Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-23

Г.Ганболд: Бид сайн ажилласан. Гэхдээ улам хичээнэ

-Оны эхний улиралд ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар нэмэгджээ. Голлон нөлөөлсөн нь экспорт, импортын тээвэр гэж харагдсан. Эндээс үзэхэд бүс нутгийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, манай улсын гадаад худалдаа өсөх хандлага гарч байна уу даа гэж дүгнэхээр. Мэдээж, үүнийг дагаад үлдэж буй улирлуудад тээвэрт өсөлт мэдрэгдэх нь гарцаагүй. Таазандаа тулсан тээврийн төлөвлөгөөнд үүнийг “шингээх” орон зай бий юу? 
-Амаргүй. Хэдийгээр Дэлхий нийтийн хэмжээнд цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал хүнд байгаа ч төмөр замчид өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүллээ. Таны асуултад хариулахаас урьтаад ганц нэг тоон үзүүлэлтийг дурьдах нь зүйтэй юм. Эхний улиралд бид нийт 8 сая 118 мянган тонн ачаа тээвэрлэсэн. Үүний 2 сая 957 мянган тонн ачааг зөвхөн гуравдугаар сард тээлээ. Төмөр замын түүхэнд нэгхэн сард ийм хэмжээний ачаа тээвэрлэж байгаагүй. Энэ бол том амжилт. Дан ганц экспорт, импортын тээвэрт үзүүлэлт өсөөд байна уу гэвэл бас биш. Чингэлгийн галт тэрэгний тоо ч өссөн. Эхний улирлаар 539 транзит чингэлгийн галт тэрэг аяллаа. Өнгөрсөн онтой харьцуулахад 160 галт тэргээр илүү. Чиглэлээр нь харвал тэгш чиглэлдээ нийт 227 галт тэрэг. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээ хэмжээнээс 11 галт тэргээр илүү байсан. Харин сондгой чиглэлдээ 275 галт тэрэг аялуулав. Эндээс юу харж болох вэ гэхээр бид сондгой чиглэлд явж байсан хоосон вагоны урсгалыг багасгаж чадсан. Нэг ёсондоо сондгой чиглэлийн ачаа нэмэгдэж, тээх хүчин чадлаа ашиглаж эхэллээ. Тэгш чиглэл угаас дүүрэн. Галт тэрэгний захиалга ч дэндүү их. Бүр хязгаарлалт тавьж, хоногт 3.5-аас илүү галт тэрэг авах техникийн боломжгүй гэдгээ зарласан. Хэрэв Эрээн өртөө өргөтгөл хийгээд авах галт тэрэгнийхээ тоог нэмбэл бид тээврийнхээ хэмжээг нэмэх бүрэн боломжтой. Харамсалтай нь, энэ тийм амар биш. 
-Замын-Үүдэд халдварын тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-ын тал хилийн гарцынхаа хяналт, шалгалтыг чангатгасан. Авто тээвэртэй харьцуулбал төмөр замын тээвэр харьцангуй хэвийн үргэлжилж байна. Гэхдээ л энэ бүхэн чамлалттай. Эрээн өртөөний хүчин чадлаас хамаараад экспортын тээвэр хүссэн хэмжээгээр хийгдэхгүй байгаа. Тээврийн орон зайг хумиад байгаа үндсэн шалтгаан биднээс үл шалтгаалах боллоо шүү дээ? 
-Тийм ээ. Өнөөдөр бидний транзит, экспортын тээврийн гол хүндрэл Эрээн-Замын-Үүдийн галт тэрэг солилцооноос хамааралтай. Эрээн өртөөний хүчин чадалтай холбоотой юм. Замын-Үүдээс хоногт өгч буй 14 галт тэргийг нэмэгдүүлж чадвал экспортынхоо ачааг нэмж чадна. Экспортын ачаа хангалттай байна шүү дээ. Та хар даа, бид бүх экспортын захиалгынхаа дөнгөж 68 хувийг л авч байна. Цаана нь, үлдэж буй 32 хувийн ачааг гаргаж чадахгүй л байна шүү дээ. Урьд нь, ачааны араас хөөцөлдөж, юу л бол юу тээвэрлэхэд бэлэн байсан. Гэтэл түүнээс илүүтэй ачаагаа яаж гаргах вэ гэдэг асуудал өнөөдөр чухал болж. Техник, технологийн хүчин чадалд хязгаарлагдсан энэ үед үүнээс илүү тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй. 
-Тээврийн өсөлтийн нэг шалтгаан чингэлэг тээвэр байсаар байна. Энэ таамгийг эхний улирлын үзүүлэлт харуулсан. Хятад-Европ чиглэлд Монголоор дайран өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэн байна шүү дээ. Өсөн нэмэгдэж буй экспорт, импорттой зэрэгцүүлээд транзит тээврийг хэрхэн зохицуулах вэ?
-Транзит чингэлгийн галт тэргийг бид олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тохиролцсон хэмжээндээ л барьж ажиллана. Эрээн өртөө хүчин чадлаа нэмлээ гэхэд бидний ажил дагаад нэмэгдэх нь ойлгомжтой. Өөрийн чинь хэлснээр бидний нэвтрүүлэх хүчин чадлыг гол хязгаарлаад байгаа асуудал Замын-Үүдээс Эрээн рүү өгдөг галт тэрэг солилцоонд бий. 14 гэдэг тоонд ач холбогдол өгөөд байгаа учир нь ийм. Олон улсын хэмжээнд Эрээн-Замын-Үүдийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлээд 20 галт тэрэгт хүргэвэл транзит чингэлгийн галт тэргийг ч бас тодорхой хэмжээнд нэмэх боломжтой.
-Өнөөгийн байдлыг харахад, УБТЗ гэхээсээ илүү Монгол Улсын хэмжээнд дараагийн хилийн гарцыг шийдэх хэрэгтэй болжээ гэвэл зохимжтой байх. Мянган удаа техник, технологио сайжруулаад ч байдал нэг их дээрдэхгүй юм байна гэж ойлголоо. Зүүнбаян-Хангийн төмөр замыг барьж байгуулах асуудал ямар шатанд явдаг юм бол оо. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Ер нь, Эрээн-Замын-Үүдийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх цаг нь болсон. Гэхдээ хоногийн 24 цагт 14 дээрээ нэмээд 20 л болгож чадна. Цаг хугацааны хувьд хүнд. Тийм учраас Зүүнбаян-Ханги гэх мэт төмөр замын хоёр дахь гарцыг нээх асуудал чухал. УБТЗ гэхээсээ хоёр улсын төр засгийн хэмжээнд ярилцаж, шийдэх асуудал олон байна. Манай холбогдох дээд шатны байгууллагууд энэ чиглэлээр уулзалт, яриа хэлэлцээрийг зохион байгуулсан. Мэдээж, төмөр зам маань хөгжинө, дараагийн хилийн гарц баригдаж таарна. Улс эх орны эдийн засгийг тэтгэх амин чухал бүтээн байгуулалт шүү дээ энэ чинь. Төмөр замчид барьж байгуулаад, удирдаад авч явж чадна гэдгээ шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудаар харуулж чадсан.
-Засгийн газрын зүгээс “Богдхан” төмөр замын төслийг яаралтай эхлүүлэхээр шавдуулж байна. Гэтэл бидэнд “Богдхан” гэхээсээ илүү Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг тэргүүн ээлжинд эхлүүлбэл, ач холбогдол, эрэмбэ, дарааллын хувьд зүйтэй гэж санагдах юм. Хувь хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Төмөр замчин хүний хувьд хэлэхэд, “Богдхан” төмөр зам бас л нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэг. Улаанбаатар хотын хоёр талд байгаа давааг тойруулах, хот дундуур дайрсан төмөр замын хөдөлгөөнөөс үүдэлтэй хүндрэлүүдийг арилгах гээд олон түвэгтэй асуудлыг шийднэ. Нийслэл хот өргөжин тэлж, эдийн засаг өсөж байна. Үүнийг дагаад “Богдхан” төмөр замын ажлыг хэрэгжүүлэх нь зөв. Иргэдийнхээ амьдрал, нийгмийн шаардлагатай уялдуулаад төмөр замыг өргөжүүлэх, хөгжүүлэх шаардлага тавигдаж байгаагийн л илрэл. Зүүнбаян-Хангийн хувьд Хятадын талтай ярьж, тохиролцохоос гадна хөрөнгө мөнгөний асуудлаа шийднэ гээд биднээс үл шалтгаалах асуудал зөндөө. Харин “Богдхан” төмөр замыг цэвэр дотооддоо шийдээд хийж болно. Тэгэхээр эрэмблэх гэхээсээ илүү боломж бололцоо нь байдаг бол зэрэг эхлүүлээд явах ч бололцоотой. 70 жилийн түүхтэй төмөр замын боловсон хүчнүүддээ тулгуурлаад юу хийж, бүтээж чадахыг Монголчууд харлаа. Төр, хувийн хэвшлийн гээд бүх төрлийн төмөр зам Монголд хөгжиж эхэллээ. Энэ юуг хэлээд байна гэхээр төмөр зам өргөжинө, хөгжинө. Бид сайхан залуучуудыг бэлтгэж гаргаж өгч байгаадаа бахархах хэрэгтэй. Эдгээр төмөр замын компаниудад ажиллаж буй залуусыг хар л даа. Бидний дунд сурч, хүмүүжээд тодорхой хэмжээний дадлага, туршлага хуримтлуулаад мэдсэн сурснаа эх орондоо зориулж байна шүү дээ. 
-Олон улсын усан замын тээвэрт гарсан нөхцөл байдлаас хойш оператор компаниуд ирэх хэдэн сардаа Хятад-Европ-Хятад чиглэлийн хуурай замын тээвэрт чингэлэг тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж ярьж, бичих болж. Эндээс манай төмөр замаар ачаагаа явуулах сонирхолтой операторууд ч бий. Тэднийг яах вэ? 
-Суэцийн сувагт гарсан асуудлаас болоод урдаас хойш чиглэх ачааны хэмжээнд ачаалал үүсэж байгаа. Нэмэгдлээ гэхэд бид өөрсдийн хүчин чадлын хэмжээнд л нэмнэ. Нарийн царигаар хоногт дөрвөн галт тэрэг авдаг байсан бол одоо долоог авч байна. Долоон галт тэрэгний дөрөв нь транзит чиглэлийн галт тэрэг. Нэгдүгээр улиралд гарсан тээвэрлэлтийн хэмжээнд сондгой чиглэлийн чингэлгийн галт тэрэгний тоо нэмэгдснийг анзаарсан байх. Энэ чинь л өсөлт гарч байгааг харуулаад байгаа юм. Бид Хятадын төмөр замаас өгсөн бүх захиалгыг бүрэн хангаж чадахгүй. Яагаад гэхээр Эрээн өртөө өргөн царигаар хоногт дөрөвхөн чингэлгийн галт тэрэг авч байхад зөрүүлээд дөрвийг авахгүй бол тээвэрлэх хоосон вагоны хүндрэлд орно. Тиймээс чадлынхаа хэрээр, өөрсдийнхөө техник, технологийн боломжоор л урдаас хойш авч байгаа. Үүний хүчинд сондгой талдаа явдаг байсан хоосон вагоныг бүгдийг ачаатай, бүр даацанд нь хүргэж ачсан нь тээврийн өсөлтөд нөлөөлсөн. 
-Тээврийн төлөвлөгөөний биелэлтийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Эхний улирлын үзүүлэлтүүдээс харахад оны эцсээр төлөвлөсөн хэмжээндээ хүрэх, бүр илүү ч гарах тооцоо байна. Ядаж л вакцинжуулалт хийгдээд дуусвал эдийн засгийн идэвхжил улам бүр нэмэгдэнэ. Төлөвлөгөө хэр өөрчлөгдөх бол? 
-Эхний улиралд нийт 8 сая 118 мянган тонн ачаа тээвэрлэсэн. Төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулбал 102.1, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 14.5 хувиар өссөн дүн гарав. Ачаа эргэлт нийт 4 сая 624.6 сая тонн километрт хүрлээ. Төлөвлөснөөс 100.1 хувьтай буюу өнгөрсөн оны гүйцэтгэлээс 4.7 хувийн өсөлт үзүүлэв. Тээвэрлэсэн ачааг төрлөөр нь харвал импорт 879.3 мянган тонн, экспортод 2 сая 852.7 мянган тонн ачаа тээсэн. Үүгээрээ бид төлөвлөгөөг 2.6 хувиар давуулав. Орон нутгийн харилцаанд 3 сая 348.8 мянга орчим тонн ачаа тээвэрлэсэн нь 102.1 хувиар биелэв. Транзитийн хувьд нийтдээ сая 37.2 мянган тонн ачаа тээвэрлэсэн. Энэ нь, 101.7 хувийн биелэлттэй, өнгөрсөн оныхоос 23.8 хувийн өсөлттэй. Чанарын үзүүлэлтийн хувьд вагон эргэлт 3.7 хоног болж буурсан. Төлөвлөгөөнөөс 104.3 хувийн биелэлттэй. Хэсгийн хурд 43.2, техникийн хурд 51.1 км/цаг болж, төлөвлөгөөнөөс даруй давжээ. Галт тэрэгний дундаж жин л гэхэд 3203 тоннд хүрсэн. Зүтгүүрийн бүтээмж 1 сая 633 мянган тонн бохир км болов. Тоон болон чанарын үзүүлэлт эхний улиралд төлөвлөсөн хэмжээнээс давсан. Төлөвлөгөөнд өөрчлөлт гарах уу гэвэл, экспортын болон транзит тээвэрт өөрчлөлт гарахгүй. Аль болох төлөвлөсөн хэмжээндээ л явуулна. Харин хөл хориотой энэ үед зорчигчийн галт тэрэг явахгүй байгаатай холбоотойгоор ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй. Зургадугаар сард замын их засварынхаа ажлыг эхлүүлэх болохоор өмнө нь төлөвлөгөөгөө шахаж биелүүлээд тодорхой хэмжээний нөөцтэй орох шаардлага бий. Вакцинжуулалт дуусаад зорчигчийн галт тэрэг аялаад ирэхээр төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэг чанга. Хүндрэлтэй.Оны эцэст төлөвлөгөөг огцом нэмэгдүүлэх боломж тун бага. Бидний одоо барьж буй зорилго бол орон нутгийн ачааны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах. Энэ тохиолдолд төлөвлөгөө бага зэрэг нэмэх боломж гарах байх. 30.5 сая тонн ачаа тээвэрлэнэ гэдэг манай өөрийн хүчин чадлаас бараг 2.5-3 сая тонн илүү төлөвлөчихсөн ажил. Их ачаалалтай, шаргуу ажиллаж байж л төмөр замчид маань сая төлөвлөгөө, зорилтоо биелүүлнэ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, өр зээлийн асуудал гээд нөхцөл байдал хүндэрсээр л байна. Тэгэхэд бид тогтмол цалин, шагналаа бүрэн авч байна. Мөн үйл ажиллагаа нь зогссон салбаруудаа хүртэл 75 хувиар цалинг нь олгоод ажиллаж байгааг та бүхэн мэднэ. 16.000 төмөр замчин, тэдгээрийн гэр бүлийн ажил, амьдралыг энэ хүнд цаг үед дэмнэх ийм л зорилготой. Энэ зорилгынхоо төлөө л хамтдаа ажиллая. Бид сайн ажиллаж байгаа. Цаашдаа улам хичээе л гэж хэлэх гээд байгаа юм. 
-Эхний улиралд тээврийн үзүүлэлтүүд өндөр хувьтай давж биелэсэн нь СИРДП-Е-ийн ашиглалт сайжирсантай холбоотой байх. Сүүлийн үед радио хориглолоор явж буй галт тэрэгний тоо нэмэгдсэн гэж дуулсан? 
-Цар тахалтай холбоотойгооор ОХУ-аас ирэх мэргэжилтнүүд хүлээгдэж байна. 25-аас хойш ирчих болов уу. Засаж, залруулах зүйлс бий. Бүрэн гүйцэд ашиглалтад авахад бас нэлээн хугацаа орно. Өнгөрсөн жилийг бодвол шинэ систем дээрээ харьцангуй ажиллаад сурчихлаа. Туршлагажиж ч байна. Дөрөвдүгээр сард бидний өмнөө тавьсан зорилт Ерөөгөөс Замын-Үүд хүртэл 7500 тонн жинтэй галт тэргийг туршилтын журмаар аялуулахаар төлөвлөсөн. Аршаантын түлхэх зүтгүүрийн бригадыг шинэ горимд оруулах гээд аль болох тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр төмөр замчдынхаа гаргаж буй санал, санаачлагуудыг дэмжиж байгаа. Тодорхой хэмжээний үр дүн өгөх нь эргэлзээгүй. Манай төмөр замчид ч инновацийн чиглэлээр ихээхэн ажил хийдэг. Тээвэрлэлтийнхээ хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ? гэдэгт төмөр замчин бүр толгойгоо уралдуулж байх ёстой. Үүнтэй зэрэгцээд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” нэгдүгээрх асуудал. Мөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал. Энэ их ачаа тээвэрлэж байна. Үүнтэй уялдуулаад аливаа техникийн элэгдэл хорогдол гарна. Дагаад гэмтэл саатал гарах эрсдэлтэй. Гагцхүү сонор, сэрэмж, сахилга бат, хяналтыг л алдаж болохгүй. 
-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг энэ жилдээ багтаад ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Эндээс бас тодорхой хэмжээний ачаа урсгал гарах уу? УБТЗ-ын ачаалалд хэрхэн нөлөөлөх бол? 
-Энэ төмөр замын эхний ажил хийгдээд дуусч байна. Одоо өртөө, зөрлөгийн ажлуудыг дуусгах ёстой. Дохиолол холбоо, эрчим хүч гээд арай бас бүрэн дуусаагүй. Ямар ч байсан хөдөлгөөнд нээнэ. Бүрэн дүүрэн дуусах нь 2022 онд. Тэр болтол мэдээж бага зэргийн ачаа тээвэрлэх асуудал гарах байх. Одоохондоо бидэнтэй ачаа тээвэрлэх талаар ярьсан зүйл алга. Оны төгсгөл хавьд бага зэргийн ачаа явж магадгүй гэж харж байна. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх