Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-19

Хурдны зам дагуу ногоон бүс байгуулах эхлэлийг залуус тавилаа

Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн санаачилгаар төмөр зам, авто зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарын төлөөлөл болсон 100 залуу Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын авто зам дагуу Өлзийт хорооллын орчимд 300 мод тарилаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн нарын албаны хүмүүсээс гадна УБТЗ ХНН, ИНЕГ, АТҮТ, Зам тээврийн хөгжлийн төв, Зүүнбаян, “Таван толгойн төмөр зам” ХХК, Далайн тээврийн захиргаа зэрэг байгууллагын залуус оролцсон юм. ЗТХ-ийн сайд Л.Халтар мод тарих өдөрлөгийг нээж, хэлсэн үгэндээ “Манай тээврийн салбарынхан, тэр дундаас төмөр зам, авто зам, авто тээврийнхэн уул, ус, байгаль орчинтойгоо илүү ойр ажилладаг хүмүүс. Хөгжил дэвшилд түүчээлэх харгуй замыг бүтээн байгуулахдаа газар шороог хөндөх зайлшгүй шаардлага гардаг боловч нөгөө талдаа бид хөндсөн газраа нөхөн сэргээж, эрүүл эко орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ байнга оруулж байх ёстой. Энэ ч утгаар манай салбарын залуус нэг хүсэл зорилгын доор нэгдэж, энэхүү буянт үйлийг бүтээж байгаад баяртай байна. Цаашид Хөшигийн хөндийн нисэх буудлаас гадна, дотны олон зочин хөвөрнө. Тэд энэ замаар зорчиж явахдаа Монгол Улсын өнгө төрх, хөгжил дэвшлийг тольдоно. Нөгөөтэйгүүр нийслэл хот өргөжин тэлж, Өлзийт хороололд амьдрах иргэдийн тоо улам нэмэгдэнэ. Тэр үед залуус та бүхний сэтгэл зүтгэлээрээ бүрдүүлсэн эко орчин, эндхийн хүн ардад том тус болох юм. Ингээд бодохоор өнөөдрийн эхлүүлж байгаа ажлын ач холбогдол маш өндөр. Тиймээс та бүгд энэ ажлаа жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, услалт арчлалтыг нь ч маш сайн хийх ёстой” гэлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар улс орны хөгжлийн түүчээ зам тээврийн салбарынхан ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад харилцааны салбартай илүү ойр, нягт хамтран ажилладгийг дурдаад, “зам тээврийнхний бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг хурдасгахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө учирхаас илүү сэргийлдэг. Дээр нь эко бүтээн байгуулалт хийж эхэлснээр энэ салбарынхны үйл ажиллагаа бүхэлдээ ногоон хөгжлийн үлгэр дууриалал болж байна гэдгийг Байгаль орчны сайдаар ажиллаж байсан хүний хувьд онцлон тэмдэглэе” хэмээлээ. Зам, тээврийн салбарын энэхүү бүтээн байгуулалтыг “Korean air” компани дэмжиж 300 улиас модны суулгац хандивласан аж.

С.Батболд: Салбарынхаа залуусыг бид дэмжинэ
Энэ үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийг дарга С.Батболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Хурдны замын дагуу ногоон бүс байгуулах санаачилгыг залуус дэмжиж байна. Манай салбарт ажиллагсдын хэдэн хувийг залуус эзэлдэг вэ?
-Саяхан ЗТХ-ийн сайд залуусынхаа 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж өгсөн. Үүний нэг нь өнөөдрийн мод тарих үйл ажиллагаа юм. Хурдны замын дагуу ногоон коридортой болох санаачилгыг анх ЗТХ-ийн сайд Л.Халтар гаргасан. Түүний санаачилгыг залуус маань уриалгаар дэмжиж, эхний шангаа ийнхүү татаж байна. Манай салбар инженер техникийн ажилтнуудын талбар. Энэ салбарт өнөөдрийн байдлаар 49210 хүн ажиллаж байгаагийн дийлэнхийг залуус эзэлдэг гэсэн тооцоо судалгаа бий. Энэ ч утгаараа манайхыг эрчүүдийн салбар хэмээн дүгнэдэг. Гэсэн хэдий ч эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа олон чадварлаг бүсгүй бий гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Зөвхөн манай яамны ажилтнуудын 49 хувь нь эмэгтэйчүүд шүү дээ. Энэ онд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойн босгон дээр манай салбарын залуус нэгдэж, Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн хүрээнд эрчимтэй ажиллаж эхэлсэнд туйлын талархалтай байна. ЗТХЯ-ны хувьд залуусынхаа үйл ажиллагааг үргэлж дэмжинэ. Авто зам дагасан ногоон төгөлтэй болсноор замыг тоос шороо, цас, уснаас хамгаалах, хүлэмжийн хийг бууруулах, авто машины дуу чимээг бууруулах гээд маш олон талын ач холбогдолтой.
-Тээврийн салбарын хоорондын уялдаа холбоог улам боловсронгуй болгох бодлогыг цөөн үгээр илэрхийлбэл?
-ЗТХЯ-ны харьяанд таван дэд салбар ажиллаж байна. Өмнө нь энэ салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь дандаа тус тусдаа явж байсан бол цаашид нэгтгэх чиглэлд бид ажиллаж байна. Зам, тээврийн салбар нэг л салбар учраас нэгдсэн бодлого, нэг удирдлагатай байх ёстой. Энэ ч утгаараа олон ажил хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, Тээврийн ерөнхий хуулийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Энэ бол таван дэд салбарын маань малгай хууль юм. Тээврийн салбарууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хөгжлийн бодлого төлөвлөлт нь хэрхэн явах вэ гэдгийг илүү тодорхой болгож өгсөн. Энэ хүрээнд салбар бүрийн хуулиуд шинэчлэгдэж байгаа. Бодлого төлөвлөлтийн хувьд ч цаг үетэйгээ нийцээд тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж, нэгдсэн удирдлагатай болох нь зүйтэй гэж үзээд Азийн хөгжлийн банктай хамтран үндэсний тээврийн мэдээллийн удирдлагын төвтэй болохоор ажиллаж байна.
-ЗТХЯ салбарынхаа залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Салбарын хөгжилтэйгөө зэрэгцүүлээд залуучуудаа бэлтгэх, залуу үеэ дэмжих чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, зам тээврийн мэргэшсэн ажилтныг бэлтгэх төлөвлөгөөг 2020 онд Сайдын зөвлөлөөр оруулан шийдвэр гаргуулсан. Энэ бол Төмөр замын 20, 73, нисэхийн зургадугаар сургуулиудад гүнзгийрүүлсэн сургалттай шинэ ангиудыг нээсэн. 2021 онд тус ангиудаас 60 орчим хүүхэд төгсөж, гадаад дотоодын их дээд сургуулиудад шалгалт өгч байгаа. Бид гадаадын олон сургуульд инженер техникийн ажилтнууд бэлтгэх гэрээтэй. Тэгэхээр тухайн хүүхдүүд суралцаж төгсөөд, манай салбарын мэргэжилтнүүд болно гэсэн үг. Мөн салбарын залуусынхаа хүсэл сонирхлыг нэгтгэж өмнө нь зөвхөн УБТЗ-ын харьяанд байсан “Замчин” биеийн тамир спортын хороог нийт салбарын болгон өргөтгөсөн. Энэ хорооноос хоёр ч залуу Токиогийн олимпт оролцох эрхээ авч, бэлтгэл сургуулилтдаа гараад байна. Цар тахалтай холбоотой олон саад бэрхшээл гараагүй бол маш олон уралдаан тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Энэ гэх мэтээр залуусынхаа хөгжлийг дэмжсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.

Н.Мөнхбаясгалан: жилд хоёр удаа мод тарина
Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн, Монгол Улсын мэргэшсэн инженер:
-ЗТХЯ-ны харьяа залуучуудын чуулганыг 2017 онд Төрийн ордонд зохион байгуулж, 1000 залуус анх удаа чуулж байлаа. Тэр цагаас манай дөрвөн салбарын залуус нэгдэж Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулсан. Ингэснээр тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж ирсэн салбаруудын залуучуудын холбоо нэгдэж илүү хүчтэй болсон. Дашрамд дурдахад энэ онд Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг байгуулах тухай албан ёсны шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн хүрээнд залуус бид мод тарих аянаар хамгийн эхний ажлаа эхлүүлж байна. Цаашид манай залуус хавар, намрын улиралд энэ ажлаа үргэлжлүүлсээр Хөшигийн хөндийн нисэх буудал руу чиглэсэн 32.2 км авто замыг бүрэн төгөлжүүлье гэсэн зорилго тавьж байгаа.

Э.Төрбаяр: Зам, тээврийн залууст хамтарч хийх ажил их бий
ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга
-Би үндсэн ажлынхаа зэрэгцээ ИНЕГ-ын Залуучуудын холбооны тэргүүний сонгуульт ажил эрхэлдэг. Манайх нийт 2500 гаруй ажилтантай. Мөн дээрээс нь МИАТ ХХК-ийн 900 ажилтан, бусад нисэхийн салбарынхан гээд чамгүй тоо гарна. Эдгээрийн 60 хувь нь залуус байдаг. Энэ жил манай холбоо бүтцээ шинэчилж, удирдах зөвлөлөө дахин сонгосон. Ингээд салбарынхаа идэвхтэй, манлайлагч залуусыг нэгтгэн салбарынхаа нийт залуусын хөгжлийн гүүр болж ажиллахаа амласан.Үүнийхээ хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн тухайд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Үндэсний залуучуудын зөвлөлийг байгуулсантай холбоотойгоор ЗТХЯ, Зам тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлтэй хамтран мод тарих аяныг эхлүүлж байна. Энэ үйл ажиллагаанд оролцсоноор залуус хоорондоо танилцаж нөхөрлөх, цаашид хамтран ажиллах, хамтдаа хөгжих, салбарын хөгжлөө тодорхойлох гээд маш олон талын ач холбогдолтой. Тийм ч учраас өнөөдрийн мод тарих аяныг Үндэсний мод тарих өдөртэй уялдуулан тасралтгүй хэрэгжүүлнэ. Түүнээс гадна манай салбарт мэргэжлийн боловсон хүчний хомстол бий болж байгаа. Иймд нисэхийн ажилтнуудыг чадавхжуулах, гадаад дотоодын сургуульд сургах, техник технологи, шинэ санаа, инновацийг хөгжүүлэх чиглэлийн ажлыг ЗТХЯ-ны бодлогоор дэмжүүлэхээс эхлээд залуус бидэнд хийж, хэрэгжүүлэх жил ажил маш их бий. Мод тарих өдөрлөгийн төгсгөлд ивээн тэтэгч байгууллага болон оролцогч залууст талархлын бичиг гардуулж, ажлын амжилт хүссэнээр энэ удаагийн арга хэмжээ өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл үлдээх