Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-12-14

2022-2023 оны “Хамтын гэрээ”-ний хэлэлцээр эхэллээ

УБТЗ-ын захиргаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны хооронд байгуулах 2022-2023 оны “Хамтын гэрээ”-г хэлэлцэх хоёр талын ажлын хэсгийн эхний хурал энэ сарын 13-нд боллоо. Ажил олгогч болон ажилтныг төлөөлөх хоёр талын ажлын хэсгийг тус бүр 15 гишүүнтэй байгуулсан байна. Уг хурлын үеэр Ажил олгогч талын ажлын хэсгийн тэргүүн УБТЗ-ын дарга Х.Хэрлэн 2022-2023 онд мөрдөгдөх “Хамтын гэрээ” нь өмнөх гэрээнүүдээс хэд хэдэн онцлогтойг дурдаад, “Нэгдүгээрт, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга үйлчилж эхэлнэ. Энэ хуульд шинэ зохицуулалт, агуулга орсныг та бүхэн мэдэж байгаа. Уг хуулийн шинэ зохицуулалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх нь ажил олгогч болон ҮЭ-ийн холбооны гишүүд бидэнд шинэ. Тийм учраас эдгээр зохицуулалтыг “Хамтын гэрээ”-нд хэрхэн тусгах нь тодорхойгүй байгаа. 
Хоёрдугаарт, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийгэмлэгийн 16 мянга гаруй ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлж, хамгаалах, нийгэмлэгийн үйл ажиллагааны бүх чиглэлийн төлөөллийг оруулах зорилгоор “Хамтын гэрээ”-г хэлэлцэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчдын төлөөлөгчдийн тэргүүлэгч болон бүрэлдэхүүний 50 хувь нь шинэчлэгдэж, шинэ бүрэлдэхүүн томилогдсон. 
Гуравдугаарт, дэлхий нийтэд тархаад байгаа ковид-19 цар тахлын хүнд үеийг УБТЗ нийгэмлэг амжилттай даван туулж чадсан. Гэсэн хэдий ч цар тахлаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд өнөөдрийг хүртэл үргэлжилж, дэлхий нийт, Монгол Улсад төдийгүй нийгэмлэгийн санхүү эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлсөөр байгааг та бүхэн мэднэ. Ийм нөхцөл байдал цаашид ямар хугацаанд үргэлжлэхийг урьдчилан таамаглах боломжгүйг аль аль талдаа ухамсарлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үүссэн нөхцөл байдлыг санхүүгийн эрсдэл багатай даван туулахын тулд төсвийг оновчтой төлөвлөн зөвхөн шаардлагатай зүйлд хөрөнгийг чөлөөлсөн шинэлэг “Хамтын гэрээ” байгуулах тал дээр хоёр талаасаа анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос ирүүлсэн 2022-2023 онд дагаж мөрдөх “Хамтын гэрээ”-ний төсөл нь нийт 14 бүлэг, 198 зүйл заалттай байна. Үүнд шинээр тусгасан 14, хөрөнгийн өөрчлөлт оруулсан 17, найруулгын өөрчлөлт оруулсан 38 зүйл заалт байна.
Ажил олгогчийн төлөөлөл бид та бүхний ирүүлсэн саналтай танилцаж, хэлэлцэн, ажил олгогчийн саналаа боловсруулж хүргүүлэх болно. Нийгмийн түншлэлийн хүрээнд та бүхэн ажил олгогчийн зүгээс тавьж буй саналыг хүлээн авч хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Мөн одоо мөрдөж байгаа “Хамтын гэрээ”-гээ дүгнэж ажиллана. Нийгэмлэгийн 16 мянга гаруй ажилтны эрх ашгийг хамгаалсан эрх зүйн баримт бичгийг ажил олгогчийн тал хэлэлцэж эхлэхэд бэлэн байгааг хэлэхэд таатай байна” хэмээлээ. 
Мөн үеэр ажилтны талын төлөөллийн тэргүүн МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа шинэ “Хамтын гэрээ”-ний хэлэлцээрийг тухайн өдөр албан ёсоор эхлүүлж байгааг тэмдэглээд, хоёр талын ажлын хэсгийнхэнд амжилт хүслээ.
Түүнчлэн, хоёр талын ажлын хэсгээс тус бүр таван хүнтэй дэд ажлын хэсэг байгуулан “Хамтын гэрээ”-ний төсөл дээр ажиллаж, төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр санал нэгдлээ. Дэд ажлын хэсгүүдийг Ажил олгогчийг төлөөлөх ажлын хэсгийн дэд тэргүүн Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Ажилтныг төлөөлөх ажлын хэсгийн дэд тэргүүн МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд тэргүүн Б.Алтанхуяг нар мөн ахалж ажиллахаар тогтлоо.

Сэтгэгдэл үлдээх