Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-04-23

Д.Амаржаргал: Дуулна гэдэг их буян гэж бодож явдаг

-Уншигчдынхаа өмнөөс танд МУГЖ гэх эрхэм хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ хүндтэй шагналыг чуулгынхаа 70 жил, төрсөн нутаг ус Ховд аймгийн Үенч сумын 90 жил, уран бүтээлч болох гараагаа эхлүүлсэн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 70 жил гээд олон тэгш ойн босгон дээр хүртсэндээ үнэхээр баяртай байна. Энэ дашрамд, улс орынхоо хөгжил цэцэглэлтэд тэргүүн эгнээнд явдаг төмөр замчидтай сониноороо дамжуулан уулзуулж буй танай редакцийн хамт олонд талархал илэрхийлж, төмөр замчдынхаа ажил үйлсэд их амжилт хүсэн ерөөе.
-Баярлалаа. Таны унаган мэргэжлийг мал зүйч гэж дуулсан. Мал зүйчээс МУГЖ хүртэлх зам мэдээж сонин түүхтэй байж таарна?
-Би Ховд аймгийн Үенч суманд төрж өссөн. Сумынхаа дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн ХАА-н техникумд сурч, мал зүйч мэргэжлээр 1991 онд төгссөн. Миний аав малын эмч хүн. Дунд сургууль төгсөхөд аав минь “Миний хүү аавынхаа мэргэжлийг өвлөвөл зүгээр юм” гэсэн. Бидний үеийнхэн эцэг эхийн үгнээс гарах биш,зөвлөгөөг нь дагасан хэрэг. Төгсөөд жил гаран Үенч сумынхаа Казак бригадад мэргэжлээрээ ажиллаад цэргийн албанд мордсон. Говь-Алтай аймгийн Алтай суманд хилийн отрядад цэргийн алба хаагаад 1995 онд халагдаж ирсэн. Ингээд сумынхаа захиргаанд Хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад Үенч сумынхаа Соёлын төвөөс урлагийн хүн болох гараагаа эхэлсэн. 1998 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар орсон. Хоёр жил гаран ажиллаад 2001 онд энэ театртаа дагалдан дуучнаар орсон.
-Хэдий өөр мэргэжил эзэмшсэн ч дотоод хүн чинь энэ зам руу тэмүүлсээр байж дээ? 
-Ер нь, тийм дээ. Урлаг уран сайханд дуртай болсон минь бас аав, ээжийн минь нөлөө юм шүү дээ.Аавыг минь Б.Дорж гэдэг ерөөлч магтаалч, сайхан дуулдаг хүн байсан. Миний ээж Д.Баавай ардын богино дуу, уртын дуу аль алиныг нь сайхан дуулна. Багад минь сумынхан гэр бүлийн концерт их тоглодог байсан. Манайх гэр бүлийн концертоороо сумандаа толгой цохьдог айлын нэг байв. Майн баяр гэж их гоё баяр болдог сон. Тэр баярын арга хэмжээг аав минь хөтөлдөг байсан санаанаас гардаггүй юм. Ах дүү нар бүгд сайхан дуулна. Баруун Монголын бий биелгээ ч биелцгээнэ. Ер нь, гэр бүл дотроо л би “хөглөгдөж” өссөн дөө. Үнэхээр дуртай сонирхолтой зүйл гэдэг юунаас ч хүчтэй байдаг хойно урлагийн замыг эргэлзэлгүй сонгосон. Тухайн үед аав, ээж хоёр минь “Хүн өөрийн дуртай зүйлээ хийнэ гэдэг хамгийн сайхан хэрэг” гэж миний сонголтыг дэмжсэн дээ. Бид эцэг эхээс олуулаа. Хоёр ах, таван дүүтэй. Одоо отгон дүү Д.Нямбаяр маань Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байгаа.
-Та Д.Ширмэнтуяа гавьяаттай хамтран дуулсан “Ойрхон л байж шүү дээ” дуугаараа олонд танигдсан шүү дээ? Тэр үед хотын хүн болчихсон байв уу?
-Тухайн үед хотод орж ирээд удаагүй байсан. Намайг Ховд аймгийн хөгжимт драмын театраас 2001 онд хотод авчирсан хүн бол “МСS эрчим сүлжээ”компанийн захирал агсан Е.Амаржаргал гэж амьдаа ах минь. Ах минь одоо намайг тэнгэрийн орноос харж байгаа байхаа. Энэ том театрын босгоор алхах боломжийг олгосон, уран бүтээлч болох замд минь түшиг тулгуур юм болсон сайхан хүн байлаа. Хотод ирээд эхлээд Дуурийн театрт шалгуулсан. Тэнд хагас сар шахам хоорт сууж үзсэн. Тэндээсээ гараад Ардын дуу бүжгийн чуулга буюу одоо энэ чуулгадаа шалгуулж, МУГЖ Ц.Өлзий-Орших багш дээрээ очсон. Манай театрын дууны албаны хорместер Ц.Буян-Орших гэж багшийн маань төрсөн дүү миний урлагийн замыг засалцсан хүний нэг. 2003 онд МУГЖ Д.Ширмэнтуяатай “Ойрхон л байж шүү дээ” гэдэг дууг хослон дуулах болсон нь их санамсаргүй. Ёстой зөв цагтаа, зөв газраа таарсан гэж хэлмээр. Хөдөөнөөс ирээд удаагүй, оюутан болчихсон үе. Нэг өдөр ангидаа сууж байтал Ц.Буян-Орших багштай хамт дуучин Д.Ширмэнтуяа ороод ирлээ. Тухайн үед Д.Ширмэнтуяа маань “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагнал хүртчихсэн, олон дуу нь ард түмэнд хүрчихсэн дуучин байв. Дууг нь сонсож байснаас танихгүй юм чинь чимээгүйхэн л сууж байлгүй яахав. Ц.Буян-Орших багштай “Ойрхон л байж шүү дээ” дуун дээр сургуулилт хийгээд л... Эмэгтэй дуучин ингэж дуулна. Эрэгтэй дуучин нь ингэж дуулна гэж ярилцаж байх хооронд би эрэгтэй дуучны дуулах хэсгийг цээжилчихлээ. Дотроо ямар гоё дуу вэ гэж бодоод байлаа. Тэр хоёр ч хэсэг сургуулилт хийж байснаа Д.Ширмэнтуяа багшаас “Энэ дууг хэнтэй хамт дуулах вэ?” гэж асууж байна. Тэгтэл Ц.Буян-Орших багш “Алив Амаржаргалаа чи дуулаад үз” гэдэг байгаа. Би ч уухайн тас. Дууллаа. Багш ч, Ширмэнтуяа ч “Болж байна шүү дээ” гэцгээв. Тэгээд маргааш нь бэлтгээд л студид бичүүлсэн дээ. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа зах дээр явж байтал “Ойрхон л байж шүү дээ” дуу “хадааж” байдаг юм байна. Дараа нь “Чи бидэн хоёр”, “Ханийн дуу” гээд л бид хоёрын шинэ дуунууд төрсөн. Одоогоор бид хоёрын хамтран дуулсан гучаад дуу бий шүү.Дуу хоолойны өнгө таарна гэж нэг юм байна. Манай Ширмээ задгай хоолойтой, асар том диапазонтой /цар/ дуучин шүү дээ.
-Таны ганцаарчилсан олон уран бүтээл ч олонд амархан түгсэн санагддаг? 
-Е.Амаржаргал ахыгаа би дууны шүлэг рүү татаж оруулсан хүн. Амараа ахад “Ээждээ зориулж дуу хийж дуулмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл Амараа ах “Сэтгэлээс уяатай ижий нутаг” гэдэг шүлэг бичээд, түүнд Ц.Буян-Орших багш маань ая хийсэн.Энэ дуу миний ганцаарчилсан уран бүтээлийн анхных болсон. 2003 онд би “Сэтгэлээс уяатай ижий нутаг” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байлаа. Амараа ахын үеийн ах нар намайг дэмжиж тусалж байлаа. Ч.Гантулга, Цэрэв, Б.Энэбиш, Г.Ганхуяг гээд миний уран бүтээлийг дэмжсэн, амьдралд минь тус болсон олон сайхан ах нартаа баярлаж явдаг. Е.Амаржаргал ах маань олон сайхан дууны үг бичиж, МУАЖ А.Энхтайван,“Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболд, УГЗ Д.Цэвээнравдан гээд сайхан уран бүтээлчидтэй хамтран олон сайхан дуу хийсэн. Амараа ахын “Андууд” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолт, “Миний нутаг” гэдэг цомог хүртэл гаргасан. Амараа ахын дууг надаас гадна МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ц.Түвшинтөгс, СТА Б.Батмэнд, МУГЖ С.Цогтсайхан гээд сайхан дуучид дуулсан даа. Ах маань “Торгуудын их нүүдэл” гэж роман бичсэн. Миний урын санд одоогоор 200 гаруй уран бүтээл бий. Би ер нь, дуулна гэдгийг их буян гэж бодож явдаг. Дандаа сайхан энерги цацарна, дууг уурлаж сонсдог хүн байхгүй дээ.
-Нутаг нутгийн онцлог гэж байдаг шиг... Бөхөөрөө, мориороо, дуучдаараа алдартай нутаг ус олон. Тэгж бодохоор хүн байгалийн хүйн холбоо гэдэг бас ор үндэсгүй зүйл биш шиг санагддаг. Танай нутгаас олон сайхан дуучид төрсөн байдаг даа?
-Яах аргагүй үнэн. Ховд нутгаас эрэгтэй тенор /цээл/ хоолойтнууд их гарсан байдаг шүү. Жишээ нь, МУАЖ Б.Зангад, СГЗ Д.Машлай, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, МУГЖ Д.Батсүх, “Түмэн эх” чуулгын дуучин, СТА Н.Нямгэрэл, мөн Б.Гомбо-Очир, Н.Төмөрсүх гээд цээл хоолойтнууд олон шүү.Үүнийг би нутгийн уул устай л холбоотой гэж боддог. Дуу хуурын өлгий Дундговь дуучдаараа алдартай. Гэхдээ говийнхны дуу хоолойны өнгө зөөлөн, уянгалаг байдаг. Манай Ховд нутгийн хувьд уртын дуу нь их дээд өнгөнөөс огцом доод өнгө рүү шилждэг онцлогтой. Сарьдаг өндөр уулстай нутаг усны онцлог байж болох юм. Мөн баруун Монгол дууны хувьд ард түмний зан заншил, ахуй амьдралаас сэдэвлээд хүнийг хүмүүжүүлэх, егөөдөх зэргээр зохиосон хошин дуу ихтэйгээрээ бас онцлогтой. Баруун Монгол ардын дуу богинохон мөртлөө агуулга нь их баялаг, хүмүүжлийн өнгө аястай. Би театртаа баруун Монгол дуугаа аялгаар нь дуулж, уламжилж авч явж байна. Миний өмнө МУГЖ, баруун Монголын Г.Баяраа гэж агуу дуучин байлаа. Үндэсний өв соёлоо хадгалж, өвлүүлж явах нь бас энэ нутгаас төрсөн уран бүтээлч миний үүрэг гэж бодож явдаг даа. Баруун Монгол дуугаа дуулаад байхаар хотод орж ирээд 20 гаруй жил болж байхад нутгийн аялга надаас холддоггүй юм шиг байгаа юм. Найз нөхөд чиний нутгийн аялга ер засрахгүй юм гэдэг. Баруун Монгол ардын дууны “Жаавай” гэдэг CD гаргасан. Д.Ширмэнтуяа гавьяаттайгаа хамт баруун Монгол ардын хэд хэдэн дууг дуулсан шүү.
-Та ярианыхаа эхэнд олон тэгш ойн жил төрийн хайр хишгийг хүртлээ гэж дурдсан. Тэгэхээр таны шагнал уран бүтээлийн хамт олон, өсөж төрсөн нутгийн зон олны давхар давхар баяр болж дээ?
-Энэ жил манай театрын 70 жилийн ой тохиож байна. Анх 1950 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Ардын дуу,танцны улсын ансамбль” нэртэй байгуулагдсан юм шүү дээ. Тэгээд 1951 оны хоёрдугаар сарын 8-нд “Элдэв-Очир” кино театрын байранд Маршал Чойбалсангийн 56 насны ойд зориулсан тоглолтоор нээлтээ хийсэн юм билээ. Яг тэр анхны тоглолтоо хийсэн өдөр нь буюу хоёрдугаар сарын 8-нд би МУГЖ гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртэхээр Төрийн ордонд зогсож байлаа. Гэвч тухайн өдөр шагнал гардуулах арга хэмжээ хойшилсон. Тэр өдөр манай хамт олон намайг шагналаа аваад ирнэ гээд бүгд хүлээж байсан. Хэдий шагналаа гардаагүй байсан ч хамт олон минь маш сайхан хүлээж авсан. 
Амараа ахын минь шүлэг, Б.Баасанжаргалын хөгжим “Мөнхөд дурсагдах ижий” дууны аян дээр манайхан надад зориулж, шүлэг зохиочихсон дуулаад хүлээж авсан. Өөрийн эрхгүй огшоод баярын нулимс дуслуулсан. Багш минь бүр огшоогоод өөрийнхөө гавьяатын тэмдгийг авч надад зүүж өгч, “За миний хүү цагаан сараар гавьяатаа зүүгээд гэрийнхээ хойморт сууж бай” гэсэн. Шагналыг хэзээ гардуулах нь тодорхойгүй байсан болохоор багш минь тэгсэн хэрэг. Тэгтэл битүүний урд өдөр гэнэт дуудаад шагнал өгсөн. Хоёрдугаар сарын 10-нд шагналаа гардаж авлаа. Гэтэл багш маань 1999 оны хоёрдугаар сарын 10-нд МУГЖ цолыг авч байж. Ингээд ёстой олон баяр давхардсан үйл явдал болсон шүү. 
Ийм хувь ерөөл тохиосон нь төрсөн нутгийн минь уул ус ивээсэн хэрэг гэж бодож явна. Үндэсний урлагийн их театрын хамт олон, намайг төрүүлж өсгөсөн аав, ижий, дэмжиж, тусалдаг бүх л ах дүү, найз нөхөд, арыг минь дааж явдаг ханьдаа, үр хүүхдэдээ баярлалаа. Аав минь хүүгээ тэнгэрийн орноос харж байгаа байх. Ээж минь нутагтаа байгаа. Хөл нь газар хүрэхгүй л баярласан гэсэн. Үндэсний урлагийн их театр бол маш том байгууллага. Манайх 25 дуучинтай. Үндэсний хөгжмийн их найрал гэж дуучид бидний түшиг тулгуур маань хөгжимчид, бүжигчид гээд хамт олондоо баярлаж байна. “Торгон нутаг” клуб, “Холын цэнхэр Үенч” клубын залуустаа талархаж буйгаа танай сониноор дамжуулан уламжилъя.
-Таны ярианаас олон сайхан найз нөхөдтэй, хэнтэй ч нөхөрлөж чаддаг хүн юм гэж бодлоо. Яагаад “Нөхөрлөж чаддаг” гэж онцлов гэхээр өнөө цагт нөхөрлөл гэдгийг зарим хүн ямар нэг хэмжүүр, үнэ цэнээр, магадгүй ард нь гарах ашиг хонжоогоор хардаг болсон шиг санагддаг? 
-Нөхөрлөл бол сэтгэлийн том бэлэг. Надад маш олон найз бий. Урлагийн салбараас гадна өөр салбарын найз нөхөд олон. Тэдний нэг нь танай сонины эрхлэгч, яруу найрагч Ө.Батзориг шүү дээ. Үеийн нөхдөөс гадна олон сайхан ах нар байна. Анд нөхөд гэдэг ямар ч цаг үед нэг л зангаараа, нэг л сэтгэлээр бие биеэ хүндэлдэг, бие биедээ дэм тус болж явахыг хэлдэг гэж ойлгодог. Найз нөхөд нэгнийхээ баяр жаргалыг хуваалцахаас гадна зовсон зүдэрсэн үед түшиг тулгуур нь болох ёстой. 
Би найз нартаа зориулж, Е.Амаржаргал ахын шүлэг, МУАЖ А.Энхтайваны хөгжим “Андууд” дуугаа дуулсан.
...Баяр хөөрийн дээдээ
Бусдаас түрүүлж хуваалцдаг
Бухимдаж гунисан үедээ
Сэтгэлээ уудалж тайтгардаг
Ганцхан насанд заяасан 
Гал халуун найзууд минь... гэсэн сайхан үгтэй дуу бий. 
Миний найз нар бүгд гэр бүлээрээ нөхөрлөдөг. Хамгийн хачирхалтай нь, СТА Б.Батмэнд, СТА Ш.Баянмөнх гээд найз нарын гэргий нар багш. Миний эхнэр бас багш.. “Ханьдаа дуулах дуу” гэдэг дуугаа найз нартаа зориулж, Үндэсний урлагийн их театрын дуучин Т.Өлзийсайхантайгаа хамтран дуулж, клипэнд нь найз нараа гэр бүлийнхэнтэй хамт оруулсан. Энэ бол найз нартаа барьсан миний бэлэг юм. 
-Цар тахлын улмаас урлаг соёлын арга хэмжээнүүд түр завсарлалаа. Энэ цаг үе таны хувьд хэр үр бүтээлтэй байна вэ?
-Хөл хорионы үед зүгээр суусангүй олон шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Саяхан залуу яруу найрагч Н.Тогтохбаярын шүлэг, УГЗ Д.Цэвээнравдангийн хөгжим “Бууриа тамгалсан захчин түмэн” дуугаа гаргалаа. Мөн “Захчин түмний нутаг” дуу гаргалаа. Ховд аймагт таван захчин сум бий. Д.Ширмэнтуяа гавьяаттайгаа хамтарч хайрын тухай хоёр сайхан шинэ дуу хийж байж, мөн УГЗЦ.Бавуудоржийн шүлэг, Ш.Өлзийбаяр хөгжим “Амьдрал үргэлж инээмсэглэг” гэдэг дуу хийж байна. УГЗ Ц.Пүрэвхүүгийн хөгжим,“Болор цом”-ын эзэн М.Отгонбаярын шүлэг “Алтайн гоо уулс мину” гэх зэргээр олон сайхан уран бүтээл дээр ажиллаж байна. Ер нь, нэг шинэ цомог гаргах хэмжээнд уран бүтээлийн ургац маш арвин байна. Төрийнхөө хайр хишгийг хүртсэн хүн чинь одоо ард түмэндээ, нутгийн зон олондоо, хамт олондоо шинэ шинэ уран бүтээлээр л бэлэг барина даа.
-Манай уншигчдын дийлэнх нь төмөр замчид. Танд төмөр замтай, төмөр замчидтай холбоотой сонин содон дурсамж бий юу? 
-Би чинь төмөр замгүй нутгийн хүн учир их хожуу галт тэргэнд сууж үзсэн хүн дээ. МУГЖ Ц.Өлзий-Орших багш, Д.Ширмэнтуяа гавьяаттай хамт Сэлэнгэ аймаг руу 2002 онд тоглолтоор явахдаа анх удаа галт тэргэнд суусан. Урд нь гаднаас нь хараад л энэ вагон гээчид хэдэн хүн суудаг бол гэх юм л бодож явснаас сууж үзээгүй юм. Тэгээд анх удаа суухдаа Ширмээгээсээ “Вагон донслох уу?” гэж асуугаад онигоонд орж байсан удаатай. Галт тэрэг гэдэг тохь тухтай сайхан унаа юм гэдгийг тэгэхэд анх мэдэрсэн дээ. Хамгийн найдвартай, хамгийн олон хүнийг зорьсон газарт нь хүргэдэг сайхан унаа шүү.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн ганзага тань ямагт дүүрэн байг!

Сэтгэгдэл үлдээх