Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-15

Тээш тээвэрлэлтийг нэмэгдүүлж, алдагдлаа бууруулж байна

Цар тахлаас өмнө түм түжигнэж, бум бужигнаж байдаг тус төвийн орчин нам гүм. Өглөөд ажил эхлэхээс урьтаад үйлчлүүлэгчдийн урт дараалал үүсдэг атал өнөөдөр эл хуль. Цар тахлын хорио цээрийн дэглэмийг илтгэх эрээн дээс л салхинд уйтайхан савлана. Цар тахлаас өмнө цаг сайхан үед энэ төв өдөртөө 2.5-3 мянган зорчигчийн хөлд дарагдаж, жилдээ орон нутаг болон олон улсын зорчигчийн галт тэргээр 1.1-1.2 сая зорчигч тээвэрлэж байв. Харин 2020 онд дотоодод халдвар алдаагүй үед орон нутгийн зорчигчийн галт тэрэгний аялал хэд хэдэн удаа цөөн хоногоор завсарласныг эс тооцвол арваннэгдүгээр сар хүртэл хэвийн үйлчилсэн гэхэд болно. Гэхдээ цар тахлаас шалтгаалан зорчигчийн урсгал тодорхой хэмжээнд буурч байжээ. Тухайлбал, 2020 онд энэ төв өдөртөө 1.2-1.4 мянган хүнд үйлчилж, нийт 767321 зорчигч тээвэрлэсэн гэх судалгаа байна. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөг хүртэл зорчигчийн галт тэрэгний аялал явсангүй. Гэлээ гээд тус төвийн үйл ажиллагаа нь 100 хувь зогсчихсон хэрэг биш. Тээшийн цехийн ажил үйлчилгээг онцгой нөхцөл байдалд зохион байгуулж, цар тахлын үед түмэн олныг хэрэгцээт бараа материалаар хангах үйлчилгээг үзүүлсээр байгаа юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан авто тээвэр хумигдсан тул төмөр замын тээшийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар өсөж, тээшийн орлого 155 сая гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байна. Тус төв оны эхний улиралд тээш тээврээр 452 сая гаруй төгрөгийн орлого олоод байгаа юм. 

Тус төвийн дарга Х.Байгалмаа:
-Хамгийн хүнд цаг үед ч үйлчлүүлэгчдийн итгэл найдварыг дааж, хөнгөн шуурхай хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхийн тулд бид ачааллыг тэнцүүлж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийхийг зорьж байна. Мөн үүний зэрэгцээ үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг судалж, “Жижиг илгээмжийн шинэ үйлчилгээ” нээлээ. Цар тахлын нөхцөлд бид үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахын тулд ажилчдын эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч байна даа” хэмээн ярилаа.
Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах үүднээс хэд хэдэн чиглэлээр ажил зохион байгуулж тодорхой үр дүнд хүрлээ гэж тэд үзэж байна. 

Хөдөлмөр зохион байгуулалтаар бөөгнөрлийг буурууллаа
Замын даргын А-12 тоот тушаалын дагуу байгууллагын хэмжээнд тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор ажлын байранд ажиллах зөвшөөрөгдсөн ажилтны тоо 70 байгаа ажээ. Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 300А тоот цахилгааны дагуу ажлын байранд 30 хүртэл хувиар ажиллуулах шийдвэрийг мөрдөж, хөдөлмөр зохион байгуулалтыг хийхдээ ажлын ачааллыг жигд хуваарилахад анхаарчээ. Өдөрт нэг ээлжиндээ тасалбарын 3-4 нярав, ачаа тээш хүлээлцэгчтэйгээр гурван зэрэг ачаа тээшийг хүлээн авч, олголтыг тусад нь өөр агуулахаас олгох зохион байгуулалт хийсэн.
Тээшийн хэсэгт хүний бөөгнөрлийг сааруулах зорилгоор жижиг илгээмжийг шинээр нээн ажиллуулж, үйлчлүүлэгчдийн автомашинаар явуулдаг байсан 0.5-4.5 кг хүртэлх жинтэй илгээмжийг хүлээн авснаас хойш нэг сар гаруй хугацаанд 6549 хүнд үйлчилж, 19.8 сая гаруй төгрөгийн орлого олсон байна. Нөгөө талаар, тээш явуулалтын агуулахад очих 6549 хүнд тусад нь үйлчилгээ үзүүлснээр тээшийн ачааллыг бууруулж, хүний бөөгнөрлийг сааруулж чадсан гэж болно.

Тээшийг гурван зэрэг хүлээн авчээ
Аливаа юм бүхэн хоёр талтай. Зорчигч тээвэр завсарласан өдрүүдэд зарим зүйлсийг засаж сэлбэх цаг боломж гарчээ. Тухайллбал, ашиглалтад тэнцэхгүй болсон тэргэнцрүүдийг өөрсдийн хүчээр засаж сэлбэн ажиллагаанд оруулжээ. Мөн олон улсын зорчигч тээвэр зогссонтой холбогдуулан гаалийн хяналтын бүс бүхий олон улсын тээшийн агуулахын засварыг өөрсдийн хүчээр зассан гэнэ.
Зорчигчдын хүсэлтийн дагуу гар тээшинд голомт банкны пос машиныг шинээр тавиулж ашиглаж байна.
Тээшийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан байгууллагын аж ахуйн чиглэлээр ашиглаж байсан агуулахыг чөлөөлж, олон улсын агуулахад ашиглаж байсан цахилгаан пүүг холбон тээшийн явуулалтын агуулах болгож одоо явуулалтын гурван агуулахыг урд, хойд чиглэлд тус тусад хаягжуулж, тээшийг хүлээн авч ашиглаж байна.
Хорио цээрийн дэглэмийн үед тээшийн вагон аялж байгаатай холбогдуулан тээшийн кассаар үйлчлүүлж байгаа зорчигчдын бөөгнөрөл үүсэхээс сэргийлж төмөр замын байгууллагуудын хоорондын тооцоог бичих тасалбар бичигч нэмж ажиллуулж байна.

Халдвар хамгааллын дэглэм нэн тэргүүнд...
Тээшийн цехийн ачилт, буулгалт, тээш ачаа тээш олголтыг технологийн дагуу хийж гүйцэтгэх, QR код уншуулах, хүн хоорондын зайг баримтлуулах, халдвар хамгаалалтын дэглэм мөрдөж ажиллахад онцгой анхаарч байна. Тээшийн арын талбайд чанга яригч төхөөрөмжөөр үйлчлүүлэгч нарт сэрэмжлүүлэх зарлан мэдээллийг тогтмол явуулах болов.
Зорчигч тээврийн төв цар тахлын хатуу хөл хорионы үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд ажилтнуудын биеийн байдалд тогтмол хяналт тавих, нэг удаагийн амны хаалт, бээлий, малгайг хэрэглээний хэмжээгээр олгож байгаа юм байна. Түүнээс гадна өөрсдийн хүчээр утаат мананцраар ариутгалыг нийт ажлын байруудад тогтмол хийж, халдваргүйжүүлэлтийг ханган ажиллаж байна гэлээ. 

Хүнд цаг үеийг хамтын хүчээр даван туулна
Улсын онцгой комиссоос халдвар хамгааллын чиглэлээр тавигдаж байгаа шаардлагын дагуу зорчигчийн урсгалыг нэг чиглэлд байхаар зохицуулан Кейтринг зочлох үйлчилгээний төвийн хашааны хаалгаар оруулан Улаанбаатар худалдааны төвийн хашааны хаалгаар гаргахаар Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргын гуравдугаар сарын 26-ны өдрийн 301б тоот цахилгаан гарсныг мөрдөн хамтран ажиллаж байна. Мөн Төмөр замын аюултай бүсэд үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор Улаанбаатар өртөө, Зорчигч тээврийн төв, Вагон ашиглалтын депо орчмын хаалгануудыг цоожтой байлган хяналттай нэвтрүүлэх талаар гарсан Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын нэгдүгээр сарын 07-ны өдрийн 67б цахилгааныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтэд үүсээд байгаа аюулт цар тахлын хүнд хэцүү цаг үед Зорчигч тээврийн төвийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажилласнаар тээшийн тасралтгүй үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна. Одоогоор Засгийн газрын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоосон тул тээш тээвэрлэлт түр зогсоод байна.

Сэтгэгдэл үлдээх