Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-15

Зорчигч үйлчилгээнд гарахад бэлэн

Тус депогийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажилтны дийлэнх хувьд нь сул зогсолтын горимтой байгаа юм. Тодруулбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу Замын даргын А-12 тоот тушаалын дагуу нийт ажилтны 30 хувиас дээшгүй ажиллуулах шийдвэр гарсан билээ. Улмаар депогийн хэмжээнд 210 гаруй ажилтныг ажлын байранд нь үүрэг гүйцэтгүүлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийт ажилтныхаа 60 орчим хувьд ээлжийн амралт олгожээ. Өнөөгийн нөхцөл байдлын талаар тус депогийн дарга Б.Юлхарсүрэн “Зорчигчийн галт тэрэг зогссонтой холбоотойгоор байгууллагын хэмжээнд 996 хүн буюу 78 хувь нь сул зогсолттой байна. Харин засварын салбарынхан Замын тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргын баталсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн хөл хорио болон хэсэгчилсэн хугацаагаар зогссонтой холбоотойгоор вагоны засварын төлөвлөгөөт хугацаа дууссан вагонууд нэлээд байгаа. Гэхдээ тухайн вагонууд нь сэргээх их засвар, завод засвар, депо засварт орсон байсан ч өнгөрсөн хугацаанд огт гүйлтгүй байсан учраас депо засварт орох үед нь техникийн нэгдсэн байцаалт хийлгэх байдлаар зохион байгуулалт хийж байна. Нэгэнт завсарт орсноосоо хойш замд яваагүй вагонд дахин засвар хийх шаардлагагүй шүү дээ. Түүнчлэн, төлөвлөгөөт засварын хугацаа дууссан 125.000 км-ээс дотогш гүйлттэй зорчигчийн вагонуудын депо засварыг техникийн нэгдсэн байцаалт хийж гаргаж байна. Мөн техникийн нэгдсэн байцаалтын засварыг хоёр бригадаар ажиллуулж байна. Энгийн үед бол өдөрт нэг л вагон засдаг. Одоогоор бидэнд зорчигч тээвэр эхлүүлэх тухай урьдчилсан тов өгөөгүй. Хэрэв долдугаар сарын 1-нээс зорчигчийн галт тэргийг явуулна гэвэл Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тогтоолын дагуу аялалд гарахад бэлэн” гэв.
Шадар сайдын баталсан тушаалд онцгой нөхцөлд аялж байгаа зорчигчийн галт тэргэнд цагаан хэрэглэл, гудас, хөгжил огт хэрэглэхгүй. Вагонд зөвхөн хөшиг байх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг нягт мөрдүүлэн аялуулах тухай нарийвчлан заажээ. Тухайлбал, энэ нөхцөлд галт тэрэг аялах бол тасалгаат вагонд 18, хагас зөөлөн болон нийтийн вагонд 27 хүнийг зорчуулна гэсэн технологи боловсруулсан аж. Дээр дурдсанчлан одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа учраас депогийн ажилчдын 78 хувь нь сул зогсолтын горим буюу 75 хувиар цалинжиж байгаа юм байна. Харин ажиллах сонирхолтой хүмүүстээ байгаа ажилд нь хуваарь гарган ээлжээр ажиллуулж байгаа гэнэ. Жишээ нь, үйлчлэгч нар вагондоо жижүүрлэх, галт тэрэгний мастерууд чиглэлээр харуул хамгаалалт хийх зэргээр ажиллаж байна. Ингэхдээ УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабт хүсэлтээ өгч, PCR шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг өөрсдийн хүчээр хийж байгаагаа тус депогийн удирдлага онцоллоо. Их засвар их барилгаар таван ажил төлөвлөсөн. Үүнээс их засвар 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүний дараа их барилгын ажил эхэлнэ. Эдгээр ажлын төсөв хөрөнгө нь бүгд шийдэгдсэн гуравдугаар улиралд бүрэн хэрэгжих юм байна. Харин хөрөнгө оруулалтаар 17 ажил төлөвлөсөн бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй байна гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх