Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-02

Итгэл даасан 40 жил

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялаасан Зорчигч тээврийн албаны зорчигч, тээш тээвэр хариуцсан инженер Эрдэнэцогтын Хүрэлхүүг зочноор урилаа. Тэрбээр, “Анх энэ мэдээг сонсоод дотроо “Би чинь ийм том шагнал хүртэх гэж үү?” хэмээн өөрөөсөө асуух ч шиг... Нуулгүй хэлэхэд, жаахан балмагдсан, итгэж ядан гэрээсээ гарсан шүү. Харин төрийн хүндтэй шагналыг энгэртээ зүүсэн хойноо л сая итгэж, сэтгэл тавирсан. Тухайн үед төрүүлж өсгөсөн аав, ээждээ, төмөр замчин болох гараанд минь тосож авсан ачит багш нартаа, хамт олондоо, төмөр замчдадаа “Баярлалаа” гэдгээ дотроо хэдэн мянгантаа хэлж зогссон доо” хэмээсэн.

“Зангиатай” 40 жил
-Хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг ажил мэргэжлийн сонголт байдаг шүү дээ?
-Би уг нь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн. Нутгаасаа эрт гарсан. Аав минь Санхүүгийн техникумд сурах болж манайх хот руу нүүж ирэхэд би дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Миний хүүхэд нас хотод, тэр дундаа Модны-2, Гандан хавиар өнгөрсөн дөө. 
Сургуульд байхдаа жаахан дэггүй хүүхэд байсан /инээв/. Хичээлд барагтай суудаггүй. Манай ангид алдартай 10 сахилгагүй байсны нэг нь. Ямар сайндаа, ангийн багш минь наймдугаар анги төгсөхөд “Та хэдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ” гэж байх вэ дээ. Тэгээд бидний хоёр нь ТМС-ийн хуваарь авч, бусад нь ажил дээр гарсан. 1981 оны намар Төмөр замын ТМС-ийн Вагоны засварчны ангийн оюутан боллоо. Хичээл эхлэхэд Б.Сайнгэрэл багш маань Дорнодын нэг хүүхдийг сонгож ангийн даргаар сонголоо. Гэтэл тэр хүүхэд бас сахилгагүй нөхөр таарч, арваннэгдүгээр сард намайг ангийн дарга болгочихлоо. Ангийн дарга болоодохсон чинь надад их юм бодогдож байна шүү. “Багш минь надад том итгэл найдвар хүлээлгэж байна. Ангийн дарга хүн чинь өөрөө үлгэрлэж, хариуцлагатай байх ёстой” гэж... Тэр үеэс би зангиа зүүж, ангийн даргын байр сууринаас аливаад хариуцлагатай хандаж эхэлсэн. Өөрийгөө их өөрчилсөн шиг байгаа юм. Тэр цагаас хойш 40 жил зангианаас салаагүй юм байна. Ямар сайндаа, галт тэрэгний дарга байхад манай үйлчлэгч нар “Та зангиагаа тайлж амраач” гэдэгсэн. Зангиагаа тайлчихаар энгэр задгай оргиод нэг л тухгүй санагддаг юм. Нөгөө дунд сургуульд хичээл таслаад алга болдог хүүхэд чинь ТМС-д ороод эхний хагас жилээр цөөн сайн дүнтэй, бараг онц гарах дөхөв. Түүнээс хойш дандаа онц сурсаар төгссөн шүү. 
-Зангиа таны хүүхэд насанд их чухал үүрэг гүйцэтгэсэн байх нь. Дөчин жил зангианаас салаагүй гэхээр та олон зангиатай байх даа?
-Зангиа бол миний хувьд үүрэг хариуцлагыг минь илтгэдэг зүйл. Би зангиа зүүх болсон цагаасаа хүнтэй харилцах, удирдах арга барилд сурч байсан байж магадгүй гэж бодогддог. Оюутны гурван жилд ангийн дарга, цэргийн гурван жилд Залуучуудын эвлэлийн үүргийн дарга, ажил дээр 1984 онд гурван сар, 1990-1992 онд засварчин хийснээс бусад хугацаанд цехийн мастер, ээлжийн ахлах, зааварлагч, галт тэрэгний дарга, депогийн зорчигч тээвэр хариуцсан инженер, одоо албаны зорчигч, тээш тээвэр хариуцсан инженер гээд дандаа хамт олон удирдаж ажиллаж байна. Энд, тэнд явахдаа ёс юм шиг зангиа авна шүү. Одоо надад 60 гаруй зангиа бий.
-Гялалзсан сэргэлэн оюутан байсан байхаа? 
-Гайгүй шүү. Сурлага ч, хүмүүжил ч сайжирсан. Ер нь давгүй ээ. 1982 онд “Оюутан сурагчдын хөдөлмөрийн гавшгай отряд”-аар Дундговь аймгийн Хулд сум руу явцгаалаа. Тэнд очиж малын хашаа хороо барих ажил хийсэн юм. Тэгэхэд анги хамт олноо гайгүй удирдсан юм болов уу МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнуулсан. Дараа зун нь ахиад “Оюутан сурагчдын хөдөлмөрийн гавшгай отряд”-аа аваад явах гэж байтал сургуулийн захирал дуудлаа. Захирал “Чамайг Герман руу “Оюутан сурагчдын хөдөлмөрийн гавшгай отряд”-д явуулах боллоо” гэж байна. Би ч бөөн баяр. Тэгтэл 2-3 хоногийн дараа Эвлэлийн Төв хорооноос дуудуулжээ. Яваад очтол “Танай сургуулиас нэг багшийн нэр өгсөн. Тиймээс чамайг Герман руу явуулах боломжгүй болсон. Харин Эрхүү рүү явах отрядад хуваарилсан” гэлээ. Тэр отрядад их сургуулийн 14 оюутан, техникумын нэг, ТМС-ийн нэг оюутан багтсан нь би байв. Өөрөөр хэлбэл, Төмөр замын ТМС-ээс ганцаараа сонгогдоод явсан юм. Эрхүүд очоод бид барилгын туслах ажилтнаар яг сар ажиллаж, үлдсэн 15 хоногт нь Байгаль нуур, Ангар мөрнөөр зугаалж, ёстой юм үзэж нүд тайлсан. Тэгж явахдаа би отрядынхнаасаа маш их зүйлийг сурч мэдэж авсан. Наад зах нь, их, дээд сургууль, ТМС-ийн оюутны дунд маш ялгаа байгааг мэдэрсэн. Их сургуулийнхан их ухамсартай, хариуцлагатай, соёлтой байдлаараа эрс ялгарна. Тэднээс олон сайхан зан чанарыг би олж харж, өөртөө дүгнэлт хийж явсан даа.

“Практик” инженер болсон нь
-Тэр үед ТМС-д “Онц” сурсан хүүхдүүдийг дээд сургууль, техникумд шалгатгүй оруулдаг байсан санагдах юм?
-Тийм шүү. Уг нь, надад ТМС-ийн төгсөх курсэд инженер болох хоёр ч боломж гарч ирсэн юм. Төгсөх жилээ Замын-Үүдэд дадлага хийж байтал, ангийн багш маань эргэж ирлээ. Тэгэхдээ “Хүрэлхүү чамд Политехникийн дээд сургуулийн автын инженерийн ангид шалгалтгүй элсэх эрх. Эсвэл Ленинградын ТЗДС-д орос хэлний шалгалт өгөөд орох эрх байна. Чи алийг нь сонгох вэ?” гэж байна. Нөгөө, Эвлэлийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалийг тийм том эрх дагалддаг юмсанж. Би орос хэлэнд тааруухан л даа. Тэгсэн ч багшдаа “Би орос хэлэндээ сайнгүй. Гэхдээ би төмөр замчин болно. Мэргэжлээ орхихгүй. Шалгалт өгөөд үзье” гэлээ. Тэр ганц хуваарь дээр 12 ТМС, дөрвөн техникумын нийт 16 хүүхэд өрсөлдлөө. Эрхүү, Новосибирьскээс хоёр орос багш ирж шалгалт авсан юм. Шалгалтанд уначихлаа. Тэгээд орой нь гэртээ очоод аавдаа хэлтэл “Чи дур мэдэн шийдвэр гаргалаа. Политехникийн дээд сургуулийн автын инженерийн тэр сайхан ангид орохгүй” гэж зэмлэлээ. Тэгэхэд нь анх удаа ааваасаа зөрж “Би төмөр замд ажиллаж байгаад “Практик инженер” болно” гэж том үг хэллээ. Тэгэхэд аав минь надад ахиж үг хэлээгүй юм. Харин 1992 оны наймдугаар сарын сүүлчээр манайхан “Албаны дарга чамтай утсаар ярья гэж байна. Даргын өрөөнд яваад оч” гэнэ. Тэр үед Вагоны албаны дарга “Дамчаа гуай байсан юм. Би ч “Яасан юм бол...? Буруу зөрүү юу боллоо” гэсэн айдастай. Манайханд ч албаны дарга шууд дуудаж ярина гэдэг чинь түгшүүртэй. Гэтэл дарга “Төмөр замын техникум коллеж болж байгаа. Анхны инженерийн анги нээгдэж байна. Чи тэнд сур” гэлээ. Тэгж дотоодод бэлтгэгдсэн анхны 14 инженерийн нэг болсон шүү. Тэгэхэд зүтгүүр, вагоны тус бүр долоон инженер төгсгөсөн юм. Манай галт тэрэгний дарга, гавьяат тээвэрчин Г.Гал-Эрдэнэ бид хоёр инженерийн нэг ангийн хоёр шүү дээ. Тэгж бараг арваад жилийн дараа аавдаа амласан ёсоор “Практик инженер” болсон доо. Тэр хүртэл би Улаанбаатар ТҮГ-т үзэгчээр жил хэртэй ажиллаад цэргийн гурван жилийн алба хаачихсан. Халагдаж ирээд Улаанбаатар ТҮГ-таа ээлжийн ахлах, Вагон депогийн засварын хэд хэдэн цехэд ажилласан. Практикт бэлтгэгдчихсэн байлаа. Хүн ер нь, эзэмших ажил мэргэжлээ сайн судлаад мэдчихсэн, хийгээд үзчихсэн үед сурахад хамаагүй амархан байдаг шиг санагддаг. Одоо дунд охин Х.Цэрмаа маань Зорчигчийн вагон депод үйлчлэгчээр ажиллаж байгаа. Төмөр замын МСҮТ-ийн үйлчлэгчийн ангийг төгсгөөд үйлчлэгч болгочихсон. Ангийн багш нь охиныг сурлага сайтай шууд дээд сургуульд оруулна гэхэд нь “Шууд дээд сургуульд ороод дэмий. Ямар ч байсан хоёр жил ажиллуулж байж инженерийн ангид оруулна” гээд зөрсөн. Охин маань хоёр жил гаруй ажиллачихлаа. Хүмүүс “Та албаны инженер байж хүүхдээ шууд инженер болгооч” гэдэг л юм. Ажлыг багаас нь хийж, практик дээр нухлагдсан хүнд дээд сургуульд орлоо гэхэд айх зүйлгүй шүү дээ. Охин маань өнгөрсөн намар ТЗДС-ийн инженерийн эчнээ ангид бүртгүүлсэн боловч ковидоос болоод хичээллэсэнгүй. 

Галт тэрэгний дарга бол үйлчилгээний ажилтан
-Галт тэрэгний даргын алба хүндтэй ч, хариуцлагатай алба гэж бодогддог юм?
-Сайхан алба л даа. 1994 онд сургуулиа төгсөөд Замын-Үүд ТҮГ-т мастераар нэг жилийн хугацаатай томилогдсон. Бас болоогүй ээ, Замын даргын үзлэгээр онц авбал буцааж хот руу татна гэсэн болзолтой. Замын-Үүдийн ТҮГ-ын дарга нь Ж.Өлзийбаатар байсан юм. Жил хэртэй ажиллаад Замын даргын намрын үзлэгээр “Онц” дүнгээ ч авч, болзлоо хангаад буцаж ирсэн. Эхнэр маань бие давхар буцаж ирэхээс ч аргагүй байлаа. Эргээд деподоо ирж, Зэхэлт бэлтгэлийн цехийн мастераар ажиллаж байгаад 1995 оны зургадугаар сараас галт тэрэгний даргаар томилогдсон. 2012 он хүртэл галт тэрэгний даргаар ажиллаад депогийн зорчигч тээвэр хариуцсан инженерээр ажиллаж байгаад 2017 онд албанд ирсэн.
-Галт тэрэгний нэртэй сайн дарга нарын нэг гэж сонсогддог байлаа?
-Тийм үү, баярлалаа. Галт тэрэгний дарга гэдэг хамт олныг удирдан чиглүүлж явдаг ажлын удирдагч ч гэлээ зорчигч, үйлчлүүлэгчдийн хувьд бол үйлчилгээний ажилтан шүү дээ. Багын дурсамж сөхөхөд, наймдугаар ангид байхаас минь манай хамаатнууд намайг “Гэр бүлийн ёслолын албаны дарга” гэдэг байлаа. Учир нь, би Ховд, Дархан гээд хөдөө гадаанаас ирсэн хамаатан саднаа тосож авдаг, үдэж гаргадаг. Тэдэндээ хотод газарчилна. Хурим найрын сөнч хийнэ гээд гэр бүлийн хүрээний үйлчилгээний ажилд тохоон томилогддог байв. Тэгж бодвол би багаасаа хүмүүст үйлчилж, хүнтэй харьцаж сурсан байх шүү. Галт тэрэгний даргын ажлын гол нь хүмүүс хоорондын харилцаанд байдаг шиг санагддаг. Бусад техникийн тал дээр үнэндээ надад түүртэх зүйл байгаагүй. Миний ажилдаа баримталдаг гол зарчим бригадын хамт олон болон зорчигч, үйлчлүүлэгчдэд ялгаваргүй хандах байсан. Эрх тэгш, шударга харилцаа, хандлага өөрт ч, өрөөлд ч амар шүү дээ. Ямар ч хүн алдаа гаргах үе байна. Том алдах нь ч бий. Тийм үед нь би хатуу арга хэмжээ авахаас илүү, ахиад нэг удаа итгэл хүлээлгэх, боломж олгохыг эрхэмлэдэг байсан. Том алдаанаас хүн том сургамж авдаг. Олдсон боломжоо алдахгүйг чин сэтгэлээсээ хичээдэг. Харин жижиг алдаанд бол хатуурхдаг. Жишээ нь, зангиагаа зүүсэнгүй, цагаан бээлийгээ өмссөнгүй гээд хариуцлага ярьдаг. Ингэж жижиг алдааг дор нь засаж залруулаад явчихаар том алдаа гардаггүй. Бусад хүмүүсийг харж байхад жижиг алдаануудыг өршөөгөөд байдаг. Жижиг алдааг өршөөхөд тэндээс хүн ямар нэгэн сургамж авч үлдэх нь маш бага. Жижиг алдаа давтагдсаар том алдаанд хүргэдэг. Миний бригад дүрэмт хувцсыг деподоо анх удаа жигд өмсдөг цуваа болж байсан шүү. Дэг журам, хариуцлага сахилга гэдэг хамгийн жижиг зүйлээс эхэлж цэгцэрдэг. Ямар ч хүнд нэг сайн тал, бусдаас ялгарах ур чадвар байж л таарна. Түүнийг л олж харж өнгөлж, урамшуулж байх ёстой юм шиг санагддаг. 
-Үйлчилгээний ажил хичнээн хичээгээд сайшаал магтаалаас илүү гомдол сонсохчих гээд байдаг ярвигтай ажил шүү? 
-Үйлчилгээний ажилтанд юун түрүүнд зорчигч үйлчлүүлэгчдийг сонсож чаддаг чадвар хэрэгтэй. Зарим үед давруу, хэтийдсэн үзэл бодол, хандлагатай хүн таардаг л юм. Тийм үед аль болохоор тайван ярилцаж, нөхцөл байдал, учир шалтгааныг ойлгуулахыг хичээдэг. 
Анх намайг галт тэрэгний дарга болж байх үе чинь ганзагын наймаа ид цэцэглэж байсан үе шүү дээ. Тэр үед хаа очиж, зорчигчтой ам мурийх тохиолдол бараг гардаггүй байлаа. Бараг зорчигч бүхэн биднээс ямар нэгэн дэмжлэг туслалцаа гуйна. “Тасалбар авч чадсангүй, дотор ороод тасалбараа авъя”, “Ийм тээш аваад орчихъё” гэх... Ямар нэгэн байдлаар гуйж орсон хүн бидний шаардлагыг маш сайн хүлээж авдаг байлаа. Маргаан бараг гардаггүй байсан шүү. Харин 2005-2006 оноос хойш зорчигчдын шаардлага, эрэлт хэрэгцээ эрс өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нь Монголчууд маань гадаад орнууд руу явцгааж, юм үзэж, нүд тайлж эхэлсэнтэй холбоотой болов уу гэж боддог. Гадны төмөр замын үйлчилгээтэй биднийг жишээд эхэлж байна шүү дээ. Гэтэл тэр хэмжээний үйлчилгээ манайд бий болоогүй байгаа нь үнэн. Зарим зорчигч өндөр шаардлага тавих, уурлаж ундууцах тохиолдол гардаг. Тийм үед аль болохоор ойлголцохыг хичээдэг. Гэхдээ үүний цаана үйлчилгээний бид нэгийг бодож, хоёрыг тунгаах л хэрэгтэй болдог доо. Жишээ нь, 2004-2005 оны үед манай бригад Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд явдаг байлаа. Монголчууд кофег 2000 он гараад хэрэглэж эхэлсэн шүү дээ. Тэр үед бид бригадынхаа хуримтлалаар “Хаан” кофе авч, галт тэргэнд борлуулдаг боллоо. Зорчигчид түүнд сэтгэгдэл маш өндөр байсан. Гэтэл “Галт тэрэг худалдаа наймааны газар биш” гэж эсэргүүцэх ч хүмүүс гарч ирлээ. Тэр үеийн манай албаны орлогч дарга Ж.Жанчив гуай дээр ороод “Вагонд кофе зарахыг зарим хүн эсэргүүцээд байна. Бид үүнийг үйлчилгээгээ сайжруулах нэг хэлбэр гэж үзэж байна” гэж хэллээ. Тэгэхэд Ж.Жанчив дарга тэр эсэргүүцээд байгаа хүмүүст “Намайг зөвшөөрсөн гэж хэл. Наадах чинь маш зөв үйлчилгээ байна” гэж урам өглөө. Тэр үед ганц л төрлийн кофе зарна. Харин 2010 оны үед 5-6 төрлийн кофе санал болгоход л миний уудаг кофе алгаа. Танайх сонголтгүй байна” гэж шүүмжлэх зорчигч гарч ирсэн. Энэ бол зорчигчдын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, шаардлага өндөр болж байгаагийн илрэл шүү дээ. Тэгэхээр үйлчилгээний ажилтан гэдэг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг мэдэрч ажиллахаас аргагүй. Энэ бол зах зээлийн зарчим юм. 
-Галт тэргэн дотор амьдрал хөвөрч байдаг гэдэг. Санаанаас гардаггүй нэг дурсамжаа хуваалцахгүй юу?
-Үнэхээр л хүний амьдралын баяр жаргал, зовлон гуниг бүгд л тохиож байдаг. Нэг удаа Сүхбаатараас явж байтал Ногоонтолгойгоос бие давхар төрөх дөхсөн эмэгтэй суулаа. Гэтэл удалгүй өвдөж эхэллээ. Тэр үед бидэнд холбоо барих утас, станц гэж байсангүй. Зөвхөн машинчтай л холбогдвол эмч дуудах боломжтой. Хамгийн эхний вагон руу очтол, зүтгүүрийн ард ачаа хүргэгч сууж байна. Том цаасан дээр “Хүн төрөх гэж байна. Улаанбаатарт эмч дуудаач” гэж бичээд тамбурын цонхоор харуултал ачаа хүргэгч ашгүй харж машинчид хэл хүргэж, эмч дуудаж билээ. Тэгтэл сая намайг шагнал авах үеийн зургийг манайхан Улаанбаатар төмөр замын цахим хуудсанд оруулчихаж. Маш олон хүн сэтгэгдэл бичсэн байна. Түүн дотор “Э.Хүрэлхүү даргад баяр хүргэе. Эхнэр маань танай галт тэргэнд төрж, Мария эгч эх барьж авч байлаа. Та бүхэндээ их баярлаж явдаг шүү” гэж бичсэн байна. Иймэрхүү үйл явдал их өрнөнө шүү. Одоо бол холбоо харилцаа хөгжчихсөн. Сайхан болж дээ. 
-Төмөр замчдын ихэнх нь дотроосоо насны ханиа сонгосон байдаг юм билээ. Таны хувьд...
-Тиймээ, миний хань Ю.Загдсүрэн 1986 онд Төмөр замын техникумын Ашиглалтын ангийг төгссөн. Бид 1990 онд гэр бүл болсон. Гэргий маань насаараа л төмөр замдаа ажиллахын хажуугаар гурван хүүхдээ төрүүлж өсгөссөн. Хамгийн сүүлд Зорчигч тээврийн төвд ахлах кассираар 20 гаруй жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Том охин шүдний эмч. Одоо Солонгост магистр хамгаалж байгаа. Бага хүү Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг. Дунд охиноо удам залгасан төмөр замчин болгосон гэж дээр ярьсан шүү дээ. Манайх ийм л эгэл жирийн төмөр замчин гэр бүл дээ. 
-Та залуу төмөр замчдад хандаж, юуг чухалчлан захих вэ?
-Ер нь, төмөр замчин хүн том, бага ямар ч албан тушаалтай байх нь ялгаагүй. Бүх хүнд ажлын хариуцлага, сахилга маш өндөр тавигддаг онцлогтой. Үүнд ажлын байрны эмх цэгц маш чухал. Засварчин хүн өглөө ирээд ажлаа эхлэхэд ширээн дээр нь бүртийх тоос байх ёсгүй. Галт тэрэгний үйлчлэгч аялалд гарахад бүх бэлтгэл жин тан, бүх юм байх ёстой байрандаа л байж байх ёстой. Хамгийн эхний алхам ажлын байрны эмх цэгцийг хэвшүүлээд сурчих хэрэгтэй. Мөн ажилдаа сэтгэлээсээ ханддаг байх ёстой. Сэтгэлээсээ хийсэн ажил заавал амжилт авчирна. Амжилт хүнд урам өгнө. Урамшсан хүн дараагийн удаа илүү ихийг хийж бүтээдэг. Ямар нэгэн ажлыг бүтээхийн тулд олон талаас нь бодож тунгааж, шинийг сэдэж санаачилдаг. Залуус маань шинийг сэдэж санаачилж байна. Гэхдээ удирдлагатайгаа, хамт олонтойгоо зөвлөлдөж, хамгийн оновчтой гарц гаргалгааг олох хэрэгтэй. Хамтарч ажиллаж байгаа хүмүүсээс оновчтой санаанууд гарч ирдэг. Нэг санаа олсон бол заавал ажил хэрэг болгодог. Эхлүүлсэн ажлынхаа ард заавал гардаг тууштай байгаарай л гэж хэлмээр байна. Өнөөдөр бидэнд залуусын тус дэм маш их хэрэгтэй байна.
-Цар тахлын улмаас зорчигч тээврийн үйлчилгээ хэсэг зогслоо. Тун удахгүй зорчигч үйлчилгээ маань сэргэх байх?
-Цар тахлын үед зорчигч тээврийн үйлчилгээ зогссон. Гэхдээ нөгөө талд нь тээш тээврийн хэмжээ эрс өслөө. Жишээ нь, Эрдэнэт рүү зарим өдөр 10 хүртэл вагонтой явж байна. Ингээд ачаалал нэмэгдээд ирэхээр тээш тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Жишээлбэл, Зорчигч тээврийн төв жижиг илгээмжийн үйлчилгээг нэвтрүүллээ. Дээр нь, хүргэлтийн үйлчилгээ, захиалгат үйлчилгээг шинээр гаргалаа. Миний бодоход, зорчигчийн галт тэрэг явж эхлэхэд урьд өмнөх шиг хүмүүс галт тэрэгний тасалбар авахын тулд вокзал руу нэг их хошуурахгүй болов уу. Тасалбарын цахим худалдаалалтыг түлхүү сонгох болов уу гэж харж байна. Цаг үеэ дагаад хүмүүсийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж байна. Үйлчилгээний ажилтан бид үүнд л илүү мэдрэмжтэй хандах, өөрчлөлтөд бэлэн байх ёстой юм болов уу гэж боддог. Удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Сэтгэгдэл үлдээх