Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-14

Ш.Эрдэнэбулган: Төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна

-Энэ онд цар тахлын хөл хорионы улмаас бараа, материалын нийлүүлэлт хомс, тендерт оролцох компани цөөн байлаа. Нэгтгэсэн дүнгээр энэ онд төлөвлөсөн нийт ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. 
Долдугаар сарын 23-нд Замын нэгдүгээр орлогч дарга эхний хагас жилийн төлөвлөгөөт ажилтай танилцаад хүндэтгэн үзэх шалтгаантай эхлээгүй байсан ажлыг хийхийг зөвшөөрсөн. Харин ямар нэг шалтгаангүй эхлээгүй ажлуудыг төлөвлөгөөнөөс хасахаар шийдвэр тушаал гарсан байгаа. 
Мөн Барилгын тухай хуулийн заалт болон хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гадаа хийх ямар нэг барилгын ажлыг аравдугаар сарын 01-ээс хойш эхлэхгүй байхыг анхааруулсан. Иймээс одоо эхлээгүй ажлуудыг төлөвлөгөөнөөс хасах чиглэл баримталж ажиллана. 
-Өвлийн бэлтгэлтэй холбоотой их засвар, хөрөнгө оруулалтын ажлын явц ямар байна вэ?
-Зам шинэчлэлийн ажил төлөвлөгөө, хуваарийн дагуу явж байгаа. Замын аж ахуйтай холбоотой өргөлтийн болон дунд засвар, гүүр хоолойн ажлууд, хөдлөх бүрэлдэхүүний комиссын үзлэг, өвлийн бэлтгэл ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Дохиолол холбооны чиглэлд дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор кабель нийлүүлэлт муу байна. Цахилгаан эрчим хүчинд УКШ-10, УКШ-12 бетон тулгуурууд дотоод зах зээлд ховор байгаагаас ажил удааширсан тал бий. 
Энэ оны томоохон бүтээн байгуулалтын ажил болох Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд барьж буй Хүүхдийн төмөр замын сургалтын полигоны ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Үндсэн бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо тохижилт, цэвэрлэгээ, тохируулгын ажил хийж байна. ОХУ-аас уг төмөр зам дээр ажиллах зүтгүүр, зорчигчийн хоёр вагон ирсэн. Үйлдвэрээс нь хоёр мэргэжилтэн ирж, тохиргоо хийж, асаах, зүгшрүүлэх ажил эхэлсэн. 
-Өнөө жил хэд хэдэн зөрлөгт өргөтгөл хийж байна. Уг ажлын явц хэр байгаа вэ?
-УБТЗ-ын техникийн шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу Үнэгт, Шатан, Ногоонтолгой, Агуйт, Сумангийн зоо, Нартын хошуу зөрлөгийг өргөтгөж байгаа. Зөрлөгүүдийн өргөтгөлийн замын чиглэлийн ажил 90 хувь, 183 дугаар км-т барих шинэ зөрлөгийн ажил 45 хувьтай үргэлжилж байна.
-Ирэх оны төлөвлөгөөнд орсон ажлуудын бэлтгэл ажил эхэлсэн үү?
-2022 оны ажлын төлөвлөгөөний дагуу газар сонголт хийх, гэмтлийн акт тогтоох ажлыг төв болон хойд хэсэгт бүрэн хийсэн. Замын урд хэсэгт цар тахлын хөл хорионы улмаас цахимаар тавихаар ажиллаж байна. Зураг төслийн төвөөс эдгээр актын дагуу зураг төсөв хийх ажлаа эхлүүлсэн. Байгууллагууд их барилгын ажлын зураг төсөлд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөл зэргийг тус төвд өгөх ёстой. 

Сэтгэгдэл үлдээх