Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-30

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг зарлав

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос сурлагын үзүүлэлтээрээ анги, хамт олноо хошуучилсан төгсөх ангийн шилдэг оюутныг тодруулж жил бүрийн есдүгээр сарын 1-нд урамшуулдаг билээ. Энэ жилийн тухайд анх удаа “МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” зарлажээ. Энэхүү тэтгэлэгт хамрагдахаар нийт 50 оюутан материалаа ирүүлснээс хоёр оюутан шалгарчээ. Тэдний шагналыг энэ сарын 25-нд гардууллаа. ТЗДС дээр болсон тэтгэлэг гардуулах ёслолд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэн,  дэд захирал Ш.Баяраа, тус сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Т.Отгонбаяр нарын албаны хүмүүс болон оюутны төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа “Юуны өмнө  шалгарсан хоёр оюутанд халуун баяр хүргэе. 
Тус тэтгэлэгт шалгарсан хоёр оюутны шагналыг гардуулах ажил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсоор өнөөдрийг хүрснийг тодотгох нь зүйтэй болов уу. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос жил бүр хоёр шилдэг оюутныг шалгаруулж, шагнадаг байсан уламжлал 2021 оны хичээлийн жилд хүрээгээ тэлж тэтгэлэгт хөтөлбөр болсон. Энэ ч утгаараа 16000 төмөр замчныхаа залгамж халаа болохоор бэлтгэгдэж буй оюутан залуусын  тод төлөөлөл болсон залууст улам эрч хүчтэй суралцах урам зориг болгож, сургалтын төлбөрийнх нь тодорхой хувийг хөнгөлөх “Батламж”-ийг гардуулж буйдаа баяртай байна.
Том агуулгаар нь харвал ирээдүйн төмөр замчин залуус оюутан цагаасаа ҮЭ-ийн байгууллагын талаар ойлголттой болсноор хөдөлмөрийн талбарт гарахдаа ямар хууль дүрмийг мөрдөж, ямар ёс зүйгээр төмөр замчин хүн ажиллаж, амьдрал ахуйгаа авч явдаг вэ гэдгийг мэдэж авах юм. Түүнчлэн, ҮЭ-ийн байгууллагаар дамжуулан эрх ашгаа хамгааллуулах үндэс суурь нь тавигдана гэж харж байгаа. Цаашид энэ тэтгэлэгт хөтөлбөр улам төгөлдөржөөд явна.
Энэ удаагийн тэтгэлэгт ТЗДС-ийн төгсөх ангийн оюутан О.Пүрэвбаатар, Г.Нандинчимэг нар тодорч, 15 кредит хичээлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх “Батламж” гардан авлаа. Энэ үеэр Зам, барилга, замын аж ахуйн тэнхимийн IV курсын оюутан О.Пүрэвбаатар “МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байгааг сургуулийн дотоод сүлжээнээс анх олж хараад ангийн багшдаа материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд нөгөөхөө мартчихсан явж байтал манай сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Т.Отгонбаяр залгаад “Тэтгэлэгт хөтөлбөрийн болзол, шаардлагыг хангасан тул чи шилдгээр шалгарсан байна” гэж хэлэхэд маш их баярласан. Би Дарханы хүүхэд. Манай гэр бүлээс нэг ч төмөр замчин байхгүй. Дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгох тухайгаа нэлээд нухацтай судалсан. Төмөр зам дагасан орон нутагт өссөн болохоор ч тэр үү ер нь энэ мэргэжил цаашдаа улам эрэлт хэрэгцээтэй болох юм байна гэж дүгнээд ТЗДС-ийг сонгосон. Надад мэдээлэл өгсөн хүн бүр төмөр замын салбарыг маш гоё гэж хэлсэн нь ч нөлөөлсөн л дөө. Одоо бол үнэхээр зөв мэргэжлээ сонгож дээ гэж бодож байна. Төгсөөд мэдээж хамгийн бага албан тушаалаас нь ажлын гараагаа эхлүүлнэ. Өөрийгөө улам дайчилж, сайн ажиллана гэсэн зорилт тавьж байгаа” гэв. Мөн энэ үеэр Автоматик телемеханик ба холбооны тэнхимийн дөрөвдүгээр курсын оюутан Г.Нандинчимэг “Санамсаргүй тохиолдлоор ТЗДС-ийг сонгосон. Дундговь аймгийнх болохоор төмөр замын талаар ямар ч ойлголтгүй хамаатны эгчийн маань дүрэмт хувцас нь гоё харагдаад л сонгосон. Бид гэрээсээ дөрвүүл. Аав ээж маань биднийг сургахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаа учраас төлбөрийнхөө талыг ч гэсэн өөрөө олох юмсан гээд хичээлийнхээ зав чөлөөгөөр ажил хийдэг. Тийм ч учраас надад энэ тэтгэлэг маш их дэмжлэг боллоо. Үнэхээр баяртай байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх