Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-27

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дуусгав

Энэ сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын Засгийн газар, Эрдэнэс-Тавантолгойн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дууссантай холбогдуулан Дорноговь аймагт ажиллажээ. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гаргаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ хэд хэдэн үетэйгээр ажлаа төлөвлөсөн. Эхний үе нь Тавантолгой –Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт билээ. Хоёр дахь үе Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын 13-ны өдөр Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн эхний 50 километр төмөр замыг дуусгаж, хүлээн авч байсан бол энэ сарын 22-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дууслаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр Зам ашиглалтад орсноор Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, улмаар далайн боомтуудад хүрэх, Тавантолгойн ордын нүүрсийг Хятад, Солонгос, Япон улсын зах зээлд хүргэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм. 
medee.mn

Сэтгэгдэл үлдээх