Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-05

С.Хонгорзул: Халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байна

-Манай улсын хэмжээнд коронавируст халдварын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан УБТЗ ХНН-ийн ажилтнууд ч халдварт өртөж, эмнэлэг болон гэрээр эмчлэгдэж байна.
Замын даргын баталсан энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн А/379 тушаалаар Гамшгаас хамгаалах штабын дэргэдэх Шуурхай удирдлагын нэгжийг байгуулсан. Шуурхай удирдлагын нэгж нь төлөвлөлтийн баг, тандалт, хяналтын баг, шуурхай хариу арга хэмжээний баг, санхүү, нөөц, хангалтын баг гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллаж байна.
Тандалт, хяналтын баг нь Замын хэмжээнд коронавируст халдварын тархалт, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг бусад багуудад хүргүүлэх, халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тогтоох тандалт судалгааг Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, журам, зааврын дагуу тархвар зүйн асуумжийг авч, ажлын газрын тандалтыг хийж, алба, хэлтэс, төв, салбар, нэгжид эргэн мэдээлэх, тандалт судалгааны үр дүнг үндэслэн халдварын голомт, эх уурхайг тогтоох, Sars-Cov 2 вирусын антигенд суурилсан түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээнд хамруулах хуваарийг гаргадаг. Мөн алба, хэлтэс, төв, салбар, нэгжийн үйл ажиллагаанд холбогдох хууль, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилт, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгөх үүрэгтэй ажиллаж байна.
Тус баг нь дотроо Тандалтын болон хяналтын гэсэн хоёр бүлэгтэй. Тандалт, хяналтын багийн ахлагчаар миний бие, Тандалтын бүлгийн ахлагчаар эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Амаржаргал, Хяналтын бүлгийн ахлагчаар нь ЦХОБА-ны дарга Д.Гантөмөр нар ажиллаж байна. 
Замын хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал, эмнэлэгт хэвтсэн, гэрээр эмчлүүлж байгаа, эдгэрсэн, гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжсэн зэрэг хоногийн мэдээ, мэдээлэл, шинжилгээ, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын дүнг нэгтгэн Монгол, Орос хэл дээр бэлтгэн ШУН, удирдлагуудад цахимаар хүргүүлэн ажиллаж байна.
Хяналт шалгалтын ажлыг ЦХОБА, Хүний нөөцийн албатай хамтран гэнэтийн буюу төлөвлөгөөт бус байдлаар зохион байгуулдаг. Төв эмнэлэгтэй хамтран өдөр бүр тархвар судлалын заалтаар болон тандалтын шинжилгээг хийж, ажилтнуудыг эрт илрүүлж, хүндрэл, нас баралтаас сэргийлэн ажиллаж байна.
Аль нэг салбар, нэгжийн ажилтанд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр ковидын халдвартай нь батлагдвал мэдээллийг хамгийн түрүүнд ажил удирдагчдаа өгнө. Мөн хүний нөөцийн ажилтан эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь хоёр цагийн дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 121А цахилгааны дагуу Тандалт, хяналтын багт цахим хаягаар ирүүлэх ёстой. Мэдээллийг бид и-мэйлээр хүлээж аваад улсын хэмжээнд ашиглаж байгаа tandalt.gov.mn-ээс цахим сайтаас шалгаж, нягтлаад тухайн ажилтантай утсаар холбогдож, зайнаас тандалт судалгааг хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтан ажлын байрандаа хэдэн хүнтэй ойрын хавьтал болсныг тогтоон, Эрүүл мэндийн сайдын энэ оны есдүгээр сарын 03-ны өдрийн А/547 дугаар тушаалыг үндэслэн хавьтлыг тодорхойлж, гэрийн тусгаалалтад 14 хоногийн хугацаатай шилжүүлж, зайнаас ажиллах боломжтой ажилтнууд гэрээсээ ажлаа гүйцэтгэж байгаа. Гэрийн тусгаалалтад байгаа ажилтнуудыг тухайн салбар, нэгжийн үйлдвэрийн эмч эмнэл зүйн ажиглалтыг хийж утсаар холбогдон хяналт тавин ажиллаж байна.
Гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа ажилтнууд гурав болон түүнээс дээш шинж тэмдэг илэрч байвал тухай бүрт мэдэгдсэний дагуу шинжилгээнд хамруулж, шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байгаа бол 13 дахь хоногт шинжилгээнд хамруулж ажилд нь оруулж байна. Мөн бид тандалт судалгаа хийх явцдаа ажилтнуудаас хавсарсан суурь өвчин, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодруулан Төв эмнэлэгтэй хамтран шинжилгээнд хамруулж байна.
Тусгаарлалтад байгаа ажилтнуудын нэлээд хэсэг буюу 14 хувь нь тандалтын шинжилгээгээр халдвар авсан нь батлагдаж байна. Энэ нь ажлын байранд халдварын тархалтыг тодорхой хэмжээнд бууруулж байна гэсэн үг.
Замын даргын 2021 оны А/676 дугаар тушаалын дагуу алба, хэлтэс, төв, салбар, нэгжийн ажилтнуудыг дунд халдвар байгаа эсэхийг тодруулахаар тандалтын шинжилгээг зохион байгуулж байгаа нь эрт илрүүлэх ач холбогдолтой.
-“Гэр бүлийн хүрээнд нэгдүгээр хавьтагч болсон тохиолдолд хэрхэн шинжилгээнд хамрагдах вэ? Шинжилгээнд хамруулахгүй байна” энэ талаар тодруулж өгөөч гэсэн хүсэлт манай редакцид ирсэн. Уншигчаас ирүүлсэн энэ асуултад хариулт өгөөч?
-Эрүүл мэндийн сайдын дээр дурдсан тушаалаар хавсарсан суурь өвчтэй, 60-аас дээш настай хүмүүс, мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрвэл зургаа дахь хоног дээр антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, бусад хүмүүсийг шинж тэмдэггүй бол шинжилгээнд хамруулахгүй байхаар заасан. Гэхдээ УБТЗ-ын ажилтнуудын хувьд нэгдүгээр хавьтлаар тогтоогдсон ажилтныг 14 хоногт гэрийн тусгаарлалтад байх хугацаанд нь зургаа, 13 дахь хоногт нь түргэвчилсэн шинжилгээ авч, шаардлагатай тохиолдолд бх-ПГУ-ын шинжилгээнд хамруулж байна.
Улсын хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын дельта хувилбарын тархалтын өндөр байгаатай холбогдуулан ажилтнууд сүүлийн үед гэр бүлийн хүрээнд халдвар авах, хэн нэгэн нь өвдсөн тохиолдолд мөн гэрийн тусгаарлалтад шилжих байгаа. Иймд гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн өвдсөн, эсхүл өөрт шинж тэмдэг илэрсэн бол ажилдаа явахгүйгээр байгууллагынхаа удирдлагад заавал мэдэгдэх хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг тухайн байгууллага бидэнд ирүүлнэ. Мэдээллийн дагуу бид шалгаж, нягталж, баталгаажуулаад шинжилгээнд хамруулж, ойрын хавьталд бүртгэн тухай байгууллагад цахим шуудангаар илгээн тусгаарлалтын хоног хугацааг мэдэгдэж байгаа.
Замын даргын энэ оны А/782 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах шуурхай штабын дэргэдэх Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүлгийг салбар, нэгжийн ерөнхий инженер, ерөнхий инженергүй бол орлогч дарга, хүний нөөцийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцсан ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.
Манай багийн гишүүд өдөр бүр шөнийн 01.00-02.00 цаг хүртэл маш өндөр ачаалалтайгаар ажиллаж байна. 
-Түргэвчилсэн шинжилгээний хариунд зарим хүмүүс эргэлзэж байна гэх юм?
-Ойрын хавьтагч нарын хувьд шинж тэмдэг илэрч байгаа боловч түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарч байгаа үед мөн шинж тэмдэггүй ч түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарах тохиолдолд бх-ПГУ-ын шинжилгээ авч баталгаажуулж байгаа. Шинж тэмдэг илэрч байгаа бол тэр дор нь үйлдвэрийн эмч болон Тандалт, хяналтын багийн 86116459, 86116458, 99092417, 242822, 242831 дугаарын утас руу залгаж мэдэгдэх ёстой. Үүний зэрэгцээ Төв эмнэлэг шинжилгээнд дуудахад цагтаа ирдэггүй зэрэг шалтгаанаар бидний ажилд хүндрэл их учруулж байгаа тул ажилтан бүр хариуцлагатай баймаар байна.
-Тусгаарлалтад байгаа ажилтнуудын хувьд хэд дэх хоног дээрээ халдвар нь ихэвчлэн илэрч байна вэ? 
-Хүн бүрийн биеийн онцлог, дархлааны систем нь харилцан адилгүй. Коронавируст халдварын нууц үеийн хугацаа 1-14 хоног, дундажаар 5-6 хоног байна. Ихэвчлэн зургаа дахь хоногт нь авч байгаа шинжилгээгээр халдвар илэрч байна. Мөн шинж тэмдэггүй явж байгаад 13 дахь хоног буюу хоёр дахь шинжилгээгээрээ ч батлагдах тохиолдол гарч байна. Тэгэхээр нэг удаагийн шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж тайвширч огт болохгүй. 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдөх, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зааврыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Халдварын тархалтын байдал ямар түвшинд байна вэ?
-Улсын хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэхэд Замын хэмжээнд ч өвчлөл дагаад өсөх хандлага ажиглагдаж байна. 2020 оны сүүлээр дэгдэлт байдлаар гарснаас хойш 1, 2 дугаар сард халдварын тоо эрс буурсан. 3, 4, 5 дугаар сард тодорхой тоотойгоор бүртгэгдэж байсан. Үүний дараа улсын хэмжээнд зургаадугаар сард альфа хувилбарын тархалт нэмэгдэж халдварын тоо өсөхөд Замын хэмжээнд ч мөн өссөн. Наймдугаар сард харьцангуй буурч байгаад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлж, үйлчилгээний салбар нээгдэж, хүмүүсийн зорчих хөдөлгөөн ихсэж, нийт хүн амын дунд халдвар тархсан тул манай байгууллагын хэмжээнд ч есдүгээр сараас халдварын тохиолдол өслөө. Цаашид ч улирлын томуугийн өвчлөл ихсэхтэй зэрэгцэн коронавируст халдварын тархалт өсөх хандлагатай байна. Халдвар авсан тохиолдлын эх уурхайг тогтоох асуумжид халдвар авсан нийт ажилтнуудын 54 хувь нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй, 22 хувь нь ажлын байранд, үлдсэн хэсэг нь гэр бүлийн хүрээнээс авсан гэж хариулж байна.
-Тандалтын шинжилгээг ямар давтамжаар авч байгаа вэ?
Төв эмнэлэг Молекул биологийн лабораторитой болсонтой холбогдуулаад Sars-Cov 2 вирусийг илрүүлэх түргэвчилсэн болон бх-ПГУ-ын шинжилгээг урьдчилан сэргийлэх, тархвар судлалын заалтаар халдварын голомтыг хумих, таслан зогсоох үүднээс тандалтын шинжилгээг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр Замын даргын баталсан 2021 оны А/676 дугаар тушаалаар баталсан түр журмын дагуу хамтран зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрсэн, хавьтал болсон ажилтнуудаас гадна үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд тандалтын шинжилгээг хийж байгаа гэсэн үг. Шинжилгээ авах түр журамд ямар ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудыг болон зарим байгууллагын ажилтны хэдэн хувийг, ямар давтамжаар хамруулах зэргийг тодорхой заасан. Тухайлбал, Нэгдсэн удирдлагын төвийн ажилтнуудыг долоо хоног тутамд бх-ПГУ-ын шинжилгээнд 100 хувь, машинч, туслах машинчийн 20 хувийг 14 хоног тутамд, Төв эмнэлгийн тусгаарлан эмчлэх хэсэгт /улаан бүс/-д ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажилд гарахаас өмнө, зургаа болон 13 дахь хоногт нь тандалтын шинжилгээнд бүрэн хамруулах гэх мэтээр зохион байгуулж байна.
Нэмж хэлэхэд, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед төмөр замчин бүр халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдөж, “ажил-гэр” гэсэн маршрутаар зорчиж, дор бүрдээ хариуцлагатай байх хэрэгтэй гэж зөвлөх байна. 

Сэтгэгдэл үлдээх