Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-16

Вагоны аж ахуйн хоёрдугаар дамжааны баг тэргүүлээ

ТЗДС-аас өөрийн сургуулийн болон Политехник коллежийн оюутнуудын дунд “Railbot” багийн нэрэмжит робокон тэмцээнийг энэ сарын 9-нд зохион байгууллаа. Өмнө нь, 2019 онд ТЗДС анх удаагаа зохион байгуулж байсан билээ. Энэхүү тэмцээн нь, оюутан залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах, дадал бий болгох, орчин үеийн робот техникийн шинжлэх ухаанд суралцах боломжийг нээн өгч буй юм. Мөн ирэх хавар болох улсын “ABU ROBOCON-2022” тэмцээний багийн гишүүдийг сонгон шалгаруулах зорилготой аж. Тэмцээнийг ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн цахимаар нээн үг хэлж, амжилт хүслээ. Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Бямбасүрэн /техникийн ухааны (Ph.D)доктор/ “Тэмцээн нь эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг өдөөсөн дараах даалгаврыг биелүүлэн эх дэлхий, амьтан ургамал, хүн зоныг аврах зорилготой. Тэмцээний даалгавар нь “Газар дэлхийд гол ус ширгэн ган гачиг болж, мал хүнгүй ядран сульдсан шалтгааныг эрхэм мэргэдээс асуухад алс холын газраас эрдэнийн арван чулууг авчран гурван худагт хийвэл энэ ган гачиг тайлагдана хэмээн буужээ. Ингээд алс холын нутгаас энгүй олон саад тотгорыг туулан эрдэнийн арван чулууг үүрч дүүрэн эх нутагтаа авчирсан эрэлхэг багийг шалгаруулах юм. Тэмцээнд эх нутгаа аврахаар эрэлхэг 11 баг ур ухаан, багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалтаараа өрсөлдөнө. Баг бүр дөрөв, шилдгүүд долоон удаа эрдэнийн чулууг авчрах аян замд гарч, худагт хамгийн олон эрдэнийн чулуу хийсэн нь шилдгээр шалгарна” гэсэн юм. Оролцсон багууд бүгд л гарын доорх материал, эд зүйлс ашиглан өөр өөрийнхөө робот машиныг бүтээсэн байх агаад оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг харуулж чадсан, үр дүнтэй үйл ажиллагаа болов. Үдээс хойш 15.00 цагаас эхэлсэн уг тэмцээн өрсөлдөөн ихтэй болж, засаж бэлтгэсэн саад бүхий талбайд робот машинууд хоёр хоёроороо гурван минутын хугацаанд теннисний 10 бөмбөгийг нэг булангаас зөөж нөгөө буланд байрлах их, дунд, бага оноотой гурван төрлийн хайрцагт нэг нэгээр нь шидэж оруулж байлаа. Гадуур нь унагасан бөмбөгөө шүүгчээс зөвшөөрөл аван эхлэлийн булангаас дахин зөөж хийсээр минутандаа багтаж хамгийн өндөр оноо авсан нь амжилтаа улам бататгаж байв. Зарим нь сандарсандаа ч тэрүү талбайд гарсан хойно робот нь ажиллахгүй байх, удирдлагандаа хэт олон үйлдэл хийж ачаалалснаас болж гацах зэрэг хүндрэл гарах ч багийн гишүүд цаг алдалгүй засварлаж, тэмцээнд нь оруулж байлаа. Тэмцээний үйл явцыг тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал В.Сэлэнгэ бүрэн үзэж танилцсан бол шүүгчээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга /техникийн ухааны (Ph.D)доктор/ М.Бямбасүрэн, багш Т.Алтанзул, С.Бат-Эрдэнэ, Б.Бат-Энх нар ажилласан юм. Ийнхүү үдэш болтол үргэлжилсэн тус тэмцээний тэргүүн байрт багш Д.Чулуунцэцэгийн удирдсан Вагоны аж ахуйн хоёрдугаар дамжааны баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Дэд байрт багш Ж.Лутын удирдсан Цахилгаан хангамжийн гуравдугаар дамжааны баг, гутгаар байрт багш Н.Баяржавхлангийн удирдсан Төмөр замын машин ашиглалтын гуравдугаар дамжааны баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн “Шилдэг дизайн” номинацид багш М.Жаргалсайханы удирдсан Зүтгүүрийн аж ахуйн дөрөвдүгээр дамжааны баг, “Шилдэг инженерийн шийдэл” номинацид багш Д.Чулуунцэцэгийн удирдсан Төмөр замын машин ашиглалт болон Цахилгаан хангамжийн хоёрдугаар дамжааны хамтарсан баг шалгарсан юм. 
Энэ үеэр тэргүүлсэн багийг удирдсан багш болон багийн ахлагчаас сэтгэгдлийг нь сонслоо. 

Д.Чулуунцэцэг: Бэлтгэсэн багууд маань амжилттай оролцсонд баяртай байна
ТЗДС-ийн багш
-Миний хувьд компьютер болон физикийн багш гэсэн хос мэргэжилтэй. Энэ сургуульдаа дөрвөөс таван ч хичээл заадаг. Тэр дундаа Микроконтроллерын програмчлалын хичээлийг дөрвөн жилийн өмнөөс шинээр зааж эхэлсэн. Микроконтроллер гэдэг нь програмчлагддаг автомат ажиллагаатай зүйлүүдэд ашигладаг электроникийн чип л дээ. Энэ хичээлийг МУИС, ШУТИС-д заадаг юм билээ. Тиймээс би хэрхэн яаж заадаг талаар судалж, багш нартай нь уулзаж байгаад сургуулийнхаа хоёрдугаар дамжаанд заадаг болсон юм. Энэ хичээлийг орсноор оюутнууд маш их хөгжиж байгаа. Тухайн үзэгдлийг хэмждэг, өөрөөр хэлбэл орчны температур хэмждэг сенсор, мөн хурдыг, хар цагааныг мэдэрдэг гэхчилэн янз бүрийн сенсор байдаг. ШУТИС-д хар, цагаан зураас мэдэрдэг шулуун замын жижиг роботын уралдаан их болдог. Энэ уралдаанд нь электроникийн багштайгаа хамтран оюутнуудаа бэлтгээд цөөнгүй удаа оролцож, шагналт байруудад шалгарч байсан. Бие даалтын хичээлийг баг багаар нь бэлтгүүлж, тэмцээнд оролцуулан дүгнэдэг юм. 
Энэ удаагийн тэмцээнд бэлтгэсэн нэг баг маань тэргүүлж, нөгөө нь “Шилдэг инженерийн шийдэл” номинацид шалгарсанд баяртай байна. Тэмцээний явцад асуудал их гарсан шүү дээ. Роботын мотор хүртэл шатсан. Тэр бүрт Вагоны аж ахуйн хоёрдугаар дамжааны багийн ахлагч Г.Дашням хурдан шуурхай шийдвэр гаргаж, сольж, засварлаж байсан. Өөрөө бүгдийг сайн сурсан, гарын дүйтэй болохоор сайн байлаа. Орчин үед УБТЗ-ын тоног төхөөрөмж, техникүүд улам л автоматжиж байна шүү дээ. Зарим зөрлөгийг жижүүргүйгээр микроконтроллерын програмчлалаар алсаас удирдаж байна. Тиймээс хүүхдүүд маань энэ бүхнийг бие дааж сайн сураад ажил дээр гарах хэрэгтэй. 

Г.Дашням: Гурван дугуйтай болохоор эргэлтэн дээр цаг их хожсон
Вагоны аж ахуйн хоёрдугаар дамжааны оюутан
-Бид тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Олон улсын теннисний тамирчдаа бэлтгэдэг бэлтгэлийн шиддэг төхөөрөмж байдаг даа. Бөмбөг шидэх төхөөрөмжөө тэндээс санаа авч хийсэн. Харин машины хувьд гэвэл багийнх дөрвөн дугуйтай, манайх урдаа нэг, хойноо хоёр дугуйтай байлаа. Гурван дугуйтай болохоор эргэлтэн дээр цаг их хожсон. Миний хувьд хамгийн хэцүү нь програм байсан. Учир нь, PC-2 тоглуулагчийн гарыг ашиглан програмчилж, мөн хамгийн хэврэг, гарын доорх материалаар бүтсэн л дээ. Ангийнхнаасаа мөнгө цуглуул 150 орчим мянган төгрөгөнд л бүтээсэн. Эхний тоглолтыг Политехник коллежийн Замын аж ахуйн ангитай хийхэд бөмбөг шидэх моторын утас салж, түүнийгээ хальт л тогтоогоод орсон. Тэгээд хоёр дахь тоглолтын өмнө моторуудаа засварласан ч алтын төлөөх тойргийн тоглолт дээр теннисний бөмбөгөө нэг нэгээр нь удирддаг мотор бас ажиллахгүй болсон гэхчилэн асуудал нэлээд гарсан. Гэхдээ эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэсэн болохоор гайгүй. Манай багийг удирдан бэлтгэж, заан зөвлөж оролцсон Д.Чулуунцэцэг багшдаа багийнхаа, ангийнхаа оюутнуудын өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх