Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

Төрдөө “үнэлүүлсэн” төмөр замчдад шагнал гардуулав

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий төмөр замчдыг шагнасныг Замын удирдлага гардуулан өглөө. “Алтан гадас одон”-гоор Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, Улаанбаатар худалдааны төвийн дарга Г.Энхмаа, Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Н.Баттуяа, Гадаад харилцааны албаны орчуулагч М.Баярмагнай, ЗЗМС-ын эдийн засагч С.Оюунгэрэл, ахмад төмөр замчин Ц.Чулуунбаатар нарыг шагналаа. Мөн Хүний нөөцийн албаны байцаагч С.Уранчимэг, Зорчигчийн вагон депогийн ахлах диспетчер Ж.Бат нарын найман хүн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалаа.
Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан шагнал авсан төмөр замчдад баяр хүргээд “Дэлхий дахинд цар тахал нүүрлэсэн хэцүү цаг үед манай төмөр замчид шинэ төмөр замын бүтээн байгуулалтын тэргүүн фронтод гар бие оролцохын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн гол тулгуур, татах хүч нь болоход өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан. Энэ ч утгаараа та бүхний хичээл зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байгаа юм. Цаашид улам их амжилт гаргаж, хамт олныхоо үлгэр дууриалал, байгууллагынхаа нэр төр, нүүр царай нь байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн энэ үеэр “Алтан гадас одон”-гоор энгэрээ мялаалгасан ЗЗМС-ын өндөр настан Ц.Чулуунбаатар “Би УБТЗ-д 40-өөд жил ажилласан. Зам засварын машинт станцаас гавьяаны амралтаа аваад 10 гаруй жил боллоо. Миний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, төр засгийн хайр хишиг хүртээсэнд их баяртай байна. Яг энэ баярт мөчид төрүүлж өсгөсөн аав ээждээ, намайг өдий зэрэгт хүргэсэн хамт олондоо, ханьдаа, үр хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв. 

Сэтгэгдэл үлдээх