Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-29

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртлээ

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100,  Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Л.Болдыг Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор шагналаа.
Тэрбээр, энэ сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсныхаа дараа “Төмөр замчдын яруу алдар, нөр их хөдөлмөрийг Монголын төр өндрөөр үнэлж буй явдалд туйлын баяртай байна. Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх хүндтэй цолыг 72 жилийн түүхэнд нийт төмөр замчдын бүтээсэн ололт амжилтыг биднээр төлөөлүүлэн хүртээлээ гэж ойлгож байна. Энэ байгууллагад миний бие 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ингэж хөдөлмөрлөсний үр дүнд миний эрхэлсэн ажил төдийгүй хувийн амьдрал минь ч өөдрөг явдаг. Энэ дашрамд, зам тээврийн салбарын нийт ажилтнууддаа, УБТЗ-ын удирдлага, мянга мянган төмөр замчиддаа, халуун нар, хүйтэн жаврыг үл ажран вагоноо үзээд явж байгаа алтан гарт үзэгч,  засварчдадаа талархал илэрхийлье. Төмөр зам бол тээврийн том салбар учраас бүх төрлийн ажлыг хийж бүтээх боломж бололцоо нь дүүрэн бий. Иймд манай залуу үеийнхэн өндөр идэвх санаачилгатай байж, салбарын хөгжлөө түүчээлэх ёстой шүү гэдгийг хэлье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын Зам засварын машинт станцийн дарга, Техникийн ухааны доктор Д.Батбаатар Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртлээ. 72 жилийн баялаг түүхтэй УБТЗ ХНН ийнхүү дахин нэг гавьяатаа өлгийдөн авсан юм. Түүний шагналыг өнгөрөгч Баасан гарагт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Л.Халтар гардуулав. Д.Батбаатар нь 1988 онд замчин мэргэжлээр ажил амьдралын замналаа эхлүүлж, замын мастер, инженерээс Замын орлогч дарга хүртэлх бүх албан тушаалд сэтгэл оюун, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ зориулан ажиллаж буй тэргүүний төмөр замчдын нэг юм. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн соёрхсон УБТЗ-ын “шинэхэн” гавьяатад шагналыг нь гардуулан өгөх үеэрээ ЗТХ-ийн сайд Л.Халтар “Монголын төр иргэнээ эхээс мэндлэхэд албан ёсоор бүртгэж, нэг тамгаладаг. Дараа нь, та үүргээ ухамсарлаж, эрхээ эдлэх нас биед хүрсэн иргэн боллоо шүү хэмээн батламжилж тамгалдаг. Дараа нь харин тухайн хүн төрдөө хэдэн удаа тамгалуулахыг хувь заяа, хичээл зүтгэл нь мэддэг. Тиймээс Монгол Улсын Гавьяат тээвэрчин эрхэм цолыг хүртэж байгаа Д.Батбаатарт болон түүнийг энэ хэрийн амжилтад хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүст халуун баяр хүргэе. Түүнтэй би нэгэн үед УБТЗ-ын орлогч даргын албыг мөр зэрэгцэн хашиж явсан учраас хувь хүнийг нь сайн мэднэ. Сүүлийн хоёр жилд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад хамт олноо удирдан, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч ажилласан хөдөлмөр зүтгэлээ Монголын төрд үнэлүүлж байна” гэв.
Мөн энэ үеэр Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Батбаатар “Төрийнхөө хайр хишгийг хүртсэндээ маш  их баяртай байна. Энэ бол ганцхан намайг бус бахдам түүхтэй хөдөлмөрч хамт олны минь алдар гавьяаг Монголын төр үнэлсэн явдал хэмээн ойлгож байна. 50 гаруй жилийн түүхтэй ЗЗМС-ын хамт олноо удирдан шинэ төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон минь яах аргагүй миний бахархал. Төрийн минь сүлд өршөө, төмөр замчдын минь буян заяа үргэлжид мандан бадраг” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх