Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-22

Ган судас нь амьдрал тэтгэнэ

...Ган замчдын урсах хөлстэй
Ган судас нь амьдрал тэтгэнэ
Галт тэрэгний хурдлах товшилтоос
Гэрэлт ирээдүйн маргааш тодорно... хэмээн “Хурд” хамтлаг улсын хойд хил, УБТЗ-ын эхний зангилаа Сүхбаатар өртөөнд дуулах ахуйд цуурай нь хэдийнэ Монгол орон даяар, бүр дэлхийд тархан суугаа Монголчуудын сонорт хүрсэн. Энэ он гарсаар аюулт өвчний уршгаар хөл хорио тогтоож, урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг улсын хэмжээнд бүрэн хаасан тул төмөр замчид төдийгүй нийт ард түмэн урлагаар ёстой л “цангасан” байжээ. Урлагаар “цангасан” энэ үед нь уран бүтээлчид, тэр дундаа төмөр замчдын үр хүүхдүүд буюу Аршаант өртөөнд өсөж торнисон, Зорчигчийн вагон депогийн дэргэд анх байгуулсан “Хурд” хамтлагийнхан өртөөдөд нь хүрэлцэн очиж тоглоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясал, урам зориг, эрч хүч, эерэг энерги, аз жаргал, итгэл найдварыг төмөр замчдад бүрэн бэлэглэв. Төмөр замчид зочломтгой, нийтэч, амь нэгтэй хүмүүс. Өглөөд аль ч зангилаанд хамтлагийнхан галт тэрэгнээс буухад Цэрэгжүүлсэн хамгаалалтынхан нь эгнэн жагсаж, бүрээ, бөмбөрийн дуутай, төмөр замчид хуран чуулж, өртөөнийхөн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү амсуулан угтаж байв. Үндсэндээ “Хурд”-ынхныг төмөр замчид маань сүүн цагаан сэтгэлээ дэвсэн угтаж, хайран дундуураа алхуулж байлаа. Урлагт хайртай төмөр замчид эгнээн дундаасаа төрсөн “Хурд” хамтлагтаа барьж буй хамгийн том бэлэг энэ ажээ. Зөвхөн төмөр замчид гэлтгүй тухайн орон нутгийнхан цугларч, өртөөн дээр зангилааны авьяаслаг төмөр замчдын төлөөлөл дуулж, бүжиглэж, хөгжимдөж, уран бүтээлээ толилуулав. Бүх л зангилааныхан уран бүтээлийн харилцан үзүүлбэртэй чөлөөт уулзалт хийж, хамтлагийнхантай гэрэл зураг даруулж, зурагт хуудсанд нь гарын үсэг зуруулж, депо, цех, музейгээ үзүүлж, хүндэт дэвтэртээ дурсгалын үг бичүүлсэн юм. Энэ мэт уулзалт ярилцлагаас гадна “Хурд”-ынхан Шаргын-Овоод байрлаж буй Д.Батбаатар даргатай Зам засварын машинт станцын их засварын бригад дээр очин уулзалт ярилцлага хийв. Энэ уулзалтын үеэр замчдын төлөөлөл хурдын дууг гитартай дуулж, “The Voice of Mongolia” шоуны шүүгч, МУГЖ Д.Отгонбаярын багийн залуусаас уран бүтээлийн бэлэг барьж, ажлын талбарыг урлагийн тайз болтол орчныг сэрээсэн юм. Биднийг унаандаа суухад замчин залуус дор бүртээ дуу аялан ажилдаа эрч хүчтэйгээр орж харагдав. Үүнээс үзэхэд урлаг бол зөвхөн соёл бус ядарсан хүнийг өргөх хүч, гунигийг үргээх эм, зовсныг нь мартуулах шид, шантарсныг нь асаах гал юм байна. Их засварын зуу гаруй залуус дуучдыг даган дуулж, түрүүхэн л их ажилд нухлагдан ядарч байсан үеэ ор тас мартан тэнгэрт нисэх шиг мөр мөрөө түшин найгаж байлаа. Их засварын цонхонд гэр бүлийн замчид олон тул хүүхдүүд нь гүйлдэж, урлагийнхантай зургаа татуулж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээж буйг харах сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд хамгийн том аз жаргал ажээ. Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Ганбаяр “Бид яг л энэ жаахан хүүхдүүд шиг төмөр замын зөрлөгт өссөн. Аав маань Ц.Дамба гэж замчнаас бригадын дарга, мастер, ахлах мастер хүртэл 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ээж П.Лхамжав минь мөн л насаараа төмөр замд ажилласан. Аав, ээжийнхээ ажилд дагаж яван дэр модыг нь өргөлцдөг байлаа. Төмөр замчин гэр бүлд төрж өсөн, зөрлөгийн төмөр замчидтай нэгэн гэр бүл шиг явсан болохоор бид та бүхний ажил, амьдралд хайртай. Та нарын ажил ямар их хүндийг мэднэ. Гэвч та бүхний арчлан тордож буй энэ замаар л Монгол Улсын хөгжил дэвшил, соёл боловсрол орж ирж байна. Тиймээс би аав, ээжээрээ, нийт төмөр замчдаараа үргэлж бахархдаг” гэсэн нь замчин бүрийн зүрх сэтгэл дэх аз жаргалын торгон утсыг хөндсөн болов уу. Багийн бүрэлдэхүүнд яваа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, лектор, доктор Ж.Цогтсугар ч хамтлагийнхны тоглолт дундуур төмөр замчдын сэтгэлийг хөглөж, ажил мэргэжлээрээ бахархах, төмөр замчин болсондоо баярлах олон шалтгааныг өгүүлсэн богино хэмжээний лекцийг хөгжилтэй хэлбэрээр хүргэж байв. Өөрөөр хэлбэл, өдрийн уулзалт, үдшийн цэнгүүн бүр дуу хуураас гадна ухаарал шингэсэн үгстэй болсон. Магадгүй “Хурд”-аас өөр хамтлаг, дуучин шугам зам дагуу явж тоглосон бол төмөр замчид ийм их дэврүүнээр, асаж дүрэлзсэн сэтгэлээр хүлээж авахгүй байж мэдэх юм. Учир нь, “Хурд”-ынхны хэлсэн үг бүхэн төмөр замчин аав, ээжийнх нь хөлсний “үнэр”-тэй байх тул маш үнэн агаад үнэ цэнтэй байлаа. МУГЖ Д.Отгонбаяр “Энэ аялан тоглолт “Манай төмөр замчдад өртөө, зөрлөг бүрээр нь очин тоглож өгөөч” гэсэн замчин аав, ээжийн минь хүсэл байсан юм. Аав, ээжийнхээ хүслийг биелүүлэх бидний хүсэлтийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа маш сайхан хүлээж авсан. Монгол Улсынхаа хөгжлийн их замыг нуруундаа үүрч яваа төмөр замчдадаа хайртай, урлаг соёлоор үйлчилж, урмаар тэтгэх ухаантай даргаар удирдуулж буй та бүхэнд бид чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Энэ бол зөвхөн төмөр замчдын баярын үдэш” хэмээж байв. Мөн Агьсүмбэт зөрлөгт очин эгэл жирийн төмөр замчдын амьдрал ахуйтай танилцах үеэр замчид гитар тоглон “Цэргийн бодол” дууг нь дууллаа. Энэ мэт хаана л уулзалт болно тэр бүхэнд төмөр замчид дуулж хуурдахыг харсан “Хурд” хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар “Үргэлж ингэж “асаагаад”, замыг нь засаад өгвөл төрмөл авьяастай хүн мөн ч олон байна даа” гэснийг дурдах нь зүйтэй болов уу. 
Үдшийн тоглолт эхлэх яагаа ч үгүй байхад л тайз зассан задгай талбайд төмөр замчид, орон нутгийн иргэд хэдийнэ байраа эзэлсэн байх агаад хөгжмөөр эгшиглэх тус хамтлагийн дуунуудыг даган дуулалдаж, тоглолт болох цагийг тэсэн ядан хүлээнэ. Хүлээсэн хором бүр нь урт санагдаж буйгаа ч зарим нь хэлсэн юм. Лав Замын-Үүд, Сайншанд зангилаадад ойролцоогоор тус бүр 4-5 мянган хүн цугларчээ. Замын хойд хэсгийн зангилаадад ч ялгаагүй олон мянган хүн цугласан бөгөөд Сүхбаатарт нэгэн ахмад төмөр замчинд төр засгаас хөдөлмөрийг нь үнэлж ирүүлсэн “Алтан гадас” одонг энгэрт нь зүүж өгсөн бол Эрдэнэт зангилаанд төмөр замчин залуу ирээдүйн ханьдаа тоглолтын тайзнаа гэрлэх санал тавьсан юм. Мөн Зүүнхараа зангилаа хамтлагийнханд “Ган судас нь амьдрал тэтгэнэ” гэсэн бичиг бүхий бялуу гардуулж, Дарханыхан ч дутахааргүй олон арга хэмжээ зохион байгуулсан билээ.
Ийнхүү Монголын рок попын гол төлөөлөгчдийн нэг, алдарт “Хурд”-ынхан тайзнаа гарч “Бид бол төмөр замын Хурд хамтлаг” гэх бүрт хурсан олон мянган хүний уухайлан алга нижигнүүлэх нь үнэхээр гайхалтай. Дуу бүрийг нь даган дуулж, бүжиглэнэ. Олны дунд хүүгээ хөтөлсөн, мөрөн дээрээ суулгасан төмөр замчин эцэг дуундаа уяраад уйлж зогсох, охиноо дагуулсан ээжүүд жигүүр ургасан мэт эргэлдэн бүжихийг ч харав. Таних танихгүй бүгд нэг нэгэндээ баяр хүргэн тэврэлдэж, “Төмөр замчид бид ийм том хамтлагтай, азтай юм аа” гэх залуухан бүсгүйн үг олны дундаас содон сонсогдоно. Төмөр замчдынхаа тийм их эрч хүч, урам зориг, баяр баясгалан дундуур алхах, тэднийг ажиглах ямар сайхан байсныг энд үгээр хэчнээн уран зурлаа ч үг дутах ажээ. Бүтэн гурван цаг үргэлжилсэн тоглолт дууссан ч хурсан олон гэртээ харих хүсэлгүй мэт талбайд дуулан бүжиглэж, хаа нэгтээ авьяаслаг төмөр замчны гитарын аялгуун дор
...Өнчин дэрэн дээр нойр хулжиж 
Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгүй чи минь бодогдож
Өр зүрх минь чам руу тэмүүлнэ... хэмээн дуулалдсаар... Энэ агшнаа соёлын галт тэргэндээ суусан “Хурд”-ынхан ч тэдний дуулалдахыг сонсон, төмөр замчдынхаа хайрыг улам бүр мэдрэх агаад, “Аав, ээжийн минь хүсэл биелж байгаад үнэхээр баяртай байна” хэмээн тэнгэрт одоод удаагүй аавдаа залбирч үзэгдэнэ. Соёлын галт тэрэг дараагийн зангилаа руу одох үест хот, тосгоныхон унтаагүй бололтой цонх бүр гэрэлтэй харагдах ажээ. Тэд юу хийж буй нь тодорхой... Тоглолтын сонин сайхныг ярилцаж, дусгалын зургаа үзэж, гарын үсэгтэй зурагт хуудсыг нь ханандаа тогтоож, МУГЖ Д.Төмөрцогтой хамт дуулснаа ярьж, зарим нь гитар тоглон дуулж байгаа нь лавтай. Харин өглөө эртлэн тэд босож, дуу хуур шингэсэн ажлаа дуу аялан эрч хүчтэйгээр хийх болно.

Сэтгэгдэл үлдээх