Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-14

Г.Мэндбаяр: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил

-УБТЗ гэх их айлын босгоор алхсан хүн бүрийн анхны алхам адилгүй ч ихэнхдээ төмөр замчин болохсон гэсэн мөрөөдөл нь ижил юм шиг санагддаг. Харин та...? 
-Нээрэн энэ тухай урьд нь бодож байгаагүй юм байна шүү. Би уг нь, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Миний аав, ээж хоёр нутагтаа мал маллаж байгаад л дөрвөн хүүхдээ аваад хот хүрээ бараадаж, хүүхдүүдээ сургууль соёлд оруулж, юм үзэж нүд тайлуулъя гэж шийдсэн юм гэдэг. 1986 оны тэр нэгэн өдөр биднийг “Буянт-Ухаа” онгоцны буудал дээр аавын нагац нар тосож авсныг санаж байна. Тухайн үедээ аав, ээж хоёр маш их зоригтой шийдвэр гаргасан байгаа юм шүү. Манайх нэг жил хотод амьдраад дараа жил нь аав минь төмөр замын илгээлт авсан. Аав Замын нэгдүгээр ангид замчнаар орсноор манайх Цайдам зөрлөгт төвхнөн, бага нас минь тэнд өнгөрсөн дөө. Зөрлөгийн багачуудтай өвөлдөө хоккей тоглож, зундаа тэвэг өшиглөсөн шиг өдрийг өнгөрөөдөг сөн. 
Багадаа яг төмөр замчин болно гэж бодоогүй ч надад төмөр зам хамгийн танил орчин, төмөр замчид ойр дотно хүмүүс байсан. Дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Баянчандманий ТМС-ийн хуваарь авсан. Трактор комбайны ангид сурч байгаад төгсөлгүй орхичихсон. Хүн ер нь, өөрийн хүсэл сонирхлоороо ажил мэргэжлээ сонгохгүй бол дургүйд хүчгүй гэдэг болоод дуусах юм билээ. 
Тэгээд гурилын тээрэм дээр жил гаран ажиллаад цэрэгт явсан.
Цэргийн албанд мордохдоо аавдаа “Та намайг халагдаад ирэхэд ажил бэлтгэчихээрэй” гэсэн. Зүүнбаянд цэргийн алба хаасан. Армийн нэг жил юу байх вэ дээ, олон аавын хөвгүүдтэй бужигнаж явтал нэг л мэдэхэд халагдах өдөр ирсэн. 1997 оны тавдугаар сард халагдаж ирээд долдугаар сард нь замчин болсон доо. Тэгэхэд аав минь Шарын голын замын хэсэгт бригадын даргаар ажиллаж байсан. Бодвол, дарга нартаа хүүгээ замчин болгоё гэж хэлсэн байх. Аав минь хүүгийнхээ захиасыг биелүүлж, харин надад аавынхаа итгэлийг даах үүрэг ирсэн дээ. Түүнээс хойш 24 жил өнгөрчээ. Ингээд бодвол хувь заяа намайг төмөр зам руу хөтөлсөн юм болов уу даа.
-Та анх замчин болохдоо аавтайгаа нэг хэсэгт ажиллаж байж дээ. Аавынхаа дэргэд ажиллах нөмөртэй байв уу?
-Аавын нөмөр гэдэг хаана ч байна. Гэхдээ ажлын талбарт аавдаа эрхлэнэ гэж юу байх вэ. Миний аав бурууд ширүүн, зөвд зөөлөн хүн шүү дээ. Харин ч бүр хараа хяналттай. Гэхдээ мэдэхгүй, чадахгүй зүйлээ ааваасаа асуух илүү амар байсан талтай. Миний аав гурван жил замчин хийгээд шалгалтын бригадын дарга, ажлын бригадын дарга, сүүлд Шарын голд замын мастераар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ангидаа нэртэй сайн бригадын дарга, мастеруудын нэг гэгддэг байв. Хариуцсан хэсгийнхээ замын баллыг багад барьдаг. Замыг их сайн арчилдаг. Одоо эргээд бодоход цаг агаарын нөхцөл замд хэрхэн нөлөөлөхийг маш сайн мэднэ. Бороо хур ихтэй үед яах вэ? Өвөл их хүйтрэхээр, хавар газар гэсэх үед яаж ажиллах гээд тэр бүгдэд тохирсон замын арчилгааг сайн хийдэг байсан санагддаг. Тэгэхээр хүүгийн хувьд аавынхаа нэр, нүүрийг хөөдөхгүй сайн ажиллахсан гэх бодол дотор ямагт хадгалаастай. Ааваасаа их юм сурсан. Өдий зэрэгтэй яваа минь аавынхаа дэргэд 10-аад жил ажилласны нөлөө байлгүй яах вэ. Аав ер нь, залуучуудыг дагуулж яваад өөрөө үлгэрлэж сургадаг арга барилтай. “За үүнийг сайн харж ав. Чиг нь ийм байна. Замын суулт ингэж харагддаг” гэх мэтээр яг нүдээр үзүүлж, гараар бариулж сургана. Тийм арга барилаар сургах нь хүний ой тойнд илүү үлддэг юм байна.
Аавын хэлж захьсан бүхнийг өөрөө бригадын дарга болсон үедээ илүү мэдэрч, эргэцүүлэн бодож, утга учрыг нь ойлгодог юм билээ. Түүнээс замчин байхад хүний хий гэсэн ажлыг л очоод хийчихнэ. Харин бригадын дарга болоод өөрөө толгой даагаад замынхаа гэмтлийг илрүүлээд яаж засах арга ажиллагааг боловсруулж, хүн хүчээ хуваарилж, ажил удирдаад явах үед л аавын хэлж ярьсан бүхэн толгой руу “тогхийгээд” орно доо. Өөрт ирэх хариуцлага хэд хэд нугараад нуруун дээр буухыг мэдэрдэг. Зам арчилгаа бол мэдлэг чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил. Малчин хүн салхи шуургатай, эсвэл бороо шороотой үед малаа хааш нь бэлчээх, яаж хариулахаа анддаггүй шиг замчин хүн байгаль цаг агаарын нөхцөл байдлаас замд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг мэддэг л дээ. Өвөл овойлт үүсэхээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ? Хавар газар гэсэж цариг тэлэхээс өмнө яах вэ гээд ажил их бий шүү. 
-Таны жишээнээс харвал удам дамжсан төмөр замчид л манайхны ярьдгаар “Ясны төмөр замчин” болдог юм шиг?
-Төрж өссөн орчин, харж сонсож байгаа зүйл, үлгэр дуурайлал авч байгаа хүмүүсээсээ тухайн хүүхэд хожим хэн болох, ямар ажил мэргэжил сонгох, хэрхэн амьдрахад нь нөлөөлдөг талтай. Тэр утгаараа төмөр замчдын хүүхдүүд энэ орчинд өсөж өндийхдөө л өөрөө ч мэдэлгүй бэлтгэгддэг байж магадгүй. Одоо манай төмөр зам хүний нөөцийн бодлогодоо удам дамжсан төмөр замчдыг дэмжих талаар тусгасан гэж дуулсан. Энэ маш зөв зүйтэй гэж хардаг. Нөгөө талаар, ерөнхий боловсролын сургуулиудад лицей ангиуд нээж, Дархан хотод хүүхдийн төмөр зам хүртэл байгууллаа. Ирээдүйн төмөр замчдыг багаас нь бэлтгэх маш сайхан хөрс суурийг бий болгож байна шүү дээ. Үүнд би төмөр замчин хүний хувьд маш баяртай явдаг. 
Бидний багад ийм боломж байсангүй. Гэхдээ бидний үеийнхэн дунд сургуулийн ахлах ангиасаа бага багаар аав, ээжийнхээ ажилд тус дэм болоод эхэлдэг шүү дээ. Миний ээж Ч.Ханд-Оюун бас замчин байлаа. Ах бид хоёр хааяа ээжийгээ дагаж очоод ажилд нь тусална. Замчдын гар хөлийн үзүүрт гүйнэ. Тэгэхдээ замчдын хийж байгаа ажлыг харж, хэлж ярьж байгааг нь сонсож өссөн. Тэр орчин бидэнд нөлөөлсөн нь гарцаагүй. Гэвч удам дамжсан төмөр замчин л сайн төмөр замчин болно гэж дүгнэвэл өрөөсгөл. Аль баруун хязаараас огт төмөр замын төсөөлөлгүй ирсэн хүүхэд мэргэжлийн сургуульд сурч, төгсөөд амжилттай сайн ажиллаж байгаа жишээ алийг тэр гэх вэ. Ер нь, хүн хүнээсээ л болдог болов уу. Эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй хүн л сайн мэргэжилтэн болно. Төмөр замын анхдагч нар бүгд л хөдөө аймгуудаас илгээлтээр ирж, орос мэргэжилтнүүдийг даган практикаар төмөр замын маш нарийн мэргэжлийг эзэмшсэн байдаг шүү дээ. “Ясны төмөр замчин” болох асуудал тэр хүний сэтгэл зүтгэл, хүсэл зорилгоос нэлээд хувь нь хамаарах байх. Нөгөө талаар, хувь хүний өгөгдөл гэж бий. 
-Та замчин болсон анхны өдрүүдээ эргэн дурсвал ямар дүр зураг буух бол?
-Анх ажилд ороод гурав хонож байтал дэр мод солих боллоо. Хадаасны толгой онодоггүй ээ. Туршлагатай замчид алхаа дээр далайж байгаад л хадаас хадна. Зарим нь даллаж ирээд л... Сэтгэлд багтаад байдаг. Тэгээд л далайж далайж цохитол далий цохиод хадаасаа тахийлгачихна. Түүнийгээ буруу гэдгээ ч мэдэхгүй, хадаасаа тахийлгаад орхихыг бол өөрөө байж болно гэж бодохгүй юу. Тэгтэл шалгалтын бригадын дарга дуудаад “Хүү минь хадаасаа ингэж тахийлгаж орхиж болохгүй ээ” гэж билээ. Түүнээс хойш хадаасны толгой онодог болтлоо “чавганц” маягаар зөөлөн тоншиж хадна. Тэгсээр тэгсээр баримжаатай болоод ирсэн л дээ. Сарын дараа гэхэд хоёр талаараа даллаж хадаад сурчихсан. Сурснаа бас гайхуулах маягтай /инээв/ болж ирнэ. 
-Замын их, дунд засварын цонхны сурвалжлаганд нэлээд явж байлаа. Зарим замчин алхаа толгой дээгүүрээ сэнс шиг эргэлдүүлээд л хадаас хадахыг хараад хадаасны толгой яаж онодог байна гэж гайхдаг шүү. Гэхдээ их цөөн таарч байсан санагдана? 
-Ер нь, даллаж хаддаг замчин тийм олонгүй. Ихэнх нь далайж хадаж байгаа харагддаг. Зарим хүн зөвхөн нэг талаараа даллаж хаддаг. Миний хувьд бол хоёр талаараа даллаж хадаж сурсан. Залуу байхад нэг зүйлийг чаддаг, мэддэг болчихоор хүнд харуулмаар, мэдрүүлмээр санагдах үе гарна шүү. Ялангуяа, ажил мэргэжлийн уралдаан тэмцээн, олон хэсэг нийлсэн засварын үеэр даллачих гээд л... /инээв/.
-Та тэгвэл ховор чадвартай хүмүүсийн нэг юм байна.
-Тэр бол ажил мэргэжлийнх юмаа 
/инээв/.
-Мэдээж, та олон шавьтай байх. Залуустай хэрхэн ажиллаж байна вэ?
-Миний шавь нараас Замын ангиудад инженерээр ажиллаж байгаа залуус байна. Мөн замын мастер, бригадын дарга нар ч бий. Залуучуудад өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ л хэлж өгөхийг зорьдог. Аж амьдралын хувьд архи дарснаас л хол яваарай гэж захих юм даа.
-Ажлын хамт олон бол хүний хоёр дахь гэр бүл гэдэг үг бий. Ялангуяа, замынхан, замчид элэгсэг, нийтэч улсууд харагддаг?
-Манай замчид их халуун дулаан уур амьсгалтай. Бие биеэ хүндэтгэнэ, анхаарна. Сайхан хамт олон шүү дээ. Анх Шарын голын Замын 15 дугаар хэсгийн нэгдүгээр тасагт замчин болж байлаа. Замын хэсгийн мастер нь Б.Түмэнжаргал гэдэг хүн байв. Тэнд 14 жил ажиллахдаа замчин, ахлах замчин, бригадын даргаар ажилласан. Үүнээс ахлах замчнаар 10-аад жил ажилласан. 2011 онд Дархан-2 өртөөний Замын 14 дүгээр хэсэгт шилжиж ирсэн. Ирээд нэг жил ажиллаад салбар зам хариуцсан бригадын даргаар жил гаран ажилласан. Дараа нь Дархан-2 өртөөний гол зам хариуцсан I тасагт замчнаар ажиллаж байгаад гол зам хариуцсан бригадын даргаар томилогдоод жил гаруй болж байна. 
14 дүгээр хэсэг 50 хүнтэй, дөрвөн бригадын даргатай, анги дотроо томдоо орох хэсэг. Дархан-2 өртөө нь бүх ачаа барааны ялгалт хийж, хуваарилдаг ажил буцалсан газар шүү дээ. Тэр утгаараа замчдын ажлын ачаалал их.
Манай хэсгийн мастер Н.Баасанбаяр гэж залуу бий. Мастер маань залуу хүн гэхэд дадлага туршлагатай, зохион байгуулалт сайтай, хүн хүчээ зөв зохион байгуулаад ямар ч ажлыг хөнгөхөн аваад гараад явчихдаг. Шалгалтын бригадын дарга С.Мөнхбаатар гэх туршлагатай ах бий. Зам сум хариуцсан бригадын дарга Б.Доржсүрэн, салбар зам хариуцсан бригадын дарга Б.Одхүү гээд зан зангаа авалцсан, ажлын арга туршлагаа мэдэх залуустай нэг баг болж ажиллаж байна. Хэсгийн хамт олны хувьд 1960-1990-ээд оныхноос бүрдсэн. Ихэнх нь залуус байна даа. 
Миний хариуцдаг нэгдүгээр тасгийн хувьд гол замын таван км, Шарын голын 13 км замыг арчилдаг онцлогтой. Манай тасаг 13 замчин, гармын гурван жижүүртэй. 
-Та бетон болон модон дэртэй хэсгийг арчилдаг гэлээ. Мэдээж, зам арчилгааны хувьд их ялгаатай юу?
-Ер нь, ялгаатай шүү. Бетон дэртэй зам модон дэртэйгээс харьцангуй арчлалт бага шаарддаг гэж болно. Ялангуяа, их засвар хийсний дараах хэдэн жилд арчлалт бүр багатай. Мэдээж хэдэн жилийн дараагаас шавар сагалт үүсээд зарим гэмтлүүд гараад ирэхэд арчлалт, засварын хувьд модон дэрнээс илүү нарийн арга ажиллагаа, техник шаардах талтай. Тэгэхээр замчид бид илүү их нарийн ажиллагаанд суралцах хэрэгтэй гэсэн үг. Модон дэрний хувьд арчилгаа их шаардах ч түүнийг засах, арчлах арга техник нь харьцангуй олон байх талтай гэхүү дээ.
-Танай гэр бүлд танаас өөр төмөр замчин бий юу?
-Намайг төмөр замчин болоод хэдэн жил болсны дараа том ах Г.Дашлхагва маань бас Замын I ангид замчнаар орж, дараа нь жолооч, одоо халуун төмөрчнөөр ажиллаж байна. Бага дүү Г.Отгонбаяр Замын III ангид жолооч. Говь-Алтайгаас ирснээс хойш хоёр бага дүү минь төрсөн юм. Ах дүү зургаагаас гурав нь удам залгасан төмөр замчид болсон доо. Бусад нь өөр ажил мэргэжил эзэмшээд тус тусынхаа ажил үйлийг эрхлээд явж байгаа.
-Таны гэргий замчин бүсгүй юу?
-Миний хань Э.Амартүвшин барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Сүүлийн хэдэн жилд хашаандаа мод бут, жимс жимсгэнэ тарих хоббитой болоод байгаа хүн дээ. Гэртээ байгаа үедээ би гэргийнхээ туслах цэцэрлэгч нь. Мод услах зэрэг бүдүүн тойм ажлыг нь гүйцэтгэж, нарийн чимхлүүр ажлаа манай хүн гардана. 
Бид 2000 онд гэр бүл болсон. Гурван хүүтэй. Том хүү Дарханы ШУТИС-д уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр сурдаг. Ирэх хавар төгсөнө. Бага хоёр хүү ихэр. Дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг. 
-Ихэр хөвгүүд өсгөх амаргүй байх?
-Ер нь, ихэр хүүхэд өсгөх бол үнэхээр их ажилтай, заавал хажууд нь нэг хүн байх ёстой юм билээ. Замчид бидэнд гэртээ байнга байх зав хаанаас гарах вэ дээ? Төдийлөн нэмэр болоод байж чадаагүй. Ажил гээд л гараад алга болно. Манай хүн төмөр замчдын ажлын онцлогийг ойлгодог. Арын албыг бүгдийг зохицуулна даа. Ихэр хөвгүүдийг өсгөхөд багад дүү нараас ирж тусалж байсан.
Цаг зав гарвал ар гэртээ зориулахыг л хичээдэг. Бусад цагт ажил гээд олддоггүй хүн чинь тэгж л гэргийдээ нэмэр тус болно доо.
-Аав, ээж хоёр нь гавьяаны амралтад гараад юу хийж байна даа?
-Аав маань 2010 онд тэтгэвэрт гарсан. Ээж төмөр замд тав зургаан жил ажиллаад Хонгорын САА-д ажилд орж, тэндээсээ тэтгэвэрт гарсан. Хоёр хөгшин маань тэтгэвэрт гарсныхаа дараа Шарын голын наахна хэдэн малтай байж байгаад одоо Дарханы төв рүү орж ирсэн. Суурин байгаа. Ач зээ нараа эрхлүүлсэн шиг суудаг. Аав ээж минь ч, бид ч төмөр замынхаа буянаар бүтэн нэртэй, мөр цэвэр, амьдрал ахуй тэгш сайхан явна. 
Үүнээс илүү яах вэ. Миний аав “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” хүн. Би өөрийгөө аавынхаа энд хүрэх яагаа ч үгүй байна гэж боддог шүү. Сайхан хамт олон дунд аавынхаа өвлүүлсэн ажил мэргэжилд эзэн болж явахыг л хичээж явна даа.
-Үнэтэй цагаасаа хугаслан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх