Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-12

Гамшигт үзэгдлийн үеэр 229 төмөр замчин 18 цаг ажиллаж, ГТХАБ-ыг хангалаа

-Энэ сарын 5-нд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Танай ангийн хариуцдаг замын хэсгүүдэд ямар хүндрэл үүсэв?
-Тавдугаар сарын 05-06-нд шилжих шөнө 23.00 цагаас Наран-Элгэн зөрлөгөөс эхлэн урд чиглэлд хүчтэй цасан шуурга болсон. Ус цаг уур орчны шинжилгээний газраас урьдчилан сэргийлэх мэдээгээр анхааруулж байсан учир 13 хэсэг, хоёр тасгийн хэмжээнд шөнийн цагаар ажиллах бригадыг зохион байгуулсан байсан. Энэ хүрээнд замын хэсгүүдэд замчид, ажил удирдагч нарын 57 хүн галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй хэвийн ажиллагааг хангахын тулд жижүүрлэн ажилласан. Тухайн үед үзэгдэх орчин хязгаардлагдмал таван метрээс цааш ямарч зүйл харагдахгүй болтол шуурч байсан. Замчдад ажлын байр руу очих болон шилжихэд маш хүндрэлтэй болсон. Орсон цасны хэмжээ нэмэгдэж, хоорондын замын сэтэрхий хэсэг, өртөө зөрлөгүүдийн хүлээн авах явуулах замууд, зам суман шилжүүлгүүд 1-1.5 м хүртэл зузаан цасанд дарагдаж эхэлсэн. Тиймээс үүрийн 05.30 цагаас галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох арга хэмжээг авч ажилласан. Шугам зам дахь хэсгүүдийн автомашин явах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хоорондын зам шалгалтын баг зүтгүүрээр явсан. Өөрөөр хэлбэл, замын мастер, хэсэглэл хариуцсан инженерүүд явж замын техникийн байдлыг тодорхойлж, шаардлагатай газруудын цасыг цэвэрлэн галт тэрэгний хөдөлгөөнийг богино хугацаанд нээж чадсан. Хоорондын зам болон өртөөний замууд цасанд их хэмжээгээр дарагдсаныг өөрийн ангийн цас цэвэрлэгч вагоныг ашиглан цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
-Байгалийн гамшигт үзэгдлийн үед ГТХАБ болон ХАБ-ыг хэрхэн хангаж ажилласан бэ?
-Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан Замын суурь бүтэц хариуцсан орлогч даргын 205 тоот шуурхай тушаал, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 28А цахилгаан, Замын аж ахуйн албаны даргын 05 тоот шуурхай тушаалыг бид өмнө нь хүлээн авсан тул болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байсан. Тиймээс галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах Замын ангийн даргын зааварчилгааны дагуу ажиллаж, галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа. Галт тэрэгний хуваарийг урьдчилан авч, хөдөлгөөний хэвийн үргэлжлүүлэхийн тулд замналд орох суман шилжүүлгүүдийн цасыг урьдчилан цэвэрлэж, хөдөлгөөнийг үргэлжүүлсэн. Шуурганы үеэр төмөр замын торон хашаанд мал маш ихээр уруудан шахаж ирснийг нэмэлт тор засагчийг томилж ажиллуулснаар хориг хашаа руу оруулалгүй барьж чадсан. Мөн замчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, зам дээр ажиллах үед нэмэгдэл дохиочныг томилон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан.
-Галт тэрэгний хөдөлгөөнийг нээхэд замчид хэдэн цаг ажиллав?
-Шөний ээлжинд 57, өдрийн ээлжинд нийт 114, Чойр зангилааны 58 төмөр замчин, нийтдээ 229 ажилтан 18 цаг ажилласан. Цас цэвэрлэгч вагоноор Чойр өртөөний хоёрдугаар замд 800м, Оорцог-Энгэр зөрлөгийн хоёрдугаар замд 1100м, Наран-Элгэн зөрлөгийн нэгдүгээр замд 850м замын цасыг цэвэрлэж, галт тэрэгний хөдөлгөөнд саадгүй болгосон. Энэ дашрамд, байгалийн хүнд нөхцөлд замчдын ажилд тусалсан Чойр зангилааны төмөр замчдадаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх