд өвөр дээр нь
Эрх муур шиг унтаж
Онгон цагаан дурсамж
Эмхэрсэн утас шиг хөвөрнө
Зөнөсөн гэх үгийн 
Балар мунхаг шогийг
Зөөгшсөн цайтай хамт
Балгахад гашуун амтагдана.
Өвдгийг нь түшиж ач нь
Дэмнэж хөлд ороход
Өөрөө бас хамт
Дэнжигнэж хөлд орно
Чихэр нэхэж гуч нь
Шулганаж хэлд ороход
Чихээрээ бус зүрхээрээ
Сонсож хэлд орно
Ерөөл хараал хоёрыг
Ертөнцтэй хамт мартаад
Үнэр, амт өнгийг
Үгүйлэхээ болисон эмгэн
Хүслийн цалмаас алдуурч
Бодь сэтгэлийн мандалд
Хөвж зүүдлэн байхуй нь
Бодлын тивээс алс...
Дуртгалтай нь хамт сүлэлдэх
Дуурьсах хонхон дууг
Чинад ертөнцийн зүгээс
Чагнаархан байж сонсоно
Нулимс, сүү хоёр нь
Эгнэгт эгшсэн цээжнийх нь
Нурсан балгас шиг дурдатгал дунд
Инээмсэглэл л гагц үлдэж
Хүний хэлээр бус
Хөгжмийн эгшгээр хүүрнэн
Эрхэмсэг оршихуйн хязгаарт
Эмгэн бүжиглэсээр л байна...


В.Нэргүй МЗЭ-ийн шагналт Тусгай байр

         Залуу насны эрэлд
Үүргэвчээ үүрээд аялалд гарлаа
Үнэндээ хаа хүрэхээ мэдэхгүй ч
Залуу насаа гээсэн өртөөнд очиж
Зарим нэг зүйлээ хайх хэрэг байна
Дуут дохиот галт тэрэгний цонхоор
Дугуй сарыг ширтэж явах сайхан
Дурласан бүсгүйдээ хаягдсан дурсамжаа
Дутуу хагасхан дурсаж алхах гэгээхэн
Чимээгүй... гэж хэлмээр
Буйд тосгоныхон нам гүмхэн байхад
Чих нь хатуухан эмээгээс чинь эмээгээд
Чи бидэн хоёр шивнэж ярьдаг байсан
Шөнийн галт тэрэг шүглийн дуутай хөдлөхөд
Шүлгийн дэвтрээс минь чи чихэр хайж үлддэг байсан
Залуухан халуухан тэр л он жилүүд
Заримдаа галт тэрэгний зам шиг санагдах юм
Хоёр зуун дөчин долдугаар зөрлөг дээр
Хорвоо хоёр хуваагдаж байсан
Гэнэн үгийн салхитай тэр үдэш
Гэрт минь хүрэх галт тэрэг хөдлөөгүй бол
Одоо чи бидэн хоёр
Олон хүүхдийн аав, ээж болчихсон доо...
Үүргэвчээ үүрээд аялалд гарлаа
Үүрд намайг орхисон залуу насаа олъё
Хуучин шигээ өнөөх л өртөө хүртэл
Хуримын бөгжөө хэрхэн өгөх тухайгаа бодъё
Хонгорхон минь..

Сэтгэгдэл үлдээх